Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 393

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч Р.Энх-Оюун,

шүүгдэгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “ А-1 ” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Д овогт О-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 1908 0043 30400 дугаартай, 1 хавтаст хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Д овогт О-ийн Б нь Монгол Улсын иргэн, 1984 оны 02 дугаар сарын 21-нд Улаанбаатар хотод  төрсөн, 35  настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, “Цахиур групп” ХХК-нд талбай хариуцсан мерчендайзер ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, .... дүгээр байрны ... тоотод оршин суух, урьд ял шийтгэл:

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2001 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 144 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, шүүхээс хорих ял оногдуулсан тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан.

 

Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Шүүгдэгч О.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 04 цагаас 07 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хорооллын 44 дүгээр байрны 70 тоотод эхнэр А.С-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б мэдүүлэхдээ:

2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ажилтай гээд эхнэр гэрээсээ гарсан. Эхнэрийн ажил нь манай байрны ард байдаг. Би эхнэр рүүгээ утсаар залгасан чинь утсаа авахгүй байхаар нь ажил дээр нь очсон чинь ажил нь гэрэл асаагүй, харанхуй байсан. Би буцаж гэртээ ирээд машинтайгаа халтууранд гараад явж байгаад шөнө гэртээ ирсэн чинь эхнэр ирсэн, согтуу унтаж байхаар нь хэрэлдээд буйдан дээрээс гуя руу нь хоёр удаа түлхэж, унагаасан. Тэгээд би гараад явсан гэв.

 

Хоёр. Эрүүгийн 1908 0043 30400 дугаартай хэргээс:

 

1.Хохирогч А.С-гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр мэдүүлсэн:

“...Би Б гэдэг хүнтэй 2008 онд гэр бүл болж хамт амьдарч эхэлсэн юм. ...2019 оны 01 дүгээр сарын 12-ны орой 22 цаг хүртэл ажлаа хийж байгаад хотын төв орж найзуудтайгаа уулзаад пиво уусан. Тэр хооронд нөхөр Б над руу залгаад байхаар нь би утсаа аваагүй, унтсан. Шөнө 04 цаг өнгөрч байхад нөхөр Б гаднаас согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай орж ирээд над руу уурлаад, агсам тавиад байсан. Би өөдөөс нь ганц ч үг дуугараагүй. Тухайн үед гэрт бид хоёр л байсан. ...Б тэр шөнө миний мөр хэсэг рүү цохиход унаж босож ирээд л байсан. Энэ үйлдлийг маш олон удаа давтсан. ...миний биед учирсан гэмтлүүдийг бүгдийг нь Б гараараа цохиж учруулсан. Надад гомдол санал гэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дугаар тал),

 

2. Шүүгдэгч О.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр мэдүүлсэн:

“...2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн өглөө би гэрээсээ ажилдаа явах гэтэл эхнэр С машинаа өгчих, би хоёр хүүхдээ лагер хүргэж өгмөөр байна” гэхээр нь би машинаа үлдээгээд явсан юм. 14 цагийн үед ажил тарахаар нь би эхнэр С-тай утсаар холбогдож байгаад намайг ирээд авчих, ажил тарчихлаа гэж хэлтэл Эх нялхас дээрээс намайг ирж аваад бид хоёр гэртээ хамт ирсэн. Тэгтэл эхнэр маань ажил дээрээ очиж жаахан юм хийнэ гээд гарсан. 18 цагийн үед гэртээ орж ирээд цай уучихаад буцаад ажил руугаа явлаа гээд гэрийнхээ хувцастай гарсан. Түүнээс хойш 22 цаг болоод байхад гэртээ ирэхгүй байхаар нь би утас руу нь залгатал утсаа авахгүй дуудуулаад байсан. Тэгэхээр нь би машинаараа гадуур халтууранд явж байгаад 4 цагийн үед гэртээ ирээд гэрийн цонх руу хартал гэрэл унтарчихсан байхаар нь орсон. Тэгэхэд эхнэр ирчихсэн, согтуу унтаж байхаар нь гэрийнхээ хувцастай гараад архи уудаг болсон уу тэ гээд бид хоёр хэрэлдэж эхэлсэн. Тэр үед би эхнэр С-г нүүр рүү нь түлхэж, мөр хэсэгт нь гараараа цохиж, хөл рүү нь хөлөөрөө 2 удаа жийсэн. Өөр нэмж цохиж зодоогүй. Би уур хүрээд гэртээ хоноогүй. Гарч яваад буудалд хоносон. Манай эхнэр С жил гарны өмнөөс архи уугаад байдаг болсон. Сүүлдээ ажилтай гэж хэлээд худлаа уудаг болсон. Би тэр шалтгаанаас болж эхнэртэйгээ маргалдаж байгаад түүнийг нэг удаа түлхэн унагааж, мөр хэсэгт нь гараараа цохиж, над руу сарвалзаад байхаар нь хоёр бугалга хэсгээс нь базаж, хоёр удаа хөл рүү нь жийсэн. Шинжээчийн дүгнэлтээр гарсан гэмтлийг би учруулсан. Дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дугаар тал),

 

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 1349 тоот дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Духны зүүн доод хэсэгт 1.5х1см улаан ягаан өнгийн цус хуралттай. Зүүн чихний ард 1х1см, зүүн бугалганы гадна дээд хэсэг болон зүүн мөрийг хамарсан 19х8см, зүүн бугалганы гадна дунд хэсэгт 7х5см, 3х2см, баруун даланд 3х2см, баруун бугалганы дотор дунд хэсэгт 7х4см, гадна доод хэсэгт 2х2см, баруун гуяны гадна дээд хэсэгт 4х3см, гадна дунд хэсэгт 5х4см, ар дунд хэсэгт 7х8см, зүүн тавхайн дээд хэсэгт 4х1см, зүүн шилбэний ар дунд хэсэгт 3х2см хөхөлбөр хүрэн ягаан өнгийн цус хуралттай. Зүүн дээд зовхинд 0.3х0.2см, зүүн тохойд 1х0.7см, 0.5х0.5см улаан хүрэн өнгийн зулгаралттай.

ДҮГНЭЛТ:

“1. А.С-гийн биед дух, зүүн чих, хоёр бугалга, зүүн мөр, баруун дал, баруун гуя, зүүн тавхай, зүүн шилбэнд цус хуралт, зүүн дээд зовхи, зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /шинжээч Ш.Цэцэгмаа/...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 19 дүгээр тал),

 

 

4. Шүүгдэгч О.Б-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 36 дугаар тал), түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолын баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 52, 55 дугаар тал), О.Б-, А.С нарын  гэрлэлтийн бүртгэлийн  лавлагаа (хавтаст хэргийн 30 дугаар тал), Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа (хавтаст хэргийн 41 дүгээр тал), О.Б-ын Голомт банкинд эзэмшдэг дансны хуулга (хавтаст хэргийн 61-67 дугаар тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.  

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад О.Б нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 139 дүгээр тогтоолоор шийдвэрлэж, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар бичсэн 100 дугаартай саналыг 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр яллагдагчид танилцуулж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч О.Б-од холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар.

Улсын яллагч гэм буруугийн дүгнэлтдээ шүүгдэгч О.Б нь эхнэр А.С-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч О.Б нь гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй.

Гэр бүлийн тухай хуульд зааснаар гэрлэлтээ бүртгүүлсэн эхнэр, нөхрийг гэрлэгчид гэж тодорхойлсон.

Хэргийн үйл баримтаас үзвэл шүүгдэгч О.Б-, хохирогч А.С нар нь 2007 онд гэр бүл болж, 2008 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гэрлэлтээ батлуулсан гэрлэгчид болох нь гэрлэлтийн лавлагаагаар тогтоогдож байна.

Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд ойлгохоор хуульчилсан ба, шүүгдэгч О.Б-, хохирогч А.С  нар нь гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд байна.

2019 оны 01 дүгээр сарын 13-нд өглөөний 04 цагаас 07 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хорооллын 44 дүгээр байрны 70 тоот өөрийн гэртээ шүүгдэгч О.Б-, хохирогч А.С нар нь гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдсан байх ба, улмаар шүүгдэгч Б.Б нь эхнэр А.С-г архи уулаа гэх шалтгаанаар унтаж байхад нь нүүрэнд нь цохих, хөл рүү нь өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь дух, зүүн чих, хоёр бугалга, зүүн мөр, баруун дал, баруун гуя, зүүн тавхай, зүүн шилбэнд цус хуралт, зүүн дээд зовхи, зүүн тохойд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь

-хохирогч А.С-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 01 дүгээр сарын 12-ны орой 22 цаг хүртэл ажлаа хийж байгаад хотын төв орж найзуудтайгаа уулзаад пиво уусан. ...Шөнө 04 цаг өнгөрч байхад нөхөр Б гаднаас согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай орж ирээд над руу уурлаад, агсам тавиад байсан.  Б ...миний мөр хэсэг рүү цохиход унаж босож ирээд л байсан. Энэ үйлдлийг маш олон удаа давтсан. ...Миний биед учирсан гэмтлүүдийг бүгдийг нь Б гараараа цохиж учруулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дугаар тал),

-шүүгдэгч О.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2019 оны 01 дүгээр сарын 13-нд  ...эхнэр маань ажил дээрээ очиж жаахан юм хийнэ гээд гарсан. 18 цагийн үед гэртээ орж ирээд цай уучихаад буцаад ажил руугаа явлаа гээд гэрийнхээ хувцастай гарсан. ...22 цаг болоод байхад гэртээ ирэхгүй байхаар нь би утас руу нь залгатал утсаа авахгүй байсан. ...би машинаараа гадуур халтууранд явж байгаад 4 цагийн үед гэртээ ирэхэд...эхнэр ирчихсэн, согтуу унтаж байхаар нь гэрийнхээ хувцастай гараад архи уудаг болсон уу тэ гээд бид хоёр хэрэлдсэн. ...би эхнэр С-г нүүр рүү нь түлхэж, мөр хэсэгт нь гараараа цохиж, хөл рүү нь хөлөөрөө 2 удаа жийсэн. ...түүнийг нэг удаа түлхэн унагааж, мөр хэсэгт нь гараараа цохиж, над руу сарвалзаад байхаар нь хоёр бугалга хэсгээс нь базаж, хоёр удаа хөл рүү нь жийсэн. ...Шинжээчийн дүгнэлтээр гарсан гэмтлийг би учруулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дугаар тал),

-шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1349 тоот дүгнэлт (хавтаст хэргийн 19 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор заасан.

Шүүгдэгч О.Б нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр А.С-гийн бие махбодид халдаж хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч,  шүүгдэгч О.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан судалж үзвэл хохирогч А.С-, шүүгдэгч О.Б нарын хэн аль нь согтууруулах ундааны зүйлийг хэрэглэсэн байсан байх бөгөөд тэдний гэр бүлийн таарамжгүй харилцаа, үл ойлголцлын улмаас гэмт хэрэг гарсан байна.

 

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч О.Б нь хохирогч А.С-гийн бие махбодид хөнгөн хохирол учруулсан байх боловч хохирогч А.С нь хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй, мөн хохирогчоор “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлснийг тогтоолд дурдав.

 

3. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ “шүүгдэгч О.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг  гаргасан ба шүүгдэгч О.Б нь улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй.

Шүүгдэгч О.Б нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар 2001 онд нэг удаа ял шийтгэгдэж байсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зарим хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх талаар заасан ба уг зүйлийн 8 дахь хэсэгт  “шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан.

Прокурорын шатанд О.Б нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокурорын танилцуулсан 600.000 төгрөгийн торгох ялын саналыг зөвшөөрч гарын үсгээ зурсан байна.

Иймд прокурорын танилцуулсан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар шүүгдэгч маргаагүй тул Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын шүүхэд ирүүлсэн саналыг харгалзан  шүүгдэгч О.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

4.Бусад асуудлаар:

Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д овогт О-ийн Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-од торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгохыг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч А.С нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.  

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж шүүгдэгч О.Б-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.Б-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА