| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2016/07388/и |
| Дугаар | 5794 |
| Огноо | 2016-11-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 5794
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө-76 Гранд Плаза цогцолборын 1105 тоотод байрлах, регистрийн дугаар 2697289, Ази Фарма ХХКомпанийн нэхэмжлэлтэй
Хариуцагч:Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 113 дугаар байранд байрлах, регистрийн дугаар 5299047 Долмалин ХХКомпанид холбогдох
Худалдах, худалдан авах гэрээний үүргийн 1 711 350 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 24-ны өдөр үүсгэсэн хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга, Д.Баярцэцэг, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ази Фарма ХХКомпани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч Б.Баттулга шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Ази Фарма ХХКомпани Долмалин ХХКомпанид 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 438 130 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 320 936 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр 1 773 358 төгрөг нийт 2 532 424 төгрөгийн эм барааг нийлүүлсэн боловч дээрх төлбөрөөс 1 711 350 төгрөгийг төлөхгүй байгаа тул Долмалин ХХКомпаниас бүтээгдэхүүнийн үнийн үлдэгдэл 1 711 350 төгрөгийг гаргуулж өгнө үү, хариуцагч талаас өгсөн анхан шатны баримт шаардага хангахгүй байна гэв.
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Д.Баярцэцэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Домалин ХХКомпанитай тооцоо нийлэх гэхээр манайх өглөггүй гээд хүлээж авдаггүй, эднийх барааны төлбөрийг дандаа дансаар хийдэг, бэлнээр төлсөн гэх баримтад хүлээн авсан хүний гарын үсэг алга байна.Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлээ аккруэл сууриар хөтөлнө гэж заасан байдаг бөгөөд нягтлан бодох бүртгэлийн аккруэл суурь гэдгийг мөн хуулийн 3 дугаар зүйлд заасан байгаа, худалдсан барааны мөнгө орж ирсэн эсэхээс үл хамаарч НӨАТ-ын падаан бичиж өгдөг гэв.
Хариуцагч Долмалин ХХКомпани шүүхэд гаргасан тайлбартаа болон төлөөлөгч О.Баясгалан шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Манай санхүүгийн тайланд Ази Фарма ХХКомпанид өглөгтэй гэсэн бичлэг бүртгэгдээгүй байна. Хэрэв талуудын хооронд өглөг, авлага байсан бол Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4-т заасны дагуу компаниудын ерөнхий нягтлан бодогч нарын үйлдсэн тооцоо нийлсэн акт байх ёстой бөгөөд ийм баримт манай байгууллагын анхан шатны баримтад байхгүй.Нэхэмжлэгч байгууллага 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 1 773 358 төгрөгийн үлдэгдэл байна, энэ авлага 2014 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр үүссэн тооцоо гэсэн албан бичиг ирүүлсэн.Манайх хариуг нь 2015 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн тоотоор ...2014 оны 11 дүгээр сард нийт 2 632 424 төгрөгийн бараа авсан тухай бүрд нь НӨАТ-ын падаан авах бүрдээ төлсөн байна гэсэн хариу өгсөн, манайх өглөггүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, аман хэлцлээр үйл ажиллагаа явуулахгүй, байгууллагуудын хооронд өглөг, авлага байгаа тохиолдолд тооцоо нийлэх ёстой, өглөг авлагагүй бол тооцоо нийлэхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ази Фарма ХХКомпани хариуцагч Долмалин ХХКомпанид холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн үлдэгдэл төлбөрт 1 711 350 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Долмалин ХХКомпани 2014 оны 11 дүгээр сард Ази Фарма ХХКомпаниас 2 632 424 төгрөгийн бүтээгдэхүүн худалдан авсан гэх үйл баримтад маргахгүй байх боловч тухайн бүтээгдэхүүний үнийг бүрэн төлсөн гэж тайлбарлаж байна.
Хариуцагч Долмалин ХХКомпани дээрх үлдэгдэл төлбөрийн 1 711 350 төгрөгийг нэхэмжлэгч байгууллагад бэл
нээр төлсөн гэх тайлбараа нотолж, өөрийн байгууллагын 2014 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөр огноотой бэлэн мөнгөний зарлагын баримтыг хэрэгт ирүүлсэн байна.
Энэхүү бэлэн мөнгөний зарлагын баримтыг нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч нар хүлээн зөвшөөрөхгүй, манайх бэлэн мөнгө хүлээж аваагүй, энэ баримт дээр мөнгийг хүлээн авсан хүний гарын үсэг алга гэж маргаж байгаа бөгөөд хариуцагч байгууллага энэхүү баримтаар 1 711 350 төгрөгийг нэхэмжлэгч байгууллагын ямар албан тушаалтанд хүлээлгэн өгсөн тухайгаа баримтаар нотлоогүй байна.
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлээ аккруэл сууриар хөтөлнө” мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т “нягтлан бодох бүртгэлийн аккруэл суурь” гэж мөнгө хүлээн авсан, эсхүл төлсөн эсэхээс хамаарахгүйгээр орлогыг олсон үед, зардлыг гарсан үед нь хүлээн зөвшөөрч бүртгэх аргыг” хэлнэ гэж тодорхойлсон байна.
Дээрх хуульд заасан үндэслэлээр нэмэгдсэн өртгийн албан татвар бичигдэж, буцаан авалт хийгддэг гэх нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчийн тайлбар үндэстэй байна.
Иймд Долмалин ХХКомпанийг 2014 онд худалдан авсан барааныхаа үлдэгдэл төлбөр 1 711 350 төгрөгийг төлсөн байна гэж үзэх боломжгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан Долмалин ХХКомпаниас 1 711 350 /нэг сая долоон зуун арван нэгэн мянга гурван зуун тавин/ төгрөгийг гаргуулан Ази Фарма ХХКомпанид олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42 332 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас 42 332 /дөчин хоёр мянга гурван зуун гучин хоёр/ төгрөгийг гаргуулан Ази Фарма ХХКомпанид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН