Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 1035

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С,

улсын яллагч Б.Э

шүүгдэгч Ц.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Ц.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1908 0445 00000 дугаартай, 1 хавтаст хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Ц.С, Монгол Улсын иргэн, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд төрсөн, 51 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бага эмч, сувилагч мэргэжилтэй, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн мэдрэлийн мэс заслын тасгийн сувилагч ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, Бага Нарангийн .. дугаар гудамж, .. тоотод оршин суух бүртгэлтэй, регистрийн дугаар РЭ00000000.

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Яллагдагч Ц.С нь Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, Бага Нарангийн .. дугаар гудамжны .. тоотод оршин суух өөрийн гэртээ 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий нөхөр Г.Б-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, түүний эрүүл мэндэд нь эрүүнд шарх, эрүү, зүүн шуунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, баруун далны хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

1. Хохирогч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2019 оны 8 дугаар сарын 12-ны өглөө 9 цагийн үед ажлаа тараад Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, Бага Нарангийн .. дугаар гудамжны .. тоот гэртээ ирэхэд эхнэр С унтаж байхаар нь гадуур хувцсаа тайлаад хувцсаа сольж өмсөх гэтэл эхнэр сэрээд “чи хаана хоноод ирэв” гэхээр нь “ажлаасаа ирлээ” гэж хэлтэл “битгий худлаа яриад бай” гээд намайг аашилж эхэлсэн. Тэгж байснаа гараараа миний нүүрэнд 2-3 удаа цохиод орон дээр тайлаад тавьсан байсан өмдний тэлээг аваад аралтай хэсгээр мөр, нуруу руу цохиж эхэлсэн. Би зүүн гараараа хааж байгаад, түүнийг тэврээд авсан чинь зүүн шанаанаас шүдээрээ шууд хазчихаар нь би болиулаад гадаа гараад утсаараа цагдаа дуудаж, болсон асуудлыг хэлж, өргөдөл гомдлоо гаргаж өгсөн. ...бид хоёр албан ёсны гэрлэлтийн баталгаатай гэр бүл, дундаасаа нэг хүүтэй хүү маань тусдаа эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг юм. ...Дээрх гэмтлийг эхнэр Ц.С эрүүнд шүдээрээ хазаж, гарын шуу, дал, мөрөнд миний өмдний тэлээний арал хэсгээр ороолгож байхдаа учруулсан гэмтэл байна...Эхнэртээ бол гомдол санал байхгүй....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24),

2. Гэрч Ц.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 12-ны өглөө 9 цагийн үед эгч Ц.С над руу залгаад эгчийгээ ирээд авчхаач гээд уйлаад байхаар нь юу болсон талаар асуухад хүргэн ах Б хувцсаа аваад явах гэхээр нь би явуулахгүй гэж хэлээд тэлээгээр нь зодчихсон чинь цагдаа дуудаад хуулиар нь шийдүүлнэ гээд байна гэхээр, би гэрт нь яваад очиход өөрийнх нь хүү Т ирчихсэн тэр гурав байж байсан. ...Намайг очиход хүргэн ах Б-н зүүн шанаанаас цус гарчихсан байсан. Би эгчид яагаад ингэсэн юм гэтэл би тэлээгээр л ороолгосон гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28),

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ... дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэгт: ...Эрүүний зүүн буланд 0.3х0.3см, зах ирмэг тэгш бус ангайсан шархтай. Эрүүний зүүн буланд 0.2х0.2см, 0.2х0.2см, зүүн шууны гадна дунд хэсэгт 0.3х0.4см хүрэн улаан өнгийн зулгаралтуудтай. Баруун далны доод хэсэгт 3.5х4.0см, зүүн мөрний ар хэсэгт 2.0х2.0см хөхөлбөр өнгийн цус хуралтуудтай. Эрүүн зүүн булан, зүүн шуугаар овойж хавдсан...ДҮГНЭЛТ

1. Г.Б-н биед эрүүнд шарх, эрүү, шуунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, баруун далны хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл  нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 12)

4. Шүүгдэгч Ц.С мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 7 дугаар сараас хойш миний нөхөр Г.Б гэр орондоо тогтохоо байгаад, намайг ажилдаа явсан хойгуур гэртээ ирчхээд, байхад ерөөсөө таарахгүй байсан юм. Тэгж байтал 2019 оны 8 дугаар сарын 12-ны өглөө намайг ээлжээс буугаад гэртээ унтаж байтал гаднаас нөхөр Г.Б орж ирээд хувцсаа цүнхэнд хийгээд зогсож байхаар нь би “хаашаа явах гэж байгаа юм” гэж асуутал “би хувцсаа аваад явах гэж байна” гэж хэлхээр нь миний уур хүрээд өөрийнх нь тэлээ газар байхаар нь аваад гартаа ороож байгаад аралтай хэсгээр нь хаа тааралдсан газраа ороолгоод зодох үед надаас тэвэрч зууралдаад, дараад авахаар нь цаашаа түлхтэл өөрийнхөө дугаараас цагдаа дуудсан...Дээрх гэмтлийг би өөрийн нөхөр Г.Б-н тэлээгээр ороолгож байхдаа учруулсан гэмтэл байна...би хүлээн зөвшөөрч байгаа хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-35),

5. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 44-50, 42-43), Аюулын зэргийн үнэлгээний маягт (хавтаст хэргийн 37-40), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 51),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 54, 55), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 73), хувийн байдлын талаарх баримт (хавтаст хэргийн 67-69), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 57, 58), гэрлэлт бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 56), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 59), П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн тодорхойлолт (хавтаст хэргийн 60) зэрэг  нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ц.С-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Ц.С нь Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, Бага Нарангийн .. дугаар гудамжны ... тоотод оршин суух гэртээ, 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр, хувийн таарамжгүй сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр, гэр бүлийн хамаарал бүхий нөхөр Г.Б-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, түүний эрүүл мэндэд нь эрүүнд шарх, эрүү, зүүн шуунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, баруун далны хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Г.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2019 оны 8 дугаар сарын 12-ны өглөө 9 цагийн үед ажлаа тараад Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, Бага Нарангийн .. дугаар гудамжны .. тоот гэртээ ирэхэд эхнэр С унтаж байхаар нь гадуур хувцсаа тайлаад хувцсаа сольж өмсөх гэтэл эхнэр сэрээд “чи хаана хоноод ирэв” гэхээр нь “ажлаасаа ирлээ” гэж хэлтэл “битгий худлаа яриад бай” гээд намайг аашилж эхэлсэн. Тэгж байснаа гараараа миний нүүрэнд 2-3 удаа цохиод орон дээр тайлаад тавьсан байсан өмдний тэлээг аваад аралтай хэсгээр мөр, нуруу руу цохиж эхэлсэн. Би зүүн гараараа хааж байгаад, түүнийг тэврээд авсан чинь зүүн шанаанаас шүдээрээ шууд хазчихсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24),

- Гэрч Ц.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...эгч Ц.С над руу залгаад эгчийгээ ирээд авчхаач гээд уйлаад ...Б-г хувцсаа аваад явах гэхээр нь явуулахгүй гэж хэлээд тэлээгээр нь зодчихсон...гэсэн. ...Намайг очиход хүргэн ах Б-н зүүн шанаанаас цус гарчихсан байсан. Би эгчид яагаад ингэсэн юм гэтэл би тэлээгээр л ороолгосон гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ... дугаар дүгнэлт “...1. Г.Б-н биед эрүүнд шарх, эрүү, шуунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, баруун далны хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 12)

- Шүүгдэгч Ц.С мөрдөн байцаалтад өгсөн: “...гэртээ унтаж байтал гаднаас нөхөр Б орж ирээд хувцсаа цүнхэнд хийгээд зогсож байхаар нь би “хаашаа явах гэж байгаа юм” гэж асуутал “би хувцсаа аваад явах гэж байна” гэж хэлхээр нь миний уур хүрээд өөрийнх нь тэлээ газар байхаар нь аваад гартаа ороож байгаад аралтай хэсгээр нь хаа тааралдсан газраа ороолгоод зодох үед надаас тэвэрч зууралдаад, дараад авахаар нь цаашаа түлхтэл өөрийнхөө дугаараас цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-35) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Ц.С нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр “гэртээ ирсэнгүй” гэх сэдэлтээр, хохирогч Г.Б-н эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Нөгөө талаас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний...бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг;” хэлнэ гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад “эхнэр, нөхөр...” тухайн хуулийн үйлчлэлд хамаарах этгээд байхаар тус тус хуульчилсан байна.

Өөрөөр хэлбэл хууль зүйн хувьд шүүгдэгч Ц.С, хохирогч Г.Б нар нь эхнэр, нөхөр болох нь тэдний мэдүүлэг, гэрлэлт бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтаар тогтоогдож байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан байна.

Тиймээс шүүгдэгч Ц.С-г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Б нь эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгч Ц.С нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Ц.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч нь торгох ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.С нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Ц.С-г гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Ц.С-т торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй. 

Эрүүгийн 1908 0445 00000 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ц.С-г Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.С-г 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С-г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солиж болохыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус  дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.МӨНХЗУЛ