Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 268

 

 МАГАДЛАЛ

 

2017.01.25                                               № - 268                                          Улаанбаатар хот

 

Ө.Энхжаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Т.Туяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 184/ШШ2016/01554 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ө.Энхжаргал,

Хариуцагч Ц.Ялалтад холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хүүхдийг эхийн асрамжид үлдээх, гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх дундын эд хөрөнгө худалдан борлуулсны үнээс өөрт болон хүүхдүүдэд ногдох 33 750 000 төгрөгийг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцож, өөрт болон гэр бүлийн гишүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хүү Я.Анарыг эцгийн асрамжид үлдээх сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч Ө.Энхжаргалын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ө.Энхжаргал,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Жадамба,

Хариуцагч Ц.Ялалт,

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Алимаа,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Март,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч Ч.Жадамба шүүх хуралдаанд гаргасан үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Ө.Энхжаргал миний бие нь 2004 онд Ц.Ялалттай танилцан, 2006 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болж, 2009 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлж гэрчилгээ авсан. Бид хамтран амьдрах нийт хугацаанд 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүү Я.Анар, 2011 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр охин Я.Мишээл нар төрсөн. Ц.Ялалт нь хамтран амьдрах хугацаанд гэр бүлээс гадуур харилцаа тогтоож, 2013 оны 2 дугаар сараас өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байгаа. Бид энэхүү хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн цаашид хамтран амьдрах боломжгүй болсон бөгөөд 2015 онд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчид хандан гэрлэпт цуцлуулах өргөдөл гаргаж байсан ч өргөдлийг 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 624 тоотоор “Уулзалт ярилцлага удаа дараа хангалттай үр дүнд хүрээгүй, цаашид үр дүнд хүрэхгүй нь ойлгомжтой болсон буюу эвлэрүүлэн зуучлал амжилтгүй болсон” үндэслэлээр эвлэрүүлэн зуучлал дуусгавар болсон.

Иймд дараах нэхэмжлэлийг гаргаж байна. 2009 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 173 дугаарт бүртгэгдсэн гэрлэлтийг цуцлуулж, хүүхдүүд болох Я.Анар, Я.Мишээл нарт хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээх, мөн бид хамтран амьдарч байх хугацаандаа 2010 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүрэг 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Денверийн гудамж 83 дугаар байрны 25 тоотод 26.5 м.кв 1 өрөө байрыг 25 102 500 төгрөгөөр худалдаж авсан. Энэхүү орон сууцыг 2 өрөө байр болгох үүднээс 2013 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-гээр С.Ууганбаярт 45 000 000 төгрөгөөр худалдсан бөгөөд байрны үнэ Ц.Ялалтын дансанд байсан болно. Уг байрыг бид хамтран амьдрах хугацаанд худалдаж авсан тул өөрт болон гэр бүлийн гишүүн Я.Анар, Я.Мишээлд ногдох хувьд нийт 33 750 000 төгрөгийг гаргуулна. Биднийг гэр бүл болоход зориулж хадам ээж Б.Март нь 2010 онд Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, Туулын 2-19 тоот үл хөдлөх эд хөрөнгө болох хашаа, байшин бэлэглэж нөхөр Ц.Ялалтын нэр дээр шилжүүлсэн байдаг. Харин Ц.Ялалт гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийг өөрийн ээж Б.Мартад бэлэглэлийн гэрээгээр буцаан шилжүүлсэн байх тул уг гэрээг хүчин төгөлдөр буст тооцож, өөрт болон гэр бүлийн гишүүдэд ногдох хэсгийг гаргуулж өгнө үү.

Ц.Ялалт нь хүү Я.Анар, охин Я.Мишээл нартай нэг өдөр ч хамт амьдарч үзээгүй. Мөн 2 хүүхдийнхээ сурлага, хүмүүжил боловсрол болон бусад бүх зүйлд эцэгийн үүрэг гүйцэтгэж анхаарал хандуулж байсан удаа байхгүй. Өвөө Н.Цэнд,эмээ Б.Март нар дээр 2013-2015 оны өвлийн улиралд 7 хоногийн Даваагаас-Баасан гарагуудад сургууль цэцэрлэг нь ойр тул хааяа очдог баисан. Өвөө, эмээ хоёр нь миний хүүхдүүдэд хайр, халамжийг үзүүлдэг байсан. Энэ үед Ц.Ялалт нь аав, ээжтэйгээ хамт амьдарч байгаагүй. 25 тоот 1 өрөө орон сууцыг худалдсан мөнгөөр хашаа, байшин худалдаж аваад амьдарч байсан. Би хоёр хүүхдээ өөрийн асрамжид авна. Ц.Ялалт нь хоёр хүүхдэдээ эцгийн хайр халамжаар ханддаггүй, ширүүн харьцдаг, салсан цагаас хойш 2 хүүхдээ нэг ч удаа харж хандаж, уулзаж байгаагүй. Аав, ээж хоёр нь харж, хандаж байсан.

Ц.Ялалтаас салснаас хойш би хоёр хүүхдээ тэжээж, гэр бүлээ авч явахын тулд ажилд орсон. Тэгээд хүүхэд харах хүнгүй, сургууль, цэцэрлэг нь өвөө, эмээгийнх нь гэрийн ойролцоо болохоор тэнд байлгаж байсан нь үнэн. Би өнгөрсөн хугацаанд үр хүүхдүүдийнхээ сурлага, хүмүүжил, хичээл, ном, ар гэрийн асуудал болон бүхий л зүйлийг ганцаараа авч явж ирсэн. Хүү Я.Анарыг төрсөн үед хадам аав н.Цэнд нь “та нарт энэ хашаа газрыг бэлэглэж байна” гэж амаар хэлж байсан. Нэг өрөө байраа 45.000.000 төгрөгөөр зарсан. Тэгээд энэ мөнгө Ц.Ялалтын дансанд байсан. Надад анх автомашин 8 000 000 төгрөгөөр авч бэлэглэж байсан. Энэ автомашиныг зараад дээр нь байр зарсан мөнгөнөөс 4 500 000 төгрөгийг нэмж 12 500 000 төгрөгөөр автомашин авсан. Тэрнээс яг байрны мөнгөнөөс 12 500 000 төгрөг өгөөгүй.

Турк улс явахад 2 000 000 төгрөг өгч байсан. Үүнээс 1 200 000 төгрөгийг нь хүү Я.Анарын сургуулийн төлбөрт төлсөн. Ц.Ялалт бид хоёр хүүгийнхээ сургуулийн төлбөрийг жил жилээр ээлжилж төлж байсан. Гэтэл намайг Турк улс явах жил Ц.Ялалт төлөх байсан боловч намайг төл гээд би түүний өгсөн 2 000 000 төгрөгөөс 1 200 000 төгрөгийг төлбөрт нь өгөөд 800 000 төгрөгийг нь хэрэглээний мөнгөнд авч явсан. Гэр бүлийн хэрэгцээнд 21 800 000 төгрөгийг зарцуулсан гэж байна. Ийм мөнгийг зарцуулаагүй. Надад өгсөн мөнгөнөөс үлдсэн бусад мөнгөөр нь хашаа, байшин худалдаж аваад тэр газраа хамтран амьдарч байгаа эмэгтэйтэйгээ байгаа. Хүүхдээ эцэг хүний хувьд тэжээн тэтгэх, харж хандах үүрэгтэй. Гэтэл өгсөн хэдэн төгрөгөө зарсан байрны мөнгөнөөс өгсөн гэж байна. Би мэдэхгүй. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар эцэг, эх нь үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх журамт үүрэгтэй байдаг. Энэ үүргээ Ц.Ялалт нь 2013 оны 03 дугаар сараас буюу тусдаа амьдарсанаас хойш биелүүлээгүй. Тусдаа амьдарсан хугацааг өмнөх шүүх хуралд ээж Д.Март нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө тэтгэвэртээ гарах үе буюу 2012 оны 03 дугаар сараас хойш тусдаа амьдарсан гэж ярьж байгаа. Гэтэл Ц.Ялалт хүү Я.Анарыг өөрийн асрамжид үлдээнэ гэж байгаа. Гэр бүлийн тухай хуульд 7-гоос дээш настай хүүхдийн саналыг асуухаар заасан. Гэрлэлт цуцалж байгаа тохиолдолд шүүх хүүхдийн асрамж тэтгэлэг, дундын эд хөрөнгөтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх ёстой болдог.

2010 онд Ц.Ялалт нь Ө.Энхжаргалын биед хөнгөн, хүндэвтэр гэмтэл учруулж, зан ааш таарч тохирохгүй болсон. Тухайн үөд цагдаагийн газарт шалгагдан 30 хоног баривчлагдаад явахын өмнө нь Ө.Энхжаргал хүсэлтээсээ татгалзсан байгаа. 2010 онд Цагдаагийн хэлтэст хандаж байсан баримтыг нь гаргуулахаар авъя гэсэн боловч “хадгалах хугацаа нь 5 жил байдаг. Одоо устгагдсан байгаа учраас архивт байхгүй” гэсэн. Иймээс тухайн үед гэмтэл учруулсан фото зургийг сая шүүхэд гаргаж өгсөн байгаа. Тэгэхээр хүүхдийг асрамжид үлдээх асуудал бол эцэг эхийн хувийн байдал, зан чанар, хөдөлмөрийн чадвар нь хүүхдиин хүмүүжилд нөлөөлөхөөр байна уу гэдгийг шүүх харгалзаж үззх ёстой.

Шүүхэд том хүү Я.Анарыг асуулгасан байгаа. Я.Анар нь “ээж, дүүтэй хамт амьдарна. Аавтайгаа амьдрахгүй. Өвөө эмээ тусалж дэмжиж байсан” гэдэг. Ц.Ялалтад эхнэр хүүхдэдээ тусалж дэмжиж байсан зүйл байдаггүй.

2010 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулж, гэр бүлийн гишүүдэд ногдох хэсгийг гаргуулах шаардлага гаргасан. Өмнөх шүүх хуралд асуусан гэрчийн мэдүүлгүүд байгаа. Иргэний хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт “Гэр бүлийн нэг буюу хэд хэдэн гишүүн гэр бүлийн бүрэлдэхүүнээс гарвал хамтран өмчлөх дундын хөрөнгөөс ногдох хэсгээ авах боловч гэр бүлийн аж ахуйг цаашид явуулахад зайлшгүй шаардагдах хөрөнгийг авах эрхгүй. Үүнд н.Цэнд гэрчээр мэдүүлэг өгсөн. Тухайн үед хамтран амьдрах зориулалтаар тусалж дэмжих үүднэзс хөрөнгө тасалж өгч байсан. Тэр нь одоогийн маргаад байгаа 1 өрөө байр буюу 16 900 ам.долларыг н.Цэнд гуай өөрийнхөө зүгээс хоёр хүүхдээ сайн сайхан амьдрахад нь зориулж, тусалж дэмжиж өгч байсан гэдэг нь мэдүүлэгт нь тодорхой байгаа.

Гуравдагч этгээд Д.Мартын өгсөн мэдүүлэг мөн байна. Баянгол дүүрэг, Туулын 2-19 тоот хашаа, байшинг бэлэглэсэн. Тэгэхдээ бэлэглэл нь ямар нэгэн байдлаар үнэ төлбөргүй өгөх гзрээний зорилго агуулаагүй гэж ярьдаг. Тэгсэн мөртлөө 1 өрөө байр худалдаж авахад зарцуулсан зүйл 16 900 ам.долларыг эцэг эх нь хамт амьдрахад нь тусалж дэмжих зорилгоор бэлэглэсэн гэж ярьж байгаа. Энэ хоёр 2009 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр гэр бүл болж, үүнээс хойш бэлэглэсэн байдаг. Иргэний хуулинд 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт энэ талаар заасан.

 Ө.Энхжаргалын хувьд үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, сургууль цэцэрлэгт хүргэж өгөх зэрэг тухайн үед ажил хөдөлмөр эрхэлж байсан. Ц.Ялалтын тайлбараас харахад Ө.Энхжаргал ажил хийгээгүй. Ц.Ялалт л ганцаараа ажил хийдэг байсан гэж ярьж байна. Тэгэхээр Баянгол дүүрэг, Туул 2-19 тоот хашаа, байшин нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх эд хөрөнгө байна. 2001 онд Ц.Ялалтын эх Д.Март нь 1 500 000 төгрөгөөр худалдаж авсан. 1 500 000 төгрөгийг нөхөр нь гаргасан гэж тайлбарладаг. Тэгээд ч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газраас нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасан. Хариу нь 2009 онд энэ хашааг шилжүүлсэн байдаг. 2009 онд хувийн өмчөөрөө байшин барьсан. Энэ зүйлийг харахаар гэр бүл хамтран амьдрах хугацаанд аль алиныхаа хүч хөдөлмөрөөр олсон хөрөнгө байдаг.  

Тэгэхээр хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзэж байна. Энэ эд хөрөнгөө Ц.Ялалт нь 2010 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр ээж Б.Мартад шилжүүлсэн байдаг. Анх ээж нь хүүдээ газар, хашаа шилжүүлсэн байсан.

Гуравдагч этгээдээс хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж байна гэж өөрйинхөө өмчөө хамгаалах үүднээс бие даасан шаардлага гаргасан бөгөөд Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар Д.Мартын хуваарьт эд хөрөнгө юм. Тэгэхээр хөрөнгөө мөн хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт заасны дагуу Б.Мартаас Ц.Ялалтад, Ц.Ялаптаас Б.Мартад шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 279 дүгээр зүйлийн 279.1 дэх хэсэгт энэ талаар заасан. Тусгай зориулалтаар байгуулсан бэлэглэлийн гэрээ гэж үзэж, үүрэг даалгавар өгсөн байхад Ц.Ялалт зөрчөөд өөрийн нэр дээр болгосныг аав ээж нь дургүйцэж буцаагаад бэлэглэлийн гэрээг цуцалсан.

Ц.Ялалтын хүүхдүүд төрсөн цагаас нь эхлээд ээж аавынхаа дэргэд байсан. Эд нарын амьдрал дандаа Баянгол дүүрэг, Туулын 2-19 тоотод байгаагүй. Баянхошуунд болон Баянзүрх дүүрэгт амьдарч байсан байдаг. Эдний амьдралд Б.Март, Н.Цэнд хоёр маш их үүрэгтэй хүмүүс байсан. Хүүхдүүд хаана өсөж торнисон онцпогийг харах хэрэгтэй. Хүүхдүүд бол эмээ, өвөөгийндөө сургууль цэцэрлэг нь ойрхон, янз бүрийн дугуйланд явдаг. Өсөж торнисон орчин өөрчлөгдөөд хүүхдийн сурлага нь муудсан зүйл байна. Ц.Ялалт нь том хүү Я.Анараа аваад явахад бүрэн боломжтой, хөрөнгө хуваах зүйл байхгүй, байшинг нарийн үзэхэд хуваарьт хөрөнгө байдаг. Тэгэхээр энэ Туулын 2-19 тоот хөрөнгө бол Ц.Ялалт, Ө.Энхжаргал нарт хуваагдахгүй гэж үзэж байна. Мөн Д.Март, Н.Цэнд нар нь ач зээгээ хөөж гаргахгүй. Хэзээ боломжтой болно тэр үедээ гарч болно гэсэн байдаг гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний өмгөөлөгч Ц.Алимаа шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний хувьд гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Хүү Я.Анарыг өөрийн асрамжид үлдээж, өөрөө асран хүмүүжүүлэх сонирхолтой байна. Миний ажиллаж байсан барилгын "Золтүвшинбаяр" ХХК-ийн захирал Еөү Дуань Шинь надад барьж байсан барилгаасаа боломжийн үнээр байр худалдах санал тавьсныг өөрийн эцэг Н.Цэндэд уламжилахад тэрээр зөвшөөрч 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Голомт банкинд байх өөрийн цалингийн данснаасаа 13 900 ам.доллар, мөн бэлнээр 3 000 ам.доллар, нийт 16 900 ам.долларыг өгч, 2010 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Денверийн гудамжны 83 дугаар байрны 25 тоотод 26.5 м.кв талбайтай 1 өрөө байрыг 25 102 500 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг “Золбаяртүвшинбаяр” ХХК-ийн захирал Еөү Дуань Шиньтэй байгуулсан ба 1 сарын дараа уг байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь 1 хүний өмч буюу Ц.Ялалт миний нэр дээр гарч ирсэн.

Үл хөдлөх эд хөрөнгийн 000139061 тоот гэрчилгээтэй 1 өрөө байрыг миний эцэг Н.Цэндийн цалингаар авсан тул уг байр нь дан ганц миний нэр дээр өмчлөгдсөн, миний хуваарьт өмч учир Ө.Энхжаргалд огт хамааралгүй. Намайг Хятадад сургуульд сурч байхад 2001 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр миний ээж Д.Март Баянгол дүүргийн 16 дугаар хорооны Туулын 2-19 тоот хашааг худалдан авч, газар дээрээ эцэг Н.Цэнд, эх Д.Март нар 2009 онд өөрсдийн цалингаараа байшин барьсан. Энэ газрыг миний эх Д.Март 2009 оны 09 дүгээр сард бэлэглэлийн гэрээгээр миний нэр дээр болгосон байсныг 2010 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр энэ газар дээр эцэг, эхийн барьсан байшинг эх Б.Мартад бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн. Энэхүү хашаа, байшин нь анхнаасаа ч, одоо ч эх Б.Мартын өмч хөрөнгө учраас тэдгээрийг гэр бүлийн гишүүдэд хуваан өгөх боломжгүй.

Байшинг баригдсаны дараа манай ээж намайг байшингийн гэрчилгээг гаргуулж авах ажил даалгасан. Байшингийн гэрчилгээг авах зорилгоор бэлэглэлийн гэрээг байгуулсан. Бэлэглэлийн гэрээ нь 1 жилийн хугацаатай учраас энэ хугацаанд нь би ажлыг нь амжуулж өгөөд уг нэг жилийн хугацаа болохоос нь өмнө буцаагаад гэрчилгээг нэр дээр нь шилжүүлж ээжид өгсөн. Бид 1 өрөө байрандаа амьдарч байгаад байраа 45 000 000 төгрөгөөр худалдсан. Гэрээнд зөвхөн миний нэр бичигдэж, зөвхөн нэг хүний өмч болно гэж бичигдсэн байдаг. Энэ хөрөнгө дундын хөрөнгө байгаагүй. Миний аавын өгсөн мөнгө байдаг юм. Бид хоёр хамт амьдарч байсан хэдий ч бидний дунд дундын эд хөрөнгө байгаагүй. Дундын хөрөнгө гэдгийг хамтдаа хөдөлмөрлөж, хамтдаа олсон хөрөнгийг хэлнэ. Үүнийг би хуваарьт өмч гэж хэлж байгаа боловч энэ 45 000 000 төгрөгийг гэр бүлдээ зарцуулсан. Би Ө.Энхжаргалын хуучин унаж байсан автомашиныг нь 8 000 000 төгрөгөөр зараад 1 өрөө байр зарсан мөнгөнөөс 4 500 000 төгрөгийг нэмж нийт 12 500 000 төгрөгөөр Ө.Энхжаргалд өөр автомашин авч өгсөн. Турк улс руу аялалаар явахад нь 2 000 000 төгрөг өгч явуулж байсан. Охин Я.Мишээлийн даахины үргээлгэд 800 000 төгрөг өгсөн гэх мэтээр нийтдээ 21 800 000 төгрөгийг гэр бүлдээ зарцуулсан. Би хоёр хүүхдийнхээ өмнө хариуцлагаа адилхан үүрнэ гэж хэлж байгаа юм. Эцэг, эх нь хүүхдүүдээ нэг нэгээр нь авбал тэтгэлэг төлдөггүй гэхээр нь хүү Я.Анарыг өөрийн асрамжид авъя гэж байгаа болохоор хүүхдийн тэтгэлгийн талаар яриагүй юм. Би одоогоор улирлын чанартай ажил хийдэг, тэтгэлэг өгнө гэжээ.

Хариуцагч болон түүний өмгөөлөгч Ц.Алимаа шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, тайлбартаа: Миний хүүхдүүд Я.Анар, Я.Мишээл нар нь төрсөн цагаасаа миний болон миний эцэг, эхийн асрамжид өсөж, торниж байгаа. 2013 оноос хүүхдүүдийн сургууль, цэцэрлэг миний аавын гэрийн ойролцоо байдаг болохоор сургууль, цэцэрлэгтээ явахдаа 7 хоногийн Даваагаас Баасан гарагуудад надтай болон аавынд байж байгаад амралтын Бямба, Ням гарагуудад ээж Ө.Энхжаргалтай байдаг байсан. Гэтэл энэ байдал 2016 оны 4 дүгээр сараас хойш өөрчлөгдөн, эхнэр Ө.Энхжаргал хүүхдүүдийг надаас болон эмээ, өвөөгөөс нь авч, зөвхөн өөр дээрээ байлгах болсон. Ээж Ө.Энхжаргал нь хүүхдүүдийг зөөдөг болсноор сургууль, цэцэрлэгээс нь ээжийнх байгаа гэр холдож, хүү Я.Анарын сурлагын чанар муудсанаас гадна, чөлөөт цагаараа суралцдаг шатар, төгөлдөр хуурын дугуйлангуудад явахыг нь зогсоосон. Үүнээс үүдэн хоёр хүүхдийн өсч хүмүүжсэн орчин муудах тал руугаа өөрчлөгдөн, хүүхдийн хүмүүжил, боловсролыг дэмжиж туслахад ээж нь дангаараа байх боломжгүй байгаа тул хүү Я.Анарыг эцэг Ц.Ялалт би өөрийн асрамжид авч, хүмүүжүүлэх хүсэлтэй байна. Хүү Я.Анарын хар багаасаа өссөн орчин, ахуйн нөхцөл бололцоо, боломжийг харгалзан үзэхэд надтай байх нь түүний сурлага, хүмүүжил болон ирээдүйд аль ч талаасаа илүү давуу талтай гэж би үзэж байна. Иймд хүү Я.Анарыг миний асрамжид үлдээж өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Март шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний өмчлөлд байгаа хашааны газар, хувийн сууцны байшинг хүү Ц.Ялалтын өмчлөлд байсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд нөхөр Н.Цэнд бид хоёр энэхүү эд хөрөнгийг өөрсдийн хүч хөрөнгөөр худалдаж авсан. Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 2-19 тоот хашаа, түүний газрыг 2001 онд Н.Эрдэнэтунгалаг гэх хүнээс миний нөхөр Н.Цэнд 1 500 000 төгрөгөөр худалдан авч Баянгол дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 11­-ний өдрийн 97 тоот шийдвэрээр уг газрыг ашиглах гэрчилгээг Б.Март миний нэр дээр гаргасан. Мөн Улаанбаатар хотын захирагч М.Энхболдын 2004 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 131 дүгээр захирамжаар 189.0 м.кв хэмжээтэй 2 494 800 төгрөгийн үнэтэй газрыг Б.Март надад үнэгүй өмчлүүлсэн. Улмаар 2009 оны 6 дугаар сараас 9 дүгээр сарын хооронд миний өмч болох хашааны газар дээр нөхөр Н.Цэндийн цалингийн хуримтлалын данснаасаа гаргасан 8 300 000 ам.доллартай тэнцэх хөрөнгөөр хувийн сууцны байшин барьсан. Уг хашаа, байшинд манай хүү Ц.Ялалт нь эхнэр, хүүхдийн хамт түр сууж байсан бөгөөд хашааны газар, байшингаа хүү Ц.Ялалтад өгнө гэсэн санаа бидэнд байгаагүй.

Хүүхдүүдийг энэ хашаа, байшинд түр сууж байх үед уг газар, байшингийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг авах хэрэгтэй болсон. Ингээд хашааны газар, хувийн сууцны байшингийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хөөцөлдөж авах үүргийг эцэг Н.Цэнд нь хүү Ц.Ялалтад өгсөн. Гэтэл хүү Ц.Ялалт нь 2009 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 2-19 тоот хашааны газар, хувийн сууцны байшингийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг учрыг үл ойлгон өөрийн нэр дээр гаргуулсан байсан. Үүнд эцэг Н.Цэнд ихэд дургүйцэж, уг хашааны газар, хувийн сууцны байшинг эх Б.Мартын нэр дээр буцаан шилжүүлэхийг хүү Ц.Ялалтаас шаардсан. Учир нь, эцэг Н.Цэнд, эх Д.Март бид хүү Ц.Ялалтад орон сууцанд байр авч өгөх бодолтой байсан. Ингэснээр хүү Ц.Ялалт уг хашааны газар, байшинг 2010 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр эх Д.Март надад бэлэглэлийн гэрээгээр буцаан шилжүүлж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь Б.Март миний нэр дээр байгаа.

Маргалдаж буй хашаа, газрыг авах, хувийн сууцны байшинг барихад Ц.Ялалт, Ө.Энхжаргал нараас ямар ч хөрөнгө, мөнгө гаргаагүй бөгөөд эдгээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд нэхэмжлэгч Ө.Энхжаргалын нэр анхнаасаа ороогүй, миний эдгээр өмч хөрөнгө түүнд хамааралгүй болно. Мөн Ө.Энхжаргал нь Баянгол дүүргийн 16 дугаар хорооны Туулын 2-19 тоотод оршин суух албан ёсны бүртгэлгүй байгаа. Миний хуваарьт өмч, нөхөр бид хоёрын насан туршдаа ажиллаж байж буй болгосон орон гэр болох хашааны газар, хувийн сууцны байшинг авахаар улайрч байгааг би хүлээн зөвшөөрөхгүй. Иймд Ө.Энхжаргалын “Ц.Ялалт гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийг ээж Б.Мартад бэлэглэлийн гэрээгээр буцаан шилжүүлсэн байх тул гэрээг хүчин төгөлдөр буст тооцож, өөрт болон гэр бүлийн гишүүдэд ногдох хэсгийг гаргуулж өгнө үү” гэсэн хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэл гаргасныг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж, энэхүү бие даасан шаардлагыг гаргаж байна.

2009 онд хашаандаа байшин барьж, үйлдвэрлэл явуулах зорилготой бариулсан. Тиймээс манай нөхөр олон улсын байгууллагад ажиллаж байхдаа цалингаараа байшин бариулсан юм. Иймд Ө.Энхжаргалыг Туулын 2-19 тоот хашаа, газар, хувийн сууц бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, өөрт болон гэр бүлийн гишүүнд ногдох хэсгийг гаргуулах гэсэн энэ нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Өлзийбаярын Энхжаргал, Номт шарнууд овогт Цэндийн Ялалт нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн хүү Я.Анар, 2011 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн охин Я.Мишээл нарыг эх Ө.Энхжаргалын асрамжид үлдээж, Ц.Ялалтын хүү Я.Анарыг асрамжид авах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн Я.Анар, 2011 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн Я.Мишээл нарыг 11 нас хүртэл нь тухайн бүх нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Цэндийн Ялалтаар тэжээн тэтгүүлж, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулах болохыг дурдаж,

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.Ялалтаас Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Денверийн гудамжны 83 дугаар байрны 25 тоотод 26.5 м.кв талбайтай 1 өрөө орон сууц худалдан борлуулсан үнэ 45 000 000 төгрөгөөс 27 250 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ө.Энхжаргалд олгож, нэхэмжлэлээс үлдэх 6 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.3 дахь хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Мартын шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Ө.Энхжаргалын “Ц.Ялалт гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийг ээж Б.Мартад бэлэглэлийн гэрээгээр буцаан шилжүүлсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцож, өөрт болон гэр бүлийн гишүүдэд ногдох хэсгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.11-т зааснаар нэхэмжлэгч Ө.Энхжаргал нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ө.Энхжаргалаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 475 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид 364 400 төгрөгийг хариуцагч Ц.Ялалтаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч Ц.Ялалтын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ө.Энхжаргалаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж Д.Мартад олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ө.Энхжаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйпийн 116.2 дахь хэсэгт заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг хангаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд бие даасан шаардлага гаргасан гуравдагч эттээдийн эрх зүйн байдлыг тодорхойлсон хэдий ч шүүхэд бие даасан шаардлага гаргах талаар нарийвчлан зохицуулаагүй байна. Бие даасан шаардлага гаргаж буй гуравдагч этгээд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо нэхэмжлэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээдэг субъект юм. Аливаа этгээд шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хуульд заасан бүрдлүүдийг хангасан байхыг шаарддаг бөгөөд энэхүү шаардлага нь мөн адил бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдэд хамааралтай юм.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь шүүхэд шаардлага гаргахдаа Иргэний шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасан бүрдүүлбэрийг хангасан байх ёстой. Өөрөөр хэлбэл, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь бие даасан шаардлага, түүний үндэслэлээ тодорхойлж хуульд заасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж төлөх ёстой юм.

Шүүгч хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. Иймд тус шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч Ө.Энхжаргал нь хариуцагч Ц.Ялалтад холбогдуулан “Гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээж тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх дундын хөрөнгө худалдан борлуулсны үнээс өөрт болон хүүхдүүдэд ногдох 33 750 000 төгрөгийг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийг Б.Мартад бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасанд хариуцагч гэрлэлт цуцлах болон охин Я.Мишээлийг эхийн асрамжид үлдээхийг татгалзаагүй, харин бусад шаардлагыг зөвшөөрөхгүй маргаж, хүү Я.Анарыг өөрийн асрамжид авах сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

            Зохигчид 2006 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс хамтран амьдарч 2009 оны 1 дүгээр сарын 14-нд гэрлэлтээ бүртгүүлсэн ба 2013 оны 2 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа, цаашид эвлэрэх боломжгүй, гэрлэлт цуцлах шаардлагыг хариуцагч  татгалзаагүй тул шүүх гэрлэлтийг цуцалсан нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байна.

Гэрлэлт цуцалсантай холбоотойгоор гэрлэгчдийг тусдаа амьдрах хугацаанд эхийн асрамжид байсан, цаашид ээжтэйгээ байх талаар хуульд заасан журмын дагуу гаргасан хүүхдийн санал, эцэг эхийн хүүхдэдээ тавих анхаарал, халамж, ахуйн нөхцөл, ёс суртахууны байдал зэргийг үнэлэн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар  2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн хүү Анарыг эхийн асрамжид үлдээж, эцэг Ц.Ялалтын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, хоёр хүүхдэд хуульд зааснаар тэтгэлэг гаргуулж, эцгээр нь тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн нь мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт болон 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасанд нийцжээ.

            Баянзүрх дүүрэг 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Денверийн гудамж, 83 дугаар байрны 25 тоот 26.5 м.кв 1 өрөө байрыг гэрлэгчдийн гэрлэснээс хойшхи хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т заасанд нийцэх бөгөөд мөн хуулийн 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс ногдох хэсгийг 27 250 000 төгрөгөөр тогтоон, нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлсэн, үндэслэл бүхий болжээ. 

            Баянгол дүүргийн 6 дугаар хороо,  Туулын 2-19 тоот хаяг бүхий 189 м.кв газар, 101.64 м.кв талбайтай хувийн сууцны өмчлөх эрх 2010 онд хариуцагч Ц.Ялалтад бүртгэгдсэн, түүний гэр бүл тус хаягт тодорхой хугацаанд оршин суусан боловч гуравдагч этгээд Б.Март, түүний нөхөр Н.Цэнд нар уг газрыг 2001 онд худалдан авсан, 2004 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар газрыг Б.Март, Ц.Намсрай нарт өмчлүүлсэн, 2009 онд Н.Цэнд, Б.Март нар байшин барьсан, газрыг бэлэглэлийн гэрээгээр хүү Ц.Ялалтын нэр дээр шилжүүлж, хувийн орон сууцны өмчлөх эрхийг түүний нэрээр бүртгүүлснээ 2010 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн бэлэглэлийн гэрээгээр буцаан шилжүүлж авсан гэж гуравдагч этгээд Б.Март тайлбарласан ба тухайн онд буюу 2010 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Ц.Ялалт Баянзүрх дүүрэгт байрлах 1 өрөө байрыг худалдах, худалдан авах гэрээ хийж, төлбөрийг эцэг Н.Цэнд төлснөөс үзвэл хүүдээ орон сууц авч өгсөн тул хашаа байшинг өөрсдийн нэр дээр буцаан авсан гэх гуравдагч этгээдийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч Ө.Энхжаргал нь газар, хувийн орон сууцыг Б.Мартад шилжүүлэхдээ гэр бүлийн гишүүн миний зөвшөөрлийг аваагүй гэх боловч дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг гэрлэснээс хойш шинээр бий болсон хөрөнгө буюу газар, хувийн орон сууцыг өмчлөх эрхтэй болохоо нотолсон баримтыг гаргаагүй, хариуцагч болон гуравдагч этгээдийн тайлбарыг няцаагаагүй байна.

            Иймд шүүх Ц.Ялалт, Б.Март нарын хооронд хийгдсэн 2010 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн газар бэлэглэх гэрээ, /хх-95/ 2010 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хувийн сууц бэлэглэлийн гэрээг /хх-156/ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн энэ хэсгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв, шийдвэрийн энэ хэсгийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

            Харин шүүх уг шаардлагыг шийдвэрлэхдээ шийдвэрийн тогтоох хэсэгт хууль баримтлаагүй алдааг зөвтгөнө.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцсон Б.Март  шаардлагаа “Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгуулах тухай” гэж тодорхойлсон нь /хх-216/ нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн хариуцагч талын тайлбарыг дэмжсэн агуулгатай, шүүхээр зөрчигдсөн эрхээ сэргээлгэхэд чиглээгүй байна.

Иймд гуравдагч этгээд Б.Мартын нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарыг бие даасан шаардлага гэж хэрэгсэхгүй болгосныг залруулж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 6 дахь заалтыг өөрчлөн найруулсан, мөн Б.Мартын улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлснийг буцаан олгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулах нь зүйтэй байна.

Хариуцагч тал шүүхийн шийдвэрт хуульд заасан журмаар давж заалдах  гомдол гаргаагүй тул шүүх шийдвэрийн үндэслэлээ танилцуулахдаа нэхэмжлэлийн шаардлагыг 22 000 000 төгрөгөөр хангасан гэж хэлсэн нь шийдвэрт өөрөөр бичигдсэн гэж давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарласныг хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн болно.

Дээрх байдлаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.      

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 184/ШШ2016/01554 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 6 дахь заалтыг  “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэлгүй тул “Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох Баянгол дүүргийн 6 дугаар хороо,  Туулын 2-19 тоот хаяг бүхий 189 м.кв газар, 101.64 м.кв талбайтай хувийн сууцны өмчлөх эрхийг Ц.Ялалтаас Б.Мартад бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, өөрт болон гэр бүлийн гишүүдэд ногдох хэсгийг гаргуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 8 дахь заалтын “бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Мартын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж” гэснийг “гуравдагч этгээд Б.Мартын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгож” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг  хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 362 905 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          А.МӨНХЗУЛ

                        ШҮҮГЧИД                                           Т.ТУЯА

                                                                                    А.ОТГОНЦЭЦЭГ