Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 02

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Сант сумын 2 дугаар багт оршин суугч иргэн М овогт М. Х нэхэмжлэлтэй

 Хариуцагч: Өвөрхангай аймгийн Сант сумын улсын бүртгэлийн ажилтанд холбогдох

“М овогтой Х-г Г.Х болгон улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг Сант сумын улсын бүртгэлийн ажилтанд даалгах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Х, хариуцагч Өвөрхангай аймгийн Сант сумын улсын бүртгэлийн ажилтан Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэхэмжлэгч М.Х  шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 1964 онд Б.Г ын ууган хүү болж төрсөн. Би айлын том хүү байгаа юм. Миний дүү 1967 онд төрсөн, надаас 3 дүү хүн байсан. Дүү маань ноднин нас барсан. Би 18 настай паспорт авахдаа Г ын Х  байсан юм. Тэгээд 45 насандаа паспортны сунгалт хийлгэхэд миний овгийг Мангалын Х  гэж бүртгэсэн байсан. Иймд миний овог нэр М овогтой Х ыг Г-н Х  болгож өгөхийг улсын бүртгэлийн ажилтанд даалгах нэхэмжлэл тус шүүхэд гаргасан. Нэхэмжлэлээ дэмжиж байна Би 45 насандаа паспорт сунгуулахдаа өөрөө биечлэн очоогүй. Харин паспортоо тухайн үед нарийн бичгийн даргаар ажиллаж байсан охинд өгсөн юм. Би тухайн үед ХААТР маягт бөглөөгүй. Бичиг баримт Мангал гэдэг овогтой болоод ирэхэд би тухайн үед нь хөөцөлдөөгүй. Ж миний ээж юм. Харин Г гэдэг хүн бол миний хойд аав байсан. Би ээжтэйгээ Г гэдэг айлд очиж байсан. Харин Б-х гэдэг айл Г, Г гэдэг 2 хүүхэдтэй байсан. Би өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл бичиг баримт зөрчилтэй болоод байгаа. Өөр Г  гэдэг нэртэй хүн манай суманд байхгүй. Мангал миний төрсөн эцэг биш. Би тийм хүн танихгүй. Манай суманд Мангал гэдэг нэртэй хүн байдаггүй. Би төрсөн эцгээ мэдэхгүй. Миний эцэг Г ыг Мангал гэж дууддаггүй байсан” гэв.

Хариуцагч Өвөрхангай аймгийн Сант сумын улсын бүртгэлийн ажилтан Ц.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:” ...Нэхэмжлэгч Х  нь 1964 онд өөрийн эх Ж-р овоглож байсан юм билээ. Тэгээд 1987 оны хүн амын тооллогоор Мангал овогтой Х  гэж бүртгэгдсэн байсан. Харин 2001 онд цэнхэр үнэмлэх олгоход Г овогтой болж өөрчлөгдсөн байсан. Мөн 45 насны паспортны сунгалт дээр Г  овогтой тус тус бүртгэгдсэн байна. Ингээд 2010 оны шинэчилсэн бүртгэлээр М овгтой Х  болж бүртгэгдсэн байдаг. Би бодохдоо Х ыг 1980-1987 оны хооронд овог, нэр нь өөрчлөгдсөн бүртгэл хийгдсэн байх гэж бодож байна. Би өөрөө өнөөдөр аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн архивын баримтыг ухаж үзсэн. Нэхэмжлэгч Х  гуайн бичиг баримтынх нь учир сайн тайлагдаж өгөхгүй л байна. Мөн Х ыг шүүхэд хандахгүйгээр эхлээд улсын бүртгэлийн ажилтандаа хандаж болох байсан гэдгийг хэлмээр байна. Би таныг шүүхэд эхэлж хандахгүйгээр овог, нэр өөрчлөх нь зүгээр байсан юм биш үү? гэж бодож байна” гэв.

Хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанаар гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчээс тус шүүхэд хандан “М овогтой Х ыг Г-н Х  болгон улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг Сант сумын улсын бүртгэлийн ажилтанд даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-3.1.6-д зааснаар улсын бүртгэлийг үнэн зөв, бодитой бөгөөд нотлох баримтанд үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх бөгөөд энэ нь иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх зарчимтай.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад: Нэхэмжлэгч М.Х [1]-ын

Нэг. Төрсний бүртгэлийн “Эцгийн нэр” хэсэгт бүртгэлгүй, “Эхийн нэр” хэсэгт “Д.Ж” хэмээх гэр бүлд 1964 оны 07 дугаар сарын 18-ны өдөр төрснийг /хүйсийг тодорхойлсон тэмдэглэгээ хийгээгүй/ 1964 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Сант сумын төрөлтийн бүртгэлийн 0067 дугаарт бүртгэсэн бүртгэл байгааг тодорхойлсон төрсний лавлагаа[2]-г нэхэмжлэгч тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хавсарган ирүүлжээ.

Хоёр. Үндэсний төв архивт хадгалагдаж буй Монгол Улсын хүн амын тооллогын 1989 оны бүртгэлд “Өвөрхангай аймгийн Сант сумын оршин суугч Г ын Х  эрэгтэй, 24 настай, Ц.Д эмэгтэй, 19 настай” гэж бүртгэгдсэн болох нь Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 03/2/04 дугаарын лавлагаа[3]-гаар нотлогдож байна.

Гурав. Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 57 дугаар албан бичгээр ирүүлсэн мэдээлэлд нэхэмжлэгч нь

  • 1980 онд улаан паспорт авч байсан маягт-7 дээр “Г ын Х ”,
  • 1987 онд регистрийн дугаарт орсон ХААТР-1 маягт буюу үндэсний мэдээллийн санд “Мангалын Х ”,
  • 2001 онд авч байсан цэнхэр иргэний үнэмлэх дээр “Г ын Х ”,
  • 2010 онд хийсэн Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэл бүртгүүлэхдээ “Мангалын Х ” гэх нэрээр тус тус бүртгүүлсэн байгааг тусгасан байна.

Дөрөв. Нэхэмжлэгч М.Х ын төрсний бүртгэлийн “Эхийн-эцэг/эх/-ийн нэр, Нэр” хэсэгт бүртгэгдсэн “Д.Ж”-ын гэрлэлтийн бүртгэлийн лавлагааг тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулахад Б.Г, Д.Ж нарын 1967 оны 05 дугаар сарын 13-нд гэр бүл болсныг Өвөрхангай аймгийн Сант сумын гэрлэлтийн бүртгэлийн 01 дүгээрт 1968 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр бүртгэсэн бүртгэл байгаа талаарх лавлагаа[4]-г ирүүлжээ.

Дээрх баримтуудаас харахад нэхэмжлэгч Х  нь анх өөрийн төрсөн эх Ж овоглон төрсний бүртгэлд бүртгэгдсэн байх ба түүнийг 2 нас 9 сартай байхад нь буюу 1967 оны 5 дугаар сарын 13-нд ээж Д.Ж нь Б-н Г гэгчтэй гэр бүл болсон болох нь дээр дурьдсан лавлагаа болон нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан “Ж  миний ээж юм. Харин Г  гэдэг хүн бол миний хойд аав байсан. Би ээжтэйгээ Г  гэдэг айлд очиж байсан...” гэх тайлбараар давхар нотлогдож байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь өөрийн төрсөн эх Д.Ж аар овоглож байгаад 1980 онд 16 насанд хүрч Монгол Улсын иргэний паспорт /тухайн үеийн нэрээр/ авахаар “Маягт-7” баримтыг, 2001 онд цэнхэр иргэний үнэмлэх авахаар холбогдох маягтыг тус тус хөтлөхдөө өөрийн “эцгийн нэр” хэсэгт хойд эцэг Б.Г оор овоглон бүртгэлд оруулуулжээ.

Харин 1987 онд регистрийн дугаар олгоход болон 2010 онд иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлэхдээ “Мангал” хэмээх нэрийг “Эцгийн нэр” хэсэгт бүртгүүлсэн нь ойлгомжгүй байна. Тодруулбал: Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа өөрийн төрсөн эцгийг танихгүй, хэн гэдэг хүн байдгийг мэдэхгүй бөгөөд Мангал гэдэг хүнийг ч танихгүй хэмээн тайлбарлаж байх ба түүний төрсний болон хүн амын тооллогын бүртгэлд бүртгүүлсэн “Эцгийн нэр” хэсэгт “Мангал” хэмээх нэр бүртгэгдээгүй байна. 

Мөн нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан “Би 45 насандаа паспорт сунгуулахдаа өөрөө биечлэн очоогүй. Харин паспортоо тухайн үед нарийн бичгийн даргаар ажиллаж байсан охинд өгсөн юм. Би тухайн үед ХААТР маягтыг өөрөө бөглөөгүй” гэх тайлбараас үзэхэд нэхэмжлэгч нь Иргэний бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т зааснаар иргэний үнэмлэх авах өргөдлөө бичиж өгөх үүргээ гүйцэтгээгүй, хайхрамжгүй хандсанаас түүний эцгийн нэр өөрчлөгдөн бүртгэгдэхэд нөхцлийг бүрдүүлжээ.

Шүүх нь “хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох” эрхэм зорилготой[5] бөгөөд иргэний бүртгэлтэй холбоотой үүссэн маргааныг шүүх харъяалан шийдвэрлэх[6] ба Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.5-д зааснаар улсын бүртгэлийн талаар шүүхээс гаргасан шийдвэрийн дагуу улсын бүртгэлд өөрчлөлт, тэмдэглэл хийж, шийдвэрийг бүртгэлийн хувийн хэрэгт хавсарган хадгалж баяжилт хийх эрхийг улсын бүртгэгч эдлэнэ.

Харин Иргэний бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1-д зааснаар “төрсний”, 11.2.7-д зааснаар “овог, эцгийн нэр, нэр өөрчилсний” бүртгэл нь тус тус иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийн нэг төрөл байна. Нөгөө талаар Иргэний бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2, 29.1.5-д зааснаар Монгол улсын иргэний “төрсний”, “овог, эцгийн нэр, нэр өөрчилсний” талаарх мэдээлэл нь Иргэний бүртгэл, мэдээллийн сангийн агуулгад хамаарч байна.

Тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 00/004357 дугаар лавлагаа болон 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 57 дугаар албан бичгээр ирүүлсэн нэхэмжлэгчийн төрсний болон бусад бүртгэлийн талаарх мэдээлэлд Ж ын Х  нь өөрийн эцгийн нэрийг өөрчлүүлсэн талаарх мэдээлэл агуулагдаагүй байна.

Хэдийгээр улсын бүртгэлийн байгууллагаас нэхэмжлэгчид Монгол Улсын иргэний улаан паспорт, цэнхэр иргэний үнэмлэх болон одоогийн иргэний үнэмлэхүүдийг олгохдоо түүний эцгийн нэрийг “Мангал” болон “Г ” хэмээх нэрээр овоглон олгож байсан ч түүний үндсэн бүртгэл буюу төрсний бүртгэлд “Ж ын Х ” хэмээх бүртгэлийг хуульд нийцүүлэн хийсэн бүртгэл болох нь Д.Ж ын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа болон нэхэмжлэгчийн  “Ж  миний ээж юм. ...Г  гэдэг хүн бол миний хойд аав байсан. Би ээжтэйгээ Г  гэдэг айлд очиж байсан” гэх тайлбараар тус тус нотлогдож байна.

1999 оны 10 дугаар сарын 14-ний өдөр батлагдсан Иргэний бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д зааснаар улсын бүртгэлийн ажилтан нь Засаг даргын захирамжийг үндэслэн иргэний эцгийн нэр өөрчилснийг бүртгэх үүрэгтэй ч нэхэмжлэгчийн эцгийн нэр нь түүнд 1980 онд иргэний /улаан/ паспорт олгосон үеэс эхлэн өөрчлөгдсөн[7] байх тул шүүх хариуцагчаас энэхүү хууль батлагдахаас 19 жилийн өмнө болсон үйл явдлыг нотлох баримтыг хожим батлагдсан хуулийн шаардлагад нийцүүлэн шаардах боломжгүй юм.    

Улсын бүртгэлийн хэлтсийн архивт хадгалагдаж буй нотлох баримтаас харахад нэхэмжлэгчийн овгийг “Ж ын” гэж өөрчлөх учиртай байх боловч нэхэмжлэгч нь “Г ын” гэж өөрчлүүлэхийг шаардаж байх тул шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчийн маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй юм.

Иймд шүүхээс Монгол Улсын иргэн М овогт М.Х ын  “М овогтой Х ыг Г ын Х  болгон улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг Сант сумын улсын бүртгэлийн ажилтанд даалгах-ыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. 

Иргэний бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйл, Хууль зүйн сайдын 2014 оны А/61 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Иргэний овог, эцэг /эх/-ийн нэр, нэр өөрчлөх журмын 2 дахь хэсэгт зааснаар Монгол Улсын иргэн нь өөрийн овог, эцэг /эх/-ийн нэр, нэрийг тус бүр 1 удаа өөрчлүүлэх эрхтэй байна. Тиймээс нэхэмжлэгч нь дээрх хууль болон журамд зааснаар оршин суугаа газрынхаа улсын бүртгэгчид хандан өөрийн эцгийн нэрийг өөрчлүүлэх тухай хүсэлтээ гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.5, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1, 11.2.7, 29 дүгээр зүйлийн 29.1.2, 29.1.5, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Х ын  “М овогтой Х ыг Г ын Х  болгон улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг Сант сумын улсын бүртгэлийн ажилтанд даалгах-ыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.     

2. Захиргааны  хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч М.Х ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, давж заалдах журмаар гомдол гаргаагүй этгээд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг тус тус дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.БАТЧИМЭГ

 

 

 


[1] Хэргийн 3 дугаар хуудас. Иргэний үнэмлэхэд бичигдсэн нэрээр бичив.

[2] Хэргийн 4 дүгээр хуудас.

[3] Хэргийн 22 дугаар хуудас.

[4] Хэргийн 33 дугаар хуудас.

[5] Шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэг.

[6] Иргэний бүртгэлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг.

[7] Монгол Улсын иргэний /улаан/ паспорт нь нэхэмжлэгчид 1980 онд буюу энэхүү Иргэний бүртгэлийн тухай хууль батлагдахаас 19 жилийн өмнө олгогдсон байна.