Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2018/00695

 

“Э Х” ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 104/ШШ2017/00356 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 172 дугаар магадлалтай,

“Э Х” ХХК-ний нэхэмжлэлтэй

А.Бод холбогдох

Машин тоног төхөөрөмжийн захиалгын гэрээний үүргийн биелэлтэд 126.030.246 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Ш.Ганхуягийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадамжаргал, хариуцагч А.Б, түүний өмгөөлөгч Ш.Ганхуяг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч “Э Х” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компани нь 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр иргэн А.Бтой Машин тоног төхөөрөмжийн захиалгын гэрээ байгуулан Америкийн нэгдсэн улсад 2013 онд үйлдвэрлэгдсэн Lexus LX 570 маркийн суудлын автомашин худалдан авахаар тохиролцон уг захиалгын гэрээг манай компанийн байранд ерөнхий захирал Р.Батхишиг байгуулсан юм. Уг гэрээний нийт дүнг 50 500 ам.доллар байхаар тохиролцож, гэрээ байгуулсан өдөр урьдчилгаа 20 000 ам.долларыг бэлнээр, үлдэгдэл 30 500 ам.долларыг 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр А.Б нь өөрөө биеэр ирж бэлнээр хүлээн авсан. Гэрээнд зааснаар захиалсан автомашиныг тээвэрлэлтийн компанид ачуулснаас хойш 30-120 хоногийн дотор Монгол улсын нутаг дэвсгэр дээр буулгаж захиалагчид хүлээлгэн өгөхөөр, тээвэрлэлтийн болон захиалгын тал дээр ямар ч асуудалгүй түргэн шуурхай ажиллахаа А.Б нь амлаж байсан боловч өнөөдрийг хүртэл захиалсан машиныг хүлээлгэж өгөөгүй, Монгол улсад ачигдаж ирсэн эсэх нь хүртэл тодорхойгүй байна. Хамгийн сүүлд буюу 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр буюу А.Б нь бидэнтэй холбогдож тээвэрлэлтийн зардалд 1 000 ам.доллар дутуу төлсөн гэж тайлбарлан, тус мөнгийг улс хоорондын гүйлгээний шимтгэлийн хамт нийт 1 040 ам.долларын хамт яаралтай шилжүүлж өгөхийг хүссэний дагуу А.Бын тодорхойлсон данс руу шилжүүлсэн. Гэрээний дагуу 30-120 хоногийн дотор гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан учраас А.Бтой бид утсаар холбогдоод машин яасан бэ гэхэд А.Б машин Хятадын Тьянжинь дээр ачигдаж ирсэн, тэнд тээвэрлэлтийн компанийн мөнгөний асуудал яригдаад байна, 1 040 ам.доллар шилжүүлэх хэрэгтэй гэж хэлсэн. 50 500 ам.доллар дээр 1040 доллар нэмж авсан. Нэхэмжлэлийн нийт шаардлага 51 540 ам.доллар, тэр нь нэхэмжлэл гаргах үеийн Монгол Банкны ханшаар нийт 126 030 000 төгрөг болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал утсаар хэн нь мэдэгдэхгүй яриад машин сонгосон гэж хэлж байна. Энэ талаар эрүүгийн хэргийн Р.Батхишигийн анхны өгсөн мэдүүлэгт АНУ-д амьдарч байгаа Г.Мөнхболд 2015 оны 02 дугаар 12-ны өдөр надтай утсаар холбогдоод урьд нь машин захиалж байсан Р.Батхишиг дахин машин захиалах гэж байна, чи очоод гэрээг хийгээд мөнгийг над руу явуулчих гэсэн. Бид хоёрын харилцаж байсан баримт байгаа. Би Г.Мөнхболдын хэлсний дагуу 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 20 000 ам.долларыг аваад тухайн сарын 26-ны өдөр 30 500 долларыг авсан. Г.Мөнхболдын хэлсний дагуу хүмүүс рүү шилжүүлсэн мөнгөний баримтыг хавтаст хэрэгт хавсаргасан, 1 040 ам.долларыг би аваагүй, Р.Батхишиг өөрөө Г.Мөнхболд руу шилжүүлсэн. Үүнийг хэргээс харсан. Би машин захиалсны дараа Г.Мөнхболдтой утсаар ярилцаад асуухад машинаа явуулсан, хүлээж авах хүний иргэний үнэмлэхийг явуул гэхээр явуулсан. Түүнээс хойш явж байна гэж хариу өгснөөс биш тодорхой баримтаар хариу өгөөгүй. Тиймээс би нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 104/ШШ2017/00356 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 211 дүгээр зүйлийн 211.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч А.Боос 123 487 145 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Э Х” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 543 102 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 788 101 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч А.Боос улсын тэмдэгтийн хураамж 775 386 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Э Х” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 172 дугаар магадлалаар Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 104/ШШ2017/00356 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 775 386 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ш.Ганхуяг өмгөөлөгч хяналтын гомдолдоо: магадлалыг хүлээн зөвшөөрөхгүйгээр өмгөөлөгчийн зүгээс дараах гомдлыг гаргаж байна: 1. Иргэн Г.Мөнхболд нь иргэн Р.Батхишигтэй АНУ-аас утсаар холбогдож 2013 онд үйлдвэрлэсэн “Лексус-570” маркийн тээврийн хэрэгслийг 50500 ам.доллараар худалдахаар тохиролцож улмаар өөрийн танил иргэн А.Быг иргэн Р.Батхишигтэй 2015 оны 02 дугаар сарын 18 ны өдөр “Машин тоног төхөөрөмжийн захиалгын гэрээг” байгуулуулсан байдаг. Иргэн А.Б нь 2015 оны 02 дугаар сарын 18 ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, “NСР” ХХК-ний оффис дотор иргэн Р.Батхишигээс 20,000 ам.доллар, 2015 оны 02 дугаар сарын 26 ны өдөр 30500 ам.долларыг тус тус авсан. Энэ үйлдэлд гэрээгээр халхавчилж хуурч мэхлэх итгэл эвдэх аргаар онц их хэмжээний хохирол учруулан залилсан байж болзошгүй нөхцөл байдалд хойшлуулшгүй ажиллагааны явцад цугларсан холбогдох иргэдийн тайлбар, бусад лавлагаа, бичгийн нотлох баримтуудаар эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл тогтоогдсон байх тул Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаагч ахмад Г.Анар нь 2016 оны 04 дүгээр сарын 10 ны өдөр Г.Мөнхболд, А.Б нарт холбогдох бүлэглэн гэрээгээр халхавчлаж хуурч мэхлэх замаар онц их хэмжээний хохирол учруулсан хэмээн Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн 201625020983 дугаартай хэрэг үүсгэн шалгаж байгаа болно. 2.Эрүүгийн хэргийн 7 дугаар хуудсанд “хохирогч Р.Батхишиг нь: Г.Мөнхболд надтай утсаар холбогдож машин тэрэг сонирхох уу АНУ-д гайгүй хямдхан “Лексус- 570” маркийн машин байна гээд машины зургийг нь явуулаад байсан ба ярилцсаны эцэст 2013 оны “Лексус-570” маркийн машиныг 50500 ам.доллараар худалдаж авахаар болсон. 2015 оны 12 сард Г.Мөнхболд надтай утсаар яриад “ яг өнөө маргаашгүй Улаанбаатар хот руу машиныг явуулахад Тень-шинь боомтын төлбөр болох 1000 ам.долларыг төлчих юм бол болчих гээд байна гэхээр нь 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 1000 ам.долларыг тушааж 40 ам.долларын шимтгэл төлөн Г.Мөнхболдод шилжүүлсэн” гэсэн мэдүүлгээс үзэхэд Р.Батхишиг нь Г.Мөнхболдтой “машин худалдан авах, өгөхөөр” гол нөхцлөө харилцан ярилцаж тохиролцсон нь илэрхий харагдаж байна. 3.Р.Батхишиг нь Г.Мөнхболдтой харилцан тохиролцсоныхоо улмаас 2015 оны 02 дугаар сарын 18 ны өдөр урьдчилгаа төлбөр 20000 ам.долларыг хүлээлгэн өгөхдөө “Машин тоног төхөөрөмжийн захиалгын” гэрээг “Лексус-570 машиныг 50500 ам.доллароор авахаар А.Бтой байгуулсан байдаг. А.Б нь Г.Мөнхболдын хэлснээр гэрээ хийж, гэрээний урьдчилгаа төлбөр болох 20000 ам.долларыг бэлнээр авч Г.Мөнхболдын нэр дээр Улаанбаатар хотын банкны Money gram үйлчилгээгээр 14950 ам.долларыг, Г.Мөнхболдын хүсэлтээр 350 ам.долларыг Дөлгөөнхэрлэн, 2000 ам.долларыг Ариунболд, 1000 ам.долларыг Уранчимэг, 800 ам.долларыг Цолмон, 300 ам.долларыг Г.Мөнхболдын төрсөн дүү Г.Мөнхзаяа нарт шилжүүлсэн. 2015 оны 02 дугаар сарын 26 ны өдөр Г.Мөнхболд нь А.Бтой дахин холбогдон Р Батхишигээс өнөөдөр үлдэгдэл мөнгө болох 30500 ам.долларыг аваад Money gram үйлчилгээр 3520 ам.долларыг над руу /Г.Мөнхболд руу/ 27000 ам.долларыг Амарсанаа, Бямбаа руу шилжүүл гэсний дагуу шилжүүлсэн тухай нотлох баримтууд нь эрүүгийн 201625020983 дугаартай хэрэгт авагдсан. 4.2017 оны 10 дугаар сарын 03 ны өдрийн 138 дугаартай прокурорын тогтоолд “А.Б гэрээгээр халхавчлан итгэл эвдэх аргаар 50500 ам.доллар буюу 99,850,345 төгрөг авч онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийгдэж байна гэсэн нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс одоо үйлчилж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөг гэмт хэргийг илрүүлэх, түүнийг үйлдсэн хүнийг олж тогтоож, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах хүртэл явуулж байгаа энэ хуульд заасан ажиллагааг хэрэг бүртгэлт гэнэ” гэж зааснаар эрүүгийн 201625020983 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол үйлдээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн нь энэ хуульд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл болно” гэж заасны дагуу хэрэг бүртгэлийн ажиллагаа явагдаж байгааг тодорхойлдог. 5. Одоогийн үйлчилж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасны дагуу баривчлагдсан, эсхүл яллагдагчаар татах тогтоолтой танилцуулахаар дуудагдаж хүнийг сэжигтэн“ гэж тооцогддог болсон тул хуучнаар 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт зааснаар “А.Быг сэжигтнээр тооцсон тогтоолыг шинээр үйлчилж байгаа хуулинд нийцүүлэн прокурорын 138 дугаар тогтоолоор хүчингүй болгосон ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.16 дугаар зүйлийн дагуу нэмэлт хэрэг бүртгэл явуулахаар хэргийг мөрдөгчид буцаасан. Хэрэг бүртгэлтийн хугацаа ЭХХШТХуулийн 30.12 дугаар зүйлийн дагуу сунгагдсаар байгаа болно. 2018 оны 01 дүгээр сарын 12 ны өдрийн давж заалдах шатны шүүх хуралдаанд Сүхбаатар дүүргнин Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дэд дарга бөгөөд Эрүүгийн Цагдаагийн тасгийн дарга, хошууч Х.Саруулын 2018 оны 01 дүгээр сарын 12 ны өдрийн 14/176 дугаартай албан бичигт А.Б нь 201625020986 дугаартай хэрэгт шаг агдаж байгаа талаар уншиж танилцуулсан. 6.Г.Мөнхболд, А.Б нарын хохирогч Р.Батхишигт 99 850 345 төгрөгний хохирол учруулсан гэм буруугийн асуудлыг эрүүгийн журмаар эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад ИХ-ийн 243.1 дэх хэсэгт заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж А.Боос 123 487 145 төгрөгийг гаргуулан шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Нэг асуудлаар хоёр өөр байгууллагад давхар шалгуулж тус тус нь хариуцлага хүлээлгэдэг нь хууль зүйн үндэслэлгүй юмаа. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8 дахь хэсгийн “нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа тус хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсгийн “Эрүүгийн хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхтэй холбогдсон маргааныг эрүүгийн хэрэг нь хянан шийдвэрлэгдээгүй байхад иргэний журмаар хэлэлцэхгүй” гэсэн хуулийн заалтыг зөрчин шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Э Х” ХХК нь худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 126 030 246 төгрөгийг хариуцагч А.Боос буцаан гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг татгалзаж, ...худалдах-худалдан авах гэрээг Г.Мөнхболдын гуйлтаар хийсэн, нэхэмжлэгчээс шилжүүлсэн мөнгийг түүнд шилжүүлсэн тул нэхэмжлэлийг хариуцах үндэслэлгүй, энэ талаар эрүүгийн хэрэг шалгагдаж байгаа... гэсэн үндэслэл зааж, маргажээ.

Хоёр шатны шүүх үүрэг үүссэн үндэслэл, гэрээний харилцаа, гэрээг байгуулсан талууд, гэрээнээс татгалзсны үр дагавар зэрэг эрх зүйн асуудлын талаар хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу  нэхэмжлэлийг хангасан нь хуулийн үндэслэлтэй болжээ.

Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын гомдолд заасан “...гэрээний нөхцлийг Г.Мөнхболд, Р.Батхишиг нар тохиролцсон байдаг бөгөөд Г.Мөнхболд нь А.Боор гэрээ байгуулуулсан...,энэ асуудлаар Г.Мөнхболд, А.Б нарт холбогдох эрүүгийн хэрэг шалгагдаж байхад шүүх хэргийг иргэний журмаар шийдвэрлэсэн, ...шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглээгүй...” тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэснийг хангахгүй орхив.

1.Нэхэмжлэлийн үндэслэл болох 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн гэрээг  “Э Х” ХХК болон А.Б нар байгуулсан, гэрээний дагуу А.Б нь 2013 онд АНУ-д үйлдвэрлэгдсэн, Лексус 570 маркийн суудлын автомашиныг нийлүүлэх, “Э Х” ХХК 50 500 ам.доллар төлөх үүргийг хүлээж, машины үнэ 50 500 ам.доллар, тээврийн зардал 1040 ам.доллар нийт 51 540 ам.долларыг А.Бод шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байна.

Зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцжээ. Талууд хүсэл зоригоо илэрхийлж, гэрээнд гарын үсэг зурсан, гэрээний тохиролцоо хууль зөрчөөгүй тул гэрээ хүчин төгөлдөр байна.

А.Б нь ...машиныг нийлүүлэх үүргийг хүлээж, гэрээг байгуулсан тул түүнийг гэрээний нэг тал гэж үзэх бөгөөд худалдан авагчаас мөнгийг хүлээн авснаар гэрээнд заасан эд хөрөнгийг хүлээлгэн өгөх үүрэгтэй болжээ.

Хэрэгт байгаа баримтаас үзвэл “Э Х” ХХКомпанийг төлөөлөх эрх бүхий этгээд Р.Батхишиг нь Цагдаагийн байгууллагад хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “...Г.Мөнхболд машин сонирхох уу гээд зургийг нь явуулсан...би авья гэсэн, тэгээд А.Б ирж надтай гэрээ байгуулж түүнд мөнгийг өгсөн... 2 сарын хугацаа өнгөрсөн байхад машинаа өгөөгүй...” гэсэн нь А.Быг гэрээний нэг тал биш гэдгийг нотлохгүй байна. 

Аливаа гэрээнд ашиг сонирхол нь нэг, хамтран үүрэг гүйцэтгэгч байж болох бөгөөд Г.Мөнхболд нь эд хөрөнгө худалдах тухай санал гаргасан хэдий ч уг саналтай нэгдэж А.Батттогтох нь нөгөө талтай гэрээ байгуулснаар гэрээний үүргийг хүлээх үндэслэл үүссэн байна. Худалдах-худалдан авах гэрээнд А.Б нь Г.Мөнхболдын өмнөөс хэлцэл хийж байгаа, түүнээс эрх олгосон талаарх мэдээлэл тусгагдаагүй тул Г.Мөнхболдыг төлөөлж хэлцэл хийсэн гэх хариуцагчийн тайлбар үндэслэл муутай байна. 

Худалдагч А.Б нь машиныг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй, гэрээний үүргээ зөрчсөн тул нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзах эрхтэй бөгөөд шүүх Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэжээ. Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд өгсөн авснаа харилцан буцаах үүрэгтэй байна. Иймд хариуцагч нь 51 540 ам.доллар буюу 126 030 000 төгрөгийг нэхэмжлэгчид буцааж өгөх үүрэгтэй.

2.Шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 460 дугаар прокурорын тогтоолоор А.Бод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон, 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 138 дугаар тогтоолоор А.Быг сэжигтнээр тооцсон тогтоолыг хүчингүй болгосон, Улсын ерөнхий прокурорын газрын 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 5/1648 тоот албан бичигт “...А.Б нь Г.Мөнхболдтой бүлэглэн бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар олж авсан гэх үндэслэл тогтоогдоогүй, ...уг асуудал нь иргэний эрх зүйн харилцаагаар зохицуулагдах маргаан гэж дүгнэн ...А.Быг сэжигтнээр тооцсон тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, ...хэрэг бүртгэлтийн ажиллагаа дутуу, одоогоор А.Быг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй...” гэсэн, 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Мөрдөгчийн саналд “...хэргийг 2017 оны 12 дугаар сарын 21 хүртэл сунгах...гэж тусгагдснаас үзэхэд А.Бод холбогдох эрүүгийн хэрэг шалгагдаж байгаа байдал тогтоогдож байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8 дэх хэсэгт заасан үндэслэл агуулгаараа үүсээгүй байна. 

Учир нь нэхэмжлэгч худалдах-худалдан авах гэрээг үндэслэж, гэрээгээр үүрэг хүлээсэн А.Боос үүргийг шаардаж, шүүхэд нэхэмжлэл гаргаснаар шүүхэд мэдүүлэх үндсэн эрхээ хэрэгжүүлсэн байна.

Түүнчлэн А.Бод холбогдох эрүүгийн хэрэг шалгагдаж байгаа боловч А.Б нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг шалгуулах, уг асуудлыг иргэний хэргийг түдгэлзүүлэх үндэслэл гэж үзэж байгаа нь эрх зүйн талаасаа ач холбогдолгүй болно. Хэрэгт байгаа баримтаас үзвэл Прокуророос уг асуудлыг иргэний эрх зүйн харилцаагаар зохицуулагдах маргаан гэж дүгнэсэн, нөгөө талаар Эрүүгийн хууль шинээр батлагдсантай холбоотой ...ажиллагаа дуусаагүй байдал тогтоогдож байх тул уг асуудлыг эрүүгийн журмаар шалгаж байгаа нь иргэний хэргийг түдгэлзүүлэх үндэслэл болохгүй байна. 

Шүүх “Э Х” ХХКомпанийн нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй тул хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 104/ШШ2017/00356 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 172 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 775 386 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ц.АМАРСАЙХАН

                                    ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА