| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2016/00734/И |
| Дугаар | 847 |
| Огноо | 2016-12-19 |
| Маргааны төрөл | Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 847
Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, саруул тэнгэр -2 хотхоны 102-29 тооотод оршин суух, 1983 онд төрсөн, эмэгтэй, РД:ОК83050707, Энх овогт Доржийн Баяраагийн үрчлэлт хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бямбабаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Баяраа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний хүү Хувьтөгөлдөр нь 2001 онд Увс аймгийн Өндөрхангай суманд төрөх үед миний эцэг Дорж /өндөр настай/ өөрөөрөө овоглосон бөгөөд хүү Хувьтөгөлдөр маань одоог хүртэл надтай хамт амьдарч байгаа тул үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Бямбабаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.Баяраа нь хүү Б.Хувьтөгөлдөрийг 2008 оны 7 дугаар сарын 15-ны өдөр эцэг Г.Доржид үрчлүүлсэн байдаг. Б.Хувьтөгөлдөр нь багаасаа ээжтэйгээ хамт амьдарсан. Одоо ч хамт амьдарч байгаа. Одоо түүний эцэг Э.Дорж өндөр настай 74 настай хүн байгаа тул ээж Д.Баяраа нь үрчлэлт хүчингүйд тооцуулах тухай хүсэлт гаргасан. Хувьтөгөлдөр нь үрчлүүлснээс хойш Г.Доржтой огт амьдраагүй, ээжтэйгээ л хамт амьдарч байсан. Д.Баяраа нь Ч.Даваасүрэн гэх хүнтэй гэр бүл болж, хүүхэдтэйгээ хамт амьдарч байгаа юм. Иймд хүү Хувьтөгөлдөрийг 2008 оны 7 дугаар сарын 15-ны өдөр эцэг Г.Доржид үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Баяраа нь хүү Б.Хувьтөгөлдөрийг 2008 оны 7 дугаар сарын 15-ны өдөр үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 108/001614 дугаартай “Монгол Улсын иргэн Энх овогт Баяраагийн Хувьтөгөлдөрийг Энх овогт Гониогийн Доржид 2008 оны 7 дугаар сарын 15-ны өдөр үрчлүүлсэн үрчлэлт бүртгэлтэй байх тул лавлагаа олгов” гэжээ,
2. Д.Баяраа, Г.Дорж, Ч.Даваасүрэн нарын иргэний үнэмлэхний хуулбар, Ч.Даваасүрэн, Д.Баяраа нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар,
3. 2001 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн хүү Б.Хувьтөгөлөрийн төрсний гэрчилгээний хуулбар,
4. Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 19-р хорооны засаг даргын тодорхойлолт, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ,
5. Иргэн Г.Доржийн “Г.Дорж миний бие охин Д.Баяраагийн хүүхдийн 2008 онд үрчилж авсан. Гэхдээ охины хүү Хувьтөгөлдөр надтай огт хамт амьдраагүй, ээжтэйгээ хамт амьдардаг юм. Би одоо 74 настай цаашид энэ хүүхдийг асарч халамжлах боломжгүй тул үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү” гэх хүсэлт,
6. Д.Баяраа, Ч.Даваасүрэн нарын хүсэлт зэрэг баримтууд болно.
Дээрх нэхэмжлэгчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаас үзэхэд иргэн Д.Баяраа нь 2001 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүү Б.Хувьтөгөлдөрийг төрүүлж, 2008 оны 7 дугаар сарын 15-ны өдөр өөрийн эцэг Г.Доржид үрчлүүлсэн байх ба одоо хүү Б.Хувьтөгөлдөр өөрийн төрсөн эх Д.Баяраа, түүний нөхөр Ч.Даваасүрэн нарын хамтаар Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Саруул тэнгэр 2 хотхон, 102-29 тоотод амьдарч байгаа болох нь тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл, Б.Хувьтөгөлдөр нь хэдийгээр Г.Доржид үрчлэгдсэн байх боловч одоо Д.Баяраа, Ч.Даваасүрэн нарын асран хамгаалалтад өсөн бойжиж байгаа ба хүүхдийг үрчилсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах хүсэлтээ илэрхийлсэн байна.
Иймд нэхэмжлэгч Д.Баяраагийн хүсэлтийг хангаж, 2001 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, ОК01211017 регистрийн дугаартай, Энх овогт Баяраагийн Хувьтөгөлдөрийг 2008 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Энх овогт Гониогийн Доржид үрчилсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Д.Баяраагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шїїхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 133.1.4, 145 дугаар зїйлийн 145.6 дахь хэсгүүдэд зааснаар 2001 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, ОК01211017 регистрийн дугаартай, Энх овогт Баяраагийн Хувьтөгөлдөрийг 2008 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Энх овогт Гониогийн Доржид үрчилсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Д.Баяраагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР