Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 242

 

 

 

 

 

 

    2020            03              11                                        2020/ШЦТ/242

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Ч.Отгонбаяр, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга: Г.Энхтуул,

Улсын яллагч: Ц.Хулан,

Иргэдийн төлөөлөгч: Г.Даваажаргал,

Шүүгдэгч: Д.Б-, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Тайжууд овгийн Дүгэрийн Б-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911014600000 дугаартай хэргийг  2020 оны 1 дүгээр сарын 22–ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд, 25 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хамтран амьдрагч, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 16-253 тоотод оршин суудаг, урьд 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,

- 2017 оны 11 дүгээр сарын 17-ны Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2018 оны 8 сарын 30-нд суллагдаж байсан, Тайжууд овгийн Дүгэрийн Б- /

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

 

1. 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 12 дугаар гудамж 000 тоотод оршин суух Т.У-ын эзэмшлийн байшингийн цонхыг түлхэн онгойлгож, хууль бусаар нэвтэрч 3 ширхэг хөөрөг, 4 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг зэс аяга, 4 ширхэг гуулин цөгц, 3 ширхэг гуулин аяга, 12 ширхэг өргөлийн гуулин аяга, 1 ширхэг цутгамал аяга, 1 ширхэг гаансны уут, 1 ширхэг Самсунг-Эс7 загварын гар утас, 1 ширхэг чихэвч, 1 ширхэг сувдан хүзүүний зүүлт, 1 ширхэг түрийвч, 1 ширхэг мөнгөн бугуйвч, бэлэн 25.000 /хорин таван мянга/ төгрөг, 10 америк доллар зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч бусдад 2.471.610 /хоёр сая дөрвөн зуун далан нэгэн мянга зургаан зуун арав/ төгрөгийн хохирол учруулсан

2. 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 0000 тоотод оршин суух В. Б-гийн эзэмшлийн байшингийн цонхыг түлхэн онгойлгож, хууль бусаар нэвтэрч 1 ширхэг Самсунг галакси загварын Таб, 1 ширхэг Леново загварын зөөврийн компьютер зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч бусдад 696.641 /зургаан зуун ерэн зургаан мянга зургаан зуун дөчин нэг/ төгрөгийн хохирол учруулсан,

3. 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 0000 тоотод оршин суух Д.Ж-гийн эзэмшлийн байшингийн цонхыг түлхэн онгойлгож, хууль бусаар нэвтэрч 1 ширхэг зөөврийн компьютер, 1 хос эрэгтэй гутал, 1 ширхэг эрэгтэй хүний куртик зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч бусдад 482.000 /дөрвөн зуун наян хоёр мянга/ төгрөгийн хохирол учруулсан

4. Шүүгдэгч Д.Б- нь 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 000 тоотод оршин суух Г.Б-ын эзэмшлийн байшингийн цонхыг түлхэн онгойлгож, хууль бусаар нэвтэрч 2 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг мөнгөн хундага, 1 ширхэг зэс аяга, 1 ширхэг гуулин аяга, 1 граммтай нэг ширхэг монетан бөгж, 3 граммтай нэг ширхэг монетан бөгж, 1 шил виски, 1 ширхэг хаш хөөрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч бусдад 1.653.700 /нэг сая зургаан зуун тавин гурван мянга долоон зуу/ төгрөгийн хохирол учруулсан

      5. 2019 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилт 4-000 тоотод оршин суух Л.А-ийн эзэмшлийн хүн байнга амьдрах байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч 1 ширхэг бага гарын мөнгөн аяга, 1 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 1 ширхэг эмэгтэй хүний монетан бөгж, 1 хос турмилан чулуутай мөнгөн ээмэг, гинж, кулон, 1 ширхэг эрэгтэй хүний мөнгөн гинж, 1 хос мөнгөн ээмэг, бөгж, 1 ширхэг эрэгтэй хүний мөнгөн бөгж зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч бусдад 645.200 /зургаан зуун дөчин таван мянга хоёр зуу/ төгрөгийн хохирол тус тус учруулсан

6. 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 000 тоотод оршин суух Б.М-, Б.Гэрэлтуяа нарын эзэмшлийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч ээмэг, бөгж, кулоны 1 монетан хослол, 1 хос цагирган монетан ээмэг, 1 ширхэг швед монетан гинж кулон, бөгж, ээмэг, гинж, кулоны 1 мөнгөн хослол, 1 ширхэг ядам хурууны монетан бөгж, 1 ширхэг хар талстан шигтгээтэй мөнгөн бөгж, 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 1 ширхэг жижиг мөнгөн аяга, 2 ширхэг том мөнгөн аяга, 1 хос сваровски шигтгээтэй гоёлын ээмэг, 1 ширхэг монетан гинжин ээмэг, 1 хос алтан ээмэг, 1 ширхэг алтан бөгж, 1 ширхэг оюу шигтгээтэй мөнгөн бөгж, 1 ширхэг шүрэн шигтгээтэй мөнгөн бөгж, 1 ширхэг сваровски шигтгээтэй энгэрийн зүүлт, 1 гинж, бөгж, кулоны мөнгөн хослол зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч бусдад 5.759.100 /нэг сая долоон зуун тавин есөн мянга нэг зуу/ төгрөгийн хохиролыг учруулсан “хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн баримт болон бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

1.Шүүгдэгч Д.Б-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатан дээр ажиллаж байсан өмгөөлөгчтэй мэдүүлэг өгсөн. Намайг амьдралын эх үүсвэр болгосон гэж байгаа би амьдралын эх үүсвэрээ болгосон юм байхгүй. Би сүүлд ажиллаж байсан ажлаасаа цалингаа авч чадаагүй тэрийгээ төлж байсан. Би хулгайлсан эд зүйлээ урт цагааны тэнд байдаг хүнд өгсөн. Тэр мөнгөө үрээгүй байж байгаад буцаагаад өгсөн. Мөн эд зүйл хүртэл буцаан өгсөн. Мөн хохирогчид 750.000 төгрөг бэлэн өгсөн. Тэр хохирлоос 1 сая гаруй эд  зүйлс үлдсэн. Хулгайн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ зүйлчлэл хүнддэж байна...” гэх мэдүүлэг

2.Хохирогч Г.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манайхаас дунд гарын 1 ширхэг мөнгөн аяга, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, архины зэс, гууль, мөнгөн жижиг тус бүр 1 ширхэг нийт 3 ширхэг хундага, монетон бөгж нэг граммтай бөгж 1 ширхэг, монетон бөгж гурван граммтай 1 ширхэг, нэрийг нь сайн мэдэхгүй байна виски 1 ширхэг алдагдсан. Тэгээд манайхаас бас даваа толгойтой цагаан хаш хөөрөг 1 ширхэг алдагдсан. Тухайн үед хулгай ороход анзаараагүй 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдөр ургийн баярт оролцох гээд хөөргөө үзэхэд үе уламжлагдан ирсэн даваа толгойтой, гадна талаараа хээтэй, цагаан хаш хөөрөг 1 ширхэг алга болсон байсан. Уг хөөрөг манай нөхөрт уламжлагдан өвлөгдөөд манай нөхөр хэрэглэдэг байсан. Манай гэрт байнга байдаг байсан эд байгаа юм. Тэр болгон байнга хэрэглэхгүй болохоор байгаа эсэх асуудлыг сайн анзаараагүй байсан. Манай нөхрийн эцэг, эх уг хөөргийг байсан талаар мэдэж байгаа. Манай гэрээс монетон бөгж алдагдсан шүүгээн дотор байсан. Хуучны үе дамжсан хөөрөг байсан. Манай нөхрийн өвөө аав урьд хэрэглэж байсан... гомдолтой байна. Хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 17-21 тал/

3.Гэрч У.Бат-Ерөөлтийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Д.Б- гэдэг хүнийг танина. Миний ажилладаг “Симпле Дайнинг” ресторанд 2018 оны 09 дүгээр сард ажилд ороод 2019 оны 03 дугаар сарын үед ажлаасаа гарсан юм. Цуг ажилладаг байсан учраас  таньдаг болсон. 2019 оны 05 дугаар сарын 20-ний үед л болов уу гэж бодож байна. Б- манайхаас гарчихсан байгаад ажил дээр 23 цагийн үед ирсэн. Ирээд юм ярьж байгаад манай ажлын тооллогоноос илүү гарсан 1 виски байна. Тэрийг авах уу гэж асуусан. Тэр виски нь 1 литрийн “Hankey Bannister” гэдэг нэртэй байсан. Ямар үнээр өгөх юм бэ гээд Отгонбаатар гэх манай зохион байгуулагч залуутай ярьж байсан. Отгонбаатар тэр вискиг худалдаж авч байсан. Би хажууд нь харж байсан боловч яг хэдэн төгрөгөөр өгч, авалцаж байсанг нь мэдэхгүй... Хулгайн замаар олдсон эд зүйл гэж мэдээгүй. Өөрөө тооллогоноос илүү гарсан виски гэж л хэлсэн. Манайхаас ажлаас гараад дахиад өөр бааранд зөөгчөөр орсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 24-25 тал/

4.Гэрч С.Чойжилжавын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай өвөө аав буюу манай ээж Одончимэгийн аав Тантагаас өвлөгдөж ирсан даваа толгойтой, гадуураа хээтэй, цагаан хаш хөөрөг байсан. Уг хөөргийг надад манай ээж Одончимэг одоогоос 10 жилийн өмнө өвлүүлж өгч байсан. Би уг хөөргийг цагаан сараар хэрэглэдэг. Манай гэрт байнга байдаг байсан. 2019 оны 05 дугаар сард ил байж байгаад алдагдсан эд зүйлээ бүртгээд хөөргөө анзаараагүй байсан. Тэгсэн 2019 оны  08 дугаар сарын 03-ны өдөр ургийн баяр Төв аймгийн Бүрэн сумруу гэр бүлийн хамт явах гээд хөөргөө авч явах санаатай үзэхэд алдагдсан байсан. Манайхаар гадны хүн орж байгаагүй. 2019 оны 05 дугаар сард анх удаа хулгай орсон... Ер нь манайх эзэнгүй байдаггүй, манай эхнэр жоохон хүүхэдтэй болохоор байнга гэртээ байдаг...”  гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 27-28 тал/

5.Гэрч Т.Одончимэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай аав өөрөөө барьж байгаад надтай хамт амьдарч байгаад таалал төгсөхдөө надад үлдээсэн. Тэгээд би өөрийн хүү Чойжилжавд 10 жилийн өмнө дамжуулан өгсөн... Гадна талдаа сийлбэр хээтэй хаш, цагаан өнгийн даваа толгойтой, луу ороосон мөнгөн халбагатай дунд гарын хөөрөг байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 29-30 тал/

6. Шинжээч эмч Ц.Түвшинцэнгэлийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Уг үнэлгээн дээр 1 ширхэг 3 граммын монетон бөгжийг 258.000 төгрөгөөр үнэлсэн. Хэмжих нэгжийг ширхэг биш граммаар тэмдэглэсэн байгаа...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 31-32 тал/

7.Хохирогч Т.У-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Дунд гарын мөнгөн аяга 4 ширхэг..., 1 ширхэг зэсэн аяга... Шинэ цагийн халтар манан хөөрөг дунд гарын, даваа толгойтой ясан халбагатай... Шинэ цагийн манан хөөрөг дунд гарын... Сүүжин хөөрөг аз жаргалын найман морины дүрстэй өвлөгдөж ирсэн хөөрөг... бурхны тахилын гуулин цөгц 4 ширхэг... 3 ширхэг жижиг гуулин өргөлийн аяга... Тахилын 12 ширхэг гуулин аяга... Цутгамал аяга ...Гаансны уут 10 орчим жилийн өмнө авч байсан ...10 доллар 1 ширхэг, 5000 төгрөгний дэвсгэрт 5 ширхэг буюу 25.000 төгрөг. Самсунг S7 маркийн шаргал өнгийн гар утас дэлгэц нь гэмтэлтэй ...Цэнэглэдэг чихэвч хар өнгийн... DJ гэсэн бичигтэй цахилгаантай эмэгтэй хүний түрийвч 2 жилийн өмнө авч байсан ...Хоолойны сувдан зүүлт ...Эмэгтэй хүний мөнгөн бугуйвч... хохирлыг барагдуулж өгнө үү...”, “...Гар утас манай том өрөөний сервантны хажууд байх том толины 4 нүдтэй шургуулганд байсан... манай охин мөнгөтэй болохоороо дэлгэцийг нь засч барина гээд гэртээ хадгалж байсан. Гар утасны дэлгэц хагарснаас биш өөр зүйл нь эвдрээгүй байсан... Цэнэглэдэг чихэвч, эмэгтэй түрийвч, сувдан зүүлт зэрэг нь гар утас байсан манай том өрөөний сервантны хажууд байх том толины 4 нүдтэй шургуулганд хамт байсан... Тахилын чемодан дотор байсан 10 доллар алдагдсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 173-176 тал/

8.Гэрч У.Сэржмядагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 14-ний өглөө 07 цаг 35 минутанд нөхөр Цогтбаяр, хүүхдийнхээ хамт гэрээсээ гараад... гэрийн том хэмжээтэй эд зүйлс хэвийн байсан зурагт, компьютер зэрэг эд зүйл алдагдаагүй байсан. Гал тогооны цонхоор дотогш орсон байсан...”, “...2018 оны 10 дугаар сард Монтел төвөөс 350.000 төгрөгөөр аваад өөрийн дугаарыг хийж ашигладаг байсан... тэгээд би цалингаа буухаар дэлгэцийг нь янзлаад хэрэглэнэ гээд хадгалсан байсан... цэнэглэдэг чихэвч, эмэгтэй түрийвч, сувдан зүүлт миний хэрэглэдэг зүйлс байсан ба би гар утас хийсэн байсан шүүгээнд хамт байж байгаад хулгайд алдагдсан. Харин эмэгтэй хүний мөнгөн бугуйвч нь манай эмээгээс өвлөгдөж үлдсэн гээд ээж өөртөө хадгалаад хэрэглэдэг байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 177, 180-181 тал/

9.Гэрч М.Гантөгсийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай нөхөр Б- хулгайн хэрэгт холбогдсон талаар сүүлд л сонссон... би 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Өргөө амаржих газарт хэвтээд 19-ний өдөр нь төрсөн. Энэ хугацаанд манай нөхөр надтай цуг амьдарч байсан бөгөөд нөхөр маань ажилгүй байсан... манай нөхөр өглөөд ажил төрөл хөөцөлдөнө гэж хэлээд л гараад явдаг байсан. Тэгтэл их мөнгө төгрөг олж ирээд байсан зүйл байхгүй. Ямар ч байсан л хоол ундаа таслахгүй яваад байдаг байсан. Мөнгө төгрөг хаанаас олж байгаа талаар нь асуухаар хүнээс зээлсэн юм гэж л хэлдэг байсан...” гэх мэдүүлэг /1дүгээр хавтаст хэргийн 184-185 тал/

10.Гэрч Ц.Энхтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би тэр өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сондор зочид буудалд ресепшиний ажлаа хийж байсан. Миний санаж байгаагаар 2019 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн 12 цагийн үед шиг санагдаж байна. Манай зочид буудалд саравчтай хар малгайтай, юүдэнтэй саарал цамцтай 20-25 насны туранхайвтар биетэй, 170-175 см орчим өндөртэй залуу орж ирээд усанд орох гэсэн юм нэг цагаар нь өрөө авмаар байна гэхээр нь би 308 гэсэн өрөө цэвэрлээгүй байгаа очиж үзээд ир гэсэн чинь явж үзэж ирчихээд болно болно тэр өрөө рүү чинь орчихъёо гэхээр нь би нэг цагийн үйлчилгээий хөлс 10.000 төгрөг тэр залуугаас аваад 308 тоот өрөөнд оруулсан. Би тэр залууг бүртгэх гээд бичиг баримтыг шаардсан боловч байхгүй ээ, би усанд орчихоод л гарна гээд гуйгаад байхаар нь өөрийнх нь хэлсэнээр “Нэргүй” гэх нэрээр бүртгээд тухайн өрөөнд оруулсан. Тэр залуу нэг цаг болсоны дараа өрөөнөөс гараад явахаар нь өрөөг цэвэрлэх гээд орсон чинь саарал өнгийн цамц орхиод гарсан байхаар нь би тэр цамцыг хэрэггүй болоод л хаясан гэж бодоод хог руу хаячихсан. Одоо тэр цамц нь байхгүй... Тэр залуу бэлэн мөнгөн дэвсгэртээр тооцоо хийсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 193-194 тал/

11.Хохирогч Б.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Баянгол дүүргийн 21  дүгээр хороо Горькийн 18-506 тоотод маш олон жил амьдарч байна. Би уг хаяганд хүү Амарсанаа болон хүүгий гэр бүлийн хүмүүстэй хамт амьдардаг юм. 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр охиныхоо гэрт байсан ба тухайн үед манай хүү Амарсанаа гэртээ байсан юм. Тэгтэл над руу яриад гэрт хулгай орсон байна гэж хэлсэн байгаа. Ингээд би хулгайд алдагдсан эд зүйлээ бүртгэж үзэхэд миний босоо тэгш өнцөгт хэлбэртэй алтан ээмэг 1 хос алдагдсан... 3-4 жилийн өмнө хүүхдүүдийн худалдаж авч өгсөн цагирган алтан бөгж алдагдсан... ногоон оюу шигтгээтэй хуучны 3 үе дамжин ирсэн мөнгөн бөгж алдагдсан ...шүрэн шигтгээтэй хуучны зузаан мөнгөн бөгж алдагдсан ...сваровски энгэрийн зүүлт... ягаан өнгийн рубин шигтгээтэй мөнгөн гинж, кулон, бөгж алдагдсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 249 тал/

12.Хохирогч Б.Гэрэлтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би нөхөр хүүхдүүдийн хамт Швед улсад амьдарч байгаад 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Монгол Улсад ирээд Баянгол дүүргийн 21 дүгээр хороо Горькийн 18-506 тоотод амьдарч байгаа юм... тэгсэн чинь 2019 оны 07 дугаар сарын 24-ний орой 20 цагийн үед манай нөхөр Амарсанаа надруу залгаад гэрт хулгай орсон байна... 2019 оны 07 дугаар сарын 25-ны гэртээ ирж алдагдсан эд зүйлсээ шалгаж үзэхэд 2019 оны 01 дүгээр сард Солонгос улсаас 500.000 вонноор 3 хос монетан ээмэг, бөгж, кулон... 2016 онд Солонгос улсаас 350.000 вонноор талсттай цагираган монетан ээмэг... 2019 оны 06 дугаар сарын сүүлээр 4000 швед кронооор Шведийн монетан гинж кулонтойгоо... 2018 онд манай Швед найзын өгсөн талсттай шигтгээтэй мөнгөн 4 хос буюу гинж, ээмэг, бөгж, кулон, байснаас бөгж, ээмэгний өрөөсөн нь байхгүй болсон байсан... 2014 онд Монголоос 500.000 төгрөгөөр худалдаж авсан талсттай ядам хурууны монетан бөгж... 2014 онд найзын бэлгэнд өгсөн хар талстан шигтгээтэй мөнгөн бөгж байхгүй болсон байсан... Дунд гарын мөнгөн аяга 4 ширхэг, 1 ширхэг жижиг мөнгөн аяга... Сваровски шигтгээтэй Шведийн гоёлын шар бүрмэл хос ээмэг... 2018 оннд Солонгос Улсаас манай эгчийн 176.000 төгрөгөөр надад худалдаж авч өгч явуулсан монетан гинжин ээмэг 1 хос байсны 1 өрөөсөн нь алга болсон байгаа...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 2-3 тал/

13.Гэрч М.Гантөгсийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...манай нөхөр нэг хэсэг ажил төрөл хийхгүй байсан бөгөөд өмнө найз нөхөд болон таньдаг ах нараас зээлсэн гэж 20.000-40.000 төгрөгний хооронд мөнгө өгдөг байсан бөгөөд 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр надад 500.000 төгрөг өгсөн бөгөөд бэлнээр 100.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 5 тал/

14.Гэрч Ш.Амарсанаагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Баянгол дүүргийн 21 дүгээр хороо Горькийн 18-506 тоотод ээж болон эхнэр, 2 хүүхдийн хамт амьдарч байгаа юм. 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 15 цагийн үед гарч гадуур явж байгаад 19 цагийн үед гэртээ эргэж ирэхэд хашааны хаалга онгойсон, 1 давхрын зүүн талын  вакум цонх онгойсон байхаар нь хаалгаа онгойлгож гэр доторхоо шалгахад грашны дотроос орох хаалга онгорхой, 1 давхрын унтлагын өрөөнд авдарнаас юм гаргасан, 2 давхарт унтлагын өрөөнд эхнэрийн гоёлын үнэт эдлэлийг хулгайлсан байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 10 тал/

15. “Дамно” хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн БГ2-19-734 дугаартай тайлан /2 дугаар хавтаст хэргийн 24-27 тал/

16.Гэрч А.Батнасангийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Д.Б- гэх хүнийг би огт танихгүй. Урьд нь нэг удаа л уулзаж байсан. Би өөрөө Урт цагаан дээр алт, мөнгөний дархан хийдэг бөгөөд намайг ажлаа хийгээд байж байхад манай ажил дээр 1 үл таних залуу ирээд ахаа мөнгөн аяга авах уу гэж асуусан. Би ямар аяга юм бэ хэдээр өгөх юм бэ гэж асуусан чинь мөнгөний хэрэг болчихоод хэдэн юм зарах гэсэн юм гэж хэлээд өөрийнхөө үүрч явсан цүнхнээс 5 ширхэг мөнгөн аяга гаргаж ирсэн. Би тэр аягануудыг нь үзэхэд 2 аяга дунд гарын мөнгөн аяга, 2 аяга нь дунд гарынхаас арай том мөнгөн аяга, 1 аяга нь бага гарын мөнгөн аяга байсан. Тэд нарыг үзээд хэдээр өгөх юм бэ гэсэн чинь надад бас хэдэн алт, монетан эдлэл байна. Эдгээрийг нийлүүлээд бөөнд нь өгчихмөөр байна. Олон хүн гэж явж байснаас та авчихаач гэж гуйсан. Тухайн үед би юу юу байгаа юм бэ гэхэд 1 алтан бөгж, 1 ширхэг монетан бөгж, 2 ширхэг мөнгөн бөгж, монетон 3 хос /монетон ээмэг, бөгж, кулон/, хос алтан ээмэг 1 ширхэг, мөнгөн 3 хос /ээмэг, зүүлт, кулон/ байна гээд гаргаж ирж үзүүлсэн. Тэр залуу эдгээр зүйлийг бөөнд нь 1.350.000 төгрөгөөр авчих гэж хэлсэн. Би тэр зүйлсийг үзчихээд чиний энэ зүйлүүд чинь хулгайн юм биш биз дээ гэж асуусан. Яахаараа ийм олон алт монетан эдлэл, мөнгөн эдлэл байдаг юм бэ гэхэд хулгайн эд зүйл бишээ. Би өөрийнхөө эд зүйлийг зарж байгаа юм. Надад мөнгөний хэрэг гарчихаад л зарж байгаа юм. Хулгайн эд зүйл бол биш гэж хэлсэн. Би өөрөө алт мөнгөний дархан учраас алт, монет, мөнгөн, эдлэлийг хямдхан орж ирэхээр нь худалдаж аваад түүгээрээ хайлж байгаад эд зүйл хийж зардаг юм. Ер нь манай Урт цагааны хавиар ийм иймэрхүү алт, монетан эдлэл зарах гэсэн хүмүүс зөндөө явж байдаг. Байнга л иймэрхүү хүмүүстэй харьцдаг юм. Тэр залуу нь харахад тийм хулгай хийчихээр залуу байгаагүй. Цэвэрхэн хувцасласан залуу байсан юм. Би тэр залуугаас дахин дахин асууж шалгааж хулгайнх бол би хариуцахгүй шүү гэж хэлсэн. Тэгэхэд тэр залуу зүгээрээ ахаа. Ямар ч асуудал байхгүй. Миний өөрийн эд зүйл байгаа юм мөнгөний хэрэгцээ гарчихлаа тэгээд л зарж байна гэж хэлээд надад зарсан... Би худалдаж авсан эд зүйлсээсээ байгаа эд зүйлийг нь авч ирж өгч байна. Надад худалдсан зүйлсээс 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 2 ширхэг дунд гарынхаас арай том мөнгөн аяга, монетан ээмэг 1 хос, бөгж, кулоны хослол 1 хос, алтан бөгж 6 граммтай 1 ширхэг, шүрэн шигтгээтэй мөнгөн бөгж 1 ширхэг, босоо тэгш өнцөгтэй алтан ээмэг 1 хос зэрэг зүйлс нь байна. Бусад эд зүйлс нь зарагдчихсан байсан... 2019 оны 07 дугаар сарын сүүлээр байсан байх. Он, сарыг нь сайн санахгүй байна... Тэр үед надад эд зүйл зарсан залуу хар өнгийн малгайтай цамцтай, доогуураа жинсэн өмдтэй, нуруундаа үүрдэг цүнх үүрсэн залуу байсан. Ойролцоогоор 175 орчим см өндөртэй, шар царайтай туранхай залуу байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 64-66 тал/

17.Хохирогч Д.Ж-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 03-ны өглөө 07 цагт гэрээсээ гарсан манай охин Б.Цацрал 11 цагийн үед ажилруугаа явсан орой 18 цаг 20 минутанд гэртээ ирхэд манай байшингийн голын өрөөний цонх онгорхой, захын 2 цонхны хөшиг ярсан байсан... манай гэрээс Ленова брендийн нөүтбүүк, цэнэглэгч гар маус, эрэгтэй хүний 41 размерийн бор хүрэн өнгийн ботинк зэрэг эд зүйл алдагдсан байсан... эрэгтэй хүний 41 размерийн зуны ботинк бор хүрэн өнгөтэй манай нөхөрт Францаас найз нь 2019 оны 09 дүгээр сард явуулсан өмсөөгүй шинээрээ цагаан ууттай байсан...”, “...эрэгтэй хүний хар хөх өнгийн жинсэн куртик 1 ширхэг алдагдсан... Тэр үед би нөхрийнхөө куртикийг өмсөөд хөдөө ажлаар явсан байна гэж бодоод анзаараагүй байсан. Тэгсэн 06 дугаар сарын эхээр манай нөхөр ирээд өөрийнхөө хувцсыг үзэж байгаад куртик байхгүй болсон талаар хэлсэн...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 99-102 тал/

18.Гэрч Б.Цацралын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Харин сүүлд нь манай хажуугийн айлын хүнээс манай хашааны хаалгыг үл таних эрэгтэй хүн тогшоод зогсож байхыг нь харсан талаар сонссон. 18-19 насны эрэгтэй хүүхэд байсан гэж хэлсэн. Цаашаа хараад хаалга тогшоод байсан нүүр царайг нь хараагүй гэсэн. Хаалга нүдэж байгаад хашааны хаалгыг онгойлгоод дотогш ороод хаалгыг буцаагаад хаачихсан гэсэн...”, “...манай аавын бор өнгийн зуны хос ботинк 1 ширхэг... манай аавын Францад байдаг найз нь манай аавд 2019 оны 01 дүгээр сард бэлгэнд явуулж байсан... гутал нь зуны гутал байсан учраас өвөл аваад хуучин миний үүрдэг байсан цүнхэнд хайрцагтай нь хамт хийгээд орон доогуур хийсэн байсан... Куртикийг хувцасны шүүгээнд л хадгалж байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 103-106 тал/

19. Гэрч Л.Ууганбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...170 орчим см өндөртэй шар царайтай туранхай биетэй залуу 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр манай ломбарданд орж ирсэн. Би нөүтбүүкийг нь авч үзсэн. Ленова маркийн ай5 үзүүлэлттэй 5 дугаар үеийн нөүтбүүк байсан... Тэр залуу иргэний үнэмлэхээ гаргаж ирсэн. Дүгэр овогтой Б- гэж байсан... Ингээд хугацаа хэтэрсэн учраас уг нөүтбүүкийг зарчихсан. Уг эд зүйлийг гэмт хэргийн замаар олж авсан зүйл гэдгийг нь мэдээгүй...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 110-111 тал/

20.Хохирогч В.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өглөө 08:30 минутын орчимд гэрээсээ гарч бага охиноо цэцэрлэгт нь хүргэж өгөөд ажилдаа явсан харин хүү Ариунсанаа үлдэж 09 цагийн орчимд сургуульдаа явсан. Тэгээд орой 17:10 цагийн орчимд манай хүү гэртээ ирэхэд цонх онгойсон байхаар нь гайхаад цонхоо хаагаад эд зүйлээ үзэхэд... манай хүүгийн Леново загварын зөөврийн компьютер цүнх болон цэнэглэгч, залгуурын хамт мөн Самсунг Таб алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 201-205 тал/

21. Насанд хүрээгүй гэрч В.Ариунсанаагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...гэртээ 17 цаг 30 минутын орчимд ирэхэд хашааны том хаалга онгойсон, байшингийн урагшаа харсан цонх онгойсон... гэртээ орж ирээд харахад зурагтын тавиур дээр байсан нөүтбүүк, Таб утас алга болсон байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 208-209 тал/

22.Гэрч Б.Оюунсувдын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр намайг ажил дээрээ байхад туранхай 25 орчим насны залуу Леново маркийн 5 дугаар үеийн Ай-3 нөүтбүүк барьцаанд тавьсан... Дүгэрийн Б- гэж бичиг баримтаар барьцаалсан... байгууллагын дотоод журмын дагуу зарж борлуулж байгууллагыг хохиролгүй болгосон...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 210-211 тал/

23. Хохирогч Л.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 13-ны өдөр манай байшингийн цонхоор хулгайч орж манай гэрээс мөнгөн аяга, мөнгөн ээмэг, бөгжний хослол зэрэг эд зүйлс алдагдсан...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 27-36 тал/

24.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 4 тал/

25.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 5-8 тал/

26.“Дамно” хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн 2019 оны 05 дугаар тал хуудас/

27.“Дамно” хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн ЧД2-19-571 дугаартай тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 46-47 тал/

28.“Дамно” хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ЧД2-19-711 дугаартай тайлан /3 дугаар хавтаст хэргийн 151-152 тал/

29.Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 57-65 тал/

30.Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 152 тал/

31. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 163-166 тал/

32. “Дамно” хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн ЧД2-19-306 дугаартай тайлан /1 дүгээр хавтас хэргийн 198-200 тал/

33.Монгол банкнаас зарласан 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ханшийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 211 тал/

34.Эрүүгийн хэргийг нэгтгэх прокурорын тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 235 тал/

35.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 240-246 тал/

36. М.Гантөгсийн дугаар бүхий депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2 дугаар хавтаст хэргийн 7 тал/

37.“Дамно” хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн БГ2-19-734 дугаартай тайлан /2 дугаар хавтаст хэргийн 24-27 тал/

38.Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 67-69 тал/

39. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 88-92 тал/

40.“Дамно” хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн ЧД2-19-286 дугаартай тайлан /2 дугаар хавтаст хэргийн 121-122 тал/

41.“Дамно” хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 20-ний өдрийн ЧД2-19-456 дугаартай тайлан /2 дугаар хавтаст хэргийн 126-127 тал/

42.Барьцаат зээлийн гэрээний хуулбар /2 дугаар хавтаст хэргийн 144 тал/

43.Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /2 дугаар хавтаст хэргийн 185 тал/

44.Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 193-194 тал/

45.“Дамно” хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн ЧД2-19-255 дугаартай тайлан /2 дугаар хавтаст хэргийн 231-232 тал/

46.Барьцаат зээлийн гэрээний хуулбар /2 дугаар хавтаст хэргийн 236 тал/

47.Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 242-244 тал/

48.Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 дугаар хавтаст хэргийн 16-20 тал/

49.“Дамно” хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн ЧД2-19-405 дугаартай тайлан /3 дугаар хавтаст хэргийн 79-80 тал/

50. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /3 дугаар хавтаст хэргийн 130-132 тал/ зэрэг болно.

Дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Нэг: Гэм буруугийн талаар

Улсын яллагчаас шүүгчдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар,

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг “Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж өмгөөлөгчөөр оролцож байна. Гэм буруу дээр маргах зүйлгүй. Хохирлоо төлөхөө илэрхийлж байгаа. Зүйлчлэлийн хувьд маргаж байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилж байгаа нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг доржуулж байна гэж үзэж байна. Б- нь тухайн цаг хугацаанд ажил хийж цалин мөнгө авдаг байсан. Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар өөрчлөн зүйлчлэх саналтай байна” гэсэн дүгнэлтийг гаргаж мэтгэлцэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч  гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг тухайн этгээд өөрийн амьдралын амьжиргааны эх үүсвэр болгож хууль бусаар олсон орлогоо өсгөн нэмэгдүүлсэн, өөрийн бусад орлогын эх үүсвэр болгосон байх ба энэ үйлдлийг урт хугацааны туршид байнга тогтвортой үйлдэж өөрийн амьдрах хэв маяг болгож, зан төлөвийн хувьд хэвшмэл шинжтэй болсон байхыг ойлгоно.

 

Шүүгдэгч Д.Б- нь дээрх  хугацаанд хулгай хийж олсон эд зүйл, орлогыг өөрийн гэр бүлийн амьдралын эх үүсвэр болгож зөвхөн хулгай хийж олсон орлогоороо амьдарч байсан, уг орлогыг өөрийн бусад орлогын эх үүсвэр болгож байсан нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт, хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байгаа нь түүний үйлдсэн гэмт хэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан  гэмт хэргийн шинжийг хангаагүй харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэх хуулийн зохицуулалтад нийцсэн гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Д.Б-д Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчлэх нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүхээс улсын яллагчийн болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч  нь хулгайлах гэмт хэргийг 2019 оны 03 дугаар сарын 14-ны өдрөөс  2019 оны 07 дугаар сарын 24-ны өдөр хооронд 6 удаагийн үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт дараах шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож  байна. Үүнд:

1.Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ мэдүүлсэн мэдүүлгүүд

2.хохирогч Г.Б-ын мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 17-21 тал/

3.гэрч У.Бат-Ерөөлтийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 24-25 тал/

4.гэрч С.Чойжилжавын мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 27-28 тал/

5. гэрч Т.Одончимэгийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 29-30 тал/

6.шинжээч эмч Ц.Түвшинцэнгэлийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 31-32 тал/

7.хохирогч Т.У-ын мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 173-176 тал/

8.гэрч У.Сэржмядагийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 177, 180-181 тал/

9.гэрч М.Гантөгсийн мэдүүлэг /1дүгээр хавтаст хэргийн 184-185 тал/

10.гэрч Ц.Энхтуяагийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 193-194 тал/

11.хохирогч Б.М-гийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 249 тал/

12.хохирогч Б.Гэрэлтуяагийн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 2-3 тал/

13.гэрч М.Гантөгсийн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 5 тал/

14.гэрч Ш.Амарсанаагийн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 10 тал/

15.“Дамно” хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн БГ2-19-734 дугаартай тайлан /2 дугаар хавтаст хэргийн 24-27 тал/

16. гэрч А.Батнасангийн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 64-66 тал/, хохирогч Д.Ж-гийн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 99-102 тал/

17.гэрч Б.Цацралын мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 103-106 тал/

18.гэрч Л.Ууганбаярын мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 110-111 тал/

19.хохирогч В.Б-гийн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 201-205 тал/

20.насанд хүрээгүй гэрч В.Ариунсанаагийн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 208-209 тал/

21.гэрч Б.Оюунсувдын мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 210-211 тал/

22.хохирогч Л.А-ийн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 27-36 тал/

23.гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 4 тал/

24.хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 5-8 тал/

25.“Дамно” хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн 2019 оны 05 тал/

26.“Дамно” хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн ЧД2-19-571 дугаартай тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 46-47 тал/

27. “Дамно” хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ЧД2-19-711 дугаартай тайлан /3 дугаар хавтаст хэргийн 151-152 тал/

28.мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 57-65 тал/

29.Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 152 тал/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 163-166 тал/,

30.“Дамно” хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн ЧД2-19-306 дугаартай тайлан /1 дүгээр хавтаст 198-200 тал/

31.Монгол банкнаас зарласан 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ханшийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 211 тал/

32.Эрүүгийн хэргийг нэгтгэх прокурорын тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 235 тал/

33.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 240-246 тал/

34.М.Гантөгсийн дугаар бүхий депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2 дугаар хавтаст хэргийн 7 тал/

35.“Дамно” хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн БГ2-19-734 дугаартай тайлан /2 дугаар хавтаст хэргийн 24-27 тал/

36.Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 67-69 тал/,

37.Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 88-92 тал/

38.“Дамно” хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн ЧД2-19-286 дугаартай тайлан /2 дугаар хавтаст хэргийн 121-122 тал/

39.“Дамно” хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 20-ний өдрийн ЧД2-19-456 дугаартай тайлан /2 дугаар хавтаст хэргийн 126-127 тал/

40.Барьцаат зээлийн гэрээний хуулбар /2 дугаар хавтаст хэргийн 144 тал/, Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /2 дугаар хавтаст хэргийн 185 тал/

41.Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 193-194 тал/

42.“Дамно” хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн ЧД2-19-255 дугаартай тайлан /2 дугаар хавтаст хэргийн 231-232 тал/

43.Барьцаат зээлийн гэрээний хуулбар /2 дугаар хавтаст хэргийн 236 тал/

44.Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 242-244 тал/

45.Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 дугаар хавтаст хэргийн 16-20 тал/

46.“Дамно” хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн ЧД2-19-405 дугаартай тайлан /3 дугаар хавтаст хэргийн 79-80 тал/

47.мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /3 дугаар хавтаст хэргийн 130-132 тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1дүгээр хх-н 85 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 87 тал/, шийтгэх тогтоолын хуулбарууд /1хх-ийн 96-120 тал/ зэргийг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанд иргэдийг төлөөлөн оролцсон иргэдийн төлөөлөгч нь шүүгдэгч Д.Б-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт гаргасан болно.

Шүүгдэгч Д.Б- нь  дээрх үйлдэлүүдийг  хууль бус болохыг мэдсээр байж хүсч үйлдсэн, шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул  гэм буруугийн санаатай хэлбэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай “хулгайлах” гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь  хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирол хор уршгийн талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч нарт нийт 7.673.951 төгрөгийг хохирол учирсан бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан бага хэмжээнээс дээш байх тул хулгайлах гэмт хэргийн хор уршгийн шинжийг хангана.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” тус тус заасан.

 

Иймд гэмт хэргийн улмаас нэр бүхий хохирогч нарт учирсан 7.673.951 төгрөгийг шүүгдэгч Д.Б-гаас гаргуулж хохирогч Г.Б-д 1.653.700 төгрөг, Г.У-ад 2.471.610 төгрөг, Б.М-д 208.000 төгрөг, Б.Гэрэлтуяад 1.516.800 төгрөг, Д.Ж-д 482.000 төгрөг, В.Б-д 696.641 төгрөг, Л.А-т 645.200 төгрөгийг төлүүлэх  үндэслэлтэй байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар

 

Шүүх шүүгдэгч Д.Б-г гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна”  гэв.

 

Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж: “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, дахин ийм хэрэг хийхгүй...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч Д.Б-г “...Хохирлоо төлөхөө илэрхийлдэг. Мөн эхнэр хүүхдийн хамт 3 уулаа амьдардаг. Мөн хадам эцэг нь талийгаач болсон. Тиймээс миний үйлчлүүлэгчид хорих ялын хэмжээг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

 

Шүүх шүүгдэгч Д.Б-гийн ар гэрийн байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан үзэж  дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх нийгэмд зөв төлөвшилтэй иргэн болон засарч хүмүүжих  итгэлийг хүлээлгэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад  эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь 2019 оны 08 сарын 06-ны өдрөөс 2020 оны 03 сарын 11-ны өдөр хүртэл нийт 218 хоног цагдан хоригдсоныг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

              Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйл, 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

              1. Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Тайжууд овгийн Дүгэрийн Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

              2. Шүүгдэгч Тайжууд овгийн Дүгэрийн Б-г хулгайлах гэмт хэргийг бусдын 7.673.951 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Б-г 3 /гурав/ жил 6 /зургаан/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

             

              4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан  3 /гурав/ жил 6 /зургаан/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

              5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар Д.Б-гийн цагдан хоригдсон 218 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

              6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг  тус тус дурдсугай.

              7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-гаас нийт 7.673.951 төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Б-д 1.653.700 төгрөг, Г.У-ад 2.471.610 төгрөг, Б.М-д 208.000 төгрөг, Б.Гэрэлтуяад 1.516.800 төгрөг, Д.Ж-д 482.000 төгрөг, В.Б-д 696.641 төгрөг, Л.А-т 645.200 төгрөгийг тус тус олгосугай.

             8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэй болохыг дурдсугай.

              9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Б.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.          

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЭРДЭНЭЧИМЭГ