| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цамбын Эрдэнэзуу |
| Хэргийн индекс | 147/2016/0479/и |
| Дугаар | 476 |
| Огноо | 2016-12-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 476
СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН
ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ
ШҮҮХИЙН ШИЙДВЭР
2016 оны 12 дугаар
сарын 16-ны өдөр Дугаар 476 Баруун-Урт
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг, Хайлааст гэх газар нутаглах /РД: ЛЮ56112472, утасны дугаар 94153575/, Гүр овогт Шаравын Оросжаргалын
“Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай хүсэлтийг 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Х.Бат-Эрдэнэ оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ш.Оросжаргал нь шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ: Миний бие 1985 оноос 1991 он хүртэл Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Худалдаа бэлтгэлийн ангид манаачаар ажиллаж байсан. Гэтэл одоо хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэний улмаас ажилласан хугацаагаа шүүхээр баталгаажуулах шаардлагатай болоод байна. Иймд тухайн үеийн цалингийн түүвэр болох Сүхбаатар аймгийн архивын тасгийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 185/15 тоот лавлагаа, гэрчийн мэдүүлгүүдийг үндэслэн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1985 оны 10 сарын 01-ний өдрөөс 1991 оны 11 сар хүртэл манаачаар ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Гүр овогт Шаравын Оросжаргал нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1985 оны 10 сарын 01-ний өдрөөс 1991 оны 11 сар хүртэл манаачаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Ш.Оросжаргал нь “Миний бие нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд хөдөө амьдардаг, цас зуд ихтэй байгаа учраас шүүх хуралдаанд оролцох боломжгүй байх тул намайг оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.
Хүсэлт гаргагч Гүр овогт Шаравын Оросжаргал нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1985 оны 10 сарын 01-ний өдрөөс 1991 оны 11 сарыг дуустал манаачаар ажиллаж байсан болох нь Сүхбаатар аймгийн архивын тасгийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 185/15 тоот лавлагаа,
гэрч Хатгин овогт Хайдавын Мөнхбат/ РД:ЛЗ59041762/-ын шүүхэд мэдүүлсэн: “Ш.Оросжаргалыг нэг нутгийн хүмүүс болохоор багаас нь танина. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1985-1991 оныг дуустал манаачаар ажиллаж байсан. 1992 онд Худалдаа бэлтгэлийн анги хувьчлагдаад анги тарсан. Би Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын “Худалдаа бэлтгэлийн ангид” ногооны талбай дээр 1979 оноос эхлэн тухайн анги хувьчлагдтал нь ажилласан. Тэрээр тасралтгүй ажилласан” гэх мэдүүлэг,
гэрч Хатгин овогт Сугарын Эрдэнэжимс / РД:ЛЗ70021563/-ийн шүүхэд мэдүүлсэн: “Ш.Оросжаргал бид нэг нутгийн хүмүүс учраас түүнийг сайн танина. Сүхбаатар сумын “худалдаа бэлтгэлийн ангид” хамт ажиллаж байсан. Ш.Оросжаргал нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1985-1991 оныг дуустал манаачаар ажиллаж байсан. Би Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Худалдаа бэлтгэлийн ангид цэвэрлэгчээр 1986-1992 он хүртэл ажиллаж байсан” гэх мэдүүлгээр тус тус нотлогдож байна.
Иймд хүсэлт гаргагч Ш.Оросжаргалын хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Гүр овогт Шаравын Оросжаргал нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1985 оны 10 сарын 01-ний өдрөөс 1991 оны 11 сарыг дуустал манаачаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ш.Оросжаргал нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ