Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 487

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Журагат,

улсын яллагч Б.Мөнгөншагай,

иргэний хариуцагч “Эрдэм транс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Очироо,

шүүгдэгч Ц.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “ А-­1 ” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Б овогт Ц-ийн Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 1903 0028 60186 дугаартай, 1 хавтаст хэргийг 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Ц-ийн Г нь Монгол Улсын иргэн, 1966 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ “Эрдэм транс” ХХК-нд жолооч ажиллаж байсан, одоо уг ажлаа эрхэлж байгаа гэх, ам бүл 3, эхнэр, охины хамт Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ...... тоотод оршин суух, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

 

Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Шүүгдэгч Ц.Г нь “Эрдэм Транс” ХХК-ний эзэмшлийн “Хьюндай аеро сити” 540 маркийн, 05-30 УНС улсын дугаартай автобусыг жолоодон яваад 2019 оны 3 дугаар сарын 20-ны оройн 20 цаг 10 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Зүүн салааны хуучин автобусны эцсийн буудал дээр зорчигч буулгахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.4-т заасан “жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно” гэснийг зөрчсөний улмаас зорчигч 61 настай Д.Энхгэрэлийг уг автобуснаас унагаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, иргэний хариуцагч байгууллагын төлөөлөгч  нарын өгсөн мэдүүлэг:

Шүүгдэгч Ц.Г мэдүүлэхдээ: 2019 оны 3 дугаар сарын 20-ны орой “Хьюндай Аеро Сити” маркийн 05-30 УНС улсын дугаартай автобустай ажил үүргээ гүйцэтгээд урдаасаа хойшоо чиглэлтэй Зүүн салааны эцэс рүү явж байсан. Тэгж явахдаа Зүүн салааны хуучин эцэс дээр хаалгаа дутуу хаагаад хөдөлгөөн эхлүүлсний улмаас иргэн Энхгэрэлийг автобусны хойд хаалгаар унагааж эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан. Би тэр орой нь хохирогчийг эмнэлэгт аваачиж үзүүлээд томографикийн зураг авахуулаад, эм тарианы зардлын мөнгийг өгөөд, сүүлд хоорондоо харилцан тохиролцоод 1.000.000 төгрөг бэлнээр өгөөд, нийт 1.422.500 төгрөгийн хохирол төлсөн гэв.

 

Иргэний хариуцагч “Эрдэм транс” ХХК-ийн төлөөлөгч Ө.Очироо мэдүүлэхдээ: Ц.Г нь манай компанид 2014 оноос одоог хүртэл автобусны жолоочоор ажиллаж байна. Өдөр болгон аюулгүй хуудсан дээр гарын үсэг зуруулж ажилд нь гаргадаг. Ц.Г нь туршлагатай жолооч боловч хэрэг гарсан өдөр анхаарал болгоомжгүйгээсээ болоод зам тээврийн осол гаргасан байна. Г осол гаргаснаасаа хойш ажлаа хийгээгүй. Цагдаагийн байгууллага дээр шалгагдаж байсан. Энэ асуудлыг дууссаны дараа хохирогчийн биеийн байдлыг сайжруулаад, гомдол саналгүй болгосны дараа түүнд авах ёстой арга хэмжээнүүдийг компаниас авна. Ер нь манай компани зам тээврийн осол гаргасан болон ямар нэгэн алдаа дутагдал гаргасан жолооч нарт бааз дээрээ сургалт зохион байгуулж, удаа дараа зөрчил гаргасан жолооч нарт арга хэмжээ авдаг. Жолооч өөрөө 100 хувийн даатгалтай учир хохирогчид манай компаний зүгээс хохирол төлбөр төлөөгүй гэв.

 

Хоёр. Эрүүгийн 1903 0028 60186 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд:

1.Хохирогч Д.Энхгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр өгсөн:

“...Би 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хотын төв орчихоод орой гэртээ харьж яваад Сонгинохайрхан дүүргийн нутаг Баянхошууны зүүн салааны хуучин эцсийн буудлын автобусны буудал дээр автобуснаас бууж байтал уг автобус нь хаалгаа хааж намайг хавчаад, тэгээд жаахан хөдлөөд явж байгаад буцаж хаалга онгойлгоод намайг автобуснаас унагасан юм. Тэгээд би газарт жаахан чирэгдсэн. Уг автобус зогсоод жолооч нь бууж ирээд миний биеийн байдлыг асуугаад намайг автобусандаа өргөж суулгаад автобусанд нилээн хэдэн хүмүүс байсан учир хүмүүсээ буулгаад эргээд эцсийн буудал дээр ирсэн. Тэр үед би охин руугаа ярьсан байсан учир охин цагдаад дуудлага өгсөн байсан. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн нэг цагдаа ирээд 103-д дуудлага өгсөн. Удалгүй түргэний эмч нар ирээд миний биед үзлэг хийгээд явсан. Дараа нь замын цагдаагийн жижүүрийн бүрэлдэхүүн ирж ослын газарт хэмжилт хийгээд явсан юм. Би жолоочийн хамт Гэмтлийн эмнэлэгт очиж өөрийнхөө нурууг рентген зураг авахуулж, мөн хувийн эмнэлэгт очиж нурууны томографикийн зураг авахуулаад буцаад гэмтлийн эмнэлэгт очиж эмч нарт зургаа үзүүлсэн. Эмч нар зураг үзээд нурууны сэртэн яс хугарсан байна гэсэн. Автобус ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо зүгт явж байсан. Автобус нилээн олон зорчигчтой явж байсан. Ослын газарт цагдаа нар ирж хэмжилт хийхэд би өөрөө байсан, автобуснаас унасан гэх цэгийг би өөрөө зааж өгч хэмжилтийг хийлгэсэн. Одоо миний сүүжний хэсэгт болон зүүн хөл гишгэж болохгүй хөндүүр оргиж байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дугаар тал),

 

2. Иргэний хариуцагч “Эрдэм транс” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Очироогийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 4 дүгээр сарыг 04-ний өдөр өгсөн:

“...Автобус нь манай байгууллагын эзэмшлийн автобус юм. 2019 оны 3 дугаар сарын 20-ны өглөө Зүүн салаа буюу Халдвартын чиглэлд манай жолооч Ц.Г нь энэ автобусыг жолоодоод шугаманд явж байхдаа орой 20 цагийн орчимд гэсэн байх, Зүүн салааны хуучин эцсийн буудал дээр зорчигч унагаж зам тээврийн осол гаргасан гэж тэр орой ээлжийн инженерт мэдэгдсэн байсан. Жолооч Ц.Г нь 2014 оноос одоог хүртэл Тээвэрлэлт үйлчилгээний 4 дүгээр хэсэгт автобусны жолоочоор ажиллаж байна. 2018 оны 11 дүгээр сард байх, “Улаанбаатар Смарт” ХХК-нд манай байгууллага нь автобуснуудын хяналтын камер ажиллахгүй байгаа талаар албан тоот бичиг явуулсан байсан. Үүнтэй холбоотойгоор засвар үйлчилгээ одоог хүртэл хийгдээгүй байна. Манай байгууллагад автобуснуудын хяналтын камерыг тусдаа хариуцдаг IT инженер байдаг юм. Манай байгууллага иргэний хариуцагчаар орж байгааг ойлгож байна. Жолооч бүрэн даатгалд хамрагдсан. Манай байгууллага бусдад учирсан хохирлыг даатгалаас гаргуулж өгөх байх. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дугаар тал),

 

3. Гэрч Б.Чулуунчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр өгсөн:

“...Энхгэрэл миний төрсөн ээж байгаа юм. Манай ээж утсаар “ээж нь автобуснаас унаад чирэгдчихлээ” гэж ярьсан. ...Ээж над руу залгаад автобуснаас уначихлаа гэхээр нь би шууд очихоосоо өмнө 102-д өөрийн утсаар дуудлага өгсөн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дүгээр тал),

 

4. Гэрч Б.Түвшинжаргал (“Эрдэм транс”ХХК-ний инженер)-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн:

“...Манай жолооч Ц.Г нь Зүүн салааны шугаманд явж байхдаа Зүүн салааны хуучин эцсийн буудал дээр зорчигч унагаж осол гаргасан гээд тухайн орой надад хэлж мэдсэн юм. Жолооч Ц.Г нь манай байгууллагад 2014 оны 4 дүгээр сард орсон гэж байсан. Анх орохдоо энэ автобусыг аваад одоог хүртэл жолоодож байгаа юм. Би “Эрдэм Транс” ХХК-ний бүх автобуснуудын хяналтын камер болон смартын тоног төхөөрөмжийг хариуцан ажиллаж байна. Би “Эрдэм Транс” ХХК-нд 2018 оны 8 дугаар сард “Ай Ти” инженерээр орж ажилласан. “Х Аеро Сити 540” маркийн 05-30 УНС дугаарын автобусны хяналтын камерыг 2008 оны 10 дугаар сарын сүүлчээр байх, үзэхэд ажиллахгүй байсан. “Улаанбаатар Смарт” ХХК нь манай байгууллагын автобуснуудын тоног төхөөрөмжийн ажиллагааг хариуцдаг. Хяналтын камерт бичигдсэн бичлэгийг би өөрөө шүүж үзэж зохих шаардлагатай байгууллагад бичлэгийг хуулбарлан өгдөг. Би автобуснуудын хяналтын камер ажиллахгүй байгааг автобусны марк дугаар болон жагсаалтыг нь гаргаж удирдлагад өгдөг юм. Манай байгууллага Улаанбаатар Смарт ХХК-нд 2018 оны 10 дугаар сарын 29-нд ажиллахгүй байгаа хяналтын камерын засвар үйлчилгээг хийж өгөхийг автобусын марк дугаараар нь гаргаж өгч явуулсан. Гэвч “Улаанбаатар Смарт” ХХК нь өнөөдрийг хүртэл манай байгууллага дээр ирж засвар үйлчилгээг хийгээгүй. “Улаанбаатар Смарт” ХХК нь 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдөр гэхэд автобусны хяналтын камерын төхөөрөмжийг онлайн хэлбэрээр хяналт тавьдаг болгоно гэсэн. Уг компани нь автобуснууд буугаад гараашид тавьсан үед буюу шөнийн цагаар ирж засвар үйлчилгээ хийдэг. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дүгээр тал),

 

5. Гэрч Д.Батсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр өгсөн:

“...Миний нөхөр Г нь 2019 оны 3 дугаар сарын 20-ны орой автобуснаас хүн унагачихлаа гээд намайг гэрт байхад хэлсэн юм. Тэгээд би Гэмтлийн эмнэлэг дээр очоод нөгөө хохирсон гэх хүнийг нөхөр бид хоёр нурууны зургийг нь авахуулж өгсөн. Тэгээд л осолд холбогдсоныг нь мэдсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41 дүгээр тал),

 

6. Шүүгдэгч Ц.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр яллагдагчаар өгсөн:

“...Би 2019 оны 3 дугаар сарын 22-нд анх гэрчээр мэдүүлэг өгөхдөө ослын талаар санаж байгаа зүйлээ бүгдийг нь үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэхэд хохирогч Д.Энхгэрэлийн эрүүл мэндэд нь хохирол учруулсандаа харамсаж байна. Миний энэ үйлдэл нь ямар нэг дүрэм зөрчье гэсэн бодол байгаагүй. Санамсар болгоомжгүй үйлдлээс болсон. Ослын газар цагдаа нар ирж хэмжилт хийхэд хохирогч өөрөө болон хүүхдүүд нь байсан .Хохирогч автобуснаас унасан гэх анхны цэгийг би болон хохирогч өөрөө зааж өгч хэмжилтийг хийлгэсэн. Тухайн үед автобусанд олон хүмүүс байсан. Мөн орой болчихсон байсан учир хүмүүс шууд автобуснаас буугаад яваад өгсөн. Энэ автобус нь “Эрдэм Транс” ХХК-ний эзэмшилд байдаг. Би хохирогчийн шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Анх осол болсон өдөр хохирогчийн тархины томографикийн зураг авахуулсан, мөн эм тариа болон нурууны бүс авч өгсөн. Нийт 312.500 төгрөг болсон. Сүүлд нь хохирогч эм тариа авна гээд надаас 110.000 төгрөг авсан. Бид хоорондоо харилцан тохиролцож 1.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Иймд хохирогч дахин надаас хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 68 дугаар тал),

 

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 3707 дугаар  дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Ар нурууны ар хэсгээр эмзэглэлтэй. 2019 оны 3 дугаар сарын 20-ны бүсэлхийн нурууны КТГ-д: Бүсэлхийн 1-р нугаламын баруун талын хажуу сэртэнгийн хугарал гэжээ.

ДҮГНЭЛТ:

 “...1.Д.Энхгэрэлийн биед бүсэлхийн 1-р нугаламын хугарал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /шинжээч Ж.Ганцэнгэл/...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 45 дугаар тал),

 

8. Автотээврийн үндэсний төвийн Сонгинохайрхан дүүргийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн дүгнэлтэд:

0530 УНС улсын дугаартай автобус нь ...стандартын шаардлагад нийцэж байна. Зогсоолын тоормос зогссон. Зүүн талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 47500 cd, баруун гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 55600 cd байгаа нь стандартын шаардлага хангаж байна. Эд ангиуд нь эвдрэл гэмтэлгүй байна. Ухрах арааны гэрэл асахгүй байна. энэ эвдрэл гэмтэл нь зам тээврийн осолд нөлөөлөхгүй. Тоормосны систем хийн дамжуулгатай, ABS системтэй. Тоормос нь хэвийн ажилтай. Автомашины эвдрэл гэмтэл нь осол болохоос өмнө үүссэн. Автомашины дугуйны хээ стандартын шаардлага хангаж байна. /шинжээч Б.Зул, Ж.Доржготов, М.Галбадрах/ ...”гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 54 дүгээр тал),

 

9. Мөрдөгчийн 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 133 дугаар магадлагаанд:

“… 1. “Хьюндай Аеро Сити 540” маркийн 05-30 УНС дугаартай автобусны жолооч Цэндээхүү овогтой Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.4 “жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

2. Зорчигч Дамринжав овогтой Энхгэрэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

3. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна.

4. Зам тээврийн ослын газарт ямар нэгэн хяналтын камер байхгүй. /ахлах мөрдөгч, цагдаагийн дэд хурандаа Д.Энх-Амгалан/...”гэсэн магадлагаа (хавтаст хэргийн 58 дугаар тал),

10. Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 3-12 дугаар тал),  Дуудлагын лавлагаа-2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 19 цаг 53 минут 20 секундэд дуудлага ирж бүртгэгдсэн тухай (хавтаст хэргийн 94 дүгээр тал), Түргэн тусламжийн дуудлагын хуудас-2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 20 цаг 19 минут 46 секундэд дуудлага хүлээн авсан тухай (хавтаст хэргийн 91 дүгээр тал),

 

11. Хохирогч Д.Энхгэрэлийн гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн зардал нэхэмжилсэн баримтууд (хавтаст хэргийн 19-23 дугаар тал), мөн хохирогчийн тодорхойлолт (хавтаст хэргийн 98-99 дүгээр тал),

 

12. 0530 УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь “Эрдэм транс” ХХК-ний эзэмшилд бүртгэлтэй тухай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 71 дүгээр тал), ”Эрдэм транс” ХХК-ний 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 03/172 дугаартай “компанийг төлөөлж хэсгийн дарга Ө.Очироог хэрэгт иргэний хариуцагчаар оролцуулахаар томилсон тухай” албан бичиг (хавтаст хэргийн 25 дугаар тал), мөн тус компаний 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 03/153 дугаартай “0530 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийн камерийн бичигч DVR нь гэмтэлтэй байгаа тул бичлэгийг шүүж өгөх боломжгүй” гэсэн албан бичиг (хавтаст хэргийн 85 дугаар тал),

-“Улаанбаатар смарт” ХХК-ний 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 05/125 дугаартай “... 0530 УНС улсын дугаартай “Эрдэм транс” ХХК-ний тээврийн хэрэгсэл болох ...тээврийн хэрэгсэлд суурилагдсан хяналтын камерын бичигч төхөөрөмжөөс 128гб багтаамж бүхий CD картыг хураан авч бичлэгийг шалгахад 2019 оны 03 дугаар сарын 17-ноос хойш бичлэг хийгдээгүй нь тогтоогдсон. ... 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хойш тухайн тээврийн хэрэгсэлээс хяналтын камерын бичигч төхөөрөмж болон түүний дагалдах хэрэгсэлтэй холбоотой ямар ч дуудлага бүртгэгдээгүй байна. ...” гэсэн албан бичиг (хавтаст хэргийн 89 дүгээр тал),

 

13.Хохирогч Д.Энхгэрэл, шүүгдэгч Ц.Г нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт (хавтаст хэргийн 99-100 дугаар тал)

 

14. Шүүгдэгч Ц.Г-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 75 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 69 дүгээр тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 74 дүгээр тал), гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 78 дугаар тал),  түүний нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай Автотээврийн үндэсний төвийн лавлагаа (хавтаст хэргийн 82 дугаар тал), эд хөрөнгө бүртгэлтэй тухай Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа (хавтаст хэргийн 84 дүгээр тал),

- жолоочийн лавлагаа (хавтаст хэргийн 80 дугаар тал), мэргэшсэн жолоочийн лавлагаа (хавтаст хэргийн 81 дүгээр тал), “Эрдэм транс” ХХК-ний 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 03/93 дугаартай “... Ц.Г нь тус компанид 2014 оны 4 дүгээр сараас одоог хүртэл ажиллаж байгаа” гэх тухай албан бичиг (хавтаст хэргийн 73 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.  

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад шүүгдэгч  Ц.Г-, хохирогч Д.Энхгэрэл нар нь эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн  36 дугаар тогтоолоор шийдвэрлэж, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар бичсэн саналыг 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр яллагдагчид танилцуулж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ц.Г-т холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ Эрдэм транс компаний эзэмшлийн автобусыг жолоодон явсан Ц.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.4-т заасан заалтыг зөрчиж, иргэн Д.Энхгэрэлийг уг автобуснаас унагаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.Г нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй.

           

            Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Ц.Г нь 2014 онд “Эрдэм транс” ХХК-нд жолоочоор ажилд орж, үүнээс хойш хугацаанд тус компанид нийтийн тээврийн үйлчилгээнд автобус жолоодож байх ба, шүүгдэгч Ц.Г нь “Эрдэм Транс” ХХК-ний эзэмшлийн “Хьюндай аеро сити 540” маркийн, 05-30 УНС улсын дугаартай автобусыг жолоодон явахдаа 2019 оны 3 дугаар сарын 20-ны оройн 20 цаг 10 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт Зүүн салааны хуучин автобусны эцсийн буудал дээр зорчигч буулгахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.4-т заасан “жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж, зорчигч 61 настай Д.Энхгэрэлийг автобуснаас буух үед хаалгаа хааж, зорчигийг хаалгаар хавчин чирч явсан байх ба, улмаар автобуснаас унагаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

-хохирогч Д.Энхгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн

“...Би 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Баянхошууны зүүн салааны хуучин эцсийн буудлын автобусны буудал дээр автобуснаас бууж байтал уг автобус нь хаалгаа хааж намайг хавчаад, тэгээд жаахан хөдлөөд явж байгаад буцаж хаалгаа онгойлгоод намайг автобуснаас унагасан юм. ...би газарт жаахан чирэгдсэн. ... гэмтлийн эмнэлэгт очиж нурууны рентген зураг авахуулж, хувийн эмнэлэгт нурууны томографикийн зураг авахуулсан. ...Эмч нар зураг үзээд нурууны сэртэн яс хугарсан байна гэсэн. Автобус ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо зүгт явж байсан. Ослын газарт цагдаа нар ирж хэмжилт хийхэд би өөрөө байсан, автобуснаас унасан гэх цэгийг би өөрөө зааж өгч хэмжилтийг хийлгэсэн. Одоо миний сүүжний хэсэгт болон зүүн хөл гишгэж болохгүй хөндүүр оргиж байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дугаар тал),

-иргэний хариуцагч “Эрдэм транс” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Очироогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2019 оны 3 дугаар сарын 20-ны өглөө Зүүн салаа буюу Халдвартын чиглэлд манай жолооч Ц.Г нь энэ автобусыг жолоодоод шугаманд явж байхдаа орой 20 цагийн орчимд гэсэн байх, Зүүн салааны хуучин эцсийн буудал дээр зорчигч унагаж зам тээврийн осол гаргасан гэж тэр орой нь ээлжийн инженерт мэдэгдсэн байсан. Манай байгууллага бусдад учирсан хохирлыг даатгалаас гаргуулж өгөх байх. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дугаар тал) болон шүүхийн хэлэлцүүлэгт түүний өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,

-гэрч Б.Чулуунчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Энхгэрэл миний төрсөн ээж байгаа юм. Ээж утсаар “ээж нь автобуснаас унаад чирэгдчихлээ” гэж ярьсан. ...Ээж над руу залгаад автобуснаас уначихлаа гэхээр нь би 102-д өөрийн утсаар дуудлага өгсөн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дүгээр тал),

-гэрч Б.Түвшинжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 3 дугаар сарын 20-нд ...манай жолооч Ц.Г нь Зүүн салааны шугаманд явж байхдаа Зүүн салааны хуучин эцсийн буудал дээр зорчигч унагаж осол гаргасан гээд тухайн орой надад хэлж мэдсэн юм. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дүгээр тал),

-шүүгдэгч Ц.Г-ын мөрдөн шалгах яллагдагчаар өгсөн: “...хохирогч Д.Энхгэрэлийн эрүүл мэндэд нь хохирол учруулсандаа харамсаж байна. Ослын газар цагдаа нар ирж хэмжилт хийхэд хохирогч өөрөө болон хүүхдүүд нь байсан, хохирогч автобуснаас унасан гэх анхны цэгийг би болон хохирогч өөрөө зааж өгч хэмжилтийг хийлгэсэн юм. ...шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан.  ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 68 дугаар тал), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 3707 дугаар  дүгнэлт (хавтаст хэргийн 45 дугаар тал), мөрдөгчийн 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 133 дугаар магадлагаа (хавтаст хэргийн 58 дугаар тал), дуудлагын лавлагаа (хавтаст хэргийн 94 дүгээр тал), түргэн тусламжийн дуудлагын хуудас (хавтаст хэргийн 91 дүгээр тал), Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-12 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч, иргэний хариуцагч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Энэхүү зам тээврийн осол хэргийн улмаас хохирогч Д.Энхгэрэлийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ц.Г-ыг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Тус гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байх бөгөөд шүүгдэгч Ц.Г-ын хайхрамжгүй байдлаас гэмт хэрэг гарсан байна.

Тус хэргийн хохирогч нь өөрийн эрүүл мэндэд учирсан хор уршгийн зардал нэхэмжилсэн 556.200 төгрөгийн баримтыг хэрэгт ирүүлсэн байх ба, шүүгдэгч Ц.Г нь эмчилгээний зардалд 312.500, 110.000 төгрөг тус тус өгсөн, мөн бэлнээр 1.000.000 төгрөг өгсөн, өөр хохирол нэхэмжлэхгүй гэх талаар хохирогч хэрэгт тодорхойлолт (хавтаст хэргийн 98-99 дүгээр тал) ирүүлсэн байх ба, мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь энэ талаар мэдүүлсэн зэргээр 1.422.500 төгрөг нөхөн төлдөгдсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлд зааснаар ажил олгогч гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй талаар заасан ба тус хэрэгт шүүгдэгч Ц.Г-ын ажилладаг “Эрдэм транс” ХХК иргэний хариуцагчаар оролцсон байх боловч хохирогчид төлсөн төлбөр байхгүй байна. Мөн тус тогтоолоор иргэний хариуцагч  бусдад төлөх төлбөргүй байна.

2. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Ц.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг  гаргасан ба шүүгдэгч Ц.Г нь улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй.

Зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.

Хэрэгт цугларсан баримтаас үзвэл шүүгдэгч Ц.Г нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй байх ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын төлбөрийг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт  “шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан.

Шүүгдэгч Ц.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын танилцуулсан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар маргаагүй болон түүний хувийн байдал, Тээврийн прокурорын газрын шүүхэд ирүүлсэн саналыг тус тус харгалзан  шүүгдэгч Ц.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

3.Бусад асуудлаар:

Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Ц-ийн Г-ыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

           

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч Ц.Г-, иргэний хариуцагч “Эрдэм транс” ХХК нь энэ тогтоолоор хохирогч Д.Э-д төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Ц.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл энэ хуулийн 11.9 дүээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

8. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ялтан Ц.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА