| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Золзаяа |
| Хэргийн индекс | 183/2017/02473/И |
| Дугаар | 001/ХТ2018/00694 |
| Огноо | 2018-05-03 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 001/ХТ2018/00694
Ц.Тгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч П.Золзаяа Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2017/02505 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 210/МА2018/00210 дугаар магадлалтай,
Ц.Тгийн нэхэмжлэлтэй
“Э Г”цэцэрлэгт холбогдох
Гэрээг цуцалж, гэрээний стандарт нөхцөл хүчин төгөлдөр бус тул сургалтын төлбөрт төлсөн 3 675 800 төгрөгөө бүрэн буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Одмаагийн гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраагийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Т нь 2017 оны 8 сарын 24-ний өдөр “Э Г”цэцэрлэгтэй 117 дугаартай сургуулийн өмнөх боловсрол, сургалтын гэрээ байгуулж 3 настай охин Нандиндарийг тус цэцэрлэгт хүмүүжүүлэн сургахаар тохиролцсон. Ингээд 2017 оны 8 сарын 24-ний өдөр “Э Г”цэцэрлэгийн Хаан банкны 5212008267 дугаартай харилцах дансанд цэцэрлэгийн сургалтын төлбөрт гэрээгээр тохиролцсон 3 325 000 төгрөг, мөн байгууллагын 5212015004 тоот харилцах дансанд хүүхдийн 6 ширхэг хувцасны үнэ 350 800 төгрөг нийт 3 675 800 төгрөгийг шилжүүлсэн. Цэцэрлэг нь 9 сарын 04-ний өдөр эхэлсэн ба Нандиндарь нь 9 сарын 04-ний өдрөөс 9 сарын 09-ний өдөр хүртэл 5 өдөр явж, 5 дахь өдрийн орой гэртээ харьсны дараа их хэмжээгээр бөөлжиж, халуурсан байдалтай ирсэн. Ингээд яаралтай түргэн дуудаж Интер мед эмнэлэгт үзүүлэхэд хоолны хордлого авсан гэж онош тавьж, гэрээр эмчилгээ хийлгэсэн. Хүүхэд 9 сарын 08-ны орой бөөлжиж эхэлсэн. Эдгээр өдрүүд амралтын өдөр байсан учраас цэцэрлэгийн хоолтой холбоотой дүгнэлт гаргуулах, мэргэжлийн байгууллагад хандах боломж байгаагүй. “Э Г”цэцэрлэгээс бусад Улсын цэцэрлэгүүд эрүүл мэндийн үзлэгт орсон байхыг шаарддаг. “Э Г”цэцэрлэгт явуулах шаардлагагүй болсон учраас захирал н.Солонго гэдэг хүнд утсаар яриад гэрээнээс татгалзаж байна төлбөрөө шилжүүлье, өгсөн хувцсаа буцааж өгөх шаардлагыг тавьсан боловч хүлээж аваагүй. “Э Г”цэцэрлэгтэй байгуулсан 2017 оны 8 сарын 24-ний өдөр сургуулийн өмнөх боловсрол, сургалтын гэрээний 6.2.4-т заасан заалт нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.5 дахь хэсэгт заасан нөхцөлийг хангаж байгаа тул уг заалтыг хүчингүй болгуулах, мөн “Э Г”цэцэрлэгтэй байгуулсан гэрээг цаашид үргэлжлүүлэх боломжгүй учраас уг гэрээнээс татгалзаж, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасны дагуу төлсөн сургалтын төлбөрөөс холбогдох цэцэрлэгт явсан өдрийг суутгаад үлдэгдэл төлбөрийг гаргуулна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Одмаагийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Т нь 2017 оны 8 сард захирал, нягтлантай уулзаж гэрээний төслийг маш удаан уншиж судалж тайлбарлуулж гэрээнд гарын үсэг зурсан. Нандиндарь 09 сарын 04-ний өдрөөс 09 сарын 08-ны өдөр хүртэл цэцэрлэгт явж байсныг зөвшөөрнө. 2017 оны 09 сарын 08-ны өдөр 5 дахь өдөр байсан. Энэ өдөр охин Нандиндарь нь ямар нэгэн зовиур шаналгаагүй байж байгаад цэцэрлэгээс тараад явсан. Хагас сайн өдөр Солонго захирал руу утасдахаар нь манай зүгээс эмчээ явуулж бүтэн сайн өдөр Интер мед эмнэлэгт байна гэхээр очсон боловч байхгүй байсан. Гэрт нь очиж уулзахад хүүхэд тоглоод сууж байсан. Тэр үед нь ямар нэгэн зовиур болон бөөлжсөн зүйл байгаагүй, хүүхэд гайгүй болсон гэж хэлсэн. Манай “Э Г”цэцэрлэг маань хоолны материалыг эрүүл ахуй, хоол бэлтгэх, хоолны стандарт шаардлагыг маш өндөр түвшинд хангаж ажилладаг. Манайхаас хордлого авах ямар ч үндэслэл байхгүй. Ц.Т нь 3 675 800 төгрөгийг шилжүүлсэн үнэн. Гэрээний 6.2-т эцэг эх нь энэхүү гэрээг байгуулж, төлбөрийг бүрэн шилжүүлсний дараа өөрийн санаачилгаар гэрээг дуусгавар болгох тохиолдолд төлбөрийн буцаалтыг дараах нөхцөлийг хүлээн зөвшөөрч байна, мөн 6.2.4-т эцэг эх нь хүүхдээ 1-5 хүртэл хоногийн хугацаанд цэцэрлэгт хамааруулсан бол эхний 10 хоног бүтэн хамаарагдсанаар тооцно гэж байгаа. Мөн эцэг эхчүүд дуртай үедээ хүүхдээ хамруулж тасалдуулахад манай үйл ажиллагаа маш их доголдож эхэлдэг. Ц.Т гэрээндээ 2 удаа чөлөө авна гэсэн учраас уг өдрүүдийг тооцоод хагас жилийн төлбөр 3 325 000 төгрөг гарсан. Тэгэхээр нэг өдрийн Нандиндарийн цэцэрлэгт хамрагдсан төлбөр нь 45238 төгрөг байна. Хэрвээ Нандиндарь 6 өдөр цэцэрлэгт хамрагдсан боловч нэг өдрийг хасаад 5 хоногоор тооцож үзсэн. Гэрээний дагуу 10 өдрийн төлбөр 452 380 төгрөг болж байгаа. Иймд Ц.Тд 2 298 095 төгрөгийг буцааж өгнө, хэрэглэсэн хувцасыг буцааж авах боломжгүй гэжээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2017/02505 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2, 202.2.5, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар “Э Г”цэцэрлэгээс 2 298 095 төгрөг гаргуулж Ц.Тд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 377 705 төгрөгийг, мөн 2017.08.24-ний өдрийн ЭГ-17/117 тоот гэрээний 6.4.2 дахь заалтыг хүчингүй болгох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Э Г”цэцэрлэгээс 51 719 төгрөг гаргуулж Ц.Тд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 143 963 /70200+73763/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 210/МА2018/00210 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2017/02505 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын 202.2, 202.2.5, 205 дугаар зүйлийн 205.1 гэснийг 367 дугаар зүйлийн 367.1, 367.3 гэж, 2 298 095 гэснийг 3 098 000 гэж, 1 377 705 гэснийг 577 800 гэж, 2 дах заалтын 51 719 гэснийг 64 518 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Одмаа хяналтын гомдолдоо: Магадлалд хяналтын журмаар энэхүү гомдлыг гаргаж байна.1. Давж заалдах шатны шүүх нь иргэн Ц.Т болон “Э Г”цэцэрлэгийн хооронд байгуулсан “Сургуулийн өмнөх боловсрол, сургалтын гэрээ”-г “Зохигчдын хооронд Иргэний хуулийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн...” гэж үзсэн нь дараахь байдлаар хуулийг буруу тайлбарласан, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иргэний хуулийн 359 дүгээр зүйл дэх Хөлсөөр ажиллах гэрээнд ажиллагч, ажиллуулагчийн хоорондын харилцааг зохицуулсан. Ажиллагч гэдэг үгийн утга нь ажил хөдөлмөр хийж буй хүн байдаг. Иргэн Ц.Т болон “Э Г”цэцэрлэгийн хооронд байгуулсан ЭГ-17/117 дугаартай Сургуулийн өмнөх боловсрол сургалтын гэрээ нь үйлчилгээ талаасаа Хөлсөөр ажиллах гэрээний төрөл юм шиг боловч гэрээнд оролцогч талуудын хувьд хөлсөөр ажиллах гэрээ болохгүй. Учир нь “Э Г”цэцэрлэг буюу байгууллагыг хөлслөнө гэсэн ойлголт байхгүй бөгөөд ажиллагч нь аж ахуйн нэгж байх боломжгүй юм. Ажиллагч, ажилтан гэсэн ойлголт нь ижил бөгөөд Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т /ажилтан гэж ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа иргэнийг ойлгоно/ гэж тайлбарласан байна. Мөн Иргэний хуулийн 360.1-д ажиллагч нь заасан ажил үйлчилгээг биечлэн гүйцэтгэх бөгөөд бусдад шилжүүлэхийг хориглосон байдаг. Иймд биечлэн гүйцэтгэх нь зөвхөн тухайн иргэн буюу ажиллагчид хамааралтай заалт тул аж ахуйн нэгж байгууллага байх боломжгүй гэж үзэж байна. 2. Хяналтын шатны шүүх магадлалдаа Иргэний хуулийн 221.1 дэх заалтыг үндэслэн нэхэмжлэгчийн хүүхэд өвдсөн нь Ц.Т гэрээнээс татгалзах хүндэтгэн үзэх үндэслэл мөн гэж үзсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1-д заасан “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэж үзэж байна. Нэхэмжлэгч Ц.Тгийн охин өвдсөн нь Иргэний хуулийн 221.2 дах “гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ” гэсэн заалттай нийцэхгүй байна. Учир нь хүүхэд өвдсөн нь гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал биш, мөн гэрээний хугацааг үргэлжлүүлэх сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдал ч биш юм. Цэцэрлэгт хамрагдсан 200 хүүхэд бүгд ижил хооллосон боловч Нандиндариас өөр 1 ч хүүхдэд хордлогын шинж илрээгүйгээс гадна цэцэрлэг өдөр бүр дээд зэрэглэлийн эко бүтээгдэхүүнээр чанар стандартын шаардлагыг бүрэн хангасан шинэ хоолоор үйлчилдэг. Нэхэмжлэгч Ц.Т манай цэцэрлэгт гэрээ цуцлахаар гаргасан хүсэлт болон Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Х.Нандиндари хоолны хордлогоноос болж өвдсөн тул цаашид энэ цэцэрлэгт хүмүүжүүлэх итгэл үнэмшил байхгүй болсон” гээд Түшиг лабораторид өгсөн /цагаан хорхой, шээсэнд шар өвчин байгаа эсэх/ шинжилгээгээр ямар нэг өвчингүй байсан гэсэн нь гэдэс өвдсөнтэй холбоогүй зөвхөн шар өвчин, цагаан хорхойтой эсэх шинжилгээний хариу юм. Х.Нандиндари охины гэдэс өвдсөн боловч энэхүү өвчин нь манай цэцэрлэгтэй хамааралгүй, шалтгаан тодорхой бус бөгөөд эргээд эдгэрээд дараагийн ажлын өдрөөс цэцэрлэгтээ хамрагдах бүрэн боломжтой байсан. ЭГ-17/117 дугаартай гэрээний нэг тал болох “Э Г”цэцэрлэгийн зүгээс ямар нэгэн байдлаар гэрээний үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй, гэрээгээ зөрчсөн асуудал огт байхгүй. Иргэний хуулийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заасан байна. Гэтэл “Э Г”цэцэрлэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөгүй байхад Ц.Т гэрээнээс татгалзах эрхгүй гэж үзэж байна. Харин Ц.Т өөрийн санаачилгаар гэрээг хугацаанаас өмнө цуцлах эрх нь нээлттэй байгаа тул талууд байгуулсан гэрээнийхээ дагуу гэрээг цуцлах нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа юм. 3.Магадлалд талуудын байгуулсан гэрээний 6 дугаар зүйлийн 6.4.2 дахь заалтыг “Иргэний хуулийн 202.2.5-д заасан гарсан зардлыг хэт өндрөөр буюу нэмэгдүүлэн тооцож шаардах эрхийг өөртөө олгосон хүчин төгөлдөр бус стандарт нөхцөл байна гэж үзээд “Э Г”цэцэрлэг нь тухайн нөхцлийг зөвхөн Ц.Ттэй тохиролцсон гэдгээ нотлоогүй тул нэг бүрчлэн тохиролцож тогтоосон гэж үзэх үндэслэлгүй” гэж үзсэн нь давж заалдах шүүх зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Цэцэрлэг нь Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.12-т “Цэцэрлэг нь хүүхдийн эрүүл, аюулгүй сурч хөгжих орчин, нөхцлийг бүрдүүлэх талаар харилцан хүлээх үүрэг хариуцлагыг тодорхойлж, эцэг, эх, асран хамгаалагчтай гэрээ байгуулна” гэсэн заалтын дагуу гэрээ байгуулсан бөгөөд нэхэмжлэгч Ц.Т мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.7 “хүүхдийн эрүүл, аюулгүй сурч, хөгжих орчин, нөхцлийг бүрдүүлэх талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхойлж, цэцэрлэгийн эрхлэгчтэй гэрээ байгуулах”-д заасан эцэг эхийнхээ үүргийн дагуу гэрээ байгуулсан. Талуудын хооронд байгуулсан гэрээний 6 дугаар зүйлийн 6.4-т эцэг эх нь өөрийн санаачилгаар гэрээг дуусгавар болгох тохиолдлыг нарийвчилсан зохицуулалттайгаар оруулж өгсөн бөгөөд Ц.Т эдгээр заалтуудын нөхцлийг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан байгаа. Мөн гэрээний 3 дугаар зүйлийн 3.5-д “Эцэг эх нь гэрээнд заасан нийт хугацаанд хүүхдээ цэцэрлэгт хамруулаагүй зогсоох замаар элссэн хүхдийн орон тоог бууруулах /цэцэрлэг нь төсөвлөсөн орон тоогоор хүүхэд авахад бэлтгэн шаардлагатай зардлыг тогтмол гаргаж байдагтай холбогдон/, эсвэл цэцэрлэгийн үйл ажиллагааны төсөвт зардлыг нэмэгдүүлэх зэргээр аливаа үйлдэл гаргасан тохиолдолд цэцэрлэгт учирсан хохирол, орох ёстой байсан орлогыг энэ гэрээнд заасны дагуу төлөхийг үүгээр зөвшөөрч байна” гэсэн заалтын дагуу 6.4.2-т заасан журмаар хохирлыг барагдуулах үүрэгтэй. Нэхэмжлэгч Ц.Т “Э Г”цэцэрлэгт хүүхдээ хамруулахаар бидэнтэй 2 өдрийн турш уулзаж, гэрээний заалтуудыг харилцан тохиролцож Иргэний хуулийн 189.1 дэх заалтын дагуу гэрээ байгуулсан бөгөөд нэхэмжлэл гаргахдаа талуудын байгуулсан ЭГ-17/117 дугаартай гэрээний 6.4.2 дахь заалтыг стандарт нөхцөл гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Гэрээний стандарт нөхцөл гэж үзэж байгаа үндэслэл, нотлох баримт, цэцэрлэгээс гарч буй урьдчилсан бодит зардлыг ямар шалгуур ямар тооцооллоор хэт өндөр гэж үзэж байгаа нь тодорхой бус, харьцуулсан судалгаа тооцоо байхгүй. Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо дурдсан тоо баримтуудыг 1 ч төгрөгийн зардалгүйгээр хэт нэг талыг барьж буруу тооцоолон, бусдад маш их хэмжээний ашиг олдог гэсэн ойлголт төрүүлэхийн тулд бичсэн байна. Сургалтын төлбөр өндөр үнэтэй ч байсан, хямд ч байсан ялгаа байхгүйгээр гэрээг нэг талын санаачилгаар цуцлахаар харилцан тохиролцсон гэрээний зохицуулалт ижил үйлчилнэ гэдгийг шүүх олж харна гэж найдаж байсан боловч харамсалтай нь давж заалдах шатны шүүх зардлыг талаарх харьцуулсан судалгаа баримт байхгүй байхад нэхэмжлэгчээс гаргасан олон тоог харж хэт өндрөөр үнэлсэн гэж нэг талыг барьсан шийдвэр гаргалаа. Манай цэцэрлэгт хамрагдаж буй хүүхдийн 85 орчим хувь нь Ривер гарден, Тайм скуэр хотхонд амьдардаг бөгөөд эдгээр хүүхдүүд 1 сард 950000 төгрөг төлдөггүй, гэрээний дагуу 5 хувийн хөнгөлөлт эдлэж 902500 төгрөг төлдөг бөгөөд хотхоны бүх хүүхдийг автомашинаар үнэгүй очиж авах хүргэх, өндөр цалинтай багш ажилчдын цалин, ашиглалтын зардлууд, урьдчилан бэлтгэсэн хичээлийн хэрэгсэл, тоглоом, ном сурах бичгүүд, ариун цэврийн хэрэгсэл, хүүхэд бүрт Солонгос улсад үйлдвэрлэсэн шинэ ор хөнжлийн даавуу бэлтгэх, бусад сургалтын байгууллага, бассейнтай хамтран ажиллах, дээд зэрэглэлийн хүнс, хоол унд, жимс, цагаан идээ зэрэгт асар өндөр зардал гаргадаг билээ. /Хүүхдийн тооноос хамаарахгүйгээр сар бүр тогтмол гарах цалингийн зардлын мэдээлэл бүхий нотлох баримтыг анхан шатны шүүхэд гаргасан байгаа./ Мөн нэхэмжлэгч гомдолдоо гэрээний 6 дугаар зүйлийн 6.4.2 “Эцэг эх нь хүүхдээ 1-5 хүртэл хоногийн хугацаанд цэцэрлэгт хамруулсан бол эхний 10 хоног бүтэн хамрагдсанаар тооцож, гэрээний үүргээ бүрэн гүйцэтгээгүй, элсэх хүүхдийн орон тоо хязгаарласны торгуулийг гэрээний дагуу нийт төлсөн төлбөрөөс эхний 10 хоногийн төлбөрийг хассан дүнгээс 20 хувийг тооцож суутган авч үлдэх дүнг эцэг эхэд буцаан төлнө” гэсэн заалтад “торгуулийн заалтыг давхардуулан оруулсан” гэж үзсэнийг давж заалдах шатны шүүх үндэслэл болгосон нь хариуцагчаас өгсөн тайлбар гэрээний заалтыг огтхон ч хайхраагүйн илрэл гэж үзэж байна. Талуудын байгуулсан гэрээний 6.4.2-т “Эцэг эх хүүхдээ 1-5 хоногийн хугацаанд цэцэрлэгт хамруулсан бол эхний 10 хоног бүтэн хамрагдсанаар тооцох” гэсэн зохицуулалт нь Иргэний хуулийн 205.6-д заасны дагуу сургалтын төлбөрийг буцаан шилжүүлсэн тохиолдолд Суралцагчаас авах зайлшгүй зардлын төлбөр, гэрээний 3.5-д заасан цэцэрлэгт учирсан хохирол юм. Харин үүргийн гүйцэтгэлийг хангуулахын тулд “гэрээний үүргээ бүрэн гүйцэтгээгүй, элсэх хүүхдийн орон тоо хязгаарласан торгуулийн хэмжээг 20 хувь байхаар Иргэний хуулийн 232.5 дахь заалтыг үндэслэл болгож оруулсан билээ. “Э Г”цэцэрлэг нь ЭГ-17/117 дугаар гэрээгээр тохиролцсон заалтыг баримтлан гэрээг цуцлах нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул Ц.Тд ажлын 5 хоногийн төлбөр, 20 хувийн торгуулийг суутгаж нийт 2 298 095 төгрөгийг шилжүүлэхийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд давж заалдах шүүхийн магадлалаар тогтоосон хариуцагчаас гаргуулах нийт үнийн дүнгээс 799 905 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд маргааныг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Ц.Т нь хариуцагч “Э Г”цэцэрлэгт холбогдуулан гэрээг цуцалж, шилжүүлсэн 3 675 800 төгрөгийг буцаан гаргуулах, гэрээний 6.4.2 дах заалтыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээний 6.4.2-т заасан торгуулийг суутгаж, үлдэх 2 298 095 төгрөгийг өгнө гэж маргажээ.
Нэхэмжлэлийн шаардлага 3 675 800 төгрөг нь сургалтын төлбөр 3 325 000 төгрөг, хувцасны үнэд шилжүүлсэн 350 800 төгрөгөөс бүрдсэн байх ба уг мөнгийг буцаан гаргуулна гэж нэхэмжлэгч үзсэн байна.
Анхан шатны шүүх хариуцагчаас 2 298 095 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хариуцагчаас 3 098 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулжээ.
Магадлалыг хүчингүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах хуулийн үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх үзэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангав.
Зохигчдын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан, гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна. “Э Г”цэцэрлэг нь тохирсон ажил үйлчилгээг үзүүлэх буюу нэхэмжлэгчийн хүүхдийг цэцэрлэгт хүлээн авч, асарч хүмүүжүүлэх ажил, үйлчилгээг гүйцэтгэх, нэхэмжлэгч Ц.Т нь үүний төлөө хөлс төлөх тохиролцоо хөлсөөр ажиллах гэрээний шинжийг агуулжээ.
Шүүх зохигч талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон, гэрээний 6.4.2-т заасан заалтыг гэрээний стандарт нөхцөл гэж үзсэн нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1-т заасныг зөрчөөгүй байна. Стандарт нөхцлийг гэрээнд тусгаж болох бөгөөд талуудын байгуулсан гэрээний 6.4, 6.4.2 дах заалт Иргэний хуулийн 202.3-т заасан хүчин төгөлдөр бус шинжийг агуулаагүй байна. Нэхэмжлэгч нь гэрээний нөхцлийг хүлээн зөвшөөрсөн, гэрээтэй бүрэн танилцаж, зөвшөөрсөн нь гэрээний 1.2, 6.3 дах заалтад тусгагдсан, “Э Г”цэцэрлэг нь гэрээний зарим нөхцлийг урьдчилан тогтоосон, энэ нь гэрээ байгуулж буй этгээдийн хувьд байнга хэрэглэгдэх шинжийг агуулсан байна.
Гэрээний 6.4, 6.4.2 дах заалтыг анхан шатны шүүх зөв тайлбарлаж чадаагүй, харин давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад хамаарахгүй Иргэний хуулийн 202.2.5-д заасан “гарсан зардлыг хэт өндрөөр буюу нэмэгдүүлэн тооцож шаардах эрхийг өөртөө олгосон хүчин төгөлдөр бус стандарт нөхцөл“ гэж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн алдаа тус тус гаргасан байх тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулав.
Нэхэмжлэгч нь хариуцагч буюу тухайн цэцэрлэгийг сонгож, гэрээ байгуулахдаа цэцэрлэгт хүмүүжүүлэх хүүхдийн анги, төлбөрийн хэмжээ, цэцэрлэгт мөрдөх зарим журам зэрэг асуудлыг гэрээний нөгөө талтай нэг бүрчлэн тохиролцсны зэрэгцээ нөгөө талын санал болгосон гэрээний стандарт нөхцлийг зөвшөөрсөн байна. Гэрээний 6.4.2-т нэхэмжлэгч гэрээг дуусгавар болгох тохиолдолд 1-5 хүртэл хоног цэцэрлэгт хамрагдсан хүүхдээс 10 хоногоор тооцож төлбөрийг суутган авахаар, 10 хоногийн төлбөрийг хассан дүнгээс 20 хувийг суутган авч үлдэнэ гэж заажээ.
Хэрэг байгаа баримтаас үзвэл гэрээ байгуулагдснаас 5 хоногийн дараа нэхэмжлэгчийн хүүхэд нь их хэмжээгээр халуурч, бөөлжсөн, эмнэлэгт хандахад..., хоолны хордлого гэсэн урьдчилсан онош тавьсан гэсэн тул гэрээнээс татгалзсан гэж нэхэмжлэгч үндэслэлээ тодорхойлсон байна. Хариуцагч гэрээнээс татгалзсан талаар маргаагүй, харин гэрээнд заасан торгуулийг суутгах ёстой гэж маргажээ.
Иргэний хуульд зааснаар, гэрээний нэг тал үүргээ биелүүлээгүй бол анз тохирох замаар, нотлох шаардлагагүйгээр хохирол шаардах нөхцлийг тохирч болох ба талуудын байгуулсан гэрээний 6.4.2-т заасан тохиролцоо хууль зөрчөөгүй байна.
Талуудын байгуулсан гэрээний 6.4.2-т нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан тохиолдолд 1-5 хүртэл хоног цэцэрлэгт хамрагдсан хүүхдээс 10 хоногоор тооцож төлбөрийг суутган авахаар, 10 хоногийн төлбөрийг хассан дүнгээс 20 хувийг суутган авч үлдэхээр заасан нь хүүхэд 1-5 хүртэл хоног цэцэрлэгт хамрагдсан байхад хүүхдээс 10 хоногоор тооцож төлбөрийг суутган авах, түүнээс гадна 10 хоногийн төлбөрийг хассан дүнгээс 20 хувийг суутган авч үлдэхээр хариуцлага тогтоосон нь давхардсан агуулгатай байна. Иймд цэцэрлэгт хамрагдсан бодит тоог баримталж, харин 10 хоногийн төлбөрийг хассан дүнгээс 20 хувийг суутгаж, хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангах боломжтой гэж үзэв.
Гэрээний 6.4.2-т заасны дагуу тооцоход нэг сарын төлбөр нь 950 000 төгрөг байх ба нэг өдрийн хөлс 44 186 төгрөг/ 950 000:21.5/, хүүхэд 5 хоног цэцэрлэгт явсны төлбөр 220 930 төгрөг, 10 хоногийн төлбөр 441 860 төгрөг байна. Нэхэмжлэгчийн зүгээс нийт 3 675 800 төгрөгийг төлсөн, үүнээс 10 хоногийн төлбөр 441 860 төгрөгийг хасвал 3 233 940 төгрөг үлдэнэ. Үүний 20 хувь нь 646 788 төгрөг байна. Нэхэмжлэгчийн төлсөн нийт дүн 3 675 800 төгрөгөөс 5 хоногийн төлбөр 220 930 төгрөг, 20 хувь болох 646 788 төгрөгийг хасвал хариуцагч нь 2 808 082 төгрөгийг нэхэмжлэгчид буцааж өгөх үүрэгтэй.
Энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 210/МА2018/00210 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2017/02505 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...2 298 095..гэснийг 2 808 082...гэж, ...1 377 705...гэснийг ...867 718... гэж, 2 дах заалтад ...51 719...гэснийг ...59879... гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23 750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН
ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА