Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 469

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Ц. Эрдэнэзуу даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар: 

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймаг Баруун-Урт сумын 1 дүгээр баг, “Жишиг” хорооллын 14-1 тоотод оршин суух, /РД:ЛЮ76090311, утасны дугаар 99515353/, Тавнан овогт Дондовын Ганбаатарын нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг, 1-р байрны 3 тоотод оршин суух, /РД:ХЛ62010605, утасны дугаар 99515199/, Эрхбаялаг овогт Мичиджамбаагийн Төмөрчулуунд холбогдох

 

“Хөлсөөр ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэлд 500 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад, 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Ганбаатар, хариуцагч М.Төмөрчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Х.Бат-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Ганбаатар нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Төмөрчулуун нь 2011 оны 03 сард “Монгол Ардын намын 90 жилийн ойд зориулав” гэсэн нэртэй гэрэл зураг 2000 ширхэгийг нэг бүрийн үнэ 250 төгрөг, нийт үнэ 500 000 төгрөгөөр тохирч угаалгаж авсан. Гэтэл одоо болтол мөнгийг өгөхгүй намайг хохироож байна. Тухайн үеийн 500 000 төгрөгийг 5 жил гаруй хугацаанд мөнгөн эргэлтэнд оруулсан бол нэлээд их хэмжээний мөнгөн эх үүсвэртэй болох байсан. Би М.Төмөрчулууныг мөнгөө төлөхийг удаа дараа, олон удаа шаардсан боловч төлнө, удахгүй гэсээр 5 жил гаруй хугацаа өнгөрлөө. Хамгийн сүүлд 2016 оны 6 сарын 21-нд утсаар ярьж мөнгөө төлөхийг шаардахад дансаа мессежээр явуулчих гээд одоог хүртэл өгөөгүй байна. 

Хариуцагч тал миний нэхэмжилж байгаа мөнгийг өмнө нь хэлж байгаагүй, одоо л хэлж байна гэж хариу тайлбартаа бичсэн байна. Баруун-Урт сумын Тамгын газрын дарга бүх тооцоог дуусгасан гэж байгаа. Гэтэл энэ бол намын ажил байсан. Би Төмөрчулууны өрөөнд орж 2000 ширхэг зураг өгөхөд мөнгийг нь тэгж байгаад өгнө гээд авсан. 5 жил болоход нэг ч удаа мөнгө нэхэж байгаагүй гэж хэлж байна. Намайг мөнгөө нэхэхээр би одоохондоо ажил төрөлгүй байна тэгж байгаад болоё гэдэг байсан. 2000 ширхэг зургийг хамгийн бага үнээр буюу нэг ширхэг зургийг 250 төгрөгөөр бодож 500 000 төгрөгөөр тохиролцсон. Би эдгээр гэрэл зургийг угаагаад Төмөрчулуунд өөрт нь өгсөн. Намын ажлыг Баруун-Урт сумын Засаг дарга өгсөн гэж хэлээд байгаа. Би үүний учрыг ойлгохгүй байна. Энэ асуудал 5 жил болж байна. Төмөрчулуунтай тааралдаад хэлэхээр эгч нь ажилгүй байна гэдэг байсан. Би сонгуулийн өмнө мөнгөө нэхэж шоу хийж болох л байсан. Нэр дэвшиж байхад нь яршиг гэж бодоод би чимээгүй байсан. Би нэхэмжлэхийг хүүхдээрээ бичүүлсэн.       500 000 төгрөгийг 50 000 төгрөг гэж андуурч бичсэн байсан. Зурагны тоо 2000 ширхэг гэдгийг нэхэмжлэх дээрээс харсан байх. Иймд М.Төмөрчулуунаас гэрэл зурагны үнэ 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч М.Төмөрчулуун шүүх ирүүлсэн тайлбартаа: Би Баруун-Урт сумын Засаг даргаар ажиллаж байхад Ганбаатар фото зураг, хэвлэлийн үйл ажиллагаа эрхэлдэг, бид нар хамтран ажилладаг байсан. Захиалга өгч юм аа хийлгээд тооцоог нь төлөх үедээ төлж, дараа нь хийх үедээ хийгээд л явдаг байсан. 

2011 оны бол МАН байгуулагдсаны 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх жил байсан. Ойн арга хэмжээний зардал аймгийн МАН-ын хорооноос гарч байсан. Харин би тухайн үед намд ажиллаж байгаагүй. Гэхдээ арга хэмжээг зохион байгуулахад оролцсон. Тэмдэглэлт ой учраас зурагт хуудас, урилга, анонос гээд бүх хэвлэлийн материалыг захиалж хэвлүүлсэн. Тухайн үедээ бүх зардлаа гаргаж тооцоог нь хийж дуусгасан. Одоо мөнгийг нь нэхээд байгаа гэрэл зургийг 2011 онд хэвлүүлсэн нь үнэн. Гэхдээ 2000 ширхэгийг хийлгээгүй. Театр  нэг удаагийн арга хэмжээнд зориулж хэвлүүлсэн. Театрын том заал 425 хүний суудалтай, зарим арга хэмжээний үед хүн дүүрэхгүй үе гарч л байдаг. Хүний суудлаар тооцоход /425*250=106250 төгрөгийн л тооцоо гарах ёстой. Үлдэгдэл тооцоогүй төлөгдсөн байх ёстой. Ганбаатар зурагны үнийг 2012 оноос хойш нэхэж байгаа ч саяхан 2016 оны 6 дугаар сард сонгууль эхэлсний дараа надад нэхэмжлэх бичиж өгч байсан. 50 000 төгрөг нэхэмжилсэн байсан учраас би дансаа явуулчих гэж хэлсэн нь үнэн. Үүнээс хойш хоёр ч удаа ярьсан. Харин шүүхэд өгөхдөө 500 000 төгрөг болгож нэхэмжилсэн байна. Би намын даргад Ганбаатар 2 өөр зүйл яриад байна гэхэд намын дарга Ганбаатар руу утсаар залгаж асуухад манай хүүхэд нэхэмжлэх бичихдээ 500 000 төгрөгийг 50 000 төгрөг гэж андуурч бичсэн байна гэсэн. Би ажил ихтэй учраас тамгын газрын ажилтнуудаас аль завтайг нь нааш цааш явуулах явдал зөндөө л гардаг байсан. Энэ ч утгаараа тухайн үед тамгын газрын даргаар ажиллаж байсан Алтаннавчийг явуулж төлбөрийг нь төлсөн. Нэхэмжлэхийг нь би тухайн үед даргын ширээ нь дээр үлдээсэн юм шиг байсан.Сүүлд нь эрээд олоогүй учраас шүүхэд гаргаж өгч чадаагүй. Гэтэл Ганбаатар бүтэн 5 жил гаруйн дараа ямар ч үндэслэлгүй их хэмжээний мөнгө нэхэмжилж байгаад нь гайхаж байна. Нэгэнт 5 жил 6 сарын дараа нэхэмжлэл гаргасан учраас хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Гэрч Ч.Алтаннавч шүүхэд мэдүүлэхдээ: Засаг даргын ажил Тамгын газрын үйл ажиллагааг дамжиж гардаг. Энэ зургийг угаалгасан нь үнэн. Үнийг нь мэдэхгүй байна. Сүх жанжины 90 жилийн ой гээд зурагчин Ганбаатараас түүхэн том А4-ийн хэмжээ зургийг 50 ширхэгийг угаалгаж авч байсан. Энэ зургийг тухайн үед хүмүүст тараах гээд угаалгаж авч байсныг санаж байна. Гэхдээ энэ зургийг хэнд хэзээ, хэдэн ширхэгийг хүлээлгэж өгснийг санахгүй байна. Манайд хэвлэлийн зардал гэж тусдаа байдаггүй. Би ажлаа хүлээлгэж өгөхдөө нэг ч өргүй хүлээлгэж өгсөн. Ганбаатар, Батцэцэг нартай холбоотой өр зээл байвал над дээр байнга ирдэг. Манай байгууллага маш их  зүйлийг хийлгэдэг байсан. Ямар ч байсан Ганбаатараас өргүй салсан гэж бодож байна. 2000 ширхэг зураг угаалгаагүй байх гэж бодож байна. 500 ширхэгийг хэвлэгдсэн гэж үзэж байна. Тэр арга хэмжээнд 400 гаруй хүн ирсэн. 2 зураг нийлээд 500 ширхэгийг угаалгаж театрт цугларсан хүмүүст тараасан гэжээ. 

     Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.Ганбаатар нь хариуцагч М.Төмөрчулуунд холбогдуулан “Хөлсөөр ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэлд 500 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Хариуцагч М.Төмөрчулуун нь нэхэмжлэгч Д.Ганбаатартай 2011 оны 03 дугаар сард “Монгол Ардын намын 90 жилийн ойд зориулав” гэсэн нэртэй гэрэл зургийг угаалгахаар харилцан тохиролцсон байх бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан “Хөлсөөр ажиллах” гэрээний үүрэг үүсчээ.

 

Нэхэмжлэгч Д.Ганбаатар нь хариуцагч М.Төмөрчулууны хүсэлтээр гэрэл зургийг угааж түүнд хүлээлгэн өгсөн болох нь зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан гэрэл зураг зэргээр нотлогдож байна.

 

 Тухайн гэрэл зургийн ширхэг нэг бүрийг 250 төгрөгний үнэтэй угаасан талаар зохигчдын хэн аль нь маргаагүй, харин хэдэн ширхэг зураг угаалгасан, ажлын хөлсөнд нийт хэдэн төгрөг авч, өгөхөөр тохиролцсон талаар зохигчид маргаж байна.

 

Энэ талаар нэхэмжлэгч “...2000 ширхэг зургийг хамгийн бага үнээр буюу нэг ширхэг фото зургийг 250 төгрөгөөр бодож 500 000 төгрөгөөр тохиролцсон. Би эдгээр гэрэл зургийг угаагаад Төмөрчулуунд өөрт нь өгсөн. гэдэг байсан.  Би М.Төмөрчулууныг мөнгөө төлөхийг удаа дараа, олон удаа шаардсан боловч төлнө, эгч нь ажилгүй байна, удахгүй гэсээр 5 жил гаруй хугацаа өнгөрлөө. Хамгийн сүүлд 2016 оны 6 сарын 21-нд утсаар ярьж мөнгөө төлөхийг шаардахад дансаа мессежээр явуулчих гээд одоог хүртэл өгөөгүй, ” гэж, хариуцагч “...2000 ширхэгийг хийлгээгүй. Театр  нэг удаагийн арга хэмжээнд зориулж хэвлүүлсэн. Театрын том заал 425 хүний суудалтай, зарим арга хэмжээний үед хүн дүүрэхгүй үе гарч л байдаг. Хүний суудлаар тооцоход /425*250=106250 төгрөгийн л тооцоо гарах ёстой. Үлдэгдэл тооцоогүй төлөгдсөн байх ёстой. Ганбаатар саяхан 2016 оны 6-р сард сонгууль эхэлсний дараа надад нэхэмжлэх бичиж өгч байсан.     50 000 төгрөг нэхэмжилсэн байсан учраас би дансаа явуулчих гэж хэлсэн нь үнэн. Үүнээс хойш хоёр ч удаа ярьсан. Харин шүүхэд өгөхдөө 500 000 төгрөг болгож нэхэмжилсэн байна. ” гэж тус тус тайлбарлаж мэтгэлцсэн.

 

Хариуцагч М.Төмөрчулуун нь үндсэн үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж тайлбар гаргасан байна.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт “ гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил” байхаар заажээ.

 

Гэвч нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагч М.Төмөрчулууны “ Ганбаатар зурагны үнийг 2012 оноос хойш удаа дараа нэхэж байгаа ч саяхан 2016 оны 6 дугаар сард сонгууль эхэлсний дараа надад нэхэмжлэх бичиж өгч байсан” гэх тайлбараар хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болоогүй, Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан болох нь тогтоогдож байна.

 

Хариуцагч М.Төмөрчулуун нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарынхаа үндэслэлийг шүүхэд баримтаар нотлож чадаагүй, өөрөөр хэлбэл зургийг 425 ширхэг угаалгасан, нийт үнэ нь 50 000 төгрөг болсон гэдгийг нотлох нотлох баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй байна. 

 

Нэхэмжлэгч Д.Ганбаатар нь хөлсөөр ажил гүйцэтгэсэн болох нь, ажлын үр дүнг хариуцагч М.Төмөрчулуун хүлээн авсан хэдий ч  нэхэмжлэгчид ажлын хөлс төлөөгүй болох нь нотлогдож байх тул Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч  нь нэхэмжлэгчид ажлын хөлс төлөх үүрэгтэй гэж үзнэ.

Иймд хариуцагч М.Төмөрчулуунаас 2000 ширхэг зурагны үнэ 500 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Ганбаатарт олгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Нэхэмжлэгч Д.Ганбаатарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 15 650 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Төмөрчулуунаас         15 650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Ганбаатарт олгохоор шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон      

 

ТОГТООХ НЬ:

 

1. Монгол Улсын Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 360 дугаар зүйлийн 360.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Эрхбаялаг овогт Мичиджамбаагийн Төмөрчулуунаас хөлсөөр ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэлд 500 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Тавнан овогт Дондовын Ганбаатарт олгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Ганбаатарын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 15 650 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Төмөрчулуунаас 15 650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Ганбаатарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Ц.ЭРДЭНЭЗУУ