Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 417

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг, Цэлмэг хотхоны 1 дүгээр байрны 7 тоотод оршин суух, /РД:ЛЮ86113000, утасны дугаар 96550757/ Хатиган овогт Гомбын Даваасүрэнгийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг, Цэлмэг хотхоны 2 дугаар байрны 11 тоотод оршин суух, /РД:ЛЮ88031710, утасны дугаар 99144115, 96919798/ Шарнууд овогт Баясгалангийн Энхтүвшинд холбогдох

 

Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Даваасүрэн, хариуцагч, Б.Энхтүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Хатиган овогт Гомбын Даваасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015-2016 оны 5 дугаар сар хүртэл Б.Энхтүвшинтэй хамтран амьдарч 2015 оны 12 дугаар сарын 03-нд хүүтэй болсон. 2016 оны 5 дугаар сард Б.Энхтүвшинтэй хамтран амьдрахаа больсон тул эцэг тогтоолгож хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байгаа тул шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Шарнууд овогт Баясгалангийн Энхтүвшин шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие 2015-2016 оны 5 сар гартал Г.Даваасүрэнтэй хамтран амьдарч 2015 оны 12 дугаар сарын 03-нд хүүтэй болсон. 2016 оны 5 дугаар сарын дундуур Г.Даваасүрэнтэй маргалдсаны улмаас тусдаа амьдарч байгаа болно. Миний бие Г.Даваасүрэнтэй салах бодолгүй байгаа болно. Миний бие хүү Тэмүүлэнгээ эцэггүй өнчин хүүхэд болгохыг хүсэхгүй байгаа тул миний хүсэлтийг харгалзан үзнэ үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Г.Даваасүрэн хариуцагчийн хариу тайлбарт тайлбар гаргахдаа: Б.Энхтүвшин эвлэрэх хүсэлтээ Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байна. Үүнийг харгалзан үзэж бидэнд эвлэрэх 3 сарын хугацаа өгөхийг хүсч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Даваасүрэн, хариуцагч Б.Энхтүвшинд холбогдуулан Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Зохигчдын хүсэлтээр шүүхээс эвлэрүүлэн зуучлалын журмаар эвлэрэх хугацаа зааж хэрэг хянан шийдвэрлэх урьдчилсан арга хэмжээ авсан боловч зохигчид энэ хугацаанд эвлэрээгүй байх бөгөөд хэргийг шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтээ ирүүлсэн байна.

 

Нэхэмжлэгч Г.Даваасүрэн нь нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, хариуцагч Б.Энхтүвшин нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Г.Даваасүрэн, хариуцагч Б.Энхтүвшин нарын дундаас 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүү Д.Тэмүүлэн төрсөн болох нь 2201000589 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Тэмүүлэн өрхийн эрүүл мэндийн төвийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн тодорхойлолт, зохигчдын гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Иймд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү Хатиган овогт Даваасүрэнгийн Тэмүүлэнгийн эцэг нь Шарнууд овогт Баясгалангийн Энхтүвшин мөн болохыг тогтоож, хуульд заасан хэмжээний тэтгэлэгийг хариуцагч Б.Энхтүвшингээс гаргуулан сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Энхтүвшингээс 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Даваасүрэнд олгож, мөн хариуцагчаас хүүхдийн тэтгэлэгт нэг жилд төлбөл зохих 982 200 төгрөг /Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн А/106 тоот тушаалын хавсралтад Хүн амын амьжиргааны доод түвшинг бүс нутгаар тогтоосон байх бөгөөд зүүн бүс нутагт 163 700 төгрөг х 12 сар = 1 964 400 төгрөг : 2 = 982 200 төгрөг/-нөөс улсын тэмдэгтийн хураамж тооцож 28 122 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар Хатиган овогт Даваасүрэнгийн Тэмүүлэнгийн эцэг нь Шарнууд овогт Баясгалангийн Энхтүвшин /РД:ЛЮ88031710/ мөн болохыг тогтоосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү Д.Тэмүүлэнг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Шарнууд овогт Баясгалангийн Энхтүвшингээр тэжээн тэтгүүлсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Энхтүвшингээс гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч Г.Даваасүрэн, хариуцагч Б.Энхтүвшин нар нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учиртай болохыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Энхтүвшингээс 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Даваасүрэнд олгож, мөн хариуцагчаас хүүхдийн тэтгэлэгт нэг жилд төлбөл зохих 982 200 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 28 122 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ц.ЭРДЭНЭЗУУ