Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 147

 

           

 

 

2020            02             10                                             2020/ШЦТ/147

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Энхтуул хөтлөн,

Улсын яллагч: Г.Эрдэмбаатар,

Хохирогч Э.У-,

Шүүгдэгч Д.Т- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Боржигон овогт Д-гийн Т-од холбогдох эрүүгийн 1905040100000 дугаартай хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 2001 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн 18 настай, эрэгтэй бүрэн бус дунд, барилгын мужаан мэргэжилтэй, Чикако бааранд хамгаалагч ажилтай, ам бүл 4 эцэг, эх, эгчийн хамт Баянгол дүүргийн 22 дугаар хороо Зүүн наран 16 гудамж 00 тоотод оршин суух хаягтай, Урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Д-гийн Т- регистрийн дугаар .

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Д.Т- нь 2019 оны 9 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөне Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах А- төвийн орчим Э.У-тай маргалдсаны улмаас түүний нүүр, гаран тус газарт цохиж, өшиглөж зүүн сарвууны ядам хурууны 2-р шивнүүрийн далд хугарал, зүүн сарвууны 4-р хурууны цус хуралт, зүүн хөмсөгний дээр, доор зовхины цус хуралт, баруун тохойд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодьтой шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Т-ын “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.У-ын: “...Эрдэнпүрэвийн төрсөн өдөр болж байсан. Бид нар 10-уулаа байсан. Караокед ороод 1,1 пиво, 1 шил архи авцгаасан. Цааш үргэлжүүлээд хорооллын бааранд ороод 1 шил архи пивонууд авсан. Манай эхнэр хүүхэд уйлаад байна гээд түрээлээд явсан. Хүмүүс ер нь явцгаагаад 3-улаа үлдсэн. Доошоо такси барих гээд явж байхад Т-той тааралдсан тэгсэн чинь яасан муухай хараад байна уу гээд цохиод авсан...” гэх мэдүүлэг,

Хохирогч Э.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би хойшоо ухарч гүйж байгаад эргэж хараад зугтах гэтэл Саруултөгсийн хөлөнд тэглээд урагш унах гэтэл бүдүүн махлагдуу залуу миний араас барьж аваад доош тонгойлгож дээрээс дараад толгойруу гараараа цохиод нүүр рүү өвдөглөөд байхаар нь би нүүрээ гараараа дараад хамгаалж байхад гарлуу хөлөөрөө өшиглөөд байсан...Шүүх эмнэлэгийн дүгнэлттэй танилцсан. Миний биед учирсан гэмтлийг зөв тодорхойлсон байна. Бүдүүн махлагдуу залуу миний нүүрлүү өшиглөж зүүн нүдний хөмсөг болон доод зовхийг хөхрүүлсэн. Мөн нүүрээ гараараа дарж байхад гарлуу өшиглөж хуруу хугалсан. Миний биед учирсан гэмтлийг бүдүүн махлагдуу залуу буюу Т- гэх залуу учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/,

Гэрч С.Саруултөгсийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...У- миний хөлөнд тээглээд газар уначихсан. Эрдэнэпүрэв бид хоёр ухраад зайгаа барсан тэгээд У- газар унасан байхад махлаг залуу нь нүүр ам руу нь өшиглөсөн байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/,

Гэрч Э.Эрдэнэпүрэвийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...махлаг залуу ганцаараа У-ыг газар унасан байхад нүүрлүү нь цохиж өшиглөсөн...”гэх мэдүүлэг/ хх-ийн 48 тал/

Шүүгдэгч Д.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Э.У-ын биед гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна...Би У- гэх залуутай барьцалдаж аваад хавирч газар унагаад мөрнөөс нь бариад сэгсэрч байтал Оргилбаяр гүйж ирээд У- гэх залуугийн нуруун дээр нь гараараа 2-3 удаа цохитол цаанаас цагдаагийн алаг машин гараад ирэхээр нь бид нар өөрсдөө салаад холдоод зогсож байтал У- гэх залуу болон Оргилбаяр 2-ыг цагдаа машиндаа суулгаад аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 тал/           

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 0- дугаартай шинжээчийн: “...У-ын биед зүүн сарвууны ядам хурууны 2-р шивнүүрийн далд хугарал Зуүн сарвууны 4-р хурууны цус хуралт, зүүн хөмсөгний дээр, доор зовхины цус хуралт баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 27 тал/

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор Д.Т-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 42 тал/, “Шороон Орд Майнинг” ХХК-н тодорхойлолт /хх-ийн 43 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Д.Т- нь 2019 оны 9 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөне Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах А- төвийн орчим Э.У-тай маргалдсаны улмаас түүний нүүр, гаран тус газарт цохиж, өшиглөж зүүн сарвууны ядам хурууны 2-р шивнүүрийн далд хугарал, зүүн сарвууны 4-р хурууны цус хуралт, зүүн хөмсөгний дээр, доор зовхины цус хуралт, баруун тохойд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч  мэдүүлсэн мэдүүлгүүд,

Хохирогч Э.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би хойшоо ухарч гүйж байгаад эргэж хараад зугтах гэтэл Саруултөгсийн хөлөнд тэглээд урагш унах гэтэл бүдүүн махлагдуу залуу миний араас барьж аваад доош тонгойлгож дээрээс дараад толгойруу гараараа цохиод нүүрлүү өвдөглөөд байхаар нь би нүүрээ гараараа дараад хамгаалж байхад гарлуу хөлөөрөө өшиглөөд байсан...Шүүх эмнэлэгийн дүгнэлттэй танилцсан. Миний биед учирсан гэмтлийг зөв тодорхойлсон байна. Бүдүүн махлагдуу залуу миний нүүрлүү өшиглөж зүүн нүдний хөмсөг болон доод зовхийг хөхрүүлсэн. Мөн нүүрээ гараараа дарж байхад гарлуу өшиглөж хуруу хугалсан. Миний биед учирсан гэмтлийг бүдүүн махлагдуу залуу буюу Т- гэх залуу учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/,

Гэрч С.Саруултөгсийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...У- миний хөлөнд тээглээд газар уначихсан. Эрдэнэпүрэв бид хоёр ухраад зайгаа барсан тэгээд У- газар унасан байхад махлаг залуу нь нүүр амруу нь өшиглөсөн байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/,

Гэрч Э.Эрдэнэпүрэвийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...махлаг залуу ганцаараа У-ыг газар унасан байхад нүүрлүү нь цохиж өшиглөсөн...”гэх мэдүүлэг/ хх-ийн 48 тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 0- дугаартай шинжээчийн: “...У-ын биед зүүн сарвууны ядам хурууны 2-р шивнүүрийн далд хугарал Зуүн сарвууны 4-р хурууны цус хуралт, зүүн хөмсөгний дээр, доор зовхины цус хуралт баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 27 тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Хохирогч Э.У-ын биед “зүүн сарвууны ядам хурууны 2-р шивнүүрийн далд хугарал Зуүн сарвууны 4-р хурууны цус хуралт, зүүн хөмсөгний дээр, доор зовхины цус хуралт баруун тохойд зулгаралт” гэмтэл учирсан нь хэргийн 27 дахь талд авагдсан шинжээч эмчийн 0- дугаартай дүгнэлтээр нотлогдсон ба энэ нь шүүгдэгч Д.Т-ын хохирогчийг цохисон үйлдлийн улмаас үүссэн гэмтэл байна.

Мөн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарахаар заасан тул шинжээч эмчийн №0- дугаар дүгнэлт үндэслэлтэй, Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ

Шүүгдэгч Д.Т- нь хохирогч Э.У-ыг цохиход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд шүүгдэгч 2019 оны 9 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөне Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах А- төвийн орчим Э.У-тай маргалдсаны улмаас түүний нүүр, гаран тус газарт цохиж, өшиглөж зүүн сарвууны ядам хурууны 2-р шивнүүрийн далд хугарал, зүүн сарвууны 4-р хурууны цус хуралт, зүүн хөмсөгний дээр, доор зовхины цус хуралт, баруун тохойд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Д.Т-ыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хавтаст хэрэгт авагдсанаар  хохирогч Э.У- нь нийт 127.180 /нэг зуун хорин долоон мянга нэг зуун ная/-н төгрөгийн баримт гаргаж өгсөнийг шүүх үнэлж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.Т- нь хохирогчид ямар нэгэн хохирол төлбөр төлөөгүй байх тул хэрэгт авагдсан эмчилгээний баримт бүхий 127.180 /нэг зуун хорин долоон мянга нэг зуун ная/-н төгрөгийн хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-оос гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй.

Хохирогч Э.У- цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт хохирол учирсан гэж үзвэл холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй болохыг тайлбарлаж байна.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Д.Т- нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 Шүүхээс шүүгдэгч Д.Т-од ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Иймд шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл болон шүүгдэгчийн хувийн байдалд дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Т-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, 320 /гурван зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  тайлбарлаж байна.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Т-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Д-гийн Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-ыг 320 /гурван зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.Т- нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Д.Т-оос 127.180 /нэг зуун хорин долоон мянга нэг зуун ная/-н төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар гаргуулж хохирогч Э.У-д олгосугай.

5. Хохирогч Э.У- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Шүүгдэгч Д.Т- цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйл байхгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Т-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ