| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2019/1033/Э |
| Дугаар | 1080 |
| Огноо | 2019-10-14 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | Р.О |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 1080
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т,
улсын яллагч Р.О,
шүүгдэгч И.С,
шүүгдэгч Б.Б, тэдний өмгөөлөгч А.О (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос М овогт И.С, С овогт Б.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1908 0171 00000 дугаартай, 1 хавтаст хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн нарын биеийн байцаалт:
1. М овогт И.С, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотын Багануур дүүрэгт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, токарьчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, Багануур дүүргийн .. дугаар хороо, Нарийн .. дугаар гудамжны .. тоотод оршин суух бүртгэлтэй, регистрийн дугаар УЮ0000000,
2. С овогт Б.Б, Монгол Улсын иргэн, Архангай аймгийн Тариат суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ах, эгч, дүү нарын хамт амьдардаг, Архангай аймаг, Тариат сумын .. дугаар баг, Хорго гэх газар оршин суух бүртгэлтэй, регистрийн дугаар АЗ0000000,
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Яллагдагч И.С, Б.Б нар бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах .. дугаар байрны орцонд 2019 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 16 цаг 20 минутын үед иргэн О.М-н эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж түүний хоолойг боож унагаан “Samsung A5” маркийн гар утсыг нь дээрэмдэн, бусдад 360.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар мэдүүлэхдээ:
1. Шүүгдэгч И.С мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.
2. Шүүгдэгч И.С мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;
1. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлд “...Хэрэг учрал болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, .. дугаар байр буюу .. давхар цагаан өнгийн нэг орцтой байр байна...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-8),
2. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд....16:24:00 цагаас 15 дугаар байрны гадна...хохирогч орж байгаа араас нь сэжигтэй 2 эрэгтэй дагаж орж байгаа...16:25:00 цагаас...1 дэх нь 175-180 см өндөр хар өнгийн богино нимгэн куртик, хөх өнгийн өмд, хар цагаан пүүзтэй, бор царайтай, туранхай, 2 дахь нь хар өнгийн ноосон цамц, цэнхэр шилбэ нь гэрэл ойлгогчтой ажлын өмд, хар өнгийн гуталтай хулгар чихтэй 2 эрэгтэй орж ирж байгаа....16:26:00 цагаас 2 эрэгтэй гүйж гараад ертөнцийн зүгээр зүүн тийш гүйж байгаа бичлэг байна...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 11-12),
3. Хохирогч О.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 3 дугаар сарын 23-ны өдөр ...16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо Цамбагарав үйлчилгээний төвийн автобусны буудал дээр буугаад өөрийн гэр болох .. дугаар байр руу алхаж байсан. Байр руугаа ороод цахилгаан шат хүлээгээд зогсож байхад миний ард зогсож байсан үл таних залуу араас ам, нүдийг зэрэг дарж, хойш унагаах үед хамт явж байсан залуу нь миний гартаа барьсан байсан гар утсыг булааж аваад хоёулаа зугтаагаад явчихсан. ...Тэр хоёр залуугийн нэг нь өндөр туранхай, бор царайтай, хар куртик, цэнхэр жинс өмдтэй алаг өнгийн пүүзтэй байсан. Нөгөө залуу нь арай намхан биерхүү цайвар царайтай, үсээ хажуу тийшээ хуваасан, ажлын цэнхэр өнгийн доогуураа цагаан өнгийн канттай өмдтэй залуу байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23),
4. “ДАМНО” ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний СХЗ-19-214 дугаар дүгнэлт “...Samsung A5...маркийн гар утас 360,000 төгрөг...” гэх үнэлгээ (хавтаст хэргийн 36-37),
6. Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 14-17),
7. Шүүгдэгч И.С мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2019 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 13 цагийн үед Саппоро дээр Ө гэх залуутай таарсан. Би Ө-тэй өмнөх өдөр буюу 3 дугаар сарын 22-ны орой Саппоро дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үедээ танилцсан юм. Тэгээд бид хоёр уулзаад Цамбагарав руу хамт алхаж байсан. Надад ганц юм авч өгье гээд байсан. Тэгээд явж байхад Өндөрөө хажуугаар өнгөрч байсан нэг эмэгтэй рүү заагаад “хөгшөөн чи энэ эмэгтэйн амыг нь дараад, гар утсыг нь авчихаа, гайгүй утастай юм байна” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр араас нь дагаад нэг байр руу дагаж орсон. Ороод лифтний хажууд зогсож байхад нь би тэр эмэгтэйн амыг дараад хойш нь газар унагаагаад гартаа барьсан байсан гар утсыг нь аваад бид хоёр гараад гүйсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41, 65),
8. Шүүгдэгч Б.Б мөрдөн байцаалтад өгсөн: “...бид хоёр нэг орц руу нэг эмэгтэйн араас орсон. Тэгээд лифт хүлээж зогсож байсан тэр эмэгтэйг С шууд боогоод унагаасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44),
9. Эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 13), Мөрдөгчийн 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоол (хавтаст хэргийн 57, 67), Прокурорын 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн .. дүгээр эрэн сурвалжлах ажиллагаа явуулах тухай тогтоол (хавтаст хэргийн 86, 87), Прокурорын 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн .. дугаар мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх тухай тогтоол (хавтаст хэргийн 130), Прокурорын 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн .. дугаар мөрдөн байцаалтыг сэргээх тухай тогтоол (хавтаст хэргийн 132),
- Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр баривчилсан мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 43, 46), Прокурорын 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 36 дугаар баривчлагдсан сэжигтнийг суллах тухай тогтоол (хавтаст хэргийн 47),
- Б.Б-г 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүхийн шийдвэр (хавтаст хэргийн 115, 118), Б.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2019 оны 6 дугаар сарын 24-ны өдөр хүчингүй болгосон шүүхийн шийдвэр (хавтаст хэргийн 126), Б.Б-г 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүхийн шийдвэр (хавтаст хэргийн 155),
- И.С-т 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүхийн шийдвэр (хавтаст хэргийн 143, 165),
- Шүүгдэгч И.С-н иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 90), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 167), хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөтэй эсэх талаарх холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 78, 80-89), хохирол төлсөн баримт (хавтаст хэргийн 184),
- Шүүгдэгч Б иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 93), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 166), хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөтэй эсэх талаарх холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 78, 80-89) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч И.С, Б.Б нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар
Шүүгдэгч И.С, Б.Б нар нь бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах .. дугаар байрны орцонд 2019 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 16 цаг 24 минутын үед, архи уух мөнгө олох зорилгоор, Б.Б нь гэмт хэрэг үйлдэхийг санаачлан И.С нь иргэн О.М эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж, улмаар түүний хоолойг боож унагаан “Samsung А5” маркийн гар утсыг нь дээрэмдэж, бусдад 360,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлд “...Хэрэг учрал болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, .. дугаар байр буюу .. давхар цагаан өнгийн нэг орцтой байр байна...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-8),
- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд....16:24:00 цагаас .. дугаар байрны гадна...хохирогч орж байгаа араас нь сэжигтэй 2 эрэгтэй дагаж орж байгаа...16:25:00 цагаас...1 дэх нь 175-180 см өндөр хар өнгийн богино нимгэн куртик, хөх өнгийн өмд, хар цагаан пүүзтэй, бор царайтай, туранхай, 2 дахь нь хар өнгийн ноосон цамц, цэнхэр шилбэ нь гэрэл ойлгогчтой ажлын өмд, хар өнгийн гуталтай хулгар чихтэй 2 эрэгтэй орж ирж байгаа....16:26:00 цагаас 2 эрэгтэй гүйж гараад ертөнцийн зүгээр зүүн тийш гүйж байгаа бичлэг байна...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 11-12),
- Хохирогч О.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...өөрийн гэр болох 15 дугаар байр руу алхаж байсан. Байр руугаа ороод цахилгаан шат хүлээгээд зогсож байхад миний ард зогсож байсан үл таних залуу араас ам, нүдийг зэрэг дарж, хойш унагаах үед хамт явж байсан залуу нь миний гартаа барьсан байсан гар утсыг булааж аваад хоёулаа зугтаагаад явчихсан. ...Тэр хоёр залуугийн нэг нь өндөр туранхай, бор царайтай, хар куртик, цэнхэр жинс өмдтэй алаг өнгийн пүүзтэй байсан. Нөгөө залуу нь арай намхан биерхүү цайвар царайтай, үсээ хажуу тийшээ хуваасан, ажлын цэнхэр өнгийн доогуураа цагаан өнгийн канттай өмдтэй залуу байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23),
- “ДАМНО” ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний СХЗ-19-214 дугаар дүгнэлт “...Samsung A5...маркийн гар утас 360,000 төгрөг....” гэх үнэлгээ (хавтаст хэргийн 36-37),
- Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 14-17),
- Шүүгдэгч И.С мөрдөн байцаалтад өгсөн: “...Ө хажуугаар өнгөрч байсан нэг эмэгтэй рүү заагаад “хөгшөөн чи энэ эмэгтэйн амыг нь дараад, гар утсыг нь авчихаа, гайгүй утастай юм байна” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр араас нь дагаад нэг байр руу дагаж орсон. Ороод лифтний хажууд зогсож байхад нь би тэр эмэгтэйн амыг дараад хойш нь газар унагаагаад гартаа барьсан байсан гар утсыг нь аваад бид хоёр гараад гүйсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41, 65) зэрэг бичгийн нотлох баримтаар тус тус тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтуудыг хууль зүйн хувьд дүгнэж үзвэл шүүгдэгч нар нь шунахайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шууд санаатай үйлдлээр санаагаараа нэгдэн шүүгдэгч Б.Б нь дээрмийн гэмт хэрэг үйлдэхийг санаачлан, төлөвлөж, шүүгдэгч И.С-г хохирогч руу довтлохыг зөвлөсөн. Улмаар хохирогч О.М-н араас шүүгдэгч нар нь байрны орцоор даган орж, хохирогчийг цахилгаан шат хүлээж байхад И.С нь хохирогч руу довтолж хоолойг нь боож унагаан түүний гар утсыг булаан аван хамтдаа зугтаасан байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасан “Гэмт хэргийг хоёр түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэснийг болон мөн хуулийн тусгай ангийн 17.2 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж...авахаар довтолсон” гэх шинжийг тус тус хангасан гэж үзнэ.
Тиймээс шүүгдэгч нарыг бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах талаар гаргасан улсын яллагчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй тул шүүхээс Эрүүгийн хуулийн дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч О.М-д 360.000 төгрөгийн хохирол учирсан байх тул хохирогчид учирсан хохирлыг шүүгдэгч тус бүрээс хувь тэнцүүлэн гаргах хууль зүйн үндэслэлтэй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч И.С нь хохирогчид 180.000 төгрөгийн хохирлыг (хавтаст хэргийн 184) төлсөн байна. Иймд шүүгдэгч И.С-г энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэж, харин шүүгдэгч Б.Б-с иргэний хуульд зааснаар 180.000 төгрөг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч болон тэдний өмгөөлөгчөөс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас
- Шүүгдэгч И.С-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 3 жилийн хугацаагаар хорих ял
- Шүүгдэгч Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч нарын цагдан хоригдсон нийт хоногийг эдлэх ялд нь оруулж тооцох дүгнэлтийг,
- Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс:
Шүүгдэгч И.С, Б нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нар нь амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг шүүгдэгч И.С нь нөхөн төлсөн, Б.Б нь нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Иймд шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг хөнгөрүүлж тухайн зүйл, хэсгийн хамгийн доод хэмжээгээр эрүүгийн хариуцлага оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгч И.С, Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна. Шүүгдэгч И.С нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүй болно.
Шүүх И.С, Б.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим буюу эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэснийг үндэслэн
- Шүүгдэгч И.С-н хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байгааг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулах,
- Шүүгдэгч Б.Б-г гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзахын зэрэгцээ тэрээр гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд удаа дараа саад учруулсан зэрэг нөхцөл байдлыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг тэдний хувийн байдал буюу анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус шийдвэрлэв.
Шүүгдэгч И.С нь шүүхийн зөвшөөрөлгүй 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс (хавтаст хэргийн 43), 29-ний өдрийг хүртэл 2 хоног, 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс (хавтаст хэргийн 143) мөн оны 10 дугаар сарын 14-ний өдрийг (хавтаст хэргийн 175-176) хүртэл 61 хоног буюу нийт 63 хоног,
Шүүгдэгч Б.Б нь шүүхийн зөвшөөрөлгүй 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс (хавтаст хэргийн 45), 29-ний өдрийг хүртэл 2 хоног, 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс (хавтаст хэргийн 115-116), мөн оны 6 дугаар сарын 24-ний өдрийг (хавтаст хэргийн 126) хүртэл 53 хоног, 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс (хавтаст хэргийн 198) мөн оны 10 дугаар сарын 14-ны өдрийг (хавтаст хэргийн 177-178) хүртэл 38 хоног буюу нийт 93 хоног тус тус цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна.
Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.С-н цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан нийт 63 хоногийг, шүүгдэгч Б.Б-н цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан нийт 93 хоногийг тэдний эдлэх ялд оруулан тооцож, ялаас хасах нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн “Орцны камер” гэж хар өнгийн бэхээр бичигдсэн нэртэй CD нэг ширхэг, таньж олуулах ажиллагааны явцыг дүрс бичлэгээр баталгаажуулж хэргийн хамт хавсаргаж ирүүлсэн цагаан өнгийн “Таньж олуулах” гэж хар өнгийн бэхээр бичигдсэн нэртэй CD нэг ширхэг тус бүрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тэмдэглэж, тэдэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 34, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт И.С, С овогт Б.Б нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтлон дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан М овогт И.С-г мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 (нэг) жил 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ял,
- Шүүгдэгч С овогт Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 (хоёр) жил 4 (дөрөв) сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б, И.С нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч И.С-н цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 63 (жаран гурав) хоног, шүүгдэгч Б.Б-н цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 93 (ерэн гурав) хоногийг тэдний эдлэх ялд оруулан тооцож, ялаас хассугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-с 180.000 (нэг зуун наян мянган) төгрөгийг гаргуулж хохирогч О.М-д олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн “Орцны камер” гэх бичиглэлтэй СD болон хэрэгт хавсаргаж ирүүлсэн цагаан өнгийн “таньж олуулах” гэх бичиглэлтэй CD тус бүрийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч И.С нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шүүгдэгч нарын иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд И.С, Б.Б нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдний эдлэх ялыг 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тоолсугай.
9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ