| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2019/0453/Э |
| Дугаар | 462 |
| Огноо | 2019-04-24 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Ариунтуяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 462
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,
улсын яллагч Ц.Ариунтуяа,
хохирогч П.Б-,
шүүгдэгч Б.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Х овогт Б-ын С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 0519 60390 дугаартай, 1 хавтаст хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Х овогт Б-ын С нь Монгол Улсын иргэн, 1978 оны 9 дүгээр сарын 28-нд Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... дугаар гудамжны ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй.
Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
Шүүгдэгч Б.С нь 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, ,,,,,, тоотод “оройтож ирлээ” гэх шалтгааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр П.Б-ийн нүүр рүү аяга шидэж, бэлэг эрхтэн рүү нь өшиглөж, хоолойг нь боож, зодож цохин эрүүл мэндэд нь “уруул, эрүүний доод гадаргуу, хоолой, умдагт цус хуралт, шалбаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг:
Шүүгдэгч Б.С-аас: Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Шүүх хуралдаанд мэдүүлэг гаргахгүй гэв.
Хохирогч П.Б-ээс: 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Б.С гэртээ согтуу ирсэн. Би бас ажлаасаа нилээн оройтож ирсэн. Хагалгаанд орсон хүний ар гэрийнхэн нь манай ажилчдыг ресторанд уриад манай ажлын газрынхан очсон. Би 200-300 гр архи уусан байсан. Гэртээ ирээд хоол хийгээд өгсөн чинь Б.С уурлаад над руу аягатай хоолоо цацсан. Чи хэдэн цагт ирж байгаа юм, хэдэн цагт ирэх ёстой юм гээд хэрүүл өдөж эхэлсэн. Хэрэлдэж байгаад гэрээс гараад явсан. Буцаж орж ирээд миний бэлэг эрхтэн рүү өшиглөхөөр нь би эвхрээд газар унасан. Буцаад босоод ирсэн чинь хоолой боогоод ухаан балартсан гэв.
Хоёр. Эрүүгийн 1808 0519 60390 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд. Үүнд:
1.Хохирогч П.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн:
“...2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр намайг гэртээ байхад С согтуу орж ирсэн. Хоол, цай хийж өгөөд байж байтал зүгээр байж байснаа над руу аяга авч шидэхэд нь миний уруулыг аяга нь оносон. С намайг хэдэн цагт ирэх ёстой юм бэ, хэдэн цагт тарж байгаа юм бэ гээд хэрэлдээд байхаар нь би С-ыг шүүрний ишээр цохиод чи гар, зайл, эгч рүүгээ яв гээд хаалгаар түлхээд гаргасан чинь С буцаж орж ирээд миний бэлэг эрхтэн рүү нэг удаа өшиглөхөд би эвхрээд унасан. Тэгээд би босож ирээд чи яаж байгаа юм бэ гэсэн чинь миний хоолойг боогоод би юм дуугарч чадаагүй, С гэрээс гараад явчихсан. Би С-ыг гадагшаа гарахад нь цагдаад дуудлага өгсөн. Тэрнээс хойш гэртээ ерөөсөө ирээгүй. Намайг гэртээ оройтож ирлээ гэх шалтгаанаар С согтуу орж ирэхдээ аяга шидээд миний уруулыг оносон, дараа нь миний бэлэг эрхтэн рүү нэг удаа өшиглөсөн. Тухайн үед манай 11 настай болон 8 настай хоёр хүүхэд л байсан. ...Би С-тай гэрлэлтийн баталгаатай байгаа. ...Иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримт байхгүй. Би С-тай 10 гаруй жил хамт амьдарсан юм. Надад одоо гомдол санал гэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дугаар тал),
2.Шүүгдэгч Б.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр өгсөн:
“...2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр би гэр рүүгээ ороод П.Б надад хоол хийж өгөхөөр нь би идэж байгаад гэнэт миний уур хүрээд би П.Б рүү аяга шидчихсэн чинь П.Б-ийн уруулыг оночихсон. Тэгээд П.Б рүү чи хэдэн цагт ирж байгаа юм бэ гэсэн чинь П.Б намайг гар, зайл гээд байхаар нь би гэрээсээ гараад буцаж гэртээ ороод П.Б-ийн цавь руу хөлөөрөө нэг цохиход П.Б эвхэрч унаад босож ирэхээр нь би хоолойноос нь боосон чинь П.Б би цагдаа дуудлаа гэхээр нь би гараад зугтчихсан. Би Б-ийн биед уруул, эрүүний доод гадаргуу, хоолой, умдагт цус хуралт, шалбаралт гэмтлийг үүсгэсэн. Тухайн үед Б-тэй оройтож ирлээ гээд маргалдсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 60 дугаар тал),
3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 13046 тоот дүгнэлтэд:
Хэсэг газрын үзлэгт: Дээд уруулд 0.6х0.5см шалбаралттай. Эрүүний шонтонгийн доод талд 1х0.4см шалбаралттай. Хоолойд хөндлөн 5х1см цус хуралттай. Умдагт 8х9см талбайд цус хуралт, хавантай.
ДҮГНЭЛТ:
“...1. П.Б-ийн биед уруул, эрүүний доод гадаргуу, хоолой, умдагт цус хуралт, шалбаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт болно.
4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадвар тогтонгид нөлөөлөхгүй. ...” /шинжээч С.Одончимэг/...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 23 дугаар тал),
4. Аюулын зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 63-64 дүгээр тал), гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 65-69 дүгээр тал), Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 70-71 дүгээр тал),
5. Шүүгдэгч Б.С-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 32 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 29 дүгээр тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 34 дүгээр тал), түүний нэр эд хөрөнгө бүртгэгдээгүй тухай Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа (хавтаст хэргийн 35 дугаар тал), мөн тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа (хавтаст хэргийн 36 дугаар тал), Б.С-, П.Б нарын гэрлэлт бүртгэлтэй тухай лавлагаа (хавтаст хэргийн 37 дугаар тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.С-т холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Б.С нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр П.Б-ийн нүүр рүү аяга шидэж, бэлэг эрхтэн рүү нь өшиглөж, хоолойг нь боож, зодож цохин эрүүл мэндэд нь “уруул, эрүүний доод гадаргуу, хоолой, умдагт цус хуралт, шалбаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй.
Хэргийн үйл баримтаас үзвэл шүүгдэгч Б.С-, П.Б нар нь 2007 онд гэр бүл болж, 2008 онд гэрлэлтээ бзртгүүлсэн гэрлэгчид байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд эхнэр, нөхөр, гэрлэгчид, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд ойлгохоор заасан ба Б.С-, П.Б нар нь гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд байна.
Шүүгдэгч Б.С нь 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, ,,,,,, тоот өөрийн гэртээ “оройтож ирлээ” гэх шалтгааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр П.Б-ийн нүүр рүү аяга шидэж, бэлэг эрхтэн рүү нь өшиглөж, хоолойг нь боож, зодож цохин эрүүл мэндэд нь “уруул, эрүүний доод гадаргуу, хоолой, умдагт цус хуралт, шалбаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
-хохирогч П.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр намайг гэртээ байхад С согтуу орж ирсэн. ...над руу аяга авч шидэхэд нь миний уруулыг аяга нь оночихсон юм. С намайг хэдэн цагт ирэх ёстой юм бэ, хэдэн цагт тарж байгаа юм бэ гээд хэрэлдээд байсан. ...С ...миний бэлэг эрхтэн рүү нэг удаа өшиглөсан. ...миний хоолойг боосон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дугаар тал),
-шүүгдэгч Б.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:“...2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр би гэр рүүгээ ороод П.Б надад хоол хийж өгөхөөр нь би идэж байгаад гэнэт миний уур хүрээд би П.Б рүү аяга шидчихсэн чинь П.Б-ийн уруулыг оночихсон. П.Б рүү чи хэдэн цагт ирж байгаа юм бэ гэсэн чинь П.Б намайг гар, зайл гээд байхаар нь би гэрээсээ гараад буцаж гэртээ ороод П.Б-ийн цавь руу хөлөөрөө нэг цохиход П.Б эвхэрч унаад босож ирэхээр нь би хоолойноос нь боосон. Би Б-ийн биед уруул, эрүүний доод гадаргуу, хоолой, умдагт цус хуралт, шалбаралт гэмтлийг үүсгэсэн. ...оройтож ирлээ гээд маргалдсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 60 дугаар тал),
-шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 13046 тоот дүгнэлт (хавтаст хэргийн 23 дугаар тал), аюулын зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 63-64 дүгээр тал), гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 65-69 дүгээр тал), Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 70-71 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор заасан ба шүүгдэгч Б.С нь гэр бүлийн харилцаатай эхнэр П.Б-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх үндэслэл болно.
Тус гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч Б.С-, хохирогч П.Б нарын гэр бүлийн таарамжгүй харилцаа, үл ойлголцлын улмаас, мөн шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэргээс болсон байх ба шүүгдэгч Б.С нь тус гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Иймд шүүгдэгч Б.С нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр П.Б-ийг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.С-ыг дээрх зүйл хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.С нь хохирогч П.Б-ийн бие махбодид хөнгөн хохирол учруулсан байх боловч хохирогч П.Б нь хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй, мөн хохирогчоор “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлснийг тогтоолд дурдав.
2. Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Б.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 460 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” тухай дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч өөрийгөө өмгөөлөн оролцохдоо“ торгох ял оногдуулж өгнө үү” гэж мэтгэлцсэн.
Шүүгдэгч Б.С нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар тогтоогдсон ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүхээс шүүгдэгч Б.С-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал буюу эрхэлсэн тодорхой ажилгүй зэргийг харгалзан түүнд 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар, нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг өдрийн 4 цагийн хугацаагаар тогтоож, оногдуулсан ялыг биелүүлээгүй бол уг ялыг хорих ялаар солихыг мэдэгдэж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.
3. Бусад асуудлаар
Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдоогүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Б-ын С-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-ыг 400 (дөрвөн зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч П.Б нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Б.С-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ялтан Б.С-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА