| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2016/00829/И |
| Дугаар | 02 |
| Огноо | 2016-12-22 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 02
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, 071 тоотод оршин суух, 1955 онд төрсөн, эрэгтэй, РД:ОЭ55032977, Баадай овогт Шагтавын Уламбаярын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар баг, 14-27 тоотод оршин суух, РД:ОЮ5507011, Борлууд овогт Намсрайгийн Эрдэнэсүрэнд холбогдох,
Гэм хорын хохирол 245.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Уламбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Н.Эрдэнэсүрэнд 9 толгой ямаан багзаг, 2 толгой эх ямаа, 1 хурга бүгд 13 толгой мал хөлс болон өвс тэжээл өгч тохирч тавьсан юм. Хөлсөнд нь 1 эх ямаа өгөөд 40 ширхэг пресс өвс, 2 уут улаан хивэг өгсөн. Хавар 4 дүгээрсард ирээд малаа авах гэхэд Танай малаас 5 мал үлдсэн, бусад нь үхсэн гэх боловч нэг ч малын сэг, сэвс байхгүй байсан, дахин 3 малын сэг тусдаа байсныг очиж харахад сэг нь байсан. Миний им, будагтай мал байсан. Үлдсэн 5 малаа очиж авахад Бас нэг мал үхсэн гээд 4 мал өгсөн. Иймд Н.Эрдэнэсүрэнгээс 165.000 /Увс Финанс Аудит ХХК-ийн үнэлгээгээр/ төгрөг, 40 пресс хагил 20 пресс өвсний үнэ 80.000 төгрөг, нийт 245.000 төгрөгийг Н.Эрдэнэсүрэнгээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.Эрдэнэсүрэн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Би нийт 1.240.000 төгрөгийн өвс тэжээл худалдаж авсан. Ш.Уламбаярын 13 малыг малладаг байсан ба дээрх өвс тэжээлээр тухайн мал нь онд орсон. Гэтэл Ш.Уламбаярын 4 борлон өвлийн зудаар үхсэн байтал намайг шүүхэд өгч надаас малаа нэхэж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд Ш.Уламбаярын малын идсэн өвс тэжээлийн үнэ болох 420.000 төгрөгийг Ш.Уламбаяраас нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгч Ш.Уламбаяр, хариуцагч Н.Эрдэнэсүрэн нар 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Би иргэн Н.Эрдэнэсүрэнгээс 253.600 төгрөг нэхэмжилсэн. Бид хоёр харилцан тохиролцож Н.Эрдэнэсүрэн нь 2 ямаан борлон буюу 82.500 төгрөгийг Ш.Уламбаяр надад өгөхөөр эвлэрч байна. Н.Эрдэнэсүрэн миний бие Ш.Уламбаяраас 420.000 төгрөг нэхэмжилсэн сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Уламбаяр нь хариуцагч Н.Эрдэнэсүрэнгээс гэм хорын хохирол 245.000 төгрөг гаргуулах, хариуцагчН.Эрдэнэсүрэн нь өвс тэжээлийн үнэ 420.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.
Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ш.Уламбаяр, хариуцагч Н.Эрдэнэсүрэн нар нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч Ш.Уламбаярын нэхэмжлэлийн шаардлага 245.000 төгрөгөөс 82.500 төгрөгийг /2 борлон/ нь хариуцагч Н.Эрдэнэсүрэн төлж барагдуулахаар, хариуцагч нь өвс тэжээлийн үнэ 420.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлээсээ татгалзахаар харилцан тохиролцсон болох нь нэхэмжлэгч Ш.Уламбаяр, хариуцагч Н.Эрдэнэсүрэн нарын хооронд 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд байгуулсан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна. Иймд зохигчдын эвлэрийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Ш.Уламбаяр нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 8.600 төгрөг төлсөн ба 6.325 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн 150000941 тоот данснаас 2.275 төгрөг, хариуцагч Н.Эрдэнэсүрэнгээс 2.275 төгрөг тус тус гаргуулж Ш.Уламбаярт олгох, хариуцагч Н.Эрдэнэсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13.250 төгрөгөөс 6.625 төгрөгийг улсын орлогод үлдээж, төрийн сангийн 150000941 тоот данснаас 6.625 төгрөг гаргуулж хариуцагч Н.Эрдэнэсүрэнд олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ш.Уламбаяр, хариуцагч Н.Эрдэнэсүрэн нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, Ш.Уламбаяр нь нэхэмжлэлийн шаардлага болох 245.000 төгрөгөөс 162.500 төгрөгийг нь авахгүй байхаар тохирч, 82.500 /буюу 2 борлон/ төгрөгийг нь хариуцагч Н.Эрдэнэсүрэн төлж барагдуулахаар, хариуцагч Н.Эрдэнэсүрэн нь өвс тэжээлийн үнэ 420.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлээсээ татгалзахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.5-д зааснаар хариуцагч Н.Эрдэнэсүрэнгээс 2.275 төгрөг, төрийн сангийн 150000941 тоот данснаас 2.275 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.Уламбаярт олгож, төрийн сангийн 150000941 тоот данснаас 6.625 төгрөг гаргуулж хариуцагч Н.Эрдэнэсүрэнд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Н.Эрдэнэсүрэн сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ П.БОЛОР