Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2021/0302

 

Б.М-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч Б.М, хариуцагч Д.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 232 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу Б.М-ийн гомдолтой, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.С-д холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Оюумаагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 232 дугаар шийдвэрээр:

“...Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2, Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.5 дахь хэсэгт заасныг баримтлан Б.М-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын Татварын улсын байцаагчийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 0173606 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож...” шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Адавж заалдах гомдолдоо:

“...2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Ерөнхий Аудиторын “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайланд аудит хийхэд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4, 49 дүгээр зүйлийн 49.3, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн зөрчилд хуульд заасан хариуцлага хүлээлгэж, хэрхэн шийдвэрлэсэн талаар хариу ирүүлнэ үү” гэх албан бичгийн дагуу Зөрчлийн хэрэг нээн , зөрчил шалган шийдвэрлэж 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 0173606 тоот шийтгэлийн хуудсыг бичсэн.

Дараах үндэслэлийн дагуу шүүхийн шийдвэрт гомдол гаргаж байна.

1. Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж хууль бус шийдвэр гаргасан . 2020 оны Улсын Их Хурлын сонгуулийн 29 дүгээр тойрогт “Зөв хүн электорат эвсэл”-ээс нэр дэвшигч Б.М-т Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 4-д “Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй”, 49 дүгээр зүйлийн 3-д “Сонгуулийн зардлын мөнгөн хөрөнгийг энэ хуульд заасны дагуу нээлгэсэн сонгуулийн зардлын дансанд төвлөрүүлж, зарцуулна” гэж заасныг зөрчсөн тул Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно ...” гэсэн заалтыг үндэслэн 10,000,000.00 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан. Нэхэмжлэгч сонгуулийн зардлын дансны дугаар , банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй байсан гэтэл энэ үүргээ биелүүлээгүй гэдгээ нэхэмжлэлийн тайлбар, шүүх дээр гаргасан тайлбар зэрэгтээ дурдсан байдаг. Анхан шатны шүүх хурал дээр уг асуудал дээр нэхэмжлэгч маргаагүй. Бүртгэлжүүлэх эрх бүхий байгууллага нь Б.М-ийг Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4, 49 дүгээр зүйлийн 49.3 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй талаар гэрчилж холбогдох мэргэжилтнээр гэрчийн мэдүүлэг өгүүлсэн нь баримтаар нотлогддог. Гэтэл анхан шатны шүүх Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4, 49 дүгээр зүйлийн 49.3 дахь хэсгийг зөрчсөн зөрчлийг нэр дэвшигчийн Үндэсний аудитын газарт хүргүүлсэн сонгуулийн зардлын дансны хураангуй, “А” ХХК-ийн аудитын тайлан зэрэг нотлох баримтуудаар няцаагдаж байна гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Учир нь дансны зардлын хураангүй, аудитын тайлан өгөхөөс өмнө хуульд заасан хугацаанд хий байгууллагад дансны мэдээлэл буюу дансны нэр, дугаарыг өгч хуулийн дагуу нээлгэсэн тэрхүү дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах үүргээ биелүүлээгүй гэж эрх зарцуулах үүрэгтэй байсан ч хуульд заасан энэ үүргээ биелүүлээгүй гэж хариуцагч тогтоосон юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь зөвхөн төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлсэн зардлын дансаар мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж зарцуулах үүрэгтэй байсан ч хуульд заасан энэ үүргээ биелүүлээгүй.

2. Анхан шатны шүүх нэхэмжлэгчид зөрчил шалган шийдвэрлүүлэх ажиллагааны эрхийг эдлүүлээгүй байна гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иргэн Б.М нь шүүхэд гаргасан гомдолдоо эрх бүхий албан тушаалтан Д.С нь зөрчил шалган шийдвэрлэж журмыг зөрчиж, ямар ч мэдүүлэг, тайлбар авалгүй, хуульд заасан эрхийг эдлүүлэхгүйгээр шийтгэл оногдуулсан гэх тайлбарыг үндэслэлтэй хэмээн шүүх үзсэн. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3-д “Холбогдогч дараахь үүрэгтэй: 3.1. шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтны дуудсан цагт хүрэлцэн ирэх. 3.2. шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтан шийдвэр, хууль ёсны шаардлагыг биелүүлэх” гэж заасан үүргийг биелүүлээгүй.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Холбогдогчийг дуудах хуудсаар, эсхүл харилцаа холбооны хэрэгсэл ашиглан дуудаж болно” гэж заасан байдаг. Иргэн Б.М-ийг ирж уулзан, холбогдогчийн мэдүүлэг өгөх талаар дараах байдлаар удаа дараа ажиллагаа хийсэн. Үүнд: 1. 2020 оны 12 дугаар сарын 14, 15-ны өдөр утсаар хэлж мэдэгдсэн боловч “Менежерээ явуулъя, би өөрөө ийм ажилд цаг зарцуулмааргүй байна. Очиж чадахгүй ” гэсэн хариулт өгсөн.

2. 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хуулийн зөвлөх Ч.Нямсүрэн Б.М-ийн утас руу залгаж өмгөөлөгчтэйгээ ирж холбогдогчийн мэдүүлэг өгөх талаар ярьсан боловч мөн очиж чадахгүй гэсэн.

3. 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 11 цаг 35 минутад 2 удаа залгахад утсаа аваагүй.

4. 2020 оны 12 дугаар сарын 21, 22 ны өдөр 6 удаа залгахад утсаа аваагүй.

5. 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр залгахад эхний удаа утсаа аваагүй, дахин залгахад /19 цаг 04 мин/ утсаа авч холбогдогчийн мэдүүлгээ даруй ирж өгөхийг шаардахад “Очиж чадахгүй ээ, албадлагын арга хэмжээгээ авбал аваарай” гэж хариулсан.

6. 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 17 цаг 12 минутад залгахад утсаа аваагүй.

7. 2021 оны 01 дүгээр сарын 05, 06, 07, 08, 11-ний өдөр залгахад утсаа аваагүй байдаг.

Эндээс үзвэл нэхэмжлэгчид Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2-т заасан эрхээ эдлэх боломж бүрэн байсаар байтал өөрийн буруутай үйлдэл, үл тоосон байдал, хуульд заасан үүргээ биелүүлээгүйгээс болж гомдол гаргаж байгааг зөвтгөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн холбогдогчийн эрхийг эдлүүлэх бүрэн нөхцөл боломжийг олгосон. Хариуцагчийн үүргээ гүйцэтгээгүй байж эрхээ эдлээгүй гэж гомдож байгаа нь өөрөө логикгүй юм. Ямар зөрчилд холбогдсон тухайг нь мэдэгдэж зөрчлийн хэрэгтэй танилцах, өөрийгөө өмгөөлж тайлбар мэдүүлэг өгөхийг удаа дараа хүссэн баримт нь тэмдэглэл хэсэг дээр баталгаажин хэрэгт авагдсан байгаа болно. Эрх бүхий этгээд хуульд заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад, хэвээр үлдээж шийдвэрлэв.

2020 оны Улсын Их Хурлын сонгуулийн 29 дүгээр тойрогт “Зөв хүн электорат эвсэл”-ээс нэр дэвшигч Б.М-ийг Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.С-ийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 0173606 дугаартай шийтгэлийн хуудсаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуулийг зөрчиж, сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийн мэдээллийг Үндэсний Аудитын газарт бүртгүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй гэх үндэслэлээр 10,000,000.00 /арван сая/ төгрөгөөр торгосонд Б.М-ээс эс зөвшөөрч тус шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахыг хүссэн гомдлын шаардлага гарган маргасныг анхан шатны шүүх шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь нотлох баримтыг зөв үнэлсэн, хууль зүйн үндэслэл бүхий байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл маргаан бүхий шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэх заалтыг баримтлан шийтгэл оногдуулжээ.

Хэдийгээр хариуцагчийн давж заалдах гомдолдоо Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 4-д “Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй”, 49 дүгээр зүйлийн 3-д “Сонгуулийн зардлын мөнгөн хөрөнгийг энэ хуульд заасны дагуу нээлгэсэн сонгуулийн зардлын дансанд төвлөрүүлж, зарцуулна” гэж заасныг зөрчсөн хэмээн тайлбарлаж байгаа нь тогтоогдсон, хэргийн оролцогчид энэ талаар маргадаггүй, гомдол гаргагч Б.М хуульд заасан үүргээ биелүүлээгүй байгааг үгүйсгэх боломжгүй.

Гэвч уг хэрэг нь шийтгэлийн хуудаст баримталсан заалтаас үзвэл зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн тухайд маргаж байх бөгөөд энэ тохиолдлыг Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/45 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журмаар илүү нарийвчлан зохицуулсан бөгөөд 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаас үзвэл тухайн журам нь нэр дэвшигч сонгуулийн санхүүжилтээ хуулиар хүлээн зөвшөөрсөн, бодитой эх үүсвэрээс бүрдүүлж, зориулалтын дагуу зарцуулсан талаар тайлагнахтай холбоотой буюу хууль бус данс нээж, хандив цуглуулж, төвлөрүүлэхийг хориглох, хязгаарлах зорилго бүхий зохицуулалтыг агуулжээ.

Мөн журмын 3 дугаар зүйлийн 3.1 болон Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар сонгуульд оролцож байгаа нам, эвсэл болон нэр дэвшигч тус бүр улсын хэмжээнд сонгуулийн зардлын төгрөгийн нэг данстай байна гэж тус тус зааснаар нэр дэвшигч нь сонгуулийн зардлын нэг данстай байх бөгөөд харин давхар данс нээхийг хориглосон.

Анхан шатны шүүх гомдол гаргагч Б.М-ийг Үндэсний Аудитын газарт тайлагнасан 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн “Нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайлангийн хураангуй” болон “А” ХХК-ийн гүйцэтгэсэн “Хараат бус аудиторын дэлгэрэнгүй тайлан” зэрэг бичгийн нотлох баримтуудаар нэр дэвшигч нь сонгуулийн зардлын тайланг үнэн зөв, иж бүрэн материаллаг алдаагүй илэрхийлсэн гэж зөв дүгнэсэн ба зөвхөн нэг сонгуулийн зардлын данс ашигласан болох нь тогтоогдож байх тул Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасан сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн гэж шууд дүгнэх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл, гомдол гаргагч Б.М сонгуулийн зардалд ашиглахаар нээсэн дансаа бүртгүүлээгүй боловч Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу нэг данс ашигласан, хуульд заасан хугацаанд алдаа дутагдалгүйгээр тухайн зардлын тайланг гаргаж, сонгуулийн санхүүжилтээ хуулиар хүлээн зөвшөөрсөн, бодитой эх үүсвэрээс бүрдүүлж, зориулалтын дагуу зарцуулсан талаар тайлагнах хуулийн зорилго, шаардлагыг хангасан болох нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримт, 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн гэрч Д.Б-ийн мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул шийтгэлийн хуудсыг зөвтгөх боломжгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Нөгөөтээгүүр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2-т “Зөрчил шалгах ажиллагаа нь ... эд зүйлд үзлэг хийх, баримт бичиг, мэдээлэл гаргуулан авах, эд зүйл, баримт бичгийг хураан авах, ..., мэдүүлэг авах, ... ажиллагаанаас бүрдэнэ.” гэж зааснаар эрх бүхий албан тушаалтан зөрчил илэрсэн нөхцөлийг хуульд заасан ажиллагааг бүрэн хийж, тогтоох шаардлагатай.

Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд зааснаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах шаардлагагүй болох нь тогтоогдсон, хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх ажиллагаа хийгээгүй байхад 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Холбогдогч дараахь эрхтэй:” 2.3 дахь хэсэгт “эх хэлээрээ, эсхүл сайн мэдэх хэлээрээ мэдүүлэг өгөх, орчуулагч, хэлмэрч авах” гэж зааснаар холбогдогчид зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах эрхийг эдлүүлэх, хариуцагчаас цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан, хуульд нийцүүлэн ажиллагааг явуулах ёстой байжээ.

Тодруулбал Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.16 дугаар зүйлийн 2-т “Холбогдогчийг дуудах хуудсаар, эсхүл харилцаа холбооны хэрэгсэл ашиглан дуудаж болно.” гэж заасан тул холбогдогчийг утсаар дуудсан боловч ирээгүй учир шийтгэлийн хуудсыг гаргасан гэх тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй буюу мөн хуулийн 4.16 дугаар зүйлийн 5-д “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн холбогдогч дуудсан цагт ирээгүй бол түүнийг албадан ирүүлнэ.”, 4.8 дугаар зүйлийн 2-д “Мэдүүлгийг тухайн хүнийг эрх бүхий байгууллагад ирүүлэн, эсхүл тухайн хүний байгаа газарт авч болно.” гэж тус тус заасныг баримтлан шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж тайлбар, мэдүүлэг авч шийдвэр гарган танилцуулах байтал энэхүү үүргээ биелүүлээгүй байх тул анхан шатны шүүхийн “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан холбогдогчийн эрхийг эдлүүлээгүй, мөн хуулийн 1.13 дугаар зүйлд заасан хүсэлт гаргах болон 6.9 дүгээр зүйлд заасан зөрчлийн хэрэгтэй танилцуулах зэрэг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг хэрэгжүүлж ажиллаагүй байна.” гэх дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 232 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарласан гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн  захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                          Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                          Д.ОЮУМАА