Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 1034

 

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т,

улсын яллагч Х.О,

шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч А.О (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт О.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1908 0146 00000 дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт О

Б, Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Тарагт суманд төрсөн, эрэгтэй, 28 настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, Өвөрхангай аймгийн Тарагт сум, .. дүгээр баг, ... гэх газар оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ЙМ000000,

Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Яллагдагч О.Б нь 2019 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн  дүгээр хороо, Нэг цэгийн үйлчилгээний төвийн гадна иргэн Ц.С-н эд хөрөнгийг хүч хэрэглэж, авахаар довтолж, 2 ширхэг гар утас, түрийвч, бэлэн 380.000 төгрөгийг нь дээрэмдэж, нийт 571.650 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлэхдээ:

Шүүгдэгч О.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч Ц.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Баянхошуунд байдаг найз М-н гэрт очин хамт 2 шил архи уучхаад харих гээд Баянхошуунаас Сүлжмэлийн автобусны буудал дээр ирээд, тэндээсээ зам хөндлөн хойшоо гараад дамжиж Баруунтурууны автобусанд суух гэж байсан. Би автобусны буудлын орчимд бүдрээд унатал нэг залуу ирээд намайг сугадаж босгоод “гайгүй юу? ийшээ явъя” гээд Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийн үүд рүү чирсэн. Тэгэхээр нь би “явахгүй, харилаа” гэтэл “зүгээр ээ хөгшөөн, ганц юм ууя л даа” гээд чирээд байсан. Тэгээд Нэг цэгийн үйлчилгээний баруун урд булан хавьд би суугаад тамхи татаж байтал нөгөө намайг чирээд байсан залуу нүүр лүү шууд цохиод авсан. Би  хойшоогоо унаад “яаж байгаа юм бэ?” гээд босоод иртэл миний өмдний халаасыг ухаад миний 2 ширхэг гар утас, түрийвчийг маань авчихаар нь би “хөөе утас өг” гээд зуураад авахад намайг түлхчихээд ойролцоо зогсож байсан нэг архичин бололтой залууг “хойшоо явъя, хурдал” гэж хэлээд дагуулаад гүйчихсэн. ...Түүнтэй хамт явсан залуу бол надтай юу ч яриагүй, намайг зодож цохиогүй, над руу нэг ч удаа ойртоогүй. ...Намайг дээрэмдсэн гэх залуу дээгүүрээ хар хөх өнгийн куртиктэй, хар бараан өнгийн өмд, хар өнгийн саравчтай малгайтай, 25-30 орчим настай, өндөр нь 170 см орчим байсан байх, нүдэнд дулаахан боловч нэлээн архи уудаг шинжтэй эрэгтэй байсан. ...Тэр залуу л намайг цохиж, миний халааснаас эд зүйлийг маань булаагаад зугтаасан. Би тухайн залууг дахин харвал танина...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13),

2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд “...Хэрэг учрал болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, “Драгон” төвийн, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн байрны гадаа буюу ертөнцийн зүгээр баруун урд булангийн урагшаа харсан цонхны (баруун талаас 2 дахь цонх) доор явган хүний зам дээр болсон байна. ...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 24-25),

3. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...2019 оны 3 дугаар сарын 08-ны...шөнийн 19 цаг 01 минут 27 секундэд нэг цэгийн үйлчилгээний төвийн урд хар өнгийн урт куртиктэй эрэгтэй хүн баруун тийш алхаж байх бөгөөд цаад талд нь буюу нүдэн баримжаагаар 5-10 метр орчмын цаана цайвар өнгийн нимгэн куртик, хар өнгийн цамц, хар өнгийн малгай, хар өнгийн гуталтай 30-35 орчим насны эрэгтэй хүн хохирогчийг дагуулан чирээд нэг цэгийн үйлчилгээний төвийн баруун доод хэсэг рүү татаж оруулан 19 цаг 03 минутад уг хэсгээс хар өнгийн куртиктэй эрэгтэй хүнтэй хамт ертөнцийн зүгээр зүүн тал руу нэг цэгийн үйлчилгээний төвийг тойроод зугтааж байгаа бичлэг...” гэх баримт (хавтаст хэргийн 19-20),

4. Гэрч Г.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хүнтэй зууралдаад чирээд байгаа намхан цэнхэр өнгийн куртиктэй, хар малгайтай эрэгтэй бол манай Драгон орчмоор хааяа ирж архи уугаад байдаг бацаан Б гэх эрэгтэй байна. Би 2019 оны 3 дугаар сарын 08-ны өдөр 11 цагийн үед эхнэрийн хамт “Цэлмэг” зоог руу ороход үүдэнд нь яг энэ хувцастайгаа нэлээн согтуу зогсож таарсан. ...Би яг бүтэн нэрийг нь мэдэхгүй байна. Б л гэж дууддаг, 24-27 настай, хар бордуу арьстай, хамрынхаа доод талд зүсэгдсэн юм шиг шархтай, дундаж өндөртэй, орон гэргүй, өмнө нь “Амьдрах ухаан төв”-д амьдарч байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8),

5. Зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд “...Ц овогтой С-н фото зургийг түүнтэй ижил төстэй бусад 5 эрэгтэй хүний фото зурагтай хамт 1-5 хүртэл дугаарлан тавьж, 2019 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн .. хороо Нэг цэгийн үйлчилгээний төвийн урд талд таны эд зүйлийг дээрэмдсэн гэх эрэгтэй хүний зураг...байна уу гэж асуухад...1 дугаарын зурган дээр байгаа эрэгтэй мөн байна би сайн таньж байна...намайг автобусны буудлаас нэг цэгийн үйлчилгээний төв хүртэл зууралдаж чирсэн. Царайг нь яг сайн таньж байна яг энэ зурган дээр цамцаа өмсчихсөн байсан...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 20-23),

6. Хөрөнгө үнэлгээний “Д” ХХК-ийн тайланд “...Sky vega маркийн гар утас 109.000 төгрөг...skytel-н сим уншдаг дэлгэгддэг гар утас...34000 төгрөг, хар өнгийн савхин хэвтэвч...31500 төгрөг, иргэний үнэмлэх...9150 төгрөг...хаан банкны виза карт...2500 төгрөг, Монгол банкны карт ...2500 төгрөг, ...Гэр бүлийн жижиг зураг...3000 төгрөг, 380.000 төгрөг буюу нийт 571.650 төгрөг...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 28-29),

7. Шүүгдэгч О.Б мөрдөн байцаалтад өгсөн: “....Би 2019 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Драгон төвийн ойролцоо архи уугаад явж байгаад орой харанхуй болсон байсан байх. Тэгээд нэг залуу Драгон төвийн хажуу талын “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийн сандал дээр нэг үл таних цэнхэр өнгийн билүү цайвар өнгийн куртиктэй, хар өнгийн өмдтэй, Израил гутал өмссөн залуу согтуу сууж байсан. Тэгээд би нөгөө хүнийг нэг цэгийн үйлчилгээний хажуу тал буюу урд талын цонхны ойролцоо сугадаж авчраад суусан. Тэгээд тэр залууг би босгож ирээд заамдаж аваад нүүр лүү нь нэг удаа тохойлдсон. Тэгээд би өмдний билүү куртикний халаасыг ухсан байх. Тэгтэл 2 ширхэг гар утас, түрийвч байсан байх. Тэгээд би тухайн үед утас, түрийвч хоёрыг нь авчхаад эргээд явах гэж байхад цаахна талд хар куртиктэй үл таних нэг хүн байсан ба би тухайн хүнийг “хамт явъя” гээд хамтдаа явсан. Тэгээд тэр ахтай “Хаан бууз” цайны газраар нэвт хойшоогоо гараад нэг шил архи би аваад нөгөө ахтай хамт уусан. Тэгээд би тасарсан байсан. Тэгээд өглөө сэрэхэд 2 гар утас байсан. Тэгээд би гар утсыг нь Хархорин дээр аваачаад утас авна, зарна гэсэн хүмүүст нийлүүлээд 30.000 төгрөгөөр өгсөн. Тэгээд тэр мөнгөөрөө тэр өдөржингөө архи уусан. Ийм л зүйл болсон...Тухайн хүнээс авсан утас бол нэг нь “Nokia” маркийн улаан алаг, нөгөө нь хар өнгийн “Samsung S2” шиг утас байсан. ...Би тухайн үед согтуу байсан болохоор өөрийн мэдэлгүй гэмт хэрэг үйлдсэн. ...Би тухайн хүнийг баруун гараараа заамдаад зүүн гарын тохой хэсгээр нэг удаа нүүрэн тус газар нь цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52-53),

8. Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох прокурорын тогтоол (хавтаст хэргийн 40), оргодол эрэн сурвалжилсан баримт (хавтаст хэргийн 64-67), мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 69-74), 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүхийн шийдвэр (хавтаст хэргийн 77-78),

 Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 37), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 39), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 36) зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхээс шүүгдэгч О.Б-д холбогдох хэргийг хянан хэлэлцүүлээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг оролцогч нар дүгнээд:

I. Гэм буруугийн талаар

- Улсын яллагч: Шүүгдэгч О.Б-г бусдад хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг,

- Шүүгдэгч өмгөөлөгч: Шүүгдэгч О.Б нь хохирогч Ц.С-д хүч хэрэглэж түүний эд хөрөнгийг дээрэмдсэн гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдохгүй мөн энэ талаараа шүүгдэгч яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өсгөн мэдүүлэгтээ дурдаж байгаа байгаа тул зүйлчлэлийг өөрчилж бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн.

- Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт

Шүүгдэгч О.Б нь 2019 оны 3 дугаар сарын 08-ны өдөр, Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, “Драгон” төвийн, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн байрны гадаа буюу ертөнцийн зүгээр баруун урд булангийн урагшаа харсан цонхны (баруун талаас 2 дахь цонх) доор явган хүний зам дээр явган сууж байсан хохирогч О.Б-г заамдан авч түүний нүүр лүү цохиж унаган өмднийх нь халааснаас 2 ширхэг гар утас, түрийвчийг зэргийг нь авсан болох нь

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд “...Хэрэг учрал болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, “Драгон” төвийн, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн байрны гадаа буюу ертөнцийн зүгээр баруун урд булангийн урагшаа харсан цонхны (баруун талаас 2 дахь цонх) доор явган хүний зам дээр болсон байна. ...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 24-25),

- Хохирогч Ц.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 08-ны өдөр ...Нэг цэгийн үйлчилгээний баруун урд булан хавьд би суугаад тамхи татаж байтал ...намайг чирээд байсан залуу нүүр лүү шууд цохиод авсан. ...тэгээд миний өмдний халаасыг ухаад миний 2 ширхэг гар утас, түрийвчийг маань авчхаад ...гүйчихсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13),

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...2019 оны 3 дугаар сарын 08-ны...шөнийн 19 цаг 01 минут 27 секундэд ...цайвар өнгийн нимгэн куртик, хар өнгийн цамц, хар өнгийн малгай, хар өнгийн гуталтай 30-35 орчим насны эрэгтэй хүн хохирогчийг дагуулан чирээд нэг цэгийн үйлчилгээний төвийн баруун доод хэсэг рүү татаж оруулан 19 цаг 03 минутад уг хэсгээс хар өнгийн куртиктэй эрэгтэй хүнтэй хамт ертөнцийн зүгээр зүүн тал руу нэг цэгийн үйлчилгээний төвийг тойроод зугтааж байгаа бичлэг...” гэх баримт (хавтаст хэргийн 19-20),

- Гэрч Г.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хүнтэй зууралдаад чирээд байгаа намхан цэнхэр өнгийн куртиктэй, хар малгайтай эрэгтэй бол манай Драгон орчмоор хааяа ирж архи уугаад байдаг бацаан Б гэх эрэгтэй байна. Би 2019 оны 3 дугаар сарын 08-ны өдөр 11 цагийн үед эхнэрийн хамт “Цэлмэг” зоог руу ороход үүдэнд нь яг энэ хувцастайгаа нэлээн согтуу зогсож таарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8),

- Зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 20-23),

- Шүүгдэгч О.Б мөрдөн байцаалтад өгсөн: “....Би 2019 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Драгон төвийн ойролцоо архи уугаад явж байгаад орой харанхуй болсон байсан. Тэгээд нэг залуу Драгон төвийн хажуу талын “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийн сандал дээр нэг үл таних цэнхэр өнгийн билүү цайвар өнгийн куртиктэй, хар өнгийн өмдтэй, Израил гутал өмссөн залуу согтуу сууж байсан. Тэгээд би нөгөө хүнийг нэг цэгийн үйлчилгээний хажуу тал буюу урд талын цонхны ойролцоо сугадаж авчраад суусан. Тэгээд тэр залууг би босгож ирээд заамдаж аваад нүүр лүү нь нэг удаа тохойлдсон. Тэгээд би өмдний билүү куртикний халаасыг ухсан байх. Тэгтэл 2 ширхэг гар утас, түрийвч байсан. Тэгээд би тухайн үед утас, түрийвч хоёрыг нь авчхаад эргээд ...явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52-53) зэрэг нотлох баримтаар шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч О.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шууд санаатай үйлдлээр, иргэн Ц.С-н эд хөрөнгийг хүч хэрэглэж, авахаар довтолж, 2 ширхэг гар утас, түрийвч, бэлэн 380.000 төгрөгийг нь дээрэмдэж, нийт 571.650 төгрөгийн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Иймд шүүгдэгч О.Б-г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Харин шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс “хүч хэрэглэсэн” үйлдлийг гаргаагүй гэх боловч камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл мэдүүлэг, хохирогчийн удаа дараагийн тогтвортой нотлох баримтын эх сурвалжаа заан мэдүүлсэн мэдүүлэг болон шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэргээр “...хүч хэрэглэсэн” болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч түүний өмгөөлөгчийн гэм буруугийн дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.С-д Хөрөнгө үнэлгээний “Д” ХХК-ийн тайланд тусгагдсанаар (хавтаст хэргийн 28-29) нийт 571.650 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч О.Б нь бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулаагүй байна. Иймд Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч И.Б-с дээрх 571.650 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч О.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлтийг гаргаж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгч О.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байгааг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг, нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн болно.

Шүүгдэгч О.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүх О.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим буюу эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэснийг үндэслэн, шүүгдэгчийг хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Тиймээс шүүгдэгчийн хувийн байдал буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан, хохирол хор уршгийг төлөөгүй гэх нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч О.Б нь 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс (хавтаст хэргийн 77-78) 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 27 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна. Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний 27 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байгааг эдлэх ялд нь оруулан тооцож, эдлэх ялаас хасах хууль зүйн үндэслэлтэй.

Эрүүгийн 1908 0146 00000 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, энэ битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б овогт О.Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-г 2 (хоёр) жилийн сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Б-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-н цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 27 (хорин долоо) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-с 571.650 (таван зуун далан нэг мянга зургаан зуун тавин) төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн 1 (нэг) жилийн дотор гаргуулж хохирогч Ц.С-д олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

7. Энэ битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд О.Б-н эдлэх ялыг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тоолсугай.

9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

                          

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.МӨНХЗУЛ