Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 76

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны тавдугаар танхимд нээлттэй хийж, “А” ХХК-ийн гомдолтой, “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын улсын байцаагч Б.Н-ийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 000******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын улсын байцаагч Б.Н-д холбогдох зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, Т.Э, хариуцагч Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Б.Н, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Энхжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

“А” ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.Т нь шүүхэд гаргасан гомдолдоо: “А” ХХК нь шингэрүүлсэн хийн түлшний худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгж. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт “Г” ХХК-иас 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 634 дугаартай албан бичгээр гомдол гаргасан. Тус гомдлын дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын улсын байцаагч Б.Н нь 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 000******* дугаартай шийтгэлийн хуудсаар манай компанид 5.000.000 төгрөгийн торгууль ногдуулсан. Иймд дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Улсын байцаагч нь манай компанийг Зар сурталчилгааны тухай хуулийн 7.2.3, Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 10.1.4-д заасныг тус тус зөрчсөн гэж үзэж шийтгэл ногдуулсан.  

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Өрсөлдөөний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, өрсөлдөөний бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх, аж ахуй эрхлэгч, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий захиргааны байгууллага юм. Өөрөөр хэлбэл тус байгууллага нь өрсөлдөөний бодлогыг хэрэгжүүлэх болон хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах гэсэн чиг үүрэгтэй.

Гомдол гаргасан “Г” ХХК буюу зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэргийн тухайд хохирогч нь гомдолдоо “А” ХХК нь 2017 оны 9 дүгээр сарын сүүлээс эхлэн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр “өвлийн газыг зөвхөн А ” гэсэн зар сурталчилгаа явуулж хэрэглэгчдийг төөрөгдүүлэх замаар өрсөлдөгч бусад аж ахуйн нэгжийг алдагдалд оруулж илүү ашиг олох үйл ажиллагаа явуулж өрсөлдөөнийг хязгаарлаж байна” гэсэн. Үүнээс үзвэл “Г” ХХК нь манай компанийг өрсөлдөөнийг хязгаарласан гэсэн үндэслэлээр гомдол гаргасан байтал улсын байцаагчаас хэрэглэгчийг төөрөгдүүлсэн гэж үзсэн байгаа нь манай компанийг зөрчсөн гэж үзэж буй хуулийн заалтуудаас тодорхой харагдаж байна.

Зар сурталчилгааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-д “хангалттай тодорхой мэдээллийг орхигдуулан, эсхүл мэдлэг, туршлага дутмаг буюу итгэмтгий байдлыг нь ашиглан хэрэглэгчийг төөрөгдөлд оруулсан Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4-т “Хуулиар хориглосон зар сурталчилгааг захиалсан, эсхүл бүтээсэн, эсхүл түгээсэн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан.

Эдгээр хуулийн зохицуулалтуудаас үзвэл улсын байцаагчаас манай компанийг хэрэглэгчийг төөрөгдөлд оруулсан гэсэн үндэслэлээр торгууль ногдуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Гомдол гаргагчаас өрсөлдөөнийг хязгаарласан гэсэн үндэслэлээр гомдол гаргасан байтал улсын байцаагчаас торгууль ногдуулахдаа хэрэглэгчийг төөрөгдүүлсэн гэсэн үндэслэлээр торгууль ногдуулж буй нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Дээр дурдсанчлан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар нь өрсөлдөөний бодлого хэрэгжүүлэх болоод хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нь тус байгууллагын чиг үүрэг боловч Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын улсын байцаагч хэрэглэгчийг төөрөгдүүлсэн гэсэн үндэслэлээр шийтгэл ногдуулж буй нь хуульд нийцэхгүй бөгөөд хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байна гэж үзэх үндэслэл болно.

“Г” ХХК нь шингэрүүлсэн хийн түлшний худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгж бөгөөд бид нэг зах зээлд ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг компаниуд юм. Гомдол гаргагч компани нь манай хэрэглэгч биш харин өрсөлдөгч. Түүнчлэн энэхүү зар сурталчилгаатай холбоотойгоор хэрэглэгчээс нэг ч гомдол Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ирээгүй байдаг.

Бидний радиогоор нэвтрүүлсэн зар сурталчилгаа нь ямар нэгэн байдлаар Монгол Улсад мөрдөгдөж буй хууль тогтоомжийг зөрчсөн зүйлгүй. Радиогоор цацсан “Өвлийн газыг зөвхөн А ” гэсэн зар сурталчилгаа нь Зар сурталчилгааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-д заасныг зөрчсөн зүйлгүй, ямар нэгэн байдлаар хэрэглэгчийг төөрөгдүүлсэн утга агуулаагүй.

Шингэрүүлсэн хийн түлшний худалдаа эрхэлдэг дөрвөн том компани,  жижиглэнгийн борлуулалт хийдэг 20 гаруй компани уг зах зээлд үйл ажиллагаагаа явуулж байна. Зар сурталчилгаанд зөвхөн гэж оруулснаараа манайхаас л өвлийн газаа аваарай бусад компаниуд газ зарахгүй байгаа шүү гэсэн утгийг огт  агуулаагүй. Бусад шингэрүүлсэн хийн түлш борлуулж буй компаниуд нь өвлийн газ зарж буй талаар зар сурталчилгааг мөн л радио, телевизээр нэвтрүүлсэн.           

Зах зээлд худалдан борлуулах үйл ажиллагаа явуулж буй компанийн хувьд өөрсдийгөө тодотгох, онцолсон зар сурталчилгаа явуулах нь чөлөөт эдийн засагт нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа юм. Гэтэл энэхүү байдлыг хуулиар хориглосон мэтээр тайлбарлан "зөвхөн” гэдэг үг зар сурталчилгаандаа хэрэглэснээр хэрэглэгчийг төөрөгдүүллээ гэж үзэж торгууль ногдуулсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд энэ нь харин ч чөлөөт эдийн засаг бүхий зах зээлд үйл ажиллагаагаа явуулах боломжгүйд хүргэж байна.

Түүнчлэн “зөвхөн” гэдэг үгийг хэрэглэсэн гэж үзэж торгууль ногдуупж байгаа бол “зөвхөн” гэдгийг үгийг хэрэглэсэн аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаагаа сурталчилсан зар сурталчилгаа телевиз, радио, олон нийтийн сүлжээнд өдөр бүр шахам цацагдаж байгаа гэдгийг дурдах нь зүйтэй юм.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ” гэж заасан. Улсын байцаагчаас энэхүү үүргийнхээ хүрээнд шийтгэлийн хуудас ногдуулсан зүйл заалттайгаа хамааралтайгаар нэг ч нотлох баримт цуглуулаагүй. Өөрөөр хэлбэл манай компани нь Зар сурталчилгааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т зааснаар хэрэглэгчийг төөрөгдүүлсэн зар сурталчилгааны улмаас хэрэглэгчид ямар хохирол учруулсан, цаашлаад гомдол гаргаад буй “Г” ХХК-д ямар хохирол учруулсан талаархи баримт хэрэг бүртгэлтийн хэрэгт нэг ч байхгүй.

Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн  этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” гэж зааснаас үзвэл хэрэглэгчид ямар хохирол учруулсан бэ гэдгийг нотлох нь улсын байцаагчийн үүрэг байсан байтал энэ талаар огт ажиллагаа хийгээгүй.

Харин улсын байцаагчийн цуглуулсан нотлох баримт болох Монгол Улсын Их сургуулийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 76/1910 дугаар албан бичгээр авсан "зөвxөн” гэдэг үгний тодорхойлолтоор “зөвхөн” гэдэг үг хэрэглэснээр бусад ижил төрлийн үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдийн зах зээлд өрсөлдөх боломжийг  хязгаарласан гэсэн үндэслэлийг нотлохоор цуглуулсан гэж үзэхээр байна.

Зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэгт хохирогчийн мэдүүлэгт хохирогч “Г” ХХК-ийн мэдүүлэгт “Манай компани болон бусад компаниудыг өвлийн газ оруулж ирдэггүй гэж хэрэглэгчдэд ойлгуулж байгаа нь компанийн болон бараа бүтээгдэхүүний нэр хүндийг унагааж байна. Энэ нь цаашлаад бараа бүтээгдэхүүний борлуулалтад сөргөөр нөлөөлөх гол хүчин зүйл болж байна" гэж мэдүүлснээс үзвэл гомдол гаргагч өөрсдөө ч өрсөлдөөнийг хязгаарласан гэдгээ баттай нотлох баримтаар нотлоогүй байна.

Түүнчлэн “Гэр бул, хүүхэд залуучуудын хөгжил, хамгааллын төв” ТББ-аас 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 17/04 дугаартай ирүүлсэн албан бичигт тус зар сурталчилгааг 2017 оны 10 дугаар 24-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр 02-ны хооронд 10 хоног нэвтрүүлсэн гэдгийг ирүүлсэн. Харин гомдол гаргагчийн гомдолд дурдсанчлан 09 дүгээр сарын сүүлээр тус зар сурталчилгааг нэвтрүүлсэн зүйлгүй юм. Мөн уг албан  бичигт “Радио реклам хийж нэвтрүүлэх гэрээ”-г ирүүлсэн байх боловч тус гэрээний  хугацаа 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөр дуусгавар болсон байгааг улсын байцаагч анхаараагүй байна.

Ийнхүү дээрх үндэслэлүүдээр улсын байцаагч хуулийг буруу тайлбарлан  хэрэглэж, нотлох баримт цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй, гомдол гаргагчийн гомдлын үндэслэл болоод улсын байцаагчийн шийтгэл ногдуулсан үндэслэл нь хоорондоо огт хамааралгүй, өөрийн чиг үүрэгт хамааралгүй асуудлаар эрх хэмжээгээ хэтрүүлэн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Б.Н нь 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 000******* дугаартай шийтгэлийн хуудсаар манай компанид 5.000.000 төгрөгийн шийтгэл ногдуулсан нь хууль бус байх тул Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын улсын байцаагч Б.Н нь 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 000******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Б.Н шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Г" ХХК-иас “А” ХХК “Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болох FМ радиогоор “Өвлийн газыг зөвхөн “А ” гэсэн утга бүхий зар сурталчилгааг цацаж байгаад арга хэмжээ авч өгнө үү гэх гомдол, мэдээлэл ирүүлснийг Нийслэлийн прокурорын газраас олгосон 1702000117 дугаартай зөрчлийн хэрэг нээж, мөн прокурорын хяналттайгаар шалгаж, шийдвэрлэсэн.

 “А" ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ "Гомдол гаргагчаас өрсөлдөөнийг хязгаарласан гэсэн үндэслэлээр гомдол гаргасан байтал улсын байцаагчаас торгууль ногдуулахдаа хэрэглэгчийг төөрөгдүүлсэн гэсэн үндэслэлээр торгууль ногдуулж буй нь хууль зүйн үндэслэлгүй юм. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын өрсөлдөөний бодлого хэрэгжүүлэх болоод хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нь тус байгууллагын чиг үүрэг боловч өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын улсын байцаагч хэрэглэгчийг төөрөгдүүлсэн гэсэн үндэслэлээр шийтгэл ногдуулж буй нь хуульд нийцэхгүй бөгөөд хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байна гэж үзэх үндэслэл болно” гэсэн үндэслэлийн тухайд:

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Монгол Улсын зах зээл дээр шударга чөлөөт өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэх, хэрэглэгчийн эрхийг хамгаалах, хууль бус зар сурталчилгааг зогсоох талаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэг бүхий Засгийн газрын тохируулагч агентлаг. Үүний хүрээнд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.16-д “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 9.10, 10.1, 10.2 дугаар зүйл, 10.3 дугаар зүйлийн 1.5 дахь заалт, 10.7, 10.8 дугаар зүйл, 10.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 10.27 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан зөрчил”-ийг харьяалан шалгаж, шийдвэрлэдэг. Өөрөөр хэлбэл тухайн харьяаллын нийт хэргийг “өрсөлдөөний, эсхүл хэрэглэгчийн, эсхүл зар сурталчилгааны улсын байцаагч” гэх зэрэг байдлаар хуваахгүйгээр эрх бүхий албан тушаалтан буюу “ШӨХТГ-ын улсын байцаагч" гэсэн агуулгаар хуулийг хэлбэрэлтгүйгээр нэг мөр хэрэгжүүлдэг.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар нь бүтэц, зохион байгуулалтын хувьд Монгол Улсын Шадар сайдын 2016 оны 103 дугаар тушаалаар Өрсөлдөөний бодлого, зохицуулалтын газар, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газар гэх зэрэг байдлаар 5 газарт хуваагддаг хэдий ч Зар сурталчилгааны хуулийн хэрэгжилтийг шалгах чиг үүргийг Өрсөлдөөний бодлого, зохицуулалтын газар хариуцан хэрэгжүүлдэг болно. Тодруулбал, “А” ХХК-нд холбогдуулан шалгасан Зөрчлийн тухай хуульд заасан хэм хэмжээг зөрчсөн үйлдэл нь “хууль бус зар сурталчилгаа захиалсан, түгээсэн эсэх” асуудал буюу Зөрчлийн тухай  хуулийн 10.1 дүгээр зүйл. Зар сурталчилгааны тухай хууль зөрчих хэсэг болохоос нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан шиг Зөрчлийн тухай хуулийн 10.2-д заасан "хэрэглэгчийн эрхийг зөрчсөн эсэх” асуудал биш юм.

“Г” ХХК-иас ШӨХТГ-т гаргасан гомдол, мэдээлэл нь “А” ХХК-ийн Зар сурталчилгаа нь Өрсөлдөөний тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль тогтоомж зөрчиж байна" гэсэн агуулгатай байдаг ба “А” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсан “зөвхөн хэрэглэгчийн эрх зөрчигдсөн асуудлаар хандсаныг өөр хуулиар шийдвэрлэсэн мэтээр илтэд гуйвуулж байгааг үндэслэлгүй байна гэж үзэж байна.

2. FM радиогоор “Өвлийн газыг зөвхөн А ” гэсэн зар сурталчилгаа нь Зар сурталчилгааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-д заасныг зөрчөөгүй, хэрэглэгчийг төөрөгдүүлсэн утга агуулаагүй" гэсэн үндэслэлийн тухайд:

Зар сурталчилгааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хууль бус зар сурталчилгаанд зүй бус, бодит байдалд үл нийцсэн, ёс суртахуунд үл нийцсэн, далд зар сурталчилгаа хамаарна.” гэж 7.2.3-т “хангалттай тодорхой мэдээллийг орхигдуулан, эсхүл мэдлэг, туршлага дутмаг буюу итгэмтгий байдлыг нь ашиглан хэрэглэгчийг төөрөгдөлд оруулсан.” гэж заасан байна.

Гэтэл “Өвлийн газыг зөвхөн А ” гэсэн зар сурталчилгаа нь бусад хийн түлшний худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд өвлийн газ борлуулдаггүй зөвхөн “А” ХХК өвлийн газыг борлуулдаг гэх ойлголтыг хэрэглэгчдэд төөрүүлэх замаар итгэмтгий байдлыг ашиглах байдлаар зар сурталчилгаа явуулж байгаа нь бусад аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхөөр байна, мөн нөгөө талаар “зөвхөн” гэдэг үг нь “бусад зүйлээс нэгийг онцлон заах утгатай”, “олон зүйлээс зөвхөн ганцыг онцлох гэсэн утгыг илэрхийлж байгаа зэрэг нь хэрэглэгчийг төөрөгдөлд оруулах, өрсөлдөөнд харш нөлөө аль алийг нь үзүүлэхээр байна.

Хяналт шалгалтын явцад хэргийн оролцогчдоос авсан мэдүүлэгт “зөвхөн” гэдэг үгийг ямар зорилгоор хэрэглэсэн, ямар утга агуулж байгаа талаар асуухад “Бид чанартаа итгэлтэй байдаг” гэсэн хариулт хэлсэн байдаг. Үүнээс харахад нөгөө талаар ямар ч тохиолдолд өрсөлдөгч аж ахуй эрхлэгчдын эрх, ашиг сонирхол хөндөгдөж байгаа гэж үзэх үндэслэлийг бүрдүүлж байдаг. Мөн “Өвлийн газыг зөвхөн манайхаас” гэж байгаа тохиолдолд бусад автогаз борлуулагч аж ахуйн нэгжүүдийн хувьд өвлийн газ худалдадгүй гэсэн агуулгыг шууд илэрхийлж байгаа юм. Өрсөлдөгч бусад аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг ийнхүү илт дорд үзсэн агуулга нь мэдээж ямар нэг баримт, нотолгоогүй юм.

Дээр дурдсанчлан өрсөлдөөнд харш үр дагавар үүсгэж байгаагаас гадна нөгөө талаар хэрэглэгчийг төөрөгдүүлэх хууль бус зар сурталчилгаа явуулах замаар өрсөлдөөнд өөрт давуу байдал олж авах гэсэн үйлдэл гэж үзэхээр байна. Энэ нь “өрсөлдөөнд харш”, эсвэл “хэрэглэгчийн төөрөгдүүлсэн” аль ч тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “хуулиар хориглосон зар сурталчилгааг захиалсан, ... түгээсэн бол ...” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлийг бүрдүүлж байна.

Мөн “өвлийн газыг зөвхөн манайхаас” гэсэн агуулгатай зар сурталчилгаа нь Зар сурталчилгааны тухай хуульд заасан аливаа зар сурталчилгаанд заавал байвал зохих хангалттай тодорхой мэдээллүүдийг зориуд орхигдуулсан байгааг анхааран үзэхийг хүсэж байна.

Мөн хяналт шалгалтын явцад “А” ХХК-ийн зүгээс “Зар сурталчилгаагаа татсан” гэж мэдээлсэн байдаг. Энэ нь хууль бус зар суртчилгаанаас үүсэх үр дагаврыг арилгах тодорхой алхам хийсэн болохыг нотолж байдаг.

3. “Улсын байцаагчаас энэхүү үүргийнхээ хүрээнд шийтгэлийн хуудас ногдуулсан зүйл заалттайгаа хамааралтай нэг ч нотлох баримт цуглуулаагүй ... хэрэглэгчид хохирол учирсан талаарх баримт хэрэгт авагдаагүй” гэсэн үндэслэлийн тухайд:

Хяналт шалгалтыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хэрэгжүүлэн зар сурталчилгааны бичлэг, мэдүүлэг, холбогдох хөндлөнгийн мэргэжлийн байгууллагын тайлбар зэрэг шаардлагатай нотлох баримтуудыг хэрэгт авч, зохих журмын дагуу хэргийн оролцогчдод зөрчлийн хэргийг танилцуулан тэмдэглэл үйлдсэн байдаг. Үүнтэй холбоотой оролцогчдод Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд заасан эрх, үүрэгтэй болохыг нь тайлбарласан ба зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаатай холбогдуулан оролцогчдын зүгээс нотлох баримт олуулах, шинжлэн судлуулахаар хүсэлт гаргах эрх, үүрэгтэй ч ийм хүсэлт гаргаагүй, хуулиар тусгайлан хяналт тавих харьяалах прокурорт үүнтэй холбоотой гомдол, маргаан шийдвэрлэгдээгүй болно.

Иймд “А” ХХК-иас гаргасан нэхэмжлэлд улсын байцаагчийн тус компанид ногдуулсан шийтгэлийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх “А” ХХК-ийн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын улсын байцаагч Б.Н-ийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 000******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг шүүх хуралдаанаараа хянан хэлэлцээд гомдлыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

“Г” ХХК 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 634 дүгээр албан бичгээр “өвлийн газыг зөвхөн А ” гэсэн зар сурталчилгааг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр явуулж байна гэх гомдолд зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

Улмаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын улсын байцаагч Б.Н нь  2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 0000******* дугаар шийтгэлийн хуудсаараа “өвлийн газыг зөвхөн А ” гэсэн утга бүхий зар сурталчилгаа нь  Зар сурталчилгааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3, Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэн 5000 нэгж буюу таван сая төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байна.

Гомдол гаргагч “А” ХХК нь “Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжил, хамгааллын төв” ТББ-тай байгуулсан гэрээ ёсоор 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 11 дүгээр сарын 02-ны өдрүүдэд дээрх маргаан бүхий зар сурталчилгааг  FM радионуудаар түгээж байжээ.

Монгол хэлэнд “зөвхөн” гэх үг нь аливаа юмны явцав хүрэлцсэн тохирсон буюу хүрэлцүүлж тохируулах, бусад зүйлүүдээс нэгийг онцлон үзэхийг хэлдэг байна . 

Шүүх “өвлийн газыг зөвхөн А ” гэх зар сурталчилгаа нь сурталчилгаа түгээгчийн хүсэл зоригийн илэрхийллийн утга, зорилго болон бусад нөхцөл байдалд дүн шинжилгээ хийн тайлбарлавал Зар сурталчилгааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д ”зар сурталчилгаа” гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас бараа, ажил, үйлчилгээ, төсөл, үйл ажиллагаа /цаашид “бүтээгдэхүүн” гэх/-ны зах зээлийн эрэлтийг нэмэгдүүлэх, боломжит хэрэглэгчийн анхаарлыг татах зорилгоор олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад хэлбэрээр түгээсэн мэдээллийг” хэлнэ гэж заасны дагуу “А” ХХК нь өөрийн борлуулж буй бүтээгдэхүүнд хэрэглэгчийн анхаарлыг татах зорилгоор “зөвхөн” гэх үгийг бусад ижил төрлийн бүтээгдэхүүн дундаас өөрийн борлуулж буй бүтээгдэхүүнийг онцлон тодруулж хэрэглэжээ.

Зар сурталчилгааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т “хангалттай тодорхой мэдээллийг орхигдуулан, эсхүл мэдлэг, туршлага дутмаг буюу итгэмтгий байдлыг нь ашиглан хэрэглэгчийг төөрөгдөлд оруулсан” гэж заасны дагуу гомдол гаргагчийн “өвлийн газыг зөвхөн А ” гэх зар сурталчилгаа нь  шингэрүүлсэн хийн түлшний хэрэглэгчийг төөрөгдүүлсэн үйлдэл гаргасан гэж үзэх боломжгүй юм. Учир нь төөрөгдүүлсэн гэх үйлдэлд хэрэглэгчийн хүсэн хүлээж байгаа шинж чанар бүхий бүтээгдэхүүнийг биш харин тэдгээрийн субъектив хүсэл зоригоос өөр бүтээгдэхүүн байгааг ойлгодог болно.

Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3 дахь хэсэгт зааснаар өрсөлдөөнд харш үр дагавар үзүүлэх зар сурталчилгаа явуулахыг хориглодог бөгөөд маргааны үйл баримтаас үзэхэд нь шингэрүүлсэн хийн түлшний нийлүүлэлт, борлуулалт хийж байгаа бусад аж ахуй эрхлэгч нарт бодит хохирол учирсан нөхцөл байдал үүссэн байх ёстой бөгөөд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад ийм нөхцөл байдал тогтоогдоогүй байна. 

Нэгтгэн дүгнэхэд, гомдол гаргагч “А” ХХК-ийн “өвлийн газыг зөвхөн А ” гэх зар сурталчилгаа нь бусдын бүтээгдэхүүнийг муутган өөрийн бүтээгдэхүүнийг давуутай гэж харьцуулан сурталчилаагүй, Зар сурталчилгааны тухай хуулиар хориглосон, зүй бус, бодит байдал болон ёс суртахуунд үл нийцсэн зар сурталчилгаа явуулаагүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон гэж үзлээ.

Иймд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын улсын байцаагч Б.Н нь 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 000******* дугаартай шийтгэлийн хуудсаар “А” ХХК-д шийтгэвэр ногдуулахдаа зохицуулалт бүхий хуулийн заалтыг буруугаар тайлбарлан хэрэглэсэн гэж үзэн хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1, 106.3.12 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Өрсөлдөөний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 12 дугаар зүйлийн 12.1.3, Зар сурталчилгааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3, Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг тус тус баримтлан  “А” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хангаж, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын улсын байцаагч Б.Н-ийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 000******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан гомдол гаргагч “А” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын улсын байцаагч Б.Н-ээс 70200 төгрөг гаргуулж “А” ХХК олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс тав хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.ТӨМӨРБАТ