Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2021/0266

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  “Ар эрхэс” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч А.Сарангэрэл, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 214 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, Газрын тосны газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 214 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.2, 34.6, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-ийн Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлстийн даргын 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 196 дугаар шийдвэрийн “А” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М давж заалдах гомдолдоо: Шүүх хэргийг дүгнэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.3, 56.4, 56.5 дахь хэсэгт заасан журмыг хангаж ажилласан, манай компанид тусгай зөвшөөрлөө хүчинтэй байлгах хуулиар олгогдсон эрхийг хангасан хэмээн дурджээ.

Гэтэл бид Ашигт малтмал, газрын тосны газарт удаа дараа гаргаж байсан хүсэлтүүдэд Ковид-19 цар тахлын хорио, цээрийн дэглэм цуцлагдах хүртэл хугацаанд төлбөр төлөхийг хойшлуулж өгнө үү хэмээн дурдсан байгааг хариуцагч үл ойшоож 1 сарын хугацаа олгосон бөгөөд тухайн үед энэхүү хугацаанд төлбөр төлөх боломжгүй нөхцөл үүсээд байсан юм.

Өнөөдрийг хүртэлх хугацаанд Ковид-19 цар тахлын хөл хорио тавигдаагүй, Монгол Улс агаарын, төмөр замын болон бусад төрлийн хилийн боомтын үйл ажиллагааг нээгээгүй байгаагийн улмаас бидний хөрөнгө оруулалт саатаж байгаа юм. Мөн манай хөрөнгө оруулагч болох Блек Ридж майнинг компанитай байгуулсан гэрээний зүйлийг өөрөөр тайлбарлаж гэрээний хугацаанд хэрэгжих судалгааны ажлыг бүрэн дууссан хэмээн дүгнэж байгаа нь өрөөсгөл юм. Бидний хооронд байгуулагдсан гэрээний дагуу эхний ээлжинд тус маргаан бүхий тусгай зөвшөөрөлтэй талбайд судалгааны ажил хийх шаардлагатай байсан бөгөөд энэ нь манай орны цаг агаарын онцлогоос хамаарч удааширсан, цаашид дахин судалгаа шинжилгээ хийх шаардлагатай байгааг хөрөнгө оруулагч талын мэргэжилтнүүд хэлж байсан.

Өнөөдрийг хүртэл манай хайгуулын талбайгаас авсан дээжийг хөрөнгө оруулагч тал шинжлэн судалж байх бөгөөд цаашид дараа дараагийн дээжийг авч дахин шинжлэх шаардлагатай байгаа. Ийнхүү судалгааны ажил дууссаны дараагаар үндсэн гэрээ байгуулагдаж хөрөнгө оруулалтын санхүүжилт олгогдож эхлэх байсан боловч 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн манай улс хилээ хааж цар тахлын хорио цээрийн дэглэм тогтоосон байдаг.

Бид шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэрэв хил нээлттэй байсан бол манай компанийн зүгээс гэрээнд заасан судалгааны ажлыг дуусгавар болгоод үндсэн гэрээг байгуулж, хөрөнгө оруулалтаа татсаны дараагаар 11 дэх жилийн төлбөрийг бүрэн төлж барагдуулах боломжтой байсан гэдгийг шүүх тогтоогдохгүй байна гэдэг нь үндэслэлгүй.

Учир нь өнөөдрийг хүртэл Монгол улсын хилийн боомтууд хаалттай байгааг албан ёсны нотлох баримтаар нотлох шааардлагагүй, нийтэд илэрхий үйл баримт байгааг шүүх харгалзан үзээгүй.

Мөн манай компанийн гүйцэтгэх захирал Ш.Б-ийн өвчтэй байсан талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, өвчтэй байсан нь нотлогдохгүй байна хэмээн дүгнэсэн нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, талууд энэ асуудлаар ямар нэгэн маргаан үүсгээгүй байхад шүүх үүнийг дүгнэж байгаа нь хуульд нийцэхгүй юм.

Манай компанийг гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл, гэрчилгээг Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас олгосон байхад үүнийг ямар хууль тогтоомжийг үндэслэн энэхүү гэрчилгээг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэсэн нь учир дутагдалтай.

Ковид-19 цар тахлын улмаас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж иргэд, аж ахуйн нэгжүүд эдийн засгийн хувьд хүндхэн байдалд орж байгааг хүн бүхэн мэдэж байгаа. Энэ цаг хугацаанд банкны зээл, түрээсийн төлбөр, үйл ажиллагааны урсгал зардал, ажилчдын цалин, нийгмийн болон бусад даатгалын шимтгэл, татвар, хураамж гэх мэт маш олон төлбөрийн дарамт үүсч байгаа, үүнээс үүдэж олон байгууллага, хувиараа хөдөлмөр эрхлэгч нар дампуурч, хаалга барьж байгааг ойлгож, хүлээн авахыг хүсэж байгааг анхан шатны шүүх харгалзаж үзээгүй. Энэ нь зайлшгүй нотлох баримтаар шүүхэд гаргаж үндэслэлээ тайлбарлах шаардлагагүй асуудал бөгөөд нийтэд илэрхий үйл баримт юм.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Маргаан бүхий 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 196 дугаар актаар Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь заалтыг үндэслэн нэхэмжлэгч “А” ХХК-ийн Төв аймгийн Архуст, Баяндэлгэр сумдын нутаг Авдрант нэртэй 7696.11 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын XV-15499 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.

Анх маргаан бүхий актыг гаргахаас өмнө нэхэмжлэгч “А” ХХК-иас 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 02/20 дугаар албан бичгээр, 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 03/24 дугаар албан бичгээр тус тус өөрийн эзэмшиж буй XV-15499 дугаартай тусгай зөвшөөрлийн төлбөрийг сунгуулах талаар хүсэлт гаргаж, улмаар хариуцагчаас 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 8/2320 дугаар албан бичгээр “тусгай зөвшөөрлийн төлбөрийг, алдангийн хамт 1 сарын хугацаанд буюу 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн дотор бүрэн төлөхийг”, төлөөгүй тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар “тусгай зөвшөөрлийг цуцлах” болсныг анхааруулсан байна.

Гэтэл нэхэмжлэгчээс 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр дахин хариуцагчид хандан, тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг нэмж олгох хүсэлт гаргасныг хариуцагчаас уг хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, маргаан бүхий актыг гаргасан байх бөгөөд хэрэгт авагдсан 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 8/3157 дугаар албан бичгээр мэдэгдсэн байна.

Нэхэмжлэгч талаас “Ковид-19 цар тахлын улмаас тогтоосон хорио цээрийн дэглэм, хилийн нэвтрэх хөдөлгөөнийг зогсоосноос үүдэн хөрөнгө оруулалтын хэлэлцээрүүд хойшлогдсон, хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзахгүйгээр тусгай зөвшөөрлийг цуцалсан нь үндэслэлгүй..., манай компани хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулсан, хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийг хөрөнгө оруулагчдын төлбөрөөс тооцохоор төлөвлөж байсан” гэх үндэслэлээр шүүхэд хандан маргасан байна. Ашигт малтмалын тухай хуульд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлөх ёстой. Гэтэл нэхэмжлэгч нь XV-15499 дугаартай тусгай зөвшөөрлийн 11 дэх жилийн төлбөр буюу 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх төлбөрөө урьдчилан төлөөгүй нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.6, 34.7 дахь заалтуудыг зөрчсөн гэж үзнэ. 

Учир нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаас үзвэл, “А” ХХК болон Австрали улсын “Б” компанийн хооронд “Ав” төслийн хүрээнд байгуулагдсан урьдчилсан гэрээний агуулгыг анхан шатны шүүхээс үндэслэлтэй зөв тайлбарласан. Нэгэнт тус гэрээнд гэрээний нөхцөлийн дагуу хийх урьдчилсан судалгааны явцад гарах өртөг, төлбөрийг талууд өөрсдөө хариуцна, гэрээнд оролцогч талуудын ... өөрсдийн хийх урьдчилсан судалгааны зардлыг нөгөөдөө хариуцуулахгүй гэж гэрээний 9.2-т тусгаж өгсөн, XV-15499 дугаартай тусгай зөвшөөрлийн 11 дэх жилийн төлбөрийг төлөх талаар тусгагдаагүй байна. Иймээс шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлсэн гэж үзэх бөгөөд нэхэмжлэгчийн “...Блек ридж майнинг компанитай байгуулсан гэрээний зүйлийг анхан шатны шүүхээс өөрөөр тайлбайрлаж хэрэглэсэн...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Түүнчлэн Монгол Худалдаа аж үйлдвэрийн танхим 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 02/575 дугаартай “Гэнэтийн буюу давагдашгүй хүчингүй зүйл” Force maj-ure гэрчилгээгээр Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын 1, 63 дугаар тогтоолын 1, 102 дугаар тогтоолын 3 дугаар зүйлүүдийг тус тус үндэслэн “...“А” ХХК-ийн хөрөнгө оруулалтын дараагийн шатны хэлэлцээрээ хийж чадаагүйгээс санхүүгийн хүнд нөхцөл байдал үүссэн нь гэрээ байгуулах үед урьдчилан таамаглах, даван туулах, сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл мөн болохыг нотолж гэрчилгээг олгосон...” гэх бөгөөд үүгээр “А” ХХК-ийн XV-15499 дугаартай тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх боломжгүй байсан гэж үзэхгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Нөгөөтэйгүүр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж зааснаас үзвэл тусгай зөвшөөрлийг цуцлахад тусгай зөвшөөрлийг эзэмшигч нь “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэдгийг эрх бүхий этгээдээс тогтоосон байхыг шаардаж байна. Гэтэл нэхэмжлэгч 11 дэх жилийн төлбөрийг хариуцагч байгууллагаас 1 сарын хугацаагаар сунгасан хэдий ч сунгасан хугацаанд нэхэмжлэгчээс хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуульд заасан хугацаанд төлбөр төлөөгүй нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 196 дугаар шийдвэрийн “А” ХХК-д холбогдох хэсэг нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасан урьдчилсан нөхцөлийг хангасан бодит байдалд нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, нэг талын хүсэл зориг илэрхийлсэн шинжтэй төдийгүй төрийн албадлагаар хангагдсан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 214 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           О.НОМУУЛИН

 

 

ШҮҮГЧ                                                           А.САРАНГЭРЭЛ

 

 

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН