Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 854

 

     Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

       Нэхэмжлэгч: Увс аймгийн Тэс сумын 4 дүгээр багт оршин суух, 1961 онд төрсөн,  55 настай, эмэгтэй, РД:ОО61112569, Борлууд овогт Цэвээний Хишигийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Батболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сувд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч Ц.Хишиг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Увс аймгийн Тэс сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 81 тоот тушаалаар тус бэлтгэл ангид галч цэвэрлэгчээр ажилд орж, 1987 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 15 тоот тушаалаар уг ажлаас чөлөөлөгдсөн. Улмаар 1987 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Тэс сумын 10 жилийн дунд сургуульд дотуур байрны цэвэрлэгчээр ажилд орж 1994 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд дотуур байрны цэвэрлэгч, байрны жижүүрээр ажилласан. Тэс сумын Худалдаа бэлтгэл ангиас чөлөөлөгдсөн тушаал олдохгүй байгаа ба хөдөлмөрийн дэвтэрт миний нэрийг Хишгээ гэж дууддаг нэрээр маань бичсэн, мөн Тэс сумын 10 жилийн сургуульд ажилд орсон тушаал архиваас олдохгүй байгаа зэрэг шалтгаанаар ажилласан жилээ шүүхээр тогтоолгохоор хүсэлт гаргаж байсан. Миний 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүртэл Тэс сумын Худалдаа бэлтгэлийн ангид галч, цэвэрлэгчээр, 1987 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Тэс сумын 10 жилийн дунд сургуульд дотуур байрны цэвэрлэгч, байрны жижүүрээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

     Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Батболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц.Хишиг нь миний ээж бөгөөд улсад нийт 20 гаруй жил ажилласан хүн юм. Түүний хөдөлмөрийн дэвтэр нь байгаа боловч нэрний зөрчилтэй /ээжийг Хишгээ гэж дууддаг ба хөдөлмөрийн дэвтэрт Хишгээ нэрээр бичигдсэн/, ажилд орсон зарим тушаал нь байхгүй учраас шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон. Ц.Хишиг нь Увс аймгийн Тэс сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүртэл галч цэвэрлэгчээр, Увс аймгийн Тэс сумын 10 жилийн дунд сургуульд 1987 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 2006 оны 10 дугаар сар хүртэл дотуур байрны цэвэрлэгч, үйлчлэгчээр тасралтгүй ажилласан хүн юм. Иймд Ц.Хишигийн Увс аймгийн Тэс сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүртэл галч цэвэрлэгчээр, Увс аймгийн Тэс сумын 10 жилийн дунд сургуульд 1987 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал дотуур байрны цэвэрлэгчээр тус тус ажиллаж байсан хугацааг нь тогтоож өгнө үү. 1995 оноос хойшхи жилүүд нь нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн байгаа учраас тогтоолгох шаардлагагүй юм. Мөн архиваас цалингийн тодорхойлолт авахад зарим ажиллаж байсан саруудад нь цалин гараагүй, архивт Увс аймгийн Тэс сумын 10 жилийн дунд сургуулиас дутуу ирүүлсэн юм шиг байна лээ. Түүнээс ээж маань сургуульд тасралтгүй ажиллаж байсан юм” гэжээ.

        Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Ц.Хишиг нь Увс аймгийн Тэс сумын Худалдаа бэлтгэл ангид 1986 оны 10 дугаар сараас 1987 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүртэл галч цэвэрлэгчээр, Увс аймгийн Тэс сумын 10 жилийн дунд сургуульд 1987 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал дотуур байрны цэвэрлэгчээр тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд: 

1. Ц.Хишгээгийн 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүртэл бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

2. Увс аймгийн Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 81 тоот “Галч цэвэрлэгч түр томилох тухай” тушаалд “Конторын галчаар Цэвээн овогтой Хишгээг түр томилж ажиллуулсугай” гэжээ,

3. Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр гаргаж ирүүлсэн Цэвээний Хишгээгийн Увс аймгийн Тэс сумын Худалдаа бэлтгэл ангид 1986 оны 10 дугаар сараас 1987 оны 4 дүгээр сарыг дуустал галчаар ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт,

4. Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гаргаж ирүүлсэн Цэвээний Хишгээгийн Увс аймгийн Тэс сумын сургуульд ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт,

5. 1994 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Увс аймгийн Тэс сумын 10 жилийн дунд сургуулийн захиргаанаас шагнуулсан Диплом,

6. Ц.Хишигийн 1995 оны 5 дугаар сарын 03-ны өдөр нээсэн ¹263894, ¹632642, 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдөр нээсэн ¹0403484 тоот нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарууд,

7. Итгэмжлэл,

8. Гэрч Ш.Чулуунцэцэгийн шүүхэд өгсөн: “Би 1987 оноос эхлэн Увс аймгийн Тэс сумын 10 жилийн дунд сургуулийн дотуур байрны жижүүрээр 2004 он хүртэл тасралтгүй ажилласан. 1987 онд намайг ажилд ороод удаагүй байхад Ц.Хишиг нь тус сургуулийн дотуур байранд цэвэрлэгчээр ажилд орж улмаар байрны жижүүрээр ажилласан бөгөөд 2004 онд намайг ажлаас чөлөөлөгдөхөд тэндээ ажиллаад үлдсэн хүн байгаа юм. Тухайн үед манай дотуур байр 3 жижүүртэй байсан бөгөөд бид хоорондоо ээлж хүлээлцэж ажилладаг, би Ц.Хишгээгээс ээлж хүлээн авдаг байсан учраас түүнийг сайн таньж мэднэ, бид хамт ажиллаж байсан нь үнэн” гэх мэдүүлэг,

9. Гэрч С.Төмөрбаатарын шүүхэд өгсөн: “Би 1970 оноос эхлэн Увс аймгийн Тэс сумын 10 жилийн дунд сургуулийн түүх, газар зүйн багшаар 2006 он хүртэл тасралтгүй ажилласан. Ц.Хишиг нь 1987 од манай сургуулийн дотуур байранд цэвэрлэгчээр ажилд орж улмаар байрны жижүүрээр ажилласан бөгөөд 2006 онд намайг ажлаас чөлөөлөгдөхөд тэндээ ажиллаад үлдсэн хүн байгаа юм. Манай сургуульд ажилд орохоос өмнө тус сумын Бэлтгэл ангид галч, цэвэрлэгчээр ажиллаж байсныг би санаж байна. Түүний нөхөр нь “Лениний зам” нэгдэлд малчнаар ажиллаж байгаад сүүлд сургууль, эмнэлгийн уурын зууханд галчаар ажиллаж байсан. Бид нэг нутгийн хүмүүсийн хувьд түүнийг болон аав, ээжийг нь сайн таньж мэднэ. Манай сургууль нийт 9-12 цэвэрлэгч, жижүүртэй байсны нэг нь Ц.Хишиг байгаа юм” гэх мэдүүлэг,

10. Гэрч Ш.Чулуунцэцэг, С.Төмөрбаатар нарын Увс аймгийн Тэс сумын 10 жилийн дунд сургуульд ажиллаж байсныг нотлох тэд нарын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбарууд зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.  

        Нэхэмжлэгч Ц.Хишиг нь Увс аймгийн Тэс сумын Худалдаа бэлтгэл ангид 1986 оны 10 дугаар сараас 1987 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүртэл галч цэвэрлэгчээр, Увс аймгийн Тэс сумын 10 жилийн дунд сургуульд 1987 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал дотуур байрны цэвэрлэгчээр тус тус ажиллаж байсан болох нь Ц.Хишгээгийн 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүртэл бичилттэй хөдөлмөрийн дэвтэр, Увс аймгийн Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 81 тоот “Галч цэвэрлэгч түр томилох тухай” тушаал, Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр гаргаж ирүүлсэн Цэвээний Хишгээгийн Увс аймгийн Тэс сумын Худалдаа бэлтгэл ангид 1986 оны 10 дугаар сараас 1987 оны 4 дүгээр сарыг дуустал галчаар ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гаргаж ирүүлсэн Цэвээний Хишгээгийн Увс аймгийн Тэс сумын сургуульд ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, 1994 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Увс аймгийн Тэс сумын 10 жилийн дунд сургуулийн захиргаанаас шагнуулсан диплом, гэрч Ш.Чулуунцэцэг, С.Төмөрбаатар нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

      Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн Увс аймгийн Тэс сумын 10 жилийн дунд сургуульд ажиллаж байх үеийн цалингийн тодорхойлолтод зарим саруудад цалин бичигдээгүй ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Батболдын “архиваас цалингийн тодорхойлолт авахад зарим ажиллаж байсан саруудад нь цалин гараагүй, архивт Увс аймгийн Тэс сумын 10 жилийн дунд сургуулиас дутуу ирүүлсэн юм шиг байна лээ. Түүнээс Ц.Хишиг сургуульд тасралтгүй ажиллаж байсан юм” гэх тайлбар, 1994 оны 11 дүгээр сард цалин гараагүй боловч дипломоор шагнагдсан байдал зэргээр тэрээр Увс аймгийн Тэс сумын 10 жилийн дунд сургуульд ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

      Иймд нэхэмжлэгч Ц.Хишигийн Увс аймгийн Тэс сумын Худалдаа бэлтгэл ангид 1986 оны 10 дугаар сараас 1987 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүртэл 7 сар, 4 хоног галч цэвэрлэгчээр, Увс аймгийн Тэс сумын 10 жилийн дунд сургуульд 1987 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал 7 жил, 7 сар, 17 хоног дотуур байрны цэвэрлэгчээр, нийт 8 жил, 2 сар, 21 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.   

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Хишигийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Борлууд овогт Цэвээний Хишигийн Увс аймгийн Тэс сумын Худалдаа бэлтгэл ангид 1986 оны 10 дугаар сараас 1987 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүртэл 7 /долоо/ сар, 4 /дөрөв/ хоног галч цэвэрлэгчээр, Увс аймгийн Тэс сумын 10 жилийн дунд сургуульд 1987 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал 7 /долоо/ жил, 7 /долоо/ сар, 17 /арван долоо/ хоног дотуур байрны цэвэрлэгчээр, нийт 8 /найм/ жил, 2 /хоёр/ сар, 21 /хорин нэг/ хоног ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Хишигийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.БОЛОР