Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 1037

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С,

улсын яллагч С.М (томилолтоор)

шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Г.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1908 0336 00000 дугаартай, 1 хавтаст хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Г.Б, Монгол Улсын иргэн, Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувираа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, Сонсголонгийн .. тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ОЮ00000000.

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Яллагдагч Г.Б нь 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, Сонсголон зам .. тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Ц.Э-г хоорондын таарамжгүй харьцааны улмаас нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

1. Хохирогч Ц.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Б гэдэг хүнтэй 2015 онд танилцаж гэр бүл болж хамтран амьдарч эхэлсэн. Г.Б бид хоёр дундаасаа 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр С гэдэг хүүтэй болсон...2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хамт ажилладаг Н, Б, С, Ц, Б, Н нартай хамт 17 цагийн орчимд Сонсголонгийн зам дагуу байдаг “СО” нэртэй караокены газарт орж архи уугаад дуу дуулсан юм. Бид нар караокед нэлээн хэдэн шил архи уугаад караокеноос 00 цагийн үед гарсан. Манай ажлын хүмүүс караокед байхдаа хэдэн залуучуудтай танилцаад машинд нь суугаад нэг тийшээ явсан юм. Бид нарын орсон караоке манай гэрийн ойролцоо байдаг автобусны буудал дээр байдаг ба намайг тэр хүмүүсийн машинд суухыг манай нөхөр дэлгүүр орж яваад харсан байсан юм байна лээ. Би тухайн үед нилээн согтуу байсан. Би хамт ажилладаг Н эгчтэй машинаас буугаад би гэр рүү орсон. Тэгсэн араас нөхөр ирээд миний нүүр рүү 2 удаа цохиж зодсон. Миний биед учирсан баруун, зүүн нүдний зовхи болон хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, хамар ясны хугарал гэмтлийг манай нөхөр Б 2 удаа цохиж учруулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25),

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний .. дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэгт: ...Баруун нүдний доод зовхи болон хамрын нурууны дээд хэсэгт 1х0.3см, 0.6х0.3см улаан хүрэн зулгаралттай, хамрын нуруу болон баруун, зүүн нүдний доод зовхинд хаван хавдартай, бүдэг хөх цус хуралттай, тэмтрэхэд эмзэглэлтэй. Бид өөр ил харагдах гэмтэлгүй.

2019.06.12-ны ГССҮТ-н эмчийн үзлэгт: онош: тархи доргилт гэжээ.

2019.06.13-ны Толгойн КТГ-н шинжилгээнд: ...баруун нүдний доор хамар орчмын зөөлөн эдэд бага зэрэг зөөлөн эдийн хавантай. Хамар ясны баруун тал дотогшоо бага зэрэг зөрүүтэй хугарсан. Баруун талын гайморын хөндийн салст жигд бус зузаарсан. Хамрын самалдаг 2 талд жигд хавагнаж зузаарсан. Баруун хажуугийн ховдол зүүнтэй харьцуулахад бага зэрэг өргөссөн...ДҮГНЭЛТ

1. Ц.Э-н биед баруун, зүүн нүдний зовхи болон хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 29)

3. Шүүгдэгч Г.Б мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр эхнэр хамт ажилладаг хүмүүстэйгээ замын цаана байдаг караокед суучхаад ирье гээд гараад явсан. Би хүүхэдтэйгээ гэртээ үлдсэн. Би  эхнэрээ явахад нь хэр удах юм ирэхдээ тамхи аваад ирээрэй гэж хэлсэн чинь за за удахгүй байхаа гэж хэлээд өдөр 15 цагийн үед гэрээсээ гараад явсан юм. Тэгээд 19 цаг болж байхад ирэхгүй удаад байхаар нь би өөрөө дэлгүүр лүү тамхинд явсан юм. Би дэлгүүрийн гадаа очсон чинь манай эхнэр замын цаана байдаг “СО” нэртэй караокены гадаа 10-аад залуучууд байж байхад эхнэр хамт ажилладаг хүүхэнтэйгээ тэр залуучууд дээр ирээд маазарч юм ярьж байснаа цугтаа караоке руу орчихсон юм. Тэгэхээр нь би олон залуучуудтай хамт явж байгаа юм байна, сахиж сууж байгаад аваад явъя гээд дэлгүүрээс 1 пиво авч уугаад замын хашлага дээр суугаад хүлээсэн. Намайг хараад сууж байхад маш олон удаа гарч ороод яваад л байсан би ажлынхаа хүмүүстэй явж байгаа юм чинь гээд очоогүй хүлээж байхдаа 3 шил пиво уусан цаг бараг 22 цаг болсон байх. Нилээн орой болоод гэгээ тасрахын өмнө караокеноос эхнэрийн ажлын 3-4 хүүхэн хэдэн залуучуудтай гарч ирсэн араас нь манай эхнэр гарч ирээд араас нь гарч ирсэн залуучуудын нэг нь манай эхнэрийг өргөөд, тэврээд инээлдээд юм яриад байсан. Би эхнэрийг гэртээ харих байх гэж бодоод ажиглаад суугаад л байсан. Тэгсэн эхнэр 4-5 залуучуудтай ажлынхаа хэдэн хүүхнүүдтэй суугаад явчихаар нь би утас руу нь залгаад хаана байна гэж асуусан чинь би 013 дугаар ангийн үүдэнд ажлынхаа 2 эгчтэй ганц юм уух гээд байж байна гэхээр нь битгий худлаа яриад бай гээд нүдээр харсан юмаа хэлээд наад залуучуудаа дагаж яваад гэртээ ирэхгүй бол чамайг ална шүү гэж хэлсэн чинь эхнэр ал ал гэж хэлчхээд утсаа тасалсан. Би бараг 2 цаг гаран тэрүүгээр явангаа 2 шил пиво уучхаад гэртээ орсон. Тэгэхэд манай эхнэр гэртээ ирсэн байсан. Тэгээд миний уур хүрээд эхнэрээ 2 удаа нүүр хэсэгт нь гараараа цохисон. Ц.Э-н биед учирсан гэмтлийг би 2 удаа цохиж учруулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-11),

4. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 68-80, 65-67), Аюулын зэргийн үнэлгээний маягт (хавтаст хэргийн 6-8), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 51),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 44, 45), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 84), хувийн байдлын талаарх баримт (хавтаст хэргийн 52-63), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 46, 49), гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 47), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 48) зэрэг  нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.Б-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Г.Б нь Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, Сонсголон зам .. тоотод, 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр, хувийн таарамжгүй сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Ц.Э-н нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Ц.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Б гэдэг хүнтэй 2015 онд танилцаж гэр бүл болж хамтран амьдарч эхэлсэн. Г.Б бид хоёр дундаасаа 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр С гэдэг хүүтэй болсон...2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр ...араас нөхөр гэрт ирээд миний нүүр рүү 2 удаа цохиж зодсон....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний .. дугаар дүгнэлт “...1. Ц.Э-н биед баруун, зүүн нүдний зовхи болон хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. ...4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 29)

- Шүүгдэгч Г.Б мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ...Би дэлгүүрийн гадаа очсон чинь манай эхнэр замын цаана байдаг “СО” нэртэй караокены гадаа 10-аад залуучууд байж байхад эхнэр хамт ажилладаг хүүхэнтэйгээ тэр залуучууд дээр ирээд маазарч юм ярьж байснаа цугтаа караоке руу орчихсон. ...Намайг хараад сууж байхад маш олон удаа гарч ороод яваад л байсан. ...Нэлээн орой болоод гэгээ тасрахын өмнө караокеноос эхнэрийн ажлын 3-4 хүүхэн хэдэн залуучуудтай гарч ирсэн араас нь манай эхнэр гарч ирээд араас нь гарч ирсэн залуучуудын нэг нь манай эхнэрийг өргөөд, тэврээд инээлдээд юм яриад байсан. ...Тэгсэн эхнэр 4-5 залуучуудтай ажлынхаа хэдэн хүүхнүүдтэй суугаад явчихсан... Би бараг 2 цаг гаран болж байгаад гэртээ орсон. Тэгэхэд манай эхнэр гэртээ ирсэн байхаар нь ...уур хүрээд эхнэрээ 2 удаа нүүр хэсэгт нь гараараа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-11) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Г.Б нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр “өөр залуучуудтай хамт явлаа” гэх сэдэлтээр, хохирогч Ц.Э-н эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Нөгөө талаас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний...бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг;” хэлнэ гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад “эхнэр, нөхөр...” тухайн хуулийн үйлчлэлд хамаарах этгээд байхаар тус тус хуульчилсан байна.

Өөрөөр хэлбэл хууль зүйн хувьд шүүгдэгч Г.Б, хохирогч Ц.Э нар нь эхнэр, нөхөр болох нь тэдний мэдүүлэг, хүүхдийн төрсний гэрчилгээ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Тиймээс шүүгдэгч Г.Б-г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Э нь эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгч Г.Б нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Г.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч нь торгох ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Г.Б-г гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Г.Б-т торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй. 

Шүүгдэгч Г.Б нь гэмт хэрэг үйлдэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, өмнө нь эхнэр Ц.Э-д гар хүрч байсан талаар мэдүүлж байх тул түүнд оногдуулсан ял дээр нэмж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “зан үйлээ засах сургалтад хамрагдах” үүрэг, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглох” хязгаарлалтыг торгуулийн ял биелэгдэж дуусах хүртэл хугацаанд авах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн 1908 0336 00000 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Г.Б-г Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Б-г 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

5.Шүүгдэгч Г.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “зан үйлээ засах сургалтад хамрагдах” үүрэг, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглох” хязгаарлалтыг торгуулийн ял биелэгдэж дуусах хүртэлх хугацаагаар авсугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус  дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.МӨНХЗУЛ