Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 848

 

     Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

      Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 5 дугаар хорооны 49-05 тоотод оршин суух, 1965 онд төрсөн, 50 настай, эмэгтэй, РД:ОЮ65040207, Чоно долоо овогт Жигдэнгийн Цэрмаагийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Цэрмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч Ж.Цэрмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1965 онд тарсан, 51 настай. Би 1981 оноос эхлэн Увс аймгийн Барилга угсралтын трестийн 8 дугаар бригадад туслах ажилчин, засалчнаар 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж байсан. Тухайн үед хөдөлмөрийн дэвтрээ авч чадаагүй байтал байгууллага тарсан бөгөөд одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох болоход бичиг баримт дутуу, нөхөн бичүүлэх боломжгүй тул шүүхэд хандаж байна. Би 1986 оны 12 дугаар сард засалчин болоод 1987 оны 1 дүгээр сараас тус трестэд засалчнаар 1989 оныг дуустал ажилласан. Иймд миний 1981 оны 7 дугаар сараас 1986 оны 12 дугаар сарыг дуустал барилгын туслах ажилчнаар, 1987 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал засалчнаар тус тус Увс аймгийн Барилга угсралтын трестэд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

         Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Ж.Цэрмаа нь Увс аймгийн Барилга угсралтын трестэд 1981 оны 7 дугаар сараас 1986 оны 12 дугаар сарыг дуустал барилгын туслах ажилчнаар, 1987 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал засалчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд: 

1. Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гаргаж ирүүлсэн Жигдэнгийн Цэрмаагийн Увс аймгийн Барилга угсралтын трестэд 1981 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт,

2. Ж.Цэрмаагийн 1983 оны 7 дугаар сараас 1989 оны 3 дугаар сарыг дуустал бичилттэй Монголын Үйлдвэрчний Эвлэлийн гишүүний Бат Илэрхийлэх,

3. 1985 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Барилга угсралтын трестийн захиргаанаас шагнуулсан “Сайшаалын үнэмлэх”,  

4. Увс аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1986 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 439 тоот “Суралцсан хугацааны цалин олгох тухай” тушаалын хавсралтын 7-рт Ж.Цэрмаа бичигджээ,

5. 1986 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Ж.Цэрмаагийн “Засал чимэглэлийн 3-р зэрэг”-ийн үнэмлэх,

6. Гэрч Ж.Лхагважавын шүүхэд өгсөн: “Би 1982 оноос эхлэн 1994 оны 12 дугаар сарыг дуустал Увс аймгийн Барилга угсралтын трест болон Барилгын биржид засалчнаар ажиллаж байсан. Намайг 1982 онд сургуулиа төгсөж ирээд трестэд анх ажилд ороход Ж.Цэрмаа нь тэнд туслах ажилчин хийж байсан бөгөөд улмаар заслын бригадад засалчнаар 1991 оныг дуустал ажиллаад 1992 оноос Барилгын бирж болоход үргэлжлүүлэн засалчнаар 1994 оныг дуустал ажиллаж байсан юм. Бид Өндөрхангай сумын цэцэрлэг, Өлгий сумын барилгын үйлдвэр бааз, сургуулийн засал, Өмнөговь сумын сургууль, Улаангом сумын Үйлдвэр бааз, мах комбинат, одоогийн битүү захын барилга зэрэг томоохон барилгуудыг ашиглалтад оруулахад хамт гар бие оролцож байлаа. Барилга угсралтын трестийн даргаар Т.Батзул, Нүүнээ, С.Ургамал гэх хүмүүс ажиллаж байсан юм ” гэх мэдүүлэг,

7. Гэрч Б.Бадарчийн шүүхэд өгсөн: “Би 1985 оноос эхлэн 1994 оны 12 дугаар сарыг дуустал Увс аймгийн Барилга угсралтын трест болон Барилгын биржид гагнуурчнаар ажиллаж байсан. Намайг 1985 онд трестэд анх ажилд ороход Ж.Цэрмаа нь тэнд туслах ажилчин /өрлөгчин, засалчин/ хийж байсан бөгөөд 1991 оныг дуустал ажиллаад 1992 оноос Барилгын бирж болоход үргэлжлүүлэн туслах ажилчин /өрлөгчин, засалчин/ 1994 оныг дуустал ажиллаж байсан юм. Бид Улаангом сумын Үйлдвэр баазын барилга, Мах комбинатын барилгуудыг барихад гар бие оролцож байлаа. Түүний нөхөр нь надтай хамт цэргийн алба хааж байсан, Ж.Цэрмаа бид хоёр нэг бригадад ажиллаж байсан учраас бие биенээ сайн таньж мэддэг, бид хамт ажиллаж байсан нь үнэн” гэх мэдүүлэг,

8. Гэрч Ж.Лхагважав, Б.Бадарч нарын Увс аймгийн Барилга угсралтын трестэд ажиллаж байсныг нотлох тэд нарын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбарууд зэрэг нотлох баримтууд тус тус хэрэгт авагджээ.  

       Нэхэмжлэгч Ж.Цэрмаа нь Увс аймгийн Барилга угсралтын трестэд 1981 оны 7 дугаар сараас 1986 оны 12 дугаар сарыг дуустал барилгын туслах ажилчнаар, 1987 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал засалчнаар тус тус ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гаргаж ирүүлсэн Ж.Цэрмаагийн цалингийн тодорхойлолт, 1983 оны 7 дугаар сараас 1989 оны 3 дугаар сарыг дуустал бичилттэй Монголын Үйлдвэрчний Эвлэлийн гишүүний Бат Илэрхийлэх, 1985 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Барилга угсралтын трестийн захиргаанаас шагнуулсан “Сайшаалын үнэмлэх”,  Увс аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1986 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 439 тоот “Суралцсан хугацааны цалин олгох тухай” тушаал, 1986 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Ж.Цэрмаагийн “Засал чимэглэлийн 3-р зэрэг”-ийн үнэмлэх, гэрч Ж.Лхагважав, Б.Бадарч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

         Иймд нэхэмжлэгч Ж.Цэрмаагийн Увс аймгийн Барилга угсралтын трестэд 1981 оны 7 дугаар сараас 1986 оны 12 дугаар сарыг дуустал 5 жил, 6 сар барилгын туслах ажилчнаар, 1987 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал 3 жил засалчнаар, нийт 8 жил, 6 сар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.   

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Цэрмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

     1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Чоно долоо овогт Жигдэнгийн Цэрмаагийн Увс аймгийн Барилга угсралтын трестэд 1981 оны 7 дугаар сараас 1986 оны 12 дугаар сарыг дуустал 5 /тав/ жил, 6 /зургаа/ сар барилгын туслах ажилчнаар, 1987 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал 3 /гурав/ жил засалчнаар, нийт 8 /найм/ жил, 6 /зургаа/ сар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.Цэрмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.БОЛОР