Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 1052

 

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У

улсын яллагч Х.Н,

шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос С овогт Б.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 0383 00000 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

С овогт Б.М, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, Тоосгоны .. дугаар гудамжны .. тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ШУ0000000

 Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Яллагдагч Б.М нь 2019 оны 7 дугаар сарын 16-ны орой Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, Хустайн .. дугаар гудамжны .. тоот хашаанд хамтран амьдрагч Д.М-г нүүр рүү нь пиво цацлаа гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь баруун зовхи, баруун бугалгад цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М-д мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Д.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Б.М-н хуучин ажилладаг байсан газрын эмэгтэй нар амралтаа тэмдэглээд Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороонд байрлах нэг багшийнд нь сууж байхад Б.М-д бид хоёр хамт очсон. Тэгээд би нойл орчхоод нөгөө айлын гэрийнх нь үүдэнд сууж байсан чинь Б.М архи үнэртүүлчихсэн яриа нь өөрчлөгдчихсөн хэл ам нь жоохон ээдрээд байж байхаар нь би өөрийнхөө барьж байсан тал шар айргийг түүн лүү цацчихсан чинь Б.М зөрүүлээд над руу аягатай пиво цацаад намайг үсдэж авч цохиод газар унагаагаад хөлөөрөө миний нүүрэнд дээр гишгээд байсан. Тэгээд...Б.М намайг дахиж боож унагаагаад 2 удаа багалзуурдаад байсан. Тэгж байгаад Б.М намайг тавихаар нь би харанхуйд гадаа гараад сууж байтал Б.М миний баруун нүд рүү гараараа 1 удаа цохичихсон...надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8),

2. Гэрч Б.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр...М нойл орчхоод эргэж ирэнгүүтээ Б.М-н нүүр рүү нь аягатай пиво цацсан чинь Б.М зөрүүлээд пиво М рүү цацчихсан...би тухайн үед Б.М М-г цохиж байхыг хараагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16),

3. Гэрч Д.Ж мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М дэлгүүр явж ирээд нойл орчхоод ирэнгүүтээ Б.М-н нүүр рүү аягатай пиво цацсан чинь Б.М зөрүүлээд пиво цацаад түлхсэн. Тэгээд Б.М М-тэй маргалдаж байхаар нь за за учраа олчих байлгүй гээд Б, Х бид гурав гэр лүү орчихсон...Би тухайн үед Б.М М-г цохиж байхыг хараагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18),

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн .. дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэгт: ...Баруун дээд, доод зовхинд тархмал хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай, тэмтрэхэд эмзэглэлтэй, баруун бугалгын урд дунд хэсэгт 1.1х1.0см, 1.2х1.2см, 1.5х1.2см хүрэн ягаан гадуураа шаргал туяа бүхий цус хуралттай.

2019.7.19-ний “Натур эмнэлэг”-н Толгойн компьютерт томографын шинжилгээнд:...Тархины бор ба цагаан эдийн ялгарал буурсан буюу бага зэргийн хавантай. ...Баруун хацар орчмын зөөлөн эдэд бага зэргийн хаван хавдартай...ДҮГНЭЛТ

1. Д.М-н биед баруун зовхи, баруун бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 10),

5. Шүүгдэгч Б.М мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 16-ны орой 19 цагийн үед манай цэцэрлэгийн багш Б над руу залгаад хүрээд ирэх үү гэхээр нь М бид хоёр Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороонд Жаргалын гэрт очсон. Бид хоёрыг очиход Ж, Б, Х нар пиво уугаад сууж байсан. Тэгээд М гэрт нь хоосон очлоо гээд дэлгүүр орж нэг пиво авч ирээд нойл орж ирчхээд М над руу пиво цацахаар нь би яаж байгаа юм гээд зөрүүлээд аягатай пиво цацсан. Тэгтэл М над руу дайрахаар нь би М-г түлхсэн. Тухай үед М газар сууж байсан. Тэгээд М над руу дахиад дайрахаар нь би М-н гарын бугуй хэсгээс барьж аваад М-г дараад хэвтсэн. Тэгж байтал Х гэрээс гарч ирээд чи орж бай би нэг аргадаадахъя гээд намайг гэр лүү оруулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51-52),

- Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 38-42, 35-37), Аюулын зэргийн үнэлгээний маягт (хавтаст хэргийн 28-29),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 26, 28), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 23), хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөтэй эсэх талаарх холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 29, 31) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.М-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.М нь Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, Хустайн .. дугаар гудамжны .. тоот хашаанд, 2019 оны 7 дугаар сарын 16-ны орой, хувийн таарамжгүй харилцааны улмаас, шууд санаатай үйлдлээр, хамтран амьдрагч Д.М-г “нүүр лүү пиво цацлаа” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь баруун зовхи, баруун бугалгад цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Д.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Б.М-н хуучин ажилладаг байсан газрын эмэгтэй нар амралтаа тэмдэглээд Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороонд байрлах нэг багшийнд нь сууж байхад Б.М бид хоёр хамт очсон. ...Б.М архи үнэртүүлчихсэн яриа нь өөрчлөгдчихсөн хэл ам нь жоохон ээдрээд байж байхаар нь би өөрийнхөө барьж байсан тал шар айргийг түүн лүү цацчихсан. Тэгтэл Б.М зөрүүлээд над руу аягатай пиво цацаад намайг үсдэж авч цохиод газар унагаагаад хөлөөрөө миний нүүрэнд дээр гишгээд ...миний баруун нүд рүү гараараа 1 удаа цохичихсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8),

- Гэрч Б.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М нойл орчхоод эргэж ирэнгүүтээ Б.М-н нүүр рүү нь аягатай пиво цацсан чинь Б.М зөрүүлээд пиво М рүү цацчихсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16),

- Гэрч Д.Ж мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М дэлгүүр явж ирээд нойл орчхоод ирэнгүүтээ Б.М-н нүүр рүү аягатай пиво цацсан чинь Б.М зөрүүлээд пиво цацаад түлхсэн. Тэгээд Б.М М-тэй маргалдаж байхаар нь за за учраа олчих байлгүй гээд Б, Х бид гурав гэр лүү орчихсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн .. дугаар дүгнэлт “...1. Д.М-н биед баруун зовхи, баруун бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 10),

- Шүүгдэгч Б.М мөрдөн байцаалтад өгсөн: “...М бид хоёр Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороонд Жаргалын гэрт очсон. ...М гэрт нь хоосон очлоо гээд дэлгүүр орж нэг пиво авч ирээд нойл орж ирчхээд М над руу пиво цацахаар нь би яаж байгаа юм гээд зөрүүлээд аягатай пиво цацсан. ...М над руу дахиад дайрахаар нь би М-н гарын бугуй хэсгээс барьж аваад М-г дараад хэвтсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51-52) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Б.М нь хууль зүйн хувьд хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас “пиво цацлаа” гэх сэдэлтээр, хохирогч Д.М-г цохиж гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.М нь хохирогч Д.М-н нүүрэн тус газар гараараа цохисон болох нь хохирогчийн мэдүүлгээр тогтоогдсон ба цохиулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Нөгөө талаас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний...бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг;” хэлнэ гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад “хамтран амьдарч байгаа этгээд...” тухайн хуулийн үйлчлэлд хамаарах этгээд байхаар тус тус хуульчилсан байна. Тодруулбал Б.М, хохирогч Д.М нар нь хэрэг учрал болох үед хамтран амьдардаг болох нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн тэдний болон гэрч О.О нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан байна.

Тиймээс шүүгдэгч Б.М-г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.М нь эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгч Б.М-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Б.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч нь гэм буруу дээр маргахгүй улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг өөрчилж торгох ял оногдуулж өгнө үү гэж мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.М Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүний Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Түүнчлэн шүүхээс шүүгдэгч Б.М-н эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй учир нь шүүгдэгч нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх боловч энэ талаар хэрэгт авагдсан баримтгүй. Нөгөө талаас эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэрэг улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой байдаг тул түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлт үндэслэлтэй гэж үзэв.

Харин тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гарсан байх тул шүүгдэгч Б.М-д улсын яллагчийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хөнгөрүүлж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлд зааснаар Б.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн 4 цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоож, тэрээр нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй байна.

Эрүүгийн 1908 0383 00000 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С овогт Б.М-г Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-г 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн 4 (дөрвөн) цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.МӨНХЗУЛ