Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 00031

 

Ц.Намжилсүрэнд холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс 179/2017/0258/Э/

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч С.Уранчимэг, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

           Шүүгдэгч:Ц.Н,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: В.Э,

Нарийн бичгийн дарга: Э.М нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 238 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч Ц.Н-д холбогдох 1738001070038 дугаартай эрүүгийн хэргийг дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1991 оны 7 дугаар сарын 31-ний өдөр  төрсөн, 26 настай, эмэгтэй, ял шийтгэлгүй, Х овогт Ц-ийн Н /регистрийн дугаар ................../.

Шүүдэгч Ц.Н-нь 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн 19-13 тоотод иргэн Ж.Д-г хулгай хийлээ гэх шалтгааны улмаас зодож биед нь тархи доргилт, баруун, зүүн бугалга, шуу, нуруу, баруун, зүүн гуя, зүүн тавхай хэсгийг нэлэнхүйд нь хамарсан цус хуралт, зүүн мөр, нуруунд зулгаралт, нэг хурууны хумсны мултрал, шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 238 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х овогт Ц-н Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н-г 01 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Н-нд оногдуулсан 01 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлж, Эрүүгийн 1738001070038 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор эсэргүүцэлдээ: ... Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч Ц.Н-нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, эрх бүхий байгууллагын хяналтанд өөрийн оршин суух газраас явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Н-нд оногдуулсан 01 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хууль дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйл “2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ” гэсэн заалтыг зөрчсөн байна.

Иймд Ц.Н-нд холбогдох хэргийн Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 238 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Ц.Н- нь 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн 19-13 тоотод иргэн Ж.Д-г хулгай хийлээ гэх шалтгааны улмаас зодож биед нь тархи доргилт, баруун зүүн бугалга, шуу, нуруу, баруун зүүн гуя, зүүн тавхай хэсгийг нэлэнхүйд нь хамарсан цус хуралт, зүүн мөр, нуруунд зулгаралт, нэг хурууны хумсны мултрал, шарх бүхий хөнгөн хохирол гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 238 дугаартай шийтгэх тогтоолоор “шүүгдэгч Х овогт Ц-н Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н-г 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорих үүргийг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Н-д оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлж” шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч В.Э-с анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоос зөрүүтэй шийтгэх тогтоолыг гаргаж ирүүлсэн ба “...илтгэгч шүүгчийн уншиж танилцуулсан тогтоолыг надад гардуулаагүй...” гэж тайлбарлаж байна. Энэ нь анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэн Ц.Н-д холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцсэн хэдий ч эсэргүүцэлд дурдагдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгоогүй тул прокурорын эсэргүүцлийг хүлээн аваагүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1.8, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 238 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Б.СОСОРБАРАМ

            ШҮҮГЧИД                                                               С.УРАНЧИМЭГ

                                                                       Н.БАЯРХҮҮ