| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2019/0402/Э |
| Дугаар | 411 |
| Огноо | 2019-04-09 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ц.Гансүлд |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 411
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,
нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,
улсын яллагч Ц.Гансүлд /томилолтоор/,
шүүгдэгч Ц.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос
П овогт Ц-ын Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 0553 10354 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: П овогт Ц-ын Г-, Монгол Улсын иргэн, 1982 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух, урьд ял шийтгэл:
-Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 198 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, 2004 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хугацаа дуусч суллагдсан.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ :
Шүүгдэгч Ц.Г нь Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Партизаны Ногоон толгой гэх газарт “3 айлын газрыг кадастр, газрын гэрчилгээг нь гаргуулахаар бэлэн болчихсон байгаа” гэж хуурч 2018 оны 6 дугаар сарын 3-ны өдөр С.Чойжилд 3.000.000 төгрөгөөр худалдахаар тохирч, улмаар 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 1.500.000 төгрөгийг дансаар, 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 600.000 төгрөгийг дансаар, 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдөр 160.000 төгрөгийг дансаар, нийт 2.260.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Г мэдүүлэхдээ: Манайх 24 дүгээр хороонд байдаг. Манайх Ногоон толгойд буух гээд 3 айлын газарт шон хатгасан байсан. Тухайн үед Сонгинохайрхан дүүргийн газрын албаны байцаагч Лхагвадоржтой уулзахад “чи хашаагаа татчихаад над дээр ирээрэй” гэсэн хариу өгсөн боловч би боломжгүй байсан учир хашаагаа татаж чадаагүй байсан. Тэгтэл миний шон хатгасан газрын хажууд Чойжил гэх айл ирж буусан. Намайг асууж сурагласан байхаар нь тэр хүмүүс дээр очиж уулзахад “манайх бас малтайгаа гарч ирж байгаа юм” гэхээр нь “би энэ газар шон зоочихсон юм, бичиг баримтыг нь хөөцөлдөж байгаа, хашаагаа татчихаад ирээрэй” гэж ярилцсан асуудлын талаараа хэлсэн. Чойжилтой бичиг баримтыг нь хөөцөлдөж өгнө, тэгээд тухайн газрыг 3 сая төгрөгөөр зарахаар тохиролцсон. Чойжилоос 2.260.000 төгрөг авсан. Тэгээд газраа хөөцөлдөхөд тухайн газар нь сургууль, цэцэрлэгийн зориулалтай газар гэсэн хариу өгсөн. Би энэ талаар Чойжилд хэлэхэд “надад таньдаг хүн байгаа би өөрөө хөөцөлдөөд үзье” гэж хэлэхээр нь би хадланд явсан. Би хадланд явчихаад ирэхэд тэднийх нүүсэн байсан. Ирээд юу болсон талаар асуухад “болохгүй газар гэсэн, манай нүүчихсэн, би мөнгөө буцааж авъя” гэхээр нь би боломж бололцоогоороо мөнгийг нь өгье гэж хэлсэн. Тэгээд би тэр хүний хохирлыг өгч чадахгүй явсаар байгаад өнөөдрийг хүрсэн гэв.
Хоёр. Эрүүгийн 1808 0553 10354 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд:
1.Хохирогч С.Чойжилын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр өгсөн:
“... 2018 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Партизаны “Ногоон толгой” гэх газарт манайхыг эзэнгүй газарт түр буугаад байж байхад манай баруун талын хашааны айлын Г гэх залуу нэг өдөр надтай уулзаад “танайх наад газартаа хашаа хатгах юм уу” гэхээр нь би “үгүй, энэ газар манай газар биш” гэхэд “тэгвэл манайх хажуу талын газраа зарна, худалдаж авахгүй юу, би кадастр, гэрчилгээг нь гаргуулахаар ярьчихсан, миний газар байгаа юм” гэхэд нь “хэд гэж байгаа юм бэ” гэж асуухад 3.000.000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. Тэгэхээр нь үзэж хараад боломжийн 3 айлын газар байхаар нь авахаар тохиролцоод 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдөр гэрээ нүүлгэж бариад 2 хоногт багтаан хашаагаа хатгаад Г-тай утсаар яриад “хашаагаа хатгачихлаа, зөвшөөрлөө яах вэ” гэхэд урьдчилгаа 1.500.000 төгрөг явуулчих гэхээр нь би тэр өдөртөө буюу 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр гэртээ сууж байгаад өөрийн гар утаснаас 1.500.000 төгрөгийг Г-ийн өгсөн 5019331946 дугаарын данс руу нь мобайлаар шилжүүлсэн. Ингээд хүлээж байтал 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Г утсаар яриад 600.000 төгрөг шилжүүлчих, кадастрын зураг хийлгэх гээд байна гэхээр нь би эхнэр Хумбага руу утсаар яриад Г-ийн дансыг мессежээр явуулаад 600.000 төгрөгийг мобайлаар шилжүүлсэн. Түүнээс хойш би Г руу байнга утсаар ярьж, мессеж бичиж, газрын гэрчилгээ юу болж байна гэхэд хөөцөлдөж байна, удахгүй гарна гэж явсаар 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Г над руу утсаар яриад би банкин дээр байна, гэрчилгээний үнэ тушаах хэрэгтэй байна, яг одоо 160.000 төгрөг шилжүүлчих гэхээр нь би тэр даруйдаа гэрээсээ өөрийн гар утаснаас 160.000 төгрөгийг мойбайлаар Г-ийн дансанд нь шилжүүлж өгсөн. Ингээд наадам болоод хэсэг чимээгүй байж байгаад 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр би Г руу залгаад кадастрын зураг, гэрчилгээ юу болсон бэ гэхэд кадастрын зургийг чинь хийсэн, удахгүй гэрчилгээ гарна гэж хэлээд миний мессенжер хаягаар миний нэртэй кадастрын зургийг явуулсан байхаар нь би уг зургийг үнэн зөв эсэхийг шалгуулахаар 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр “Бест” кадастрын зургийн газарт очиж шалгуулахад энэ зураг дээрх газар чинь баруун салаанд байрлалтай, өөр хүний эзэмшлийн газар байна гэж хэлсэн. Би тэр өдөртөө Г-тай уулзаад чиний над руу явуулсан зураг чинь баруун салаанд байрлалтай, өөр хүний кадастрын зураг байна шүү дээ, чи худлаа яриад байна, би наймаагаа буцаалаа, мөнгөө авъя гэхэд сонин юм даа гэснээ тэгвэл би мөнгийг чинь удахгүй буцааж өгье гэж хэлсэн боловч өнөөдрийг хүртэл өгөхгүй, утсаа авахгүй, уулзахгүй зугтаагаад байгаа юм. Харин энэ хугацаанд 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн газрын албанаас хүн ирээд энэ газар зөвшөөрөгдөөгүй газар, танайх нүүх шаардлагатай гэсэн тул манайх 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр нүүсэн. Би Г-аас надад худлаа хэлж авсан 2.600.000 төгрөгийг нэхэмжилнэ. Г нь надаас авсан мөнгөө эргүүлээд өгчихвөл гомдол санал гэхээр зүйл байхгүй. Би Г-аас газар худалдаж авахдаа ямар нэгэн гэрээ хийгээгүй, амаар ярьж тохиролцоод авахаар болчихсон. Харин Г-т өгсөн 150.000 төгрөг, 160.000 төгрөгийг би өөрийн данснаас, 600.000 төгрөгийг эхнэр Хумбагын данснаас мобайлаар шилжүүлж өгсөн болохоор банкны хуулга дээр тодорхой харагдаж байгаа юм... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дугаар тал/,
2.Гэрч Б.Хумбагын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 12 дугаар сарын 11-ны өдөр өгсөн:
“...Манайх Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо “Эмээлт” гэх газарт оршин суудаг байж байгаад 2018 оны 6 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Партизаны “Ногоон толгой” гэх газарт очиж эзэнгүй газарт буусан. Тэр үед тэнд хөрш зэргэлдээ холгүй амьдардаг байсан Г гэж өөрийгөө танилцуулсан залуу манай нөхөр Чойжилд танайх газаргүй бол надаас гурван айлын газар ав, бичиг баримтыг бүрдүүлээд өгнө гэхээр нь Чойжил үзэж хараад боломжийн газар байна гээд авахаар болсон байсан. Ингээд Г гэх залуу газрын урьдчилгаа төлбөр гээд 1.500.000 төгрөгийг 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Чойжилоос авсан байсан. Мөн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр манай нөхөр Чойжил над руу утсаар яриад 600.000 төгрөг шаардлагатай гэнэ гэхээр нь би Г-ийн данс руу интернэт банкаар 600.000 төгрөг шилжүүлж өгсөн. Үүний дараа Чойжилтой мөн утсаар ярьж байгаад 160.000 төгрөг хэрэгтэй байна гэж хэлээд шилжүүлж авсан байсан. Г манай нөхөр Чойжилтой анх ярилцаад газрыг зарахаар болоод үзүүлсэн байсан. Нөхөр Чойжил надад хэлэхдээ Г уг газрыг өөрийнхөө газар, гэрчилгээ бичиг баримтыг нь найдвартай гаргаж өгнө гэнэ, харин хашаа барих шаардлагатай гэж байна гэхээр нь хашаа бариад байж байтал дүүргийн газрын албанаас хүн ирээд танай буусан газар чинь айл бууж болохгүй, төлөвлөлтөнд орсон газар гэж хэлсэн тул манайх тухайн газраас нүүсэн ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дүгээр тал/,
3. Гэрч Р.Уртнасангийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр өгсөн:
“... Би Г гэгчтэй 2016 оны Улсын их хурлын сонгуулиар Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд Ардчилсан намын штабад хамт ажиллаж байсан болохоор тэр үед таньж мэдэх болсон. Сонгуулийн дараа жил буюу 2017 оны хавар Г машинтай гудамжинд явж байгаад надтай таарахдаа мэндлээд ойр зуурын юм ярихдаа эгчээ таньд газрын албанд таньдаг, мэддэг хүн байхгүй биз, би газар авах гэсэн юм гэхээр нь эгчид нь газрын албанд таньдаг хүн байхгүй гэж хэлж байсан. Түүнээс өөрөөр Г газрын гэрчилгээ гаргуулахаар надад хандаж байсан удаа байхгүй. Тэгээд ч би газрын албанд ямар нэгэн хүн танихгүй, гэрээсээ гараад ч байдаггүй болохоор Г-т газрын гэрчилгээ, кадастрын гэрчилгээ гаргаж өгнө гэж түүнээс мөнгө авч байсан зүйл байхгүй. Би Г-т ямар ч кадастрын зураг өгч байгаагүй...” /хавтаст хэргийн 20-21 дүгээр тал/,
4. Шүүгдэгч Ц.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2019 оны 3 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн:
“... Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо “Ногоон толгой” гэх газарт манай хадмынх байдаг болохоор холгүй газарт газар авна гэж бодоод 2018 оны зун өөрөө газар сонгоод шон зоож орхисон байсан юм. Тэр үед Чойжил гэх хүн миний шон зоосон газрын ойролцоо ирж буусан байхдаа миний шон зоосон газрыг сонирхож надтай ирж уулзахаар нь гэрчилгээ, бичиг баримт байхгүй, гэхдээ би гэрчилгээг нь гаргуулахаар хөөцөлдөж байгаа юм, чи сонирхож байвал 3.000.000 төгрөг өгөөд авч болно гэхэд тэрээр тэгье гэж зөвшөөрөөд хэд хоногийн дараа миний шон зоосон уг газар дээр гэрээ барьж суусан. Тэгээд би газрын гэрчилгээ гаргуулах санаатай өөрийн танил Уртнасан гэх хүнд хандахад хөөцөлдөж өгье, 1.500.000 төгрөг хэрэгтэй гэхээр нь Чойжилоос 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 1.500.000 төгрөгийг авч Уртнасанд өгөөд, дараа нь 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 600.000 төгрөгийг авч өөртөө хэрэглэсэн. Мөн 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Уртнасан над руу яриад кадастрын зургийг нь гаргуулах гэсэн чинь 160.000 төгрөг хэрэг болоод байна гэхээр нь би Чойжил руу утсаар яриад хэлэхэд 160.000 төгрөгийг шилжүүлэхээр нь би Уртнасанд дансаар шилжүүлж өгсөн. Хэд хоногийн дараа Уртнасан кадастрын зураг авчирч өгөхөөр нь би аваад Чойжил руу мессенжерээр явуулсан боловч тэр зураг нь өөр газарт байрлалтай кадастрын зураг байна гэж Чойжил надад дараа нь хэлсэн. Би өмнө өгсөн мэдүүлэгтээ Уртнасан гэдгийг Уламбаяр гээд нэрийг нь андуураад мэдүүлчихсэн байна. Би Уламбаяр гэгчид хандаагүй, Уртнасан гэх хүнд хандаж байсан юм. Тиймээс Уламбаяр гэх хүн байхгүй. Гэхдээ 2016 оны сонгуулийн үеэр Уртнасантай танилцаж байсан, овгийг нь мэдэхгүй. Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Зээлийн хороололд хашаа байшинд амьдардаг байсан. Надтай хамт сонгуулийн ажлаар явж байхдаа газар хэрэгтэй бол эгчдээ хэлээрэй, эгч нь бүтээж өгч болно шүү гэж хэлж байсан болохоор би Чойжилд зарсан газрын гэрчилгээг гаргуулахаар түүнд хандаж хэлсэн юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дугаар тал/,
- яллагдагчаар дахин 2019 оны 3 дугаар сарын 22-нд өгсөн:
“...Би Уртнасан эгчтэй урьд өмнө таарч байхдаа газрын албанд таних хүн байна уу гэж асууж байснаа санаад мэдүүлэг өгч байхдаа сандраад Уртнасан эгчид газрын гэрчилгээ гаргуулахаар хөөцөлдөж байсан, 1.1500.000 төгрөгийг өгсөн, мөн кадастрын зураг гаргуулахаар 160.000 төгрөгийг нь өгсөн гэж худлаа мэдүүлчихсэн. Тиймээс би Чойжилоос авсан мөнгөө бүгдийг нь өөрөө авч өөртөө зарцуулсан болохоор Уртнасан эгч энэ асуудалд ямар ч холбоогүй. Би өөрт байсан өөр газрын кадастрын зураг дээр Чойжилын нэрийг бичээд зургийг нь дараад Чойжил руу явуулчихсан юм. Тэгээд тэр зургаа хаячихсан болохоор одоо байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дугаар тал/,
5. Хохирогч С.Чойжилоос гомдолдоо хавсаргаж ирүүлсэн Ц.Г-ийн өгсөн гэх кадастрын зургийн хуулбар /хавтаст хэргийн 9 дүгээр тал/, хохирогч С.Чойжилын Хаан банкинд эзэмшдэг депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 40-41 дүгээр тал/, гэрч Б.Хумбагын Хаан банкинд эзэмшдэг депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 42 дугаар тал/, Сонгинохайрхан дүүргийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 17/83 тоот “...Г нэрээр манай албанд өргөдөл гомдол бүртгэгдээгүй гэсэн....” албан бичиг /хавтаст хэргийн 50 дугаар тал/,
6. Шүүгдэгч Ц.Г-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хавтаст хэргийн 51 дүгээр тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 45 дугаар тал/, Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 198 дугаар шийтгэх тогтоолын баталгаажуулсан хуулбар /хавтаст хэргийн 54-55 дугаар тал/, Ц.Г-ийн Хаан банкинд эзэмшдэг депозит дансны хуулгад хашаа газар 1.500.000 төгрөгийн орлого орсон тухай лавлагаа /хавтаст хэргийн 57 дугаар тал/, Ц.Г-ийн нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа /хавтаст хэргийн 48 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Талуудаас нотлох баримтын талаар хасуулах, шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх талаар санал гараагүй болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ц.Г-ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Ц.Г нь Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Партизаны “Ногоон толгой” гэх газарт “гурван айлын газрыг кадастр, газрын гэрчилгээг нь гаргуулахаар бэлэн болчихсон байгаа” гэж хуурч нийт 2.260.000 төгрөгийг хохирогчоос шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтанд цугларсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч Ц.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр төлөгдсөн байна гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Ц.Г нь гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч Ц.Г нь Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Партизаны “Ногоон толгой” гэх газарт “3 айлын газрыг кадастр, газрын гэрчилгээг нь гаргуулахаар бэлэн болчихсон байгаа” гэж хуурч 2018 оны 6 дугаар сарын 3-ны өдөр иргэн С.Чойжилд 3.000.000 төгрөгөөр худалдахаар тохирч, улмаар 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 1.500.000 төгрөгийг дансаар, 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 600.000 төгрөгийг дансаар, 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдөр 160.000 төгрөгийг дансаар, нийт 2.260.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
-Хохирогч С.Чойжилын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2018 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Партизаны Ногоон толгой гэх газарт манайхыг эзэнгүй газарт түр буугаад байж байхад ...Г гэх залуу нэг өдөр надтай уулзаад ...манайх хажуу талын газраа зарна, худалдаж авахгүй юу, би кадастр, гэрчилгээг нь гаргуулахаар ярьсан, миний газар байгаа юм” гэсэн. ...“хэд гэж байгаа юм бэ” гэхэд 3.000.000 төгрөгөөр зарна гэсэн. ...3 айлын газар байхаар нь авахаар тохиролцоод 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр гэрээ нүүлгэж бариад ...Г-тай утсаар яриад “хашаагаа хатгачихлаа, зөвшөөрлөө яах вэ” гэхэд урьдчилгаа 1.500.000 төгрөг явуулчих гэсэн. ...би ...2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 1.500.000 төгрөгийг Г-ийн өгсөн 5019331946 дугаарын данс руу нь мобайлаар шилжүүлсэн. ...2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Г утсаар яриад 600.000 төгрөг шилжүүлчих, кадастрын зураг хийлгэх гээд байна гэхээр нь би эхнэр Хумбага руу утсаар яриад Г-ийн дансыг мессежээр явуулаад 600.000 төгрөгийг мобайлаар шилжүүлсэн. Түүнээс хойш би Г руу байнга утсаар ярьж, мессеж бичиж, газрын гэрчилгээ юу болж байна гэхэд хөөцөлдөж байна, удахгүй гарна гэж явсаар 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Г над руу утсаар яриад би банкин дээр байна, гэрчилгээний үнэ тушаах хэрэгтэй байна, 160.000 төгрөг шилжүүлчих гэсэн. ...өөрийн гар утаснаас 160.000 төгрөгийг мойбайлаар Г-ийн дансанд нь шилжүүлсэн. ...2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр би Г руу залгаад кадастрын зураг, гэрчилгээ юу болсон бэ гэхэд кадастрын зургийг чинь хийсэн, удахгүй гэрчилгээ гарна гэж хэлээд миний мессенжер хаягаар миний нэртэй кадастрын зургийг явуулсан. ...“Бест” кадастрын зургийн газарт очиж шалгуулахад энэ зураг дээрх газар чинь баруун салаанд байрлалтай, өөр хүний эзэмшлийн газар байна гэж хэлсэн. Би тэр өдөртөө Г-т ...өөр хүний кадастрын зураг байна шүү дээ, чи худлаа яриад байна, ... мөнгөө авъя гэхэд сонин юм даа гэснээ тэгвэл би мөнгийг чинь удахгүй буцааж өгье гэж хэлсэн. ...өнөөдрийг хүртэл өгөхгүй, утсаа авахгүй, уулзахгүй зугтаагаад байгаа юм. ... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дугаар тал/,
-гэрч Б.Хумбагын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Г гэж өөрийгөө танилцуулсан залуу манай нөхөр Чойжилд танайх газаргүй бол надаас гурван айлын газар ав, бичиг баримтыг бүрдүүлээд өгнө гэхээр нь Чойжил үзэж хараад боломжийн газар байна гээд авахаар болсон байсан. Г гэх залуу газрын урьдчилгаа төлбөр гээд 1.500.000 төгрөгийг 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Чойжилоос авсан байсан. Мөн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр манай нөхөр Чойжил над руу утсаар яриад 600.000 төгрөг шаардлагатай гэнэ гэхээр нь би Г-ийн данс руу интернэт банкиар 600.000 төгрөг шилжүүлсэн. Үүний дараа Чойжилтой мөн утсаар ярьж байгаад 160.000 төгрөг хэрэгтэй байна гэж хэлээд шилжүүлж авсан байсан. ...Г уг газрыг өөрийнхөө газар, гэрчилгээ бичиг баримтыг нь найдвартай гаргаж өгнө гэнэ, харин хашаа барих шаардлагатай гэж байна гэхээр нь хашаа барьсан. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дугаар тал/,
-Гэрч Р.Уртнасангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г газрын гэрчилгээ гаргуулахаар надад хандаж байсан удаа байхгүй. Тэгээд ч би газрын албанд ямар нэгэн хүн танихгүй, гэрээсээ гараад ч байдаггүй болохоор Г-т газрын гэрчилгээ, кадастрын гэрчилгээ гаргаж өгнө гэж түүнээс мөнгө авч байсан зүйл байхгүй. Би Г-т ямар ч кадастрын зураг өгч байгаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дугаар тал/ ,
-Шүүгдэгч Ц.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Чойжил гэх хүн миний шон зоосон газрын ойролцоо ирж буусан байхдаа миний шон зоосон газрыг сонирхож надтай ирж уулзахаар нь гэрчилгээ, бичиг баримт байхгүй байгаа, гэхдээ би гэрчилгээг нь гаргуулахаар хөөцөлдөж байгаа юм, чи сонирхож байвал 3.000.000 төгрөг өгөөд авч болно гэсэн. Чойжилоос 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 1.500.000 төгрөгийг, ...2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 600.000 төгрөгийг авч өөртөө хэрэглэсэн. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дугаар тал/, мөн түүний яллагдагчаар дахин өгсөн “...Уртнасан эгчид газрын гэрчилгээ гаргуулахаар хөөцөлдөж байсан, 1.500.000 төгрөгийг өгсөн, мөн кадастрын зураг гаргуулахаар 160.000 төгрөгийг нь өгсөн гэж худлаа мэдүүлчихсэн. Тиймээс би Чойжилоос авсан мөнгөө бүгдийг нь өөрөө авч өөртөө зарцуулсан. ...Би өөрт байсан өөр газрын кадастрын зураг дээр Чойжилын нэрийг бичээд зургийг нь дараад Чойжил руу явуулчихсан юм. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дугаар тал/, хохирогч С.Чойжилын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, гэрч Б.Хумбагын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 40-42 дугаар тал/, Сонгинохайрхан дүүргийн газрын албаны албан бичиг /хавтаст хэргийн 50 дугаар тал/, Ц.Г-ийн Хаан банкинд эзэмшдэг дансны хуулга зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Залилан мэхлэх гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба залилан мэхлэх гэмт хэргийн арга нь хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, худал амлах зэрэг аргаар үйлдэгддэг.
Тухайн хэргийн хувьд шүүгдэгч Ц.Г нь газрын албанд хандсан, газар авах хүссэн хүсэлт, өргөдлөө гаргасан баримтгүй атлаа төрийн өмчийн газрыг хохирогч Ч.Чойжилд зааж, энэ гурван айлын газрыг өөрийн өмчлөл, эзэмшилдээ авах гэж хөөцөлдөж байгаа гэж хохирогчид худал хэлж, өөр газрын кадастрын зурагт хохирогчийн нэрийг оруулж бичиж, хуурамч бичиг баримт хохирогчид өгч, хохирогчийн эд хөрөнгийг буюу мөнгийг өөрийн эзэмшил өмчлөлд шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлджээ.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ц.Г-ийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
“Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг хохирогч шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.
Тус хэргийн улмаас хохирогч С.Чойжилд 2.260.000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд явцад шүүгдэгч Ц.Г нь хохирол төлбөрийг нөхөн төлсөн талаар шүүх хуралдаанд мэдүүлсэн, мөн хохирогч С.Чойжил нь 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хохирлоо барагдуулсан талаар гарын үсгийн үнэн зөвийг нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтыг хэрэгт ирүүлсэн байх тул шүүгдэгч Ц.Г-ийг хохирогч С.Чойжилд төлөх төлбөргүй гэж үзэв.
3. Эрүүгийн хариуцлагын талаар.
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч Ц.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Ц.Г нь өөрийгөө өмгөөлж оролцохдоо хөнгөн ял оногдуулж өгнө үү гэж мэтгэлцсэн.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Шүүгдэгч Ц.Г нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар нэг удаа ял шийтгэгдсэн байна.
Шүүхээс шүүгдэгч Ц.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн ба, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Ц.Г-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгч Ц.Г-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, түүний цалин хөлс орлогыг тодорхойлсон баримтгүй зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг өдрийн 4 цагийн хугацаагаар тогтоож, оногдуулсан ялыг биелүүлээгүй бол уг ялыг хорих ялаар солихыг мэдэгдэж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.
4. Бусад асуудлаар.
Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ц.Г нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч П овогт Ц-ын Г-ийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-ийг 700 (долоон зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-ийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ц.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч С.Ч-д төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, Ц.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ц.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА