| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2019/0427/Э |
| Дугаар | 433 |
| Огноо | 2019-04-15 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | М.Сансарсайхан |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 433
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Журагат,
улсын яллагч М.Сансарсайхан,
шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Б овогт Б-ын Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 0108 80407 дугаартай, 1 хавтаст хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Б-ын Э нь Монгол Улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, “Энэрэл” эмнэлэгт сантехникч ажилтай, ам бүл 6, эхнэр, 0-4 насны хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хороо, .... тоотод оршин суух, ял шийтгэлгүй.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, ,,,,,,,,, тоот гэртээ эхнэр Ц.О-ийг хүний машин өшиглөж, хүнтэй хэрэлдлээ гэх шалтгаанаар толгойн тус газар нь гараараа цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй гэв.
Хоёр. Эрүүгийн 1908 0108 80407 дугаартай хэргээс:
1.Хохирогч Ц.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 3 дугаар сарын 12-ний өдөр өгсөн:
“...2019 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ...гаднаас нөхөр бид хоёртой дүүргийн спорт хороонд хамт тэмцээн уралдаанд оролцдог Амажаргал ах “хоёр дүү дээрээ ирлээ” гээд орж ирсэн. Бид гурав сууж байгаад ууж идэхээр болж манай нөхөр нэг шил архи авч ирээд хувааж уусан. Амаржаргал ах эхнэрийгээ дуудаад эхнэр нь “Приус-20” машинтай нөхрийгөө авахаар ирсэн. Нөхөр бид хоёр гаргаж өгөхөд хашааны гадна Амаржаргалын эхнэр “манай нөхрийг уруу татаж архи уулгалаа чи” гээд над руу дайраад хэл амаар доромжлоод байхаар нь би машиных нь дугуйг өшиглөөд автал нөхөр уурлаад миний өмсөж байсан куртикийн захаар хоолой боож гэрт дагуулж ороод хувцасны шкафтай хавсарч толгой мөргүүлсэн. ...Тухайн өдөр хүний машин өшиглөж, эхнэртэй нь хэрэлдсэн гэх шалтгаанаар миний өмсөж байсан куртикийн захыг гараараа боож гэр рүү дагуулж ороод хувцасны шкафтай хавсарч, толгойг гараараа зангидаж 2-3 удаа цохиж, өшиглөөд байсан. ...Шинжээчийн дүгнэлтээр гарсан гэмтлийг нөхөр Э учруулсан гэмтэл юм. ...нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралд оролцохгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дүгээр тал),
2. Гэрч Т.Наранцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр өгсөн:
“...2019 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гэртээ байж байтал охин О- утсаар залгаад нөхөр намайг зодоод ...гэхээр нь би яваад очтол хэрүүл болсон байдалтай муудалцаад байж байсан. ...Э эвгүй харьцаатай, согтчихоороо хүүхдүүдтэйгээ эвгүй харьцаад байдаг нь ажиглагддаг. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дүгээр тал),
3. Шүүгдэгч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2019 оны 3 дугаар сарын 21-ны өдөр өгсөн:
“...2019 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ...манай гэрт хамт аялалд явж байгаад танилцсан ах Амаржаргал ирээд сууж байхаар нь хоол унд хийж өгөөд нэг шил архи гаргаж хувааж уусан. Амаржаргал ах дахин нэг шил архи авч өгөөд сууж байтал одоо эхнэр ирж авна гэж байсан. Удалгүй эхнэр нь машинтайгаа ирэхээр нь эхнэр бид хоёр гаргаж өгтөл Амаржаргалын эхнэр “манай нөхрийг уруу татаж архи уулгалаа” гээд аашилсан чинь эхнэр зөрүүлээд “юу яриад байгаа юм бэ” гээд хоорондоо маргалдсан. Эхнэр машиных нь дугуйг өшиглөөд авахаар нь би боль гээд эхнэрээ аваад гэртээ орсон чинь эхнэр “чи айлын хөгшин авгайг өмөөрч, намайг загналаа, хөгшин авгайтайгаа явахгүй юу” гэж аашлаад байхаар нь би толгой руу нь гараараа атгаж байгаад нэг удаа цохих үед цаана нь шкаф таарч цохигдсон. ...Гэмтлийг би гараараа нэг удаа цохиж учруулсан. ...” (хавтаст хэргийн 31-32 дугаар тал),
4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2214 дугаартай дүгнэлтэд:
1. Ц.О-ийн биед тархи доргилт тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /Шинжээч эмч Б.Ариунзул/. ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 22 дугаар тал),
5. Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны хамтарсан багийн хурлын 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн тэмдэглэл (хавтаст хэргийн 59-60 дугаар тал), Аюулын зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 46-47 дугаар тал), Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 48-52 дугаар тал), Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн дуудлагын лавлагаа (хавтаст хэргийн 63 дугаар тал),
6. Шүүгдэгч Б.Э-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 34 дүгээр тал) эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 79 дүгээр тал), Б.Э-ын нэр дээр эд хөрөнгө бүртгэгдээгүй тухай Оюуны өмч, улсын бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 36 дугаар тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 37 дугаар тал), Б.Э-, Ц.О- нарын гэрлэлт бүртгэлтэй тухай лавлагаа (хавтаст хэргийн 38 дугаар тал), Б.Э-ын нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа (хавтаст хэргийн 39 дүгээр тал), “Энэрэл” эмнэлгийн тодорхойлолт (хавтаст хэргийн 42 дугаар тал), Б.Э-ын Хас банкинд эзэмшдэг дансны хуулга (хавтаст хэргийн 68-78 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтыг шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Э-т холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
1.Гэм буруугийн талаар.
Улсын яллагчаас шүүгдэгч Б.Э-т холбогдсон эрүүгийн хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Б.Э нь гэм буруугийн талаар маргаагүй.
Б.Э нь Ц.О-тэй 2005 онд гэр бүл болж, 2009 онд гэрлэлтээ бүртгүүлсэн гэрлэгчид байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд эхнэр, нөхөр, гэрлэгчид, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд ойлгохоор заасан ба шүүгдэгч Б.Э-, Ц.О- нар нь гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд байна.
Шүүгдэгч Б.Э нь нь 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, ,,,,,,,,, тоот гэртээ эхнэр Ц.О-ийг хүний машин өшиглөж, хүнтэй хэрэлдлээ гэх шалтгаанаар толгойн тус газар нь гараараа цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
-хохирогч Ц.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Амаржаргалын эхнэр нь манай нөхрийг уруу татаж архи уулгалаа чи гээд над руу дайраад хэл амаар доромжлоод байхаар нь би машиных нь дугуйг өшиглөөд автал нөхөр уурлаад миний өмсөж байсан куртикийн захаар хоолой боож гэрт дагуулж ороод хувцасны шкафтай хавсарч толгой мөргүүлсэн. ...толгойг гараараа зангидаж байгаад 2-3 удаа цохиж, өшиглөсөн. ...гэмтлийг нөхөр Э гараа атгаж байгаад 2-3 удаа цохиж учруулсан ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дүгээр тал),
-гэрч Т.Наранцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гэртээ байж байтал охин О- утсаар залгаад нөхөр намайг зодоод байна гэсэн. ...би яваад очтол хэрүүл болсон байдалтай муудалцаад байж байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дүгээр тал),
-шүүгдэгч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Амаржаргалын эхнэр манай нөхрийг уруу татаж архи уулгалаа гээд аашилсан чинь эхнэр зөрүүлээд юу яриад байгаа юм бэ гээд хоорондоо маргалдаж байтал эхнэр машиных нь дугуйг өшиглөөд авахаар нь би боль гээд эхнэрээ аваад гэртээ орсон чинь эхнэр “чи айлын хөгшин авгайг өмөөрч, намайг загналаа, хөгшин авгайтайгаа явахгүй юу гэж аашлахаар нь би толгой руу нь гараараа атгаж байгаад нэг удаа цохисан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дугаар тал), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2214 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 22 дугаар тал), Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 59-60 дугаар тал), Аюулын зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 46-47 дугаар тал), Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 48-52 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан судалж үзвэл хохирогч Ц.О-, шүүгдэгч Б.Э нар нь хамтдаа архидан согтуурсан байх бөгөөд гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь согтуурсан байдал, гэр бүлийн таарамжгүй харьцаа зэрэг нөлөөлсөн байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор заасан.
Шүүгдэгч Б.Э нь эхнэр буюу хохирогч Ц.О-ийг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Э-ыг дээрх зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэстэй байна
Шүүгдэгч Б.Э нь хохирогч Ц.О-ийн бие махбодид хөнгөн хохирол учруулсан байх боловч хохирогч Ц.О- нь хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй, мөн хохирогчоор “нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тогтоолд дурдав.
2. Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагчаас дүгнэлтдээ “шүүгдэгч Б.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 мянган төгрөгөөр торгох ял оногдуулах гэсэн дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Б.Э нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй.
Шүүгдэгч Б.Э нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар урьд ял шийтгэлгүй байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.
Шүүхээс шүүгдэгч Б.Э-ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, “Энэрэл” эмнэлэгт ажил эрхэлдэг зэрэг хувийн байдлыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Б-ын Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгохыг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Ц.О- нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хохирогч, шүүгдэгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ялтан Б.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА