Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 267

 

 

 

 

 

 

 

   2020            03           18                                         267

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Сосорбарам хөтлөн,

Улсын яллагч: Н.Мөнхбат,

Шүүгдэгч Б.У- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн яллагдагч Өөлд овогт Бадамын У-д холбогдох эрүүгийн 2005004500000 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, станцын дарга, жолооч мэргэжил , Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн холбооны станцын дарга, жолооч ажилтай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт У-баатар хот Баянгол дүүрэг Голден парк хотхон 107 дугаар байрны 000 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Өөлд овогт Бадамын У-, РД:.

ТОДОРХОЙЛОХ нь:

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Яллагдагч Б.У- нь 2020 оны 01 сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Голден парк” хотхоны 107 дугаар байрны 65 тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр Л.Э-ыг хүүхэд харсангүй гэх шалтгааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун дээд, доод зовхи, хацар, шанаа, эрүү, хамар, дээд уруулын зүүн хэсэг, зүүн тохойд цус хуралт зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад язарсан шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодьтой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.У-ы “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Л.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 сарын 13-ны өдөр манай ажлынхан тэмцээнд орох гээд өдөржин бэлтгэл хийгээд бид нар харих үед манай нөхөртэй хамт ажилладаг Гантөгс, Батсүх, Сүрэнхорлоо нар манай гэрт 13 цагийн үед ирсэн. Бид нар гэрт ороод байж байтал нөхрийн найз Гантөгс, Батсүх нар 1 шил архи бариад ороод ирсэн. Бид нар хоол идэж тэрийг нь хувааж уучхаад байж байтал Сүрэнхорлоогийн нөхөр ирээд бид  0,5 граммтай вискийг хувааж уусан. Ингээд манай гэрт байсан хүмүүс бүгд гараад явсан. Би тэр үед хоол хийх гээд будаатай шөл буцалгаад тавьсан байсан ба нөхөр хүүхэд авах гээд явахаар нь би бага хүүхэддээ гар утсаа өгч саатуулаад плиткан дээр тавьсан хоолоо хүлээгээд өдөржин бэлтгэл хийгээд 2-3 удаа архинаас нь уусан учир ядраад орон дээр бага зэрэг үүрэглээд байж байтал нөхөр гаднаас орж ирээд плиткан дээр хоол тавьчихаад хүүхэд харахгүй унтаад гэхээр нь би чи яасан сүртэй юм бэ өөрөө мэдэж байна гэсэн. Тэгсэн чинь юу гээд байгаа юм гээд хэрүүл гуйгаад байх юм гэхээр нь юу гээд хуцаад байгаа юм. Юу ч болоогүй байхад гэхэд шууд миний баруун хацар руу 5-6 удаа, зүүн хацар луу 2-3 удаа алгадсан. Би уйлсан, утсаа авах гэхэд утас өгөхгүй яах гээд байгаа юм гээд булааж аваад байсан. Тэр үед миний хамраас цус гараад, баруун чихний хойд талд язраад мөн жавьжаа хазсанаас цус гарсан. Тэгсэн манай нөхөр У- цусаа угаачих гэхэд би уйлаад угаахгүй гэж хэлсэн чинь миний гарнаас угаачих гэж байна шдээ гэж чирсээр байгаад угаалгын өрөө рүү оруулж угаалгасан. Ингээд би уйлаад орон дээрээ хэвтэж байтал гаднаас том хүү Эрхэмбаяр орж ирсэн. Тэр үед би аав чинь зодоод байна цагдаа дууд гэж хэлсэн. Тэгээд хүү гэрээс гараад шатаар уруудаж гүйхэд нөхөр хүү Эрхэмбаярыг дуудаад эргээд ороод ир гэж дуудсан. Тэр үед хүү миний төрсөн эх Лхагваа руу эмээ хурдан ирээрэй аав ээжийг зодоод байна гэж бичсэн байсан...манай ээж нөхөр бид хоёртой хамт амьдардаг ба хааяа нөхөр архи уучихаар ээж уурлаад байдаг ба энэ байдлаас болоод бид хоёр 1-2 удаа маргалдаж хэрэлдэж байсан. Тэгээд би уурлахаар намайг 1-2 удаа алгадаж байсан. Түүнээс айхтар гэмтэл бэртэл учруулж зодож байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-12 тал/

 

Гэрч Д.Сүрэнхоролын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай нөхөр ирэх үед У- тал шилтэй виски гаргаж ирээд би нэг уусан, нөхөр 3 удаа уусан. У-аа охиноо цэцэрлэгээс нь авна гээд гэрээсээ гарах үед нь би нөхрийн хамт харихаар явсан. Ингээд гэртээ хариад орой Э- руу утсаар ярихад би зодуулчихлаа гэж хэлсэн. Тэгээд маргааш өглөө нь би очоод хартал Э-ын баруун тал нь тэр чигтээ хавдаж хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/,

 

Гэрч Ш.Лхагваагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Гэртээ ортол охин Э- орон дээрээ уйлсан, баруун талын байсан байх нүүр хэсэг нь хавдсан хэвтэж байсан...Б.У- нэг удаа согтуу орж ирээд хэрэлдээд байна гээд нэг удаа цагдаад барьж өгч эрүүлжүүлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 тал/,

 

           Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 сарын 15-ны өдрийн 0- дугаартай “...1) Л.Э-ын биед тархи доргилт, баруун дээд, доод зовхи, хацар, шанаа, эрүү, хамар, дээд уруулын зүүн хэсэг, зүүн тохойд цус хуралт зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад язарсан шарх тогтоогдлоо. 2) Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3) Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно. 4) Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 26-27 тал/

 

            Шүүгдэгч Б.У-ы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...би эхнэр Э-ын нүүр орчимд нь 3-4 удаа гараараа алгадаж цохьсоны дараа эхнэр Э-ын баруун чихний орчим, хамраас цус гарсан. Би цусыг нь хараад одоо болье гээд Э-ыг аргадаж гуйж байгаад угаалгын өрөө рүү оруулж цусыг нь угаалгасан. Миний хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 81-84 тал/

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор Б.У-ы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 85 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 38 тал/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 34 тал/, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа / хх-ийн 35 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 36 тал/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-ийн 37 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Нэг:  Гэм буруу болон хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.У- нь 2020 оны 01 сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Голден парк” хотхоны 107 дугаар байрны 00 тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр Л.Э-ыг хүүхэд харсангүй гэх шалтгааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун дээд, доод зовхи, хацар, шанаа, эрүү, хамар, дээд уруулын зүүн хэсэг, зүүн тохойд цус хуралт зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад язарсан шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч  мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Л.Э-ын мэдүүлэг /хх-ийн 9-12 тал/, гэрч Д.Сүрэнхоролын мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/, гэрч Ш.Лхагваагийн мэдүүлэг /хх-ийн 20-22 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 сарын 15-ны өдрийн 0- дугаартай дүгнэлт /хх-ийн 26-27 тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хохирогч Л.Э-ын биед “тархи доргилт, баруун дээд, доод зовхи, хацар, шанаа, эрүү, хамар, дээд уруулын зүүн хэсэг, зүүн тохойд цус хуралт зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад язарсан шарх” гэмтэл учирсан нь хэргийн 26 дахь талд авагдсан шинжээч эмчийн 0- дугаартай дүгнэлтээр нотлогдсон ба энэ шүүгдэгч Э.Э- хохирогчийг цохисон үйлдлийн улмаас үүссэн гэмтэл байна.

 

Шүүгдэгч Б.У- гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Б.У- нь 2020 оны 01 сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Голден парк” хотхоны 107 дугаар байрны 65 тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр Л.Э-ыг хүүхэд харсангүй гэх шалтгааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун дээд, доод зовхи, хацар, шанаа, эрүү, хамар, дээд уруулын зүүн хэсэг, зүүн тохойд цус хуралт зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад язарсан шарх бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Б.У-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.У- нь “хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргах мэтгэлцэх зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна.” гэж мэдүүлж оролцсон бөгөөд хохирогч Л.Э- нь “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт гаргасан байх тул энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.У- нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Б.У- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Б.У-д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч Б.У- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогч Л.Э- шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн, гомдол саналгүй гээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг  шүүгдэгч, хохирогч нар гаргасан байна. /хх-н 91, 94/

 

Шүүгдэгч, хохирогч нарын хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 /таван зуун мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Б.У-д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх шүүх  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд Б.У-д эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

 

Иймд шүүгдэгч Б.У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.У-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Өөлд овогт Бадамын У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-д 500 /таван зуун мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-д шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.У- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.У-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ