Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 269

 

“Өгөөмөр-9” СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Т.Туяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2016/05722 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Өгөөмөр-9” СӨХ,

Хариуцагч С.Энхтуяад холбогдох,

 

“Өгөөмөр-9” СӨХ-ны тамга, тэмдэг, гэрчилгээг гаргуулах, ажлын байрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагч С.Энхтуяагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Бямбамаа,

Хариуцагч С.Энхтуяа,

Хариуцагчийн өмгөөлөгч Т.Мөнхтуяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний төлөөлөгч Б.Бямбамаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 06 дугаар сард тус СӨХ-ны Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон боловч намайг ажилд огт оролцуулаагүй, сүүлд намайг хассан гэж хэлсэн. 2015 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны СӨХ-дуудтай уулзсан.  Би СОТ-2 байрны 23 тоотод амьдардаг. Уг хурал дээр сууц өмчлөгч нар СӨХ-ны гүйцэтгэх захирал С.Энхтуяатай маргалдсан, хурлын дундуур СӨХ-ны гүйцэтгэх захирал хурлыг хаяж гарч явсан.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас СӨХ-ны бүх гишүүдийн хурлыг сууц өмчлөгчдийн  1/3 хувь нь зарлаж хуралдуулж, захирлыг халах асуудлыг хэлэлцэж  болно гэсэн тул тэндээ бид хурлаа зарлаж, товоо тогтоож, орцуудад хурлын зар, хэлэлцэх асуудлын талаар бичиж  наасан.  4 дүгээр хорооны Засаг даргаас хурлын байр хүссэн бөгөөд сууц өмчлөгч 60 орчим хүн ажилтай, шалтгаантай  байсан тул  СӨХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн н.Уранбилэг бид хоёр 60 орчим хүний саналыг бичгээр авсан. Хурал зарласан товын дээр албан ёсны хурал биш гээд гараар бичиж будсан байсныг Хорооны Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга надад өгч үзүүлсэн. 4 дүгээр сарын 18-ны өдөр хурлын цаг болсон. Хурлын ирц хэцүү байсан, цуварсаар 16 цаг гэхэд 96 хүн цугларсан.

Энэ хурлаас хурлын тэргүүлэгчээр 3 хүнийг сонгоход би  багтсан. Хуралд Хорооны Засаг дарга болон СӨХ-ны эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн гүйцэтгэх захирал н.Баатаржав зэрэг хүмүүсийг урьж оролцуулсан. Иргэний танхимийн 4 дүгээр хорооны зохион байгуулагч н.Анхчимэг оролцож, хөндлөнгийн хүн тул   хурлын  тэмдэглэлийг хөтөлсөн.

Хурлаас удирдах зөвлөлийн гишүүдээ сольж, шинээр сонгосон. Гүйцэтгэх захирал С.Энхтуяаг огцруулж, н.Батдөлийг гүйцэтгэх захирлаар сольсон шийдвэр гарсан. Удирдах зөвлөлд 5 хүн Б.Бямбамаа, н.Отгон, н.Мөнхөө, н.Пүрэв-Очир, н.Ариунболд нар сонгогдсон. Удирдах зөвлөл хуралдаж, би даргаар нь сонгогдсон тул гүйцэтгэх захирал С.Энхтуяаг ажлаас чөлөөлж, ажлаа өгөхийг түүнд хэлсэн. С.Энхтуяа хуралд суугаагүй, хурлын тогтоолыг С.Энхтуяагийн гэрт аваачиж өгөхөд нөхөр нь авч, та нар юу юм гээд тогтоолыг урж хаясан. Ингээд цагдаа дээрээ тулсан. Намайг С.Энхтуяагийн нөхөр нь ална гэж хөөсөн.

н.Батдөлд бүх гишүүдийн хурлын баримтыг өгч, айлуудаар танилцуулахаар явуулсан. Тодорхой хугацааны дараа н.Ариунболд Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст ир, С.Энхтуяагийн нөхөр н.Батдөлийг зодсон, бичиг баримтыг урсан байна гэсэн. 56 дугаар байрны  орцонд С.Энхтуяа нөхөртэйгөө түүнийг зодсон гэсэн. Үүнд С.Энхтуяа нөхөртэйгээ эрүүгийн ял шийтгэл хүлээсэн.  Тамга, тэмдгээ авахаар өмнө нь н.Батдөл шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэл гаргах эрхгүй гээд хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд Удирдах зөвлөлийн дарга би “Өгөөмөр-9” СӨХ-ны  тамга, тэмдэг,   гэрчилгээг хариуцагчаас  гаргуулах, СӨХ-ны ажлын байр болох СОТ-1 байрны 1 давхрын 0 тоот өрөөг чөлөөлүүлэхээр нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Өгөөмөр-9 СӨХ-нд 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс гүйцэтгэх захирлаар ажилласан. 2013 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн бүх гишүүдийн хурлаас сонгогдсон удирдах зөвлөлөөс гүйцэтгэх захирлыг томилсон. Б.Бямбамаа нэхэмжлэл гаргах эрхгүй. Учир нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “сууц өмчлөгч” гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь сууцыг захиран зарцуулах эрх бүхий этгээдийг хэлнэ гэж заасан. Б.Бямбамаа сууц өмчлөгч биш, нөхөр С.Баатар нь 23 тоот орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн байдаг. Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4-т удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүдийг сууц өмчлөгчдөөс сонгож, тайланг нь хэлэлцэх, тэдний үйл ажиллагаатай холбогдсон гомдлыг хянан шийдвэрлэнэ гэж заасан.

Энэ хүн СӨХ-ны мөнгөө төлдөггүй. Одоогоор 312 500 төгрөгийг төлөөгүй. 2013 оны 09 дүгээр сараас 2014 оны 11 дүгээр саруудын  хөлсийг шүүхийн шийдвэрээр авсан. 2014 оны 10 дугаар сараас 2016 оны 09 дүгээр сарыг дуусталх хөлсөө төлөөгүй. 2015 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн хуралд 4 дүгээр хорооны зохион байгуулагч н.Анхчимэгийн бичсэн тэмдэглэлээс харахад 38 хүн ирсэн байсан, 96 хүн ирээгүй. Би хуралд суугаагүй, хуралд суугаарай гэж гарын үсэг авсан гэсэн.

Иймд бүх гишүүдийн хурлыг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. СӨХ-ны мөнгө төлдөггүй 10 гаруй хүн нийлж тогтоол гарган, хуурамч баримт бүрдүүлсэн гэж үзэж байна. Сая бүх гишүүдийн хурал хийж, 10 дугаар сарын 24-ний өдөр 2015 он ба 2016 оны хагас жилийн тайланг тавьсан. Удирдах зөвлөл хэвээрээ, намайг гүйцэтгэх захирлаар томилсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10.7-д заасныг баримтлан хариуцагч  С.Энхтуяагаас  “Өгөөмөр-9” СӨХ-ны тамга, тэмдэг, гэрчилгээг гаргуулж “Өгөөмөр-9” СӨХ-д олгож, СӨХ-ны ажлын байр болох СОТ-1 байрны 1 давхрын 0 тоот өрөөг хариуцагчийн эзэмшлээс чөлөөлж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60  дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт  заасныг баримтлан  улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг  улсын орлогод  үлдээж,  хариуцагчаас 70 200  төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч С.Энхтуяа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийн материалыг бүрэн судалж чадаагүйн улмаас хэт нэг талын байр суурийг баримтлан, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, буруу тайлбарласанд гомдолтой байна. Гүйцэтгэх захирал нь хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг учраас СӨХ-ны бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэх асуудал биш бөгөөд энэ нь Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагддаг. Маргааныг Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулиар зохицуулсан.

Шүүх хуулийн дагуу хуралдсан 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн бүх гишүүдийн хурлыг үндэслэлгүйгээр хүчин төгөлдөр буст тооцсон бөгөөд болоод өнгөрсөн хуралдааныг зарлан хуралдуулах эрхгүй гэж дүгнэхгүй. Уг СӨХ нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсэгт заасны дагуу хурлаа зарлах эрхтэй. Намайг хариуцагчаар татсан нь үндэслэлгүй, төлбөрөө төлдөггүй оршин суугчид нийлж хурал хийсэн нь бодит үнэнд нийцэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

            Нэхэмжлэгч “Өгөөмөр-9” СӨХолбоо нь хариуцагч С.Энхтуяагаас СӨХ-ны тамга, тэмдэг гаргуулах, ажлын байрыг чөлөөлүүлэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байрлах СОТ-1, 2, 3 дугаар байр, 57, 12, 14, 15, 16 дугаар байруудыг харьяалах “Өгөөмөр-9” СӨХолбоо нь бүх гишүүдийн ээлжит бус хурлыг 2015 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр товлож, гүйцэтгэх захирлыг ажлаас чөлөөлөх, удирдах зөвлөл, гүйцэтгэх захирлыг шинээр томилох асуудлыг хэлэлцэх тухай  зарыг түгээн, орон сууцны өмчлөгч гишүүдэд мэдэгдсэн, 96 сууц өмчлөгчийн ирцтэйгээр, 54 өмчлөгчийн саналыг урьдчилан бичгээр авсныг хэлэлцүүлэн шийдвэрлэсэн тухай хурлын тэмдэглэл, ирцийн бүртгэл, өмчлөгчдийн бичгээр санал өгсөн талаарх бичмэл баримт, тэдний гомдол зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар сууц өмчлөгч бүх гишүүд ээлжит бус хурлыг Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4-т зааснаар зарлан хуралдуулсан байх ба хурлын шийдвэр мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 8.8, 8.10 дахь хэсэгт заасанд нийцсэн байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Иймд 2015 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Удирдах зөвлөлийг шинээр сонгож, даргаар С.Бямбамааг томилсон бүх гишүүдийн хурлын тогтоол, гүйцэтгэх захирал С.Энхтуяаг ажлаас чөлөөлж, С.Батдөлийг томилсон Удирдах зөвлөлийн хурлын тогтоолыг хүчин төгөлдөр гэж үзэх бөгөөд бүх гишүүдийн хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.7-д заасан эрх хэмжээнийхээ хүрээнд шаардлага гаргасныг шүүх шийдвэрлэх үндэслэлтэй.

Хариуцагч С.Энхтуяа нь СӨХ-ны бүх гишүүдийн 2015 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн ээлжит бус хурлыг хууль бус гэх үндэслэлээр нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан боловч энэ талаар эрх бүхий этгээдэд хуульд заасан журмаар гомдол, нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлээгүй, энэ тухай баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Дээрх байдлаар ээлжит бус хурлын шийдвэр хүчин төгөлдөр байхад сууц өмчлөгчдийн цөөнх хуралдан шийдвэр гаргасан нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлд нийцэхгүй бөгөөд анхан шатны шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй, хариуцагч С.Энхтуяагийн давж заалдах гомдлын уг үндэслэлийг хүлээн авах боломжгүй.

Иймд хариуцагч С.Энхтуяагийн СӨХ-ны тамга, тэмдэг, гэрчилгээг эзэмшиж, ажлын байрыг чөлөөлөхгүй байгаа нь хууль бус гэж үзэх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь зөв болно.

Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2016/05722 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         А.МӨНХЗУЛ

                        ШҮҮГЧИД                                           Т.ТУЯА

                                                                                    А.ОТГОНЦЭЦЭГ