Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 117

 

 

 

 

 

 

 

 

2020           02          04                                       2020/ШЦТ/117

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга хөтлөн,

Улсын яллагч: Б.Батнасан,

Шүүгдэгч Я.Т- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 0-дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн яллагдагч Боржигон овогт Я-гийн Т-д холбогдох эрүүгийн 2005001300000 дугаартай хэргийг 2020 оны 2 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 2000 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хархорин захад байрлах Олон үндэстний хоолны газарт кассчин ажилтай, ам бүл 6, эцэг, эх, ах, хоёр дүүгийн хамт, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд дарь эх 15 дугаар гудамжны 0000 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Баянмонгол хорооллын 407-00 тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Боржигон овогт Я-гийн Т-, регистрийн дугаар:.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Яллагдагч Я.Т- нь 2019 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “М-” нэртэй зочид буудлын 403 тоот өрөөнд иргэн Б.Т-ийн биед халдан нүүрэн тус газарт нь нэг удаа өвдөглөж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодьтой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Я.Т-гийн “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Б.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр өөрийн найзууд болох Заяа, Өлзийдэмбэрэл, Должин нарын хамтаар шинэ жил тэмдэглэхээр болж Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах М- нэртэй зочид буудлын 403 тоот өрөөнд 20 цагийн үед орсон... Тэгээд байж байтал буудлын өрөөний хаалга тогшихоор нь би эхэндээ онгойлгохгүй байж байгаад онгойлгосон чинь манай найз Өлзийдэмбэрэлтэй утсаар яриад байсан Т- гээд охин орж ирсэн. Тэгээд тэр охин орж ирэнгүүтээ Өлзийдэмбэрэлийг хувцасаа өмс, явъя гэж хэлэхдээ над руу муухай хараад байхаар нь би Т- гээд охинд “чи юундаа муухай хараад байгаа юм” гэсэн чинь Т- надад юу гэлээ нэг юм хэлээд бид хоёр маргалдсан. Тэгж байгаад Т- гээд охин Өлзийдэмбэрэлийн гараас бариад өрөөнөөс гарах гэхээр нь би Өлзийдэмбэрэлийн гараас бариад хойшоо татахдаа нэлээн хүчтэй татчихсан чинь Өлзийдэмбэрэл газар уначихсан. Тэр үед Т- гээд охин намайг заамдаад авахаар нь би зөрүүлэн заамдаж автал манай 2 найз Өлзийдэмбэрэл, Заяа нар дундуур орж ирээд салгах гэхэд нь би өөрийн гараа тавьсан чинь Т- гээд охин миний толгойноос дараад нүүрэнд аль нэг хөлөөрөө гэдгийг мэдэхгүй нэг удаа өвдөглөсөн. Тэр үед миний толгой дүүрээд хэсэг манарсан байгаа. ...Тэр үед миний гар цус болчихсон байхаар нь би гайхаад буудлын ариун цэврийн өрөө орон толинд харсан чинь миний хамар баруун тийшээ далийчихсан байсан. Тэгээд нэлээн хөндүүртэй болчихсон байсан...”  гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/

 

Гэрч О.Заяагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Төгсзаяа нөгөө Т- гээд охинтой зодолдох гээд барилцаад авсан. Тэр үед би найз Өлзийдэмбэрэл бид хоёр Т- гэх охиныг хана руу түлхэн, Т-аас салгах гэхэд Т- гэх охин Т-ийн толгой дээрээс доошоо дарчихсан. ...Төгсзаяа нь хамар эвгүй болоод байна гэхээр нь би харсан чинь Т-ийн хамар далийчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/,

 

Гэрч Г.Өлзийдэмбэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Т-гийн гэрт очоод байхад Заяа над руу залгаад “Т-ийн хамрыг Т- далийлгасан байна ш дээ” гэхээр нь би Т-гээс асуусан чинь Т- надад тиймээ би нэг цохисон гэлүү, яасан гэлээ нэг юм хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 тал/,

 

Шүүгдэгч Я.Т-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн үйлдлээ ухамсарлаж байна. Тийм учраас би Б.Төгсзаяад учирсан гэмтлийн хохирлыг бүрэн барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-54 тал/           

           

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Н.Энхцолмонгийн 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 1162 дугаартай дүгнэлтээс “...Б.Т-ийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих цохигдох үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 28-29 тал/,

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хохирогч, шүүгдэгч нарын бичгээр гаргасан хүсэлт, мөн түүнчлэн хөдөө гэрлүүгээ явах тул шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн хохирогчийн хүсэлт /хх-ийн 60, 61 тал/

 

 Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор Я.Т-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 36 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 37 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Я.Т- нь 2019 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “М-” нэртэй зочид буудлын 403 тоот өрөөнд иргэн Б.Т-ийн биед халдан нүүрэн тус газарт нь нэг удаа өвдөглөж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч  мэдүүлсэн мэдүүлгүүд,

Хохирогч Б.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр өөрийн найзууд болох Заяа, Өлзийдэмбэрэл, Должин нарын хамтаар шинэ жил тэмдэглэхээр болж Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах М- нэртэй зочид буудлын 403 тоот өрөөнд 20 цагийн үед орсон... Тэгээд байж байтал буудлын өрөөний хаалга тогшихоор нь би эхэндээ онгойлгохгүй байж байгаад онгойлгосон чинь манай найз Өлзийдэмбэрэлтэй утсаар яриад байсан Т- гээд охин орж ирсэн. Тэгээд тэр охин орж ирэнгүүтээ Өлзийдэмбэрэлийг хувцасаа өмс, явъя гэж хэлэхдээ над руу муухай хараад байхаар нь би Т- гээд охинд “чи юундаа муухай хараад байгаа юм” гэсэн чинь Т- надад юу гэлээ нэг юм хэлээд бид хоёр маргалдсан. Тэгж байгаад Т- гээд охин Өлзийдэмбэрэлийн гараас бариад өрөөнөөс гарах гэхээр нь би Өлзийдэмбэрэлийн гараас бариад хойшоо татахдаа нэлээн хүчтэй татчихсан чинь Өлзийдэмбэрэл газар уначихсан. Тэр үед Т- гээд охин намайг заамдаад авахаар нь би зөрүүлэн заамдаж автал манай 2 найз Өлзийдэмбэрэл, Заяа нар дундуур орж ирээд салгах гэхэд нь би өөрийн гараа тавьсан чинь Т- гээд охин миний толгойноос дараад нүүрэнд аль нэг хөлөөрөө гэдгийг мэдэхгүй нэг удаа өвдөглөсөн. Тэр үед миний толгой дүүрээд хэсэг манарсан байгаа. ...Тэр үед миний гар цус болчихсон байхаар нь би гайхаад буудлын ариун цэврийн өрөө орон толинд харсан чинь миний хамар баруун тийшээ далийчихсан байсан. Тэгээд нэлээн хөндүүртэй болчихсон байсан...”  гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Н.Энхцолмонгийн 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 0000 дугаартай дүгнэлтээс “...Б.Т-ийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих цохигдох үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 28-29 тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хохирогч Б.Т-ийн биед “хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал” гэмтэл учирсан нь хэргийн 23 дахь талд авагдсан шинжээч эмчийн 0000 дугаартай дүгнэлтээр нотлогдсон ба энэ шүүгдэгч Я.Т- хохирогчийг өвдөглөсөн үйлдлийн улмаас үүссэн гэмтэл байна.

 

Шүүгдэгч Я.Т- гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Я.Т- нь 2019 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “М-” нэртэй зочид буудлын 403 тоот өрөөнд иргэн Б.Т-ийн биед халдан нүүрэн тус газарт нь нэг удаа өвдөглөж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 0-дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Я.Т-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Я.Т- нь “хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргах мэтгэлцэх зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна.” гэж мэдүүлж оролцсон бөгөөд хохирогч Б.Төгсзаяа нь “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт гаргасан байх тул энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Я.Т- шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Я.Т- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 0-дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Я.Т-д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч Я.Т- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогч Б.Төгсзаяа шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн, гомдол саналгүй гээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүгдэгч, хохирогч нар гаргасан байна. /хх-н 60, 61/

 

Шүүгдэгч, хохирогч нарын хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 0-дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Я.Т-д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд Я.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

 

Иймд шүүгдэгч Я.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 0-дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Я.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Я-гийн Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 0-дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 0-дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Т-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Т- шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Я.Т- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ