| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2019/1080/Э |
| Дугаар | 1079 |
| Огноо | 2019-10-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.О |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 1079
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга H.З,
улсын яллагч Х.О
шүүгдэгч, хохирогч Б.Б,
шүүгдэгч, хохирогч Т.Т,
нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас М овогт Б.Б, Т овогт Т.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1908 0390 00000 дугаартай, 1 хавтаст хэргийг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. М овогтой Б.Б, Монгол Улсын иргэн, Төв аймгийн Цээл суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, компьютер программист мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, Зүүн баян уулын .. дугаар гудамжны .. тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар НЩ0000000,
2. Т овогтой Т.Т, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “ТЕДИ” худалдааны төвд гар утасны засвар, үйлчилгээ үзүүлэх ажил эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, Алтайн .. дугаар гудамжны .. тоотод оршин суух бүртгэлтэй, регистрийн дугаар ХК0000000, урьд
- Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн .. дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан.
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
- Яллагдагч Т.Т нь 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, .. тоот хашааны үүдэнд иргэн Б.Б-тэй маргалдаж, улмаар зодож, эрүүл мэндэд нь “зүүн хөмсөгт цус хуралт, дух, хүзүү, баруун шуу, зүүн бугуйд зулгаралт, хамарт зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
- Яллагдагч Б.Б нь 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, .. тоот хашааны үүдэнд иргэн Т.Т-тэй маргалдаж, улмаар толгой тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн ухархайн дотор ханын хугарал, зүүн хөмсөгт шарх, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн тохойд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар мэдүүлэхдээ
1. Шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв, дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.
2. Шүүгдэгч Т.Т мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв, дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч Б.Б мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөр ...найз Төгсөөтэй уулзаад Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо Саппоро автобусны буудлын ар талын дэн буудалд архи гурвуулаа хувааж уусан. ...Тэгтэл Т буудалд бүгчимдээд байна гадаа гарч сууя гэхээр нь буудлаас Д бид гурав гараад ...1 дүгээр хорооллын арын зам дээр ...замын ур талдаа явж байтал Т-н ах Т-тэй тааралдсан. Тэгтэл ах нь Т-г дуудаад ...Д бид хоёрыг зайл пизда минь явахгүй бол ална шүү гэхээр нь бид Т-с салаад явсан. Би Д-г дагуулаад Сонгинохайрхан дүүргийн Хилчин хотхонд байдаг хүргэн ахындаа очихоор Замын цагдаагийн хэлтсээс өгсөөд Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо Алтайн .. дугаар гудамжны .. тоот буюу Т-н гэрийн урдуур явж байхад Т гарч ирээд “Чи муу Т-г юу? гэдэг яасан гэнээ” гээд намайг заамдаж ...дайраад толгойгоороо мөргөөд хөлөөс татаж унагаад хүзүү уургалаад босгохгүй байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ... дугаар дүгнэлт
“...Хэсэг газрын үзлэгт: Хамрын хянганы зүүн хажуу хэсгээр тэмтрэхэд өвчин эмзэглэл ихтэй. Зүүн хөмсөгний гадна буланд 2.5х1.5см хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай. Духны баруун хэсэгт 1х0.3см, 0.8х0.1см-н 2-3 ширхэг, зүүн дээд хэсэгт 1х1см, хүзүүний зүүн доод хэсэгт 0.6х0.1см, баруун шууны гадна дээд хэсэгт 2х0.3 см, зүүн бугуйн гадна хэсэгт 0.3х0.2см хүрэн улаан өнгийн нимгэн тав бүхий зулгаралттай...ДҮГНЭЛТ
1. Б.Б-н биед зүүн хөмсөгт цус хуралт, дух, хүзүү, баруун шуу, зүүн бугуйд зулгаралт, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.6.7 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 32),
2. Хохирогч Т.Т мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний доод талын төрсөн дүү Т нь 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо .. дүгээр байрны “Алтан ураг” пабны хажууд үл таних 2 хүнтэй согтуу, савтай ус барьчихсан явж байсан. Тэгэхээр нь би “чи яагаад архи уугаад байгаа юм гэж хэлээд загнаад, хамт явж байсан үл таних 2 залууг хөөгөөд битгий манай дүүг уруу татаад бай” гэж хэлээд Т-г машиндаа суулгаад гэр рүүгээ аваад явсан. ...гэрийнхээ хашаанаас гараад үүдэнд гарахад нөгөө үл таних залуу “Т гээд орилоод” зогсож байхаар нь би очоод “та нар явалдаа, хэд хэлүүлэх гэсэн юм?” гэж хэлэхэд нөгөө бор залуу “чамд ямар хамаатай юм бэ” гэхээр нь би “ах нь байна” гээд гараас нь бариад хойшоо 1 алхтал тэрээр зүүн талын хөмсгөн тус газар нь нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 09),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ... дугаар дүгнэлт
“...Хэсэг газрын үзлэг: Зүүн хөмсөгт мэс заслын оёдол бүхий 1.5см урт шархтай, зүүн дээд зовхинд улаан ягаан өнгийн цус хуралттай, хавдсан. Зүүн тохойд 2х1см улаан хүрэн өнгийн зулгаралттай.
2019.7.23-ны өдрийн Толгойн КТГ-д: ...Тархины бор ба цагаан эдийн ялгарал буурсан бага зэргийн хавантай. Хоёр талын хажуугийн ховдлуудын урд эвэр нарийссан, зүүн талын нүдний ухархайн дотор хана 1.7см өргөн хэсэгт дотогш этмойд хөндий рүү 0.6см гүн хэмжээтэй хугаралтай...зүүн нүд орчим бага зэргийн хаван хавдартай гэжээ...ДҮГНЭЛТ
1. Т.Т-н биед тархи доргилт, зүүн ухархайн дотор ханын хугарал, зүүн хөмсөгт шарх, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 28),
3. Гэрч Т.А мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 21 цагийн 30 минутын үед Т Т хоёр гэрт орж ирсэн. Т согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Т нь эрүүл байсан. Т хэлэхдээ Т-г гадаа гудамжинд хоёр согтуу хүнтэй явж байхад нь салгаад хүрээд ирлээ гэж хэлсэн... Тэгээд Т ажилтай гээд гэрээс гараад явсан. Тэгж байтал манай хамаатны дүү Б хүрч ирээд “гадаа Т ах нэг хүнтэй зодолдоод байна гэж” хэлсэн...би гадаа гудамжинд гартал Т үл таних залуутай зодолдоод ноцолдоод зогсож байсан....манай дүүтэй ноцолдож байсан залуу Т-н зүүн нүдний хөмсөг рүү сэт цохисон байсан...дүүгээ аваад гэмтэл орж 4 оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24),
4. Шүүгдэгч Т.Т мөрдөн байцаалтад өгсөн: “...Т-н гэрт унтуулаад Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо Алтайн .. тоотоос гараад явж байтал нөгөө үл таних залуу...хашааны гадаа Т гээд орилоод зогсож байхаар нь би уурлаад “чамайг би яв гэж хэлсэн биз дээ, яаж хэлүүлэх гээд байгаа юм” гэхэд Б гэх бор залуу “чамд ямар хамаатай юм бэ” гэхэд би “төрсөн ах нь байна” гээд гараас нь бариад авахад, гараа татаад хойшоо нэг алхаад миний зүүн талын хөмсгөн тус газар нэг удаа цохиж сэтэлсэн. Тэгэхээр нь уурлаад зөрүүлээд нүүрэн тус газар нь мөргөөд, хөлөөс шахаж татаад газар унагаад ахыгаа дуудсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43),
5. Шүүгдэгч Б.Б мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөр...Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо Алтайн .. тоот буюу Т-н гэрийн урдуур өнгөрөөд явж байхад Т гарч ирээд “чи муу Т-г юу гэдэг яасан, яадаг гэнээ” гээд намайг заамдаад над руу дайрахаар нь би зөрүүлээд хөмсгөн тус газар нь 1 удаа цохисон чинь цус гарсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 65-66),
6. Шүүгдэгч, хохирогч Т-ий үнэмлэхийн лавлагаа, оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 50, 48), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 47), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 53-55), хохирлын талаарх баримт (хавтаст хэргийн 58),
- Шүүгдэгч, хохирогч Б.Б-н иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 73, 69), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 72), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 70, 71) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Т.Т, Б.Б нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар.
Улсын яллагчаас шүүгдэгч Т.Т, Б.Б тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцуулж, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг гаргав.
Улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй шүүгдэгч нар мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч Б.Б нь Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, Алтай .. дугаар гудамжны .. тоот хашааны үүдэнд, 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 21 цагийн үед, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, шууд санаатай үйлдлээр, заамдаж авч дайрлаа гэх шалтгаанаар Т.Т-ний нүүрэн тус газар цохиж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн ухархайн дотор ханын хугарал, зүүн хөмсөгт шарх, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн тохойд зулгаралт” бүхий хөнгөн хохирол,
Шүүгдэгч Т.Т нь дээрх газар, цаг хугацаанд, хувийн таарамжгүй сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр, иргэн Б.Б-тэй маргалдаж, улмаар зодож, эрүүл мэндэд нь “зүүн хөмсөгт цус хуралт, дух, хүзүү, баруун шуу, зүүн бугуйд зулгаралт, хамарт зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь:
- Хохирогч Б.Б мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөр ...Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо Алтайн .. дугаар гудамжны .. тоот буюу Т-н гэрийн урдуур явж байхад Т гарч ирээд “Чи муу Т-г юу? гэдэг яасан гэнээ” гээд намайг заамдаж ...дайраад толгойгоороо мөргөөд хөлөөс татаж унагаад хүзүү уургалаад босгохгүй байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ... дугаар дүгнэлт “...1. Б.Б-н биед зүүн хөмсөгт цус хуралт, дух, хүзүү, баруун шуу, зүүн бугуйд зулгаралт, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 32),
- Хохирогч Т.Т-ний мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөр ...гэрийнхээ хашаанаас гараад үүдэнд гарахад нөгөө үл таних залуу “Т гээд орилоод” зогсож байхаар нь би очоод “та нар явалдаа, хэд хэлүүлэх гэсэн юм?” гэж хэлэхэд нөгөө бор залуу “чамд ямар хамаатай юм бэ” гэхээр нь би “ах нь байна” гээд гараас нь бариад хойшоо 1 алхтал тэрээр зүүн талын хөмсгөн тус газар нь нэг удаа цохисон....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 09),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ... дугаар дүгнэлт “...1. Т.Т-ний биед тархи доргилт, зүүн ухархайн дотор ханын хугарал, зүүн хөмсөгт шарх, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 28),
- Гэрч Т.А мөрдөн байцаалтад өгсөн: “...би гадаа гудамжинд гартал Т үл таних залуутай зодолдоод ноцолдоод зогсож байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24),
- Шүүгдэгч Т.Т мөрдөн байцаалтад өгсөн: “...хашааны гадаа Т гээд орилоод зогсож байхаар нь би уурлаад “чамайг би яв гэж хэлсэн биз дээ, яаж хэлүүлэх гээд байгаа юм” гэхэд Б гэх бор залуу “чамд ямар хамаатай юм бэ” гэхэд би “төрсөн ах нь байна” гээд гараас нь бариад авахад, гараа татаад хойшоо нэг алхаад миний зүүн талын хөмсгөн тус газар нэг удаа цохиж сэтэлсэн. Тэгэхээр нь уурлаад зөрүүлээд нүүрэн тус газар нь мөргөөд, хөлөөс шахаж татаад газар унагаад ахыгаа дуудсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43),
- Шүүгдэгч Б.Б мөрдөн байцаалтад өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо Алтайн .. тоот буюу Т-н гэрийн урдуур өнгөрөөд явж байхад Т гарч ирээд “чи муу Т-г юу гэдэг яасан, яадаг гэнээ” гээд намайг заамдаад над руу дайрахаар нь би зөрүүлээд хөмсгөн тус газар нь 1 удаа цохисон чинь цус гарсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 65-66) зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.
Өөрөөр хэлбэл хууль зүйн хувьд шүүгдэгч Т.Т, Б.Б нарын хэн алины бие биеийгээ харилцан цохисон үйлдлийн улмаас тэдний биед хөнгөн зэргийн гэмтэл учирсныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Энэхүү нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Т.Т, Б.Б тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч Т.Т энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролд баримтаар 120.000 төгрөг, хохирогч Б.Б нь эрүүл мэндэд учирсан хохиролд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байна. Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Т нь баримтаар нэхэмжилсэн нэхэмжлэлээсээ татгалзаж гомдол, саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгч нарын хувьд тэднийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас шүүгдэгч Т.Т, Б.Б тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 600 нэгжээр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгуулийн ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нар нь дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг гаргах болсон шалтгаан, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.Т, Б.Б нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Т.Т, Б.Б нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хоорондоо эвлэрсэн гэх хувийн байдал болон шүүгдэгч нар нь эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч нарт торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.
Эрүүгийн 1908 0390 00000 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. М овогт Б.Б, Т овогт Т.Т тус бүрийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Т.Т тус бүрийг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Т.Т нарт оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Т.Т нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тэдэнд анхааруулсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ