Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 128/2020/0828/З |
Дугаар | 221/МА2021/0270 |
Огноо | 2021-05-27 |
Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 221/МА2021/0270
“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Сарангэрэл даргалж, шүүгч О.Номуулин, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э, Ц.Б, хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 222 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сангийн яам, Зам тээврийн хөгжлийн яам нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 222 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 30 дугаар зүйлийн 30.4.3, 34 дүгээр зүйлийн 34.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК-ийн үндсэн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сангийн яамны 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 6-1/6660 дугаар албан бичгийн дүгнэлтийн 5 дахь хэсэг болон тендер шалгаруулалттай холбогдуулан гаргасан шийдвэрийг хүчингүй болгож дахин нээлттэй тендер шалгаруулалтын журмаар зохион байгуулахыг даалгаж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагын зарим хэсгийг хангаж, Зам, тээврийн хөгжлийн яамны 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Хэнтий аймгийн Өндөр хаан нисэх онгоцны буудлыг шинэчлэн барих төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Багц-I Барилга-ын тендерийг нээлттэй зарласан шийдвэрийг хүчингүй болгож, үлдэх хэсэг болох Зам, тээврийн хөгжлийн яамнаас зарласан ЗТХЯ/20200381 дугаартай Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Хэнтий аймгийн Өндөр хаан нисэх онгоцны буудлыг шинэчлэн барих төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Багц-I Барилга-ын тендерийн ялагч “Х” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э давж заалдах гомдолдоо: Хэрэг хянан шийдвэрлэсэн шүүгч илтэд нэг талд давуу байдал олгосон, нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгчийн тодорхойлсноос өөрөөр гуйвуулж, хангаж шийдвэрлэсэн 2020 оны 10 дугаар сард нэхэмжлэл гаргасан тусгай журмаар шийдвэрлэгдэх уг маргааныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үндэслэлгүй удааширсан ба урьдчилан хэлэлцүүлэг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр л анх удаа талуудыг оролцуулан хийгдсэн. Шүүгч тус хэлэлцүүлэгт орж ирэхдээ дараагийн хуралдааныг 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр товлосноо мэдэгдэхэд энэ тухай зөвхөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Э л мэдэж байсан нь шүүгч нэхэмжлэгчийн өмгөөлөгчтэй хууль бусаар зөвлөлдсөн, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс өмнө шүүх хурлыг товлосон гэж үзэх үндэслэл бүхий нөхцөл байдал үүссэн. Хариуцагч нарт шүүгч хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ бий болсон тул шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргаж байсан. Хүсэлтийг тус шүүхийн Ерөнхий шүүгчээс хангаж шийдвэрлээгүй боловч шүүхээс бичгээр гаргасан шийдвэр нь дээр дурдсан эргэлзээ нь үндэслэлтэй байсан гэдгийг илэрхий болгож байна.
Шүүгч бичгээр гаргасан шүхийн шийдвэртээ Сангийн яамтай холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангахын тулд нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын үг, үсгийг өөрчилж, илтэд нэхэмжлэгчид давуу байдал олгожээ.
Нэхэмжлэгч “Х” ХХК нь 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн албан бичгээр Сангийн яамны шийдвэртэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа “Сангийн яамны 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 6-1/6660 дугаартай албан бичгээр гаргасан дүгнэлтийн 5 дахь хэсэг болон “Тендер шалгаруулалтыг хүчингүй болгож” дахин нээлттэй тендер шалгаруулахыг даалгаж шийдвэрлэсэн хэсгийг хууль бус болохыг тогтоолгон, хүчингүй болгуулах” гэж тодорхойлсон байдаг. Түүний дараагаар Зам, тээврийн хөгжлийн яамтай холбогдуулан нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаа 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 1/07 дугаартай албан бичгээр ирүүлсэн. Гэхдээ Сангийн яаманд холбогдох нэхэмжлэлийн шаардлагад өөрчлөлт оруулж байгаагүй ба 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд дээр дурдсан албан бчигүүдээр ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцон, аливаа байдлаар өөрчлөлт оруулаагүй.
Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Сангийн яамны маргаан бүхий захиргааны акт болох Сангийн яамны 2020 оны 10 дугаар сарын 162ны өдрийн 6-1/6660 тоот албан бичгээр “тендер шалгаруулалтыг хүчингүй болгоогүй”, харин тендер шалгаруулалттай холбоотойгоор захиалагчийн гаргасан гэрээ байгуулах эрх олгосон боловч тендерээс татгалзсан шийдвэрүүдийг хүчингүй болгосон болохыг тайлбарлаж, нэхэмжлэгч нь Сангийн яамны актад байхгүй агуулгаар маргаж байгаа нь шүүхээс нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй тухай тайлбарласан. Гэтэл шүүгч нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тухай танилцуулахдаа уг нэхэмжлэлийн шаадрлагыг ерөнхий агуулгаар нь шийдэж байна гэх тодорхой бус тайлбар өгсөн.
Шүүгч энэхүү хууль бус үндэслэлээ шүүхийн шийдвэрт хэрхэн тайлбарлахыг хүлээж байсан боловч бичгээр гаргасан шүүхийн шийдвэрт энэхүү тайлбараа хийдэггүй ба оронд нь нэхэмжлэлийн шаардлагын Сангийн яаманд холбогдох хэсгийг “Сангийн яамны 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 6-1/6660 дугаартай албан бичгээр гаргасан дүгнэлтийн тав дахь хэсэг, Зам, тээврийн хөгжлийн яамны тендер шалгаруулалттай холбогдсон шийдвэрийг хүчингүй болгож, дахин нээлттэй тендер шалгаруулалтыг мэдэгдсэн шийдвэрийг хүчингүй болгуулах” гэж өөрчлөн бичсэн нь шүүгчийн хувьд маш ноцтой хууль бус үйлдэл болжээ. Ийнхүү нэхэмжлэлийн шаардлагыг гуйвуулан бичсэн нь нэхэмжлэгчийг Сангийн яамны шийдвэрийн агуулгыг зөв ойлгож маргасан мэт ойлголтыг төрүүлэхийг хичээсэн ба улмаар түүний шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжтой болгох зорилготой байна.
Шүүх хуулийг илтэд буруу хэрэглэсэн. Ажлын хэсэг байгуулж тендер шалгаруулалт зохион байгуулах боломжгүй хуулийг зохицуулалтыг шүүх үгүйсгэсэн. Шүүгч Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/109 дугаартай тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг нь хуульд заасан үнэлгээний хорооны чиг үүргийг хэрэгжүүлж болох мэтээр ташаа тайлбарлажээ. Тус ажлын хэсгийн гишүүд нь хуулийн 47 дугаар зүйлд заасан журмын дагуу эрх эдэлж, үүрэг хүлээх боломжгүйгээс гадна тус зүйлийн 47.6 дахь хэсэгт заасан “Үнэлгээний хорооны гишүүд худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн байна” гэх хуулийн шаардлагыг хангаагүй тухай Зам, тээврийн хөгжлийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э асуулт, хариултын шатанд тодорхой хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэтэл уг асуудлаар шүүх огт дүгнээгүй ба хуулиар ямар ч эрх олгогдоогүй хэрнээ ажлын хэсэг гэх бүтэц нь хуулийн 47 дугаар зүйлээр зөвхөн үнэлгээний хорооны хэрэгжүүлэх эрх, үүргийг хэрэгжүүлээд зогсохгүй тус хуулийн 46 дугаар зүйлд зааснаар захиалагчийн зарим эрхийг шилжүүлэн авсныг ч зөвтгөн шийдвэрлэсэн хуулийг буруу хэрэглэсэн явдал байна.
Тендер шалгаруулалт амжилтгүй болох ойлголтын тухайд шүүх Төрйн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.1-т заасан “тендер шалгаруулалт амжилтгүй болох” гэдэг ойлголтыг тухайн зарласан тендер шалгаруулалтын дагуу гэрээ байгуулаагүй үеийг л ойлгох мэтээр шүүхийн шийдвэрийн 17 дахь талд буруу дүгнэжээ. Амжилтгүй болох гэдэг нь бүх тендерээс татгалзсан тохиолдлыг ойлгох болохыг тус зүйлийн 30.4 дэх хэсгийн “Бүх тендерээс татгалзсан тохиолдолд захиалагч дараа шийдвэрийн аль нэгийг гаргана” гэснээс төвөггүй ойлгох боломжтой. Захиалагч ямар тохиолдолд бүх тендерээс татгалзах тухай тус хуулийн 30.1 дэх хэсэгт тодорхой заасан энэхүү тендер шалгаруулалттай холбоотойгоор хуулийн уг хэсгийг үндэслэн зөвхөн нэг удаа л бүх тендерээс татгалзсан гэх үйл баримт тогтоогддог. Гэтэл шүүх энэхүү үйл баримтыг дүгнэлгүйгээр захиалагчийг тус хуулийн 34.1.1 дэх заалтын “энэ хуулийн 30.4.3..-д заасан тохиолдолд” гэх нөхцөл бүрдсэн гэж буруу дүгнэсэн.
Түүнчлэн шүүх ЗТХЯ/202003081 дугаартай “Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Хэнтий аймгийн Өндөр хаан нисэх онгоцны буудлыг шинэчлэн барих төслийн гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах багц-/ Барилга”-ын тендер шалгаруулалтыг хамгийн анх 2019 онд зарлагдсан мэтээр буруу дүгнэжээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтийн дагуу шүүх Зам, тээврийн хөгжлийн яамнаас тус тендер шалгаруулалттай холбоотой өмнөх захиалагчийн шийдвэрүүдийг ирүүлэхийг шаардахад тус яам зөвхөн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр, 7 дугаар сарын 09-ний өдөр тус тус нээлттэй зарласан баримтыг нотлох баримтаар ирүүлсэн бөгөөд 3 дахь удаагийн тохиолдолд 2020 оны 09 дүгээр сард гэрээ шууд байгуулах аргыг хэрэглж 7 хоногийн дотор шийдвэр гаргасан байдаг.
Шүүх хуралдааны явцад тус ажлыг гүйцэтгүүлэх тендер шалгаруулалтыг 2019 оны 3,536,783,088 төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр анх удаа зарласан гэх асуудал яригдсан бөгөөд энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүйгээс гадна маргаан бүхий ЗТХЯ/202003081 дугаартай тендер шалгаруулалт нь 2020 онд зарлагдсан бүх тохиолдолдоо яг ижил 4,071,415,608 төгрөгийн төсөвт өртөгтэй байсан тул даруй 535 сая төгрөгөөр бага төсөвт өртөгтэй 2019 оны тендер шалгаруулалтыг 2020 онд зохион байгуулсан тендер шалгаруулалтын нэг хэсэг гэж үзэх боломжгүй ба энэ талаар хариуцагчийн зүгээс шүүх хуралдааны явцад тодорхой тайлбарласан. Гэтэл хариуцагчийн энэхүү тайлбар, няцаалтын талаар шүүх тодорхой үндэслэл гаргаагүй хэрнээ нэхэмжлэгчид ашигтайгаар дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Сангийн яамны гомдлын хүрээнд хянахдаа гомдлоос хэтэрсэн гэж үндэслэлгүй дүгнэсэн байна. Сангийн яам “М” ХХК-ийн гомдолд дурдсан үндэслэлийн хүрээнд захиалагчийн шийдвэр, үйл ажиллагааг хянаад захиалагчийн хууль бус үйлдлийг илрүүлсэн ба энэхүү гомдол нь үндэслэлтэй хэдий ч гомдолд “дахин үнэлгээ хийлгэх”-ийг хүссэн заавал түүгээр нь шийдвэрлэх хуулийн зохицуулалт байхгүй юм. Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55.3 дахь хэсэгт “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага...гомдлыг авч хэлэлцээд захиалагч энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл дараах шийдвэр гаргана” гэж хуулийн 55.3.1, 55.3.2, 55.3.3 дахь хэсэгт заасан 3 төрлөөс сонгон хэрэглэх эрхийг олгосон.
Түүнчлэн Сангийн яам гомдол хянан шийдвэрлэж байгаа нь захиргааны эрх зүйн “урьдчилан шийдвэрлэх ажиллагаа”-ын журмыг биелүүлж байгаа явдал бөгөөд шүүхтэй адилгүй нь түүний гаргах шийдвэрийн агуулга нь зайлшгүй гомдол гаргагчийн тодорхойлсон агуулга байх шаардлагагүй юм. Өөрөөр хэлбэл, гомдол шийдвэрлэх ерөнхий харилцааг зохицуулсан Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлд урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд гаргах шийдвэрийн төрлийг нэрлэн заасан байдаг ба зайлшгүй гомдолд дурдсан үр дагавар үзүүлэх шийдвэр гаргах үүрэгтэй гэдгийг санах шаардлагатай.
Энэ маргааны хувд захиалагч хууль зөрчсөн үйлдэл нь үнэлгээний явцад гарсан алдаа биш тул “дахин үнэлгээ хийх” шийдвэр гаргаад залруулах боломжгүй бөгөөд анхнаас тендер шалгаруулалтын журмыг буруу сонгож, үнэлгээний хороо байгуулалгүйгээр хууль бус бүтцээр сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан юм.
Шүүхээс “үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх” зарчим, нэхэмжлэлийн “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчмыг буруу тайлбарласан.
Шүүхийн шийдвэрийн 18-19 дэх талд дурдсанаар шүүх хуулийн 6.1-д заасан үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг үндэслэхдээ тус тендер шалгаруулалттай холбоотой Сангийн яамны урьд өмнөх 2 удаагийн шийдвэрийг судлаагүй, хянаагүй хэрнээ зөвхөн талуудын амаар хэлсэн тайлбарт үндэслэн Сангийн яамыг санаатайгаар тус тендер шалгаруулалтад саад тотгор учруулж гадаад улсын Засгийн газрын санхүүжилтээр хийгдэх ажлыг хийлгэхгүй байгаа мэт дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэснийг зөрчжээ.
Түүнчлэн шүүхийн шийдвэрт тус тендер шалгаруулалтад Захиргааны ерөнхий хуулий 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмын хүрээнд захиалагч тендер шалгаруулалт зохион байгуулахдаа хууль зөрчсөн байсан ч гэсэн нэхэмжлэгчийн хууль ёсны итгэлийг хамгаалах ёстой гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55.3 дахь хэсгийн хариуцагч Сангийн яам “захиалагч хууль зөрчсөн” гэж үзвэл гаргах шийдвэрийн төрлийг тодорхой заасан бөгөөд тус хуульд захиалагчийн хууль зөрчсөн үйлдлийг оролцогчдын итгэлийг хамгаалахын тулд зөвтгөх үндэслэл, боломж байхгүй юм.
Учир нь төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбогдох худалдан авах ажиллагааны шударга, ил тод байдлыг хуульд заасан процедур, журмыг ягштал баримтлах замаар тогтоодог бөгөөд энэ дүрэм, журам зөрчигдөх нь нийтийн ашиг сонирхол, төсвийн хөрөнгийн зарцуулалтад хохиролтой. Иймд хууль зөрчсөн худалдан авах ажиллагааны журам сонгосон, хууль зөрчсөн ажлын хэсэг байгуулж захиалагчийн эрх, үүргийг шилжүүлсэн зэрэг нь түүний үндсэн дээр байгуулах бүх гэрээг тус хуулийн 42 дугаар зүйлд зааснаар гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болно. Энэ тохиолдолд тендерт оролцогчйн “хууль ёсны итгэлийг хамгаалах” гэсэн үндэслэлээр тендер шалгаруулалтыг зөвтгөх боломжгүй юм. Харин Монгол Улсын Үндсэн хуулийн 1-р бүлийн 2 дахь хэсэгт заасан “хууль дээдлэх” төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим тэргүүн ээлжид мөрдөгдөх ёстой гэдгийг анхаарч үзнэ үү.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхээс энэ маргаанд хамаарах Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч “Х” ХХК нь Сангийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам нарт холбогдуулан, “Сангийн яамны 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 6-1/6660 дугаартай албан бичгийн дүгнэлтийн 5 дахь хэсэг, Зам, тээврийн хөгжлийн яамны тендер шалгаруулалттай холбогдсон шийдвэрийг хүчингүй болгож дахин нээлттэй тендер шалгаруулахыг мэдэгдсэн шийдвэрийг, Зам, тээврийн хөгжлийн яамны 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн “Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн буцалтгүй тусламжийн, хөрөнгөөр хэрэгжүүлэх Хэнтий аймгийн Өндөр хаан нисэх онгоцны буудлыг шинэчлэн барих төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Багц-1 Барилга”-ын тендерийг нээлттэй зарласан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, Зам, тээврийн хөгжлийн яамнаас зарласан ЗТХЯ/20200381 дугаартай “Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Хэнтийн аймгийн Өндөр хаан нисэх онгоцны буудлыг шинэчлэн барих төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Багц-1 Барилга”-ын тендерийн ялагч “Х” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.
Анхан шатны шүүхээс Сангийн яамнаас гаргасан 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 6-1/6660 дугаар албан бичгийн дүгнэлтийн 5 дахь хэсэг болон тендер шалгаруулалттай холбогдуулан гаргасан шийдвэрийг хүчингүй болгож, дахин нээлттэй тендер шалгаруулалтын журмаар зохион байгуулахыг даалгаж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгосон нь үндэслэлтэй бөгөөд хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгчийн тодорхойлсноос өөрөөр гуйвуулж, хангаж шийдвэрлэсэн...” гэх гомдол үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд анх Сангийн яамд холбогдуулан “2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 6-1/6660 дугаар албан бичгийн дүгнэлтийн 5 дахь хэсэг болон тендер шалгаруулалттай холбогдуулан гаргасан шийдвэрийг хүчингүй болгож, дахин нээлттэй тендер шалгаруулалтын журмаар зохион байгуулахыг даалгах” нэхэмжлэлийг гаргаж, улмаар 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар Зам, тээврийн хөгжлийн яамыг тодорхойлж, “Зам, тээврийн хөгжлийн яамны зарласан ЗТХЯ/202003081 дугаартай “Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Хэнтий аймгийн Өндөр хан нисэх онгоцны шинэчлэн барих төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Багц-1 Барилга”-ын тендерийн ялагч “Х” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах” гэж нэмэгдүүлсэн бөгөөд аливаа байдлаар өөрчлөөгүй, анхан шатны шүүх энэ хүрээнд хэргийг шийдвэрлэсэн тул энэ талаарх гомдол үндэслэлгүй.
Сангийн яамны 6-1/6660 дугаар албан бичгийн маргаан бүхий 5 дахь хэсэгт “Х” ХХК тендерт нивилер, теодолит, гүний доргиур, угсралтын агергат, хийн цохилтот нягтруулагч зэрэг гэрээг гүйцэтгэхэд шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалт ирүүлсэн боловч үнийн санал авах баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 3.1 в-д заасны дагуу дээрх тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нотлох баримт ирүүлээгүй гэснээс үзвэл, Зам, тээврийн яамнаас тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд тендерт оролцогч гэрээг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай үндсэн тоног төхөөрөмж, машин механизмуудыг хүснэгтээр жагсаалт гаргасан, уг жагсаалтад 12 тоног төхөөрөмжийн нэр бичигдсэн, тус бүрийг нь ирүүлэх тоног төхөөрөмжийн хүчин чадал ямар байхыг тусгаагүй. Харин нэхэмжлэгчэс ТОӨЗ. 3.1 в-д нэр заасан тоног төхөөрөмжтэй болохоо нотолж зургийг хавсаргасан бөгөөд “шаардлага хангаагүй” гэж дүгнэж нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй юм.
Мөн Сангийн яам “М” ХХК-ийн гомдлыг хянахдаа гомдлын хүрээнээс хэтэрсэн шийдвэр гаргасан гэж үзэхээр байна. Учир нь “М” ХХК-иас “...Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Хэнтий аймгийн Өндөр хаан нисэх онгоцны буудлыг шинэчлэн барих төсөл-ийн ажил гүйцэтгэх тендерийг түдгэлзүүлж, “Х” ХХК-ийн баримт бичгийг бүхэлд нь хянан үзэж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55.3.1-т заасныг үндэслэн “Х” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон үнэлгээний хорооны болон захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгож дахин үнэлгээ хийлгэх...” гэжээ. Гэтэл хариуцагч Сангийн яамны албан бичгээр “захиалагч, түүний томилсон үнэлгээний хорооны алдаатай үйлдлээс шалтгаалан тус тендер шалгаруулалт удаа дараа хүчингүй болсон байтал захиалагч хуульд заасны дагуу хяналт тавьж ажиллаагүй, гэрээ шууд байгуулах аргаар тендер шалгаруулалт зохион байгуулсан нь үндэслэлгүй” гэж захиалагчийн тендер шалгаруулалттай холбогдуулан гаргасан шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгосон нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.1-д “тендер шалгаруулалт амжилтгүй болсон шалтгааныг судалж, тендерийн баримт бичгийн агуулгад шаардлагатай өөрчлөлт оруулж нээлттэй тендер шалгаруулалт явуулах” гэж заасантай нийцэхгүй байна.
Тодруулбал, захиалагч Зам, тээврийн хөгжлийн яамнаас удаа дараагийн тендер сонгон шалгаруулалт болсон бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасантай ижил нөхцөл үүссэн, буюу хуулийн 30.4.3-д заасан нөхцөл байдал үүссэн тул захиалагчаас гэрээ шууд байгуулах аргыг сонгож, тендер шалгаруулалтын онцгой журмыг хэрэглэснийг буруутгах үндэслэлгүй тул энэ талаарх хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй. Мөн Сангийн сайдын 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн Журам батлах тухай 131 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам-ын 6.1-д “Сангийн яам нь ... гомдлын хүрээнд хянан үзэж, дараах шийдвэрийн аль нэгийг гаргана” гэж зааснаас үзвэл, бодит нөхцөл байдалд тохироогүй шийдвэрийг Сангийн яамнаас гаргасан гэж үзэхээр байна.
Нөгөөтэйгүүр, анхан шатны шүүхээс Зам, тээврийн хөгжлийн яамны 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Хэнтий аймгийн Өндөр хаан нисэх онгоцны буудлыг шинэчлэн барих төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Багц-I Барилга-ын тендерийг нээлттэй зарласан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах тухай шаардлагыг шүүхээс хангаж шийдвэрлэсэн зөв бөгөөд нэхэмжлэгч тухайн тендерт ялагчаар тодорч, гэрээ байгуулах мэдэгдлийг захиалагчаас хүлээн авсан болох нь тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн “тендер шалгаруулалттай холбоотой гаргасан захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгосон Сангийн яамны албан бичгийн холбогдох хэсгийг хүчингүй болгосноор захиалагчийн шийдвэр хүчинтэй хэвээр үлдэж байгаа нь тендер шалгаруулалтыг явуулахаар дахин зарласан шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй” гэх дүгнэлтийг үгүйсгэх нөхцөлгүй байна.
Харин нэхэмжлэгч “Х” ХХК нэгэнт “Зам тээврийн хөгжлийн яамнаас зарласан ЗТХЯ/20200381 дугаартай Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Хэнтий аймгийн Өндөр хаан нисэх онгоцны буудлыг шинэчлэн барих төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Багц-I Барилга-ын тендерийн ялагчаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34.2-д заасан шаардлагыг хангасан гэж хоёр ч удаа тодорсон үйл баримт хэргийн материалд авагдсан байна. Дээрх даалгах нэхэмжлэлийн шаардлага нь үүрэг хүлээлгэх нэхэмжлэлийн төрөлд хамаарах бөгөөд үүнийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны эс үйлдэхй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах” гэж тодорхойлсноос үзвэл Зам, тээврийн хөгжлийн яамны хууль бус үйл ажиллагаа тогтоогдохгүй байгаа тул даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна.
Иймд хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол дурдсанаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох, үндэслэл тогтоогдохгүй байх тул гомдлыг хангахгүй орхив.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 222 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Сангийн яам давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 5 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН