Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 1070

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С,

улсын яллагч Р.Э (томилолтоор),

шүүгдэгч Н.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Н.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1908 0464 00000 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Н.Д, Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн, эрэгтэй, 46 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн .. дугаар хороо, Алтан өлгийн .. дугаар гудамжны .. тоотод байнга, Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, Алтайн .. дүгээр гудамжны .. тоотод түр оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ЙО00000000.

 Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Яллагдагч Н.Д нь 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо Алтайн ... тоотод “битгий дүүтэйгээ муудалдаад бай” гэх шалтгаанаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Н.Н-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Д мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Н.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр манай хүргэн Д эхнэр хүүхэдтэйгээ барилгачдын баяр гээд 12 цагийн үед манай гэрт ирээд манай нөхөр Н.Д бид нар 2 шил архи хувааж уусан. Би жоохон согтоод эмэгтэй дүү Н-тэй муудалцсан. Хүргэн Д түрүүлээд явахаар нь дүү Н-д нөхрөө чи хөөж явууллаа гэж маргалдсан. Тэгтэл нөхөр Н.Д намайг дүүтэйгээ маргалдлаа боль гэхээр нь чамд хамаагүй гээд уурлаад муудалцсан. Н.Д уурлаад баруун зовхи руу нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-22),

2. Гэрч Н.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр гадуур явж байгаад орой 21 цагийн үед гэртээ ирэхэд эгч Н-н баруун нүд нь бага зэрэг хөхөрсөн, Н.Д ах чинь намайг цохисон...цагдаа ирээд саатуулахаар аваад явсан гэсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26),

3. Гэрч Л.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр...18 цаг 30 минутын орчим манай аавын гэрт залгаа хөрш айлын хашаа буюу Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо Алтайн ... тоотод үл таних эмэгтэй хүн миний нүд юм харахаа больчихлоо хүмүүсээ надад туслаарай гээд орилоод байхаар нь санаа зовоод би өөрөө цагдаагийн ажилтан учраас мэдээлэл өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28),

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ... дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэг: ...баруун зовхи, хацар, шанааг хамарсан 7х6см талбайд хөх ягаан өнгийн цус хуралттай, орчны эд овойж хавдсан, тэмтрэлтээр эмзэглэлтэй... ДҮГНЭЛТ

1. Н.Н-н биед баруун зовхи, хацар, шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

...3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 30),

4. Шүүгдэгч Н.Да мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Н гэх эхнэрийн дүү нөхөртэйгөө ирээд барилгачдын баяр гээд эхнэр Н, дүү Н хүргэн Д бид нар 1 шил 0.75 литрийн архи хувааж уусан...архи уугаад Н, Н хоёр хоорондоо муудалцсан. Би согтоод битгий дүүтэйгээ муудалцаад бай гэхэд чамд ямар хамаатай юм гээд хоорондоо маргалдсан. Би эхнэр Н-тэй маргалдаж байгаад уурлаад баруун зовхи руу нь нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51-52)

5. Гэрлэлтийн гэрчилгээний хуулбарт “...эрэгтэй ...Б овогт  Н.Д, ...эмэгтэй... О овогт Н.Н нар 2006 оны 2 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болсныг 2006 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 3394-рт бүртгэж гэрчилгээ олгов...” гэх баримт (хавтаст хэргийн 69),

6. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 35-41, 42-43), Аюулын зэргийн үнэлгээний маягт (хавтаст хэргийн 33-34),

7. Оролцогч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт (хавтаст хэргийн 64-66), Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын тогтоол (хавтаст хэргийн 70), Хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал (хавтаст хэргийн 71),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 55, 60), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 61), үл хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан тодорхойлолт, лавлагаа (хавтаст хэргийн 56, 58) зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Н.Д-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Н.Д нь Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо Алтайн .. дүгээр гудамжны .. тоотод гэртээ, 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хувийн таарамжгүй сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр, “битгий дүүтэйгээ муудалцаад бай” гэх шалтгаанаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Н.Н-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Н.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр ...би эмэгтэй дүү Н-тэй ...нөхрөө чи хөөж явууллаа гэж маргалдсан. Тэгтэл нөхөр Н.Д намайг дүүтэйгээ маргалдлаа боль гэхээр нь чамд хамаагүй гээд уурлаад муудалцсан. Тэгтэл Н.Д уурлаад баруун зовхи руу нэг удаа цохисон....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-22),

- Гэрч Н.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...21 цагийн үед гэртээ ирэхэд эгч Н-н баруун нүд нь бага зэрэг хөхөрсөн, Н.Д ах чинь намайг цохисон...цагдаа ирээд саатуулахаар аваад явсан гэсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26),

- Гэрч Л.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр...18 цаг 30 минутын орчим ...Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо Алтайн .. тоотод үл таних эмэгтэй хүн миний нүд юм харахаа больчихлоо хүмүүсээ надад туслаарай гээд орилоод байхаар нь санаа зовоод би өөрөө цагдаагийн ажилтан учраас мэдээлэл өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний .. дугаар дүгнэлт “...1. Н.Н-н биед баруун зовхи, хацар, шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 30),

- Шүүгдэгч Н.Д мөрдөн байцаалтад өгсөн: “...Н, Н хоёр хоорондоо муудалцсан. Би согтоод битгий дүүтэйгээ муудалцаад бай гээд эхнэртээ хэлтэл чамд ямар хамаатай юм гээд хоорондоо маргалдсан. Би эхнэр Н-тэй маргалдаж байгаад уурлаад баруун зовхи руу нь нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51-52)

- Гэрлэлтийн гэрчилгээний хуулбарт “...эрэгтэй ...Б овогт Н.Д, ...эмэгтэй... О овогт Н.Н нар 2006 оны 2 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болсныг 2006 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 3394-рт бүртгэж гэрчилгээ олгов...” гэх баримт (хавтаст хэргийн 69) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Н.Д нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр хувийн таарамжгүй сэдэлтээр, хохирогч Н.Н-г зодож гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.Д нь хохирогч Н.Н-н нүүр тус газар гараараа цохисон болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба цохиулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Нөгөө талаас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний...бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг;” хэлнэ гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад “эхнэр, нөхөр...” тухайн хуулийн үйлчлэлд хамаарах этгээд байхаар тус тус хуульчилсан байна.

Өөрөөр хэлбэл хууль зүйн хувьд шүүгдэгч Н.Д, хохирогч Н.Н нар нь эхнэр, нөхөр болох нь гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, тэдний мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Тиймээс шүүгдэгч Н.Д-г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.Н нь эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгч Н.Д нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Н.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Н.Д, хохирогч Н.Н нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Иймд шүүгдэгч Н.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх хувийн байдал болон тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Н.Д-д торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй. 

Эрүүгийн 1908 0464 00000 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Н.Д-г Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.Д-г 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солиж болохыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон болохыг тус тус  дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.МӨНХЗУЛ