Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 5889

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би,

Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил  хороолол, 24 дүгээр байрны 4 дүгээр орцны подволд байрлах, Түшээ Сууц Өмчлөгчдийн Холбооны нэхэмжлэлтэй

Хариуцагч:Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил  хороолол, 28 дугаар байрны 1 тоотод оршин суух, регистрийн дугаар ПЭ 77110916, Цэрэндэлгэрийн  Тэрбишид  холбогдох

 

Дундын өмчлөлийн ашиглалтын зардлын 573 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр  сарын  07-ны өдөр  хүлээн   авч  хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Түшээ Сууц Өмчлөгчдийн Холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Ц.Тэрбиш 2011 оны 12 дугаар сараас 2016 оны 11 дүгээр сар хүртэлх хугацааны сууц өмчлөгчдийн холбооны үйлчилгээний хөлс болох нийт 60 сарын 573 200 төгрөгийг Түшээ сууц өмчлөгчдийн холбоонд өгөөгүй байгаа болно.Иймд “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай” хуулийн 16-р зүйл, Иргэний хуулийн 147 дугаар зүйлүүдийн заалтыг үндэслэн 573 200 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч П.Гэрэл шүүхэд гаргасан хүсэлтэндээ:Манай байгууллага 273 200 төгрөгөөс татгалзаж хариуцагч Ц.Тэрбиш  300 000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар бид эвлэрэлийн гэрээ байгуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Тэрбиш шүүхэд гаргасан хүсэлтэндээ:Би 300 000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Түшээ Сууц Өмчлөгчдийн Холбоо хариуцагч Ц.Тэрбишид холбогдуулан орон сууцны дундын өмчлөлийн ашиглалтын зардлын 573 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Түшээ Сууц Өмчлөгчдийн Холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын 273 200 төгрөгөөс татгалзаж, хариуцагч  Ц.Тэрбиш 300 000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор нэхэжмлэгч байгууллагад төлж барагдуулахаар тохирч эвлэрэлийн гэрээ байгуулжээ.

Дээрх зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул тэдгээрийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож   шийдвэрлэх  үндэстэй  байна.

 

Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17 846 төгрөгийн  50 хувь болох  8923 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 8923 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, зохигчдын эвлэрсэн шаардлагад ногдох 9650 төгрөгийн 50 хувь болох 4825 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч байгууллагад  олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар  зүйлүүдийг  удирдлага  болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

           

1.Нэхэмжлэгч Түшээ Сууц Өмчлөгчдийн Холбооны хариуцагч Ц.Тэрбишээс 573 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийн нэхэмжлэгч байгууллага нь 273 200 /хоёр зуун далан гурван мянга хоёр зуун/ төгрөгөөс татгалзаж,  хариуцагч Ц.Тэрбиш 300 000 /гурван зуун мянган/ төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар зохигчид эвлэрсэн болохыг баталж, хэргийг  хэрэгсэхгүй  болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74  дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17 846 төгрөгөөс 8923 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, мөн 8923 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, хариуцагчаас 4825 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад  олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан  шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл  гаргах  эрхгүй  болохыг  дурдсугай.

 

 

      ШҮҮГЧ                                 З.ДОРЖНАМЖИН