Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 1063

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э

улсын яллагч Н.У,

шүүгдэгч С.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Г овогт С.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн, эрүүгийн 1908 0474 00000 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Г овогт С.Н, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, .. дүгээр хороолол, Үйлдвэрчний эвлэлийн гудамжны .. дугаар байрны .. тоотод оршин суух бүртгэлтэй, регистрийн дугаар ХЖ0000000, урьд

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 1998 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн .. дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял шийтгүүлж мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан.

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Яллагдагч С.Н нь 2019 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, .. тоотод “хардлаа” гэх шалтгааны улмаас хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч Г.Б-г зодож, түүний эрүүл мэндэд нь зулайн хуйханд няцарсан шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Н мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр...22 цагийн үед нөхөр С.Н гаднаас согтуу орж ирсэн. Би хоол, цай өгөөд нөхрөө унтуулах гээд оронд нь оруулахад нөхрийн дотуур хувцас буруу харчихсан байна. Тэгэхээр нь би “яагаад ...буруу харуулчихсан юм бэ” гэхэд нөхөр “өглөө усанд ороод гарахдаа буруу харуулчихсан” гэхээр нь нээх юм бодохгүй хажуугаар нь ороод хэвтэхэд зайл пизда минь гэхээр нь чи дотуур хувцсаа буруу харуулж өмсчхөөд гээд бид хоёр маргалдсан. Тэгээд нөхөр “чи итгэхгүй бол утас шалга зүгээр байхад хардаад байх юм” гэхээр нь би гар утсыг нь авч шалгахад дуудлага байхгүй байсан. Тэгэхээр утасных нь зураг руу нь ороод үзэхэд шалдан эмэгтэй хүний зураг, 2 хүн хоорондоо бэлгийн харилцаанд орж байгаа ярианы бичлэг байсан. Би тэрийг үзээд уур хүрээд Н-г хэл амаар доромжилж хүүхдийн хуванцар сандал авч шидэхэд тэр сандал хананд савагдаж хугарсан. Н сандлын хугарсан хөлийг аваад миний толгой руу нэг удаа цохиод, дахиад цохих гэхээр нь би гараараа хаасан. Удалгүй толгойноос цус гарсан Н орондоо унтаж байхад нь би цагдаа дуудаж өгч явуулсан...миний биед учирсан гэмтлийг нөхөр С.Н хуванцар сандлын хугарсан хөлөөр нэг удаа цохиж учруулсан...надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20),

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ... дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэгт: ...Зулайн орой хэсгийн хуйханд 0.5 см мэс заслын 2 ширхэг оёдол бүхий шархтай....ДҮГНЭЛТ

1. Г.Б-н биед зулайн хуйханд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

...3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

6. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 14),

3. Шүүгдэгч С.Н мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо .. тоотод эхнэр Б, охин Х, хүү Б, И нарын хамт амьдардаг. Одоо эхнэр Б 6 сартай жирэмсэн. 2019 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр найз Д-н хамт .. дугаар хороололд буудалд орж 0.75 литрийн хэмжээтэй архи 1 шил, 0.5 литрийн хэмжээтэй архи 1 шилийг хувааж уугаад орой 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо .. тоотод гэртэй ирсэн. Тухайн үед би их хэмжээний согтолттой байсан. Эхнэр намайг оройтож ирлээ гээд хардаж хэрэлдээд миний гар утсыг авч шалгасан юм. Тэгээд утсан дээр байсан эмэгтэй хүний шалдан зураг, ярианы бичлэгийг сонсоод уурлаад над руу хүүхдийн хуванцар сандал авч шидсэн. Тэр үед миний уур хүрээд шидсэн сандлын хугарсан хөлөөр эхнэрийн толгой руу нэг удаа цохичихсон. ...дээрх гэмтлийг би хуванцар сандлын хөлөөр толгой руу нь нэг удаа цохиж учруулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 70-71),

4. Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаанд “...эрэгтэй ...Г овогт С.Н, ...эмэгтэй... Б овогт Г.Б нар 2009 оны 6 дугаар сарын 20-ны өдөр гэр бүл болсныг 2013 оны 7 дугаар сарын 02-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 335-рт бүртгэж гэрчилгээ олгов...” гэх баримт (хавтаст хэргийн 27),

5. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 51-58, 59-60), Аюулын зэргийн үнэлгээний маягт (хавтаст хэргийн 49), ярианы бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтас хэргийн 79-80), гэрэл зураг (хавтаст хэргийн 76), эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 78),

- Хялбаршуулах журмаар шийдвэрлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 84-85), Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол (хавтаст хэргийн 87),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 42, 43), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 34), таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 38-39), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 45-47, 89-90) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч С.Нямдаваад холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч С.Н нь Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, .. дүгээр хорооллын .. дугаар байрны .. тоот гэртээ, 2019 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр, хувийн таарамжгүй сэдэлтээр, “хардлаа” гэх шалтгааны улмаас, шууд санаатай үйлдлээр, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Г.Б-н толгойн тус газар сандлаар цохиж, эрүүл мэндэд нь зулайн хуйханд няцарсан шарх бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр...22 цагийн үед нөхөр С.Н гаднаас согтуу орж ирсэн. Би хоол, цай өгөөд нөхрөө унтуулах гээд оронд нь оруулахад нөхрийн дотуур хувцас буруу харчихсан байна. ...Тэгээд...бид хоёр маргалдсан. Тэгээд нөхөр...н ...гар утсыг ...шалгахад ...шалдан эмэгтэй хүний зураг, 2 хүн хоорондоо бэлгийн харилцаанд орж байгаа ярианы бичлэг байсан. Би тэрийг үзээд уур хүрээд Н-г хэл амаар доромжилж хүүхдийн хуванцар сандал авч шидэхэд тэр сандал хананд савагдаж хугарсан. Н сандлын хугарсан хөлийг аваад миний толгой руу нэг удаа цохиод, дахиад цохих гэхээр нь би гараараа хаасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн .. дугаар дүгнэлт “...1. Г.Б-н биед зулайн хуйханд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. ...6. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 14),

- Шүүгдэгч С.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Эхнэр намайг оройтож ирлээ гээд хардаж хэрэлдээд миний гар утсыг авч шалгасан юм. Тэгээд утсан дээр байсан эмэгтэй хүний шалдан зураг, ярианы бичлэгийг сонсоод уурлаад над руу хүүхдийн хуванцар сандал авч шидсэн. Тэр үед миний уур хүрээд шидсэн сандлын хугарсан хөлөөр эхнэрийн толгой руу нэг удаа цохичихсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 70-71),

- Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаанд “...эрэгтэй ...Г овогт С.Н, ...эмэгтэй... Б овогт Г.Б нар 2009 оны 6 дугаар сарын 20-ны өдөр гэр бүл болсныг 2013 оны 7 дугаар сарын 02-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 335-рт бүртгэж гэрчилгээ олгов...” гэх баримт (хавтаст хэргийн 27) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл С.Н нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр “хардлаа” гэх сэдэлтээр, хохирогч Б-н эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Нөгөө талаас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний...бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг;” хэлнэ гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад “эхнэр, нөхөр...” тухайн хуулийн үйлчлэлд хамаарах этгээд байхаар тус тус хуульчилсан байна.

Өөрөөр хэлбэл хууль зүйн хувьд шүүгдэгч С.Н, хохирогч Г.Б нар нь эхнэр, нөхөр болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, тэдний мэдүүлэг, хүүхдийн төрсний гэрчилгээ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Тиймээс шүүгдэгч С.Н-г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Б нь эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгч С.Н нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч С.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч нь торгох ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.Н-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч С.Н, хохирогч Г.Б нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Иймд шүүгдэгч С.Н-г гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч С.Н-д торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн CD нэг ширхэг, “Samsung micro SD Adopter” нэртэй хар өнгийн мемори картыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээв.

Эрүүгийн 1908 0474 31437 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г овогт С.Н-г Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар С.Н-г 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн CD, “Samsung micro SD Adopter” нэртэй хар өнгийн мемори картыг тус тус хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус  дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.МӨНХЗУЛ