| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Амгалангийн Насандэлгэр |
| Хэргийн индекс | 128/2017/0912/З |
| Дугаар | 43 |
| Огноо | 2018-01-23 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 43
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Ү” ХХК.
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс.
Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмалын хайгуулын ****** дугаартай тусгай зөвшөөрлийн дуусгавар болгосон бүртгэлийг хууль бус болгохыг тогтоож хайгуулын тусгай зөвшөөрөл сунгах өргөдлийг хүлээн авахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрийн хэлтэст даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ашигт малтмалын хайгуулын ****** дугаартай тусгай зөвшөөрлийн дуусгавар болгосон бүртгэлийг хууль бус болохыг тогтоож, хайгуулын тусгай зөвшөөрөл сунгах өргөдлийг зохих журмын дагуу хүлээн авахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна.
“Ү” ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрлийн гэрчилгээ хавсралтыг гээгдүүлж дахин шинээр хайгуулын ****** тоот тусгай зөвшөөрлийн дугаартай болсон бөгөөд хүчин төгөлдөр хугацааг 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөр дуусгавар болохоос өмнө тухайн үед захирлаар ажиллаж байсан Д.Бнь 2013 оны эхнээс нүдний торлог бүрхэвч гэмтсэнээс удаан хугацаагаар нүдний хүнд хэлбэрийн өвчнөөр өвдөж ирсэн бөгөөд 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг дуустал нүдний “МБДХ” ХХК-ийн эмнэлэгт эмчлүүлж, хагалгаанд орсноос хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдлийг хугацаанд нь гаргаж чадаагүй.
Энд дурдсан хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хайгуулын ****** тоот тусгай зөвшөөрлийн дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах өргөдөл гаргаж чадаагүй тул Кадастрын хэлтсийн уг тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон бүртгэл хууль бус байна.
Тиймээс манай компанийн тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдөл гаргах эрх зөрчигдсөн гэж үзэж энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
Захирамжид дурдсан бүрдүүлбэр хангуулж нотариатаар баталгаажсан тус компанийн дүрэм хүргүүлж байгаа бөгөөд үүгээр компанийн хувьцаа эзэмшигч нарын мэдээлэл тодорхой харагдах болно.
Харин тус компанийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй болохыг нотолсон аж ахуй нэгжийн гэрчилгээний хуулбарыг нотариатаар баталгаажуулан шүүхэд гаргасан нэхэмжлэлд хавсарган өгсөн болно.
Хайгуулын ****** тоот тусгай зөвшөөрлийн дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг гээгдүүлсэн тул эх хувиар байхгүй байгаа ба хуулбарыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс гаргуулан авна уу.
Иймд Ашигт малтмалын хайгуулын ****** дугаартай тусгай зөвшөөрлийн дуусгавар болгосон бүртгэлийг хууль бус болохыг тогтоож, хайгуулын тусгай зөвшөөрөл сунгах өргөдлийг зохих журмын дагуу хүлээн авахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Д******* аймгийн Ө******* сумын нутагт орших Х******* ц******* уул нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын ****** тоот тусгай зөвшөөрлийг Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр 2007 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн “Ү” ХХК эзэмших болсон. Уг тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг гээгдүүлсэн тул шинээр гэрчилгээ нөхөн олгох өргөдлийг 2013 оны 01 дүгээр сард гаргасан бөгөөд Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 34 дүгээр шийдвэрээр шинээр хайгуулын ****** дугаартай тусгай зөвшөөрлийн дугаар олгосон. Нэхэмжлэгч компани нь 2013 оны 11 сар хүртэл уг тусгай зөвшөөрлийн талбайд их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд мөн оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс өмнө 3 дахь сунгалт хийлгэх эрхээ эдлэх ёстой байсан боловч өргөдлийг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хугацаанд нь гаргаж чадаагүй. Тухайн үед захирлаар ажиллаж байсан Д.Бнь 2013 оны эхнээс нүдний торлог бүрхэвч гэмтсэнээс болж удаан хугацаагаар нүдний хүнд хэлбэрийн өвчнөөр өвдөж ирсэн бөгөөд 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг дуустал “МБДХ” ХХК-ийн эмнэлэгт эмчлүүлж, хагалгаанд орсноос хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдлийг хугацаанд нь өгч чадаагүй. Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолд “...хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт энэ зүйлд заасан хугацааны дотор гомдол гаргагч хүндээр өвчилсөн .....зэрэг өөрөөс үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсан байдлыг ойлгоно....” гэж тайлбарласныг дээрх үйл баримтад харгалзан үзэх боломжтой. Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “... хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүний эзэмшигч нь сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргах, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж хуульчилсан байх ба манай компани дээрх хугацаанд сунгах өргөдөл гаргаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаан байсантай х*******той. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоно. ”Ү” ХХК нь маргаан бүхий хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон тухай шийдвэрийг өнөөдрийг хүртэл Ашигт малтмал газрын тосны газраас аваагүй байгаа бөгөөд, захирал Д.Б өөрийн биеэр очиж уулзахад систем хариуцсан мэргэжилтэн танай тусгай зөвшөөрөл дуусгавар болсон бүртгэл хийгдсэн байна. Дуусгавар болсонтой х*******той шийдвэр манай хэлтсээс гарахгүй гэсэн тайлбар өгсөн. Үүний дараа нэхэмжлэгч компаниас 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 18/8 тоот албан бичгээр тусгай зөвшөөрөл дуусгавар болгосонтой х*******той гомдлыг Ашигт малтмал, газрын тосны газрын даргад гаргасан. Тус газрын 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 2/6797 тоот албан бичгээр ашигт малтмалын хайгуулын ****** тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр дуусгавар болохоос өмнө сунгах өргөдлийг гаргаагүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр дуусгавар болсон байна гэсэн хариуг манайд ирүүлсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.16 дахь хэсэгт заасан “... хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр тооцно” гэж заасан байгаатай зөрчилдөж байна. Мөн албан бичигт ашигт малтмалын хайгуулын ****** тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр гэж буруу тооцож бичсэн байх боловч тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралтад бичигдсэнээр 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөр дуусгавар болохоор байсан. Тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй бол түүнийгээ нотлох, баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлэх боломжийг олголгүйгээр ашигт малтмалын хайгуулын ****** тоот тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон үйлдлийг хууль бус үйлдэл гэж үзэж байна. Хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт тухайн этгээдийн өөрийн хүсэл зоригоос хамаарахгүйгээр бий болсон нөхцөл байдлыг хэлнэ. Цуцлагдсан шийдвэр гарсныг үл харгалзан Захиргааны ерөнхий хуулийн хугацаа тасалдах зохицуулалтыг баримтлан манай компанийн тусгай зөвшөөрлийг сунгуулах тухай өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхээс татгалзаж байгаа үйлдэл нь хууль бус байна. Иймд ашигт малтмалын хайгуулын ****** дугаартай тусгай зөвшөөрлийн дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгож, хайгуулын тусгай зөвшөөрөл сунгах өргөдлийг хүлээн авахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: “Д******* аймгийн Ө******* сумын нутаг Х******* ц******* уул нэртэй талбайд 12351.25 га талбайд Ашигт малтмалын газрын даргын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2007 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2384 дүгээр шийдвэрээр хайгуулын ****** дугаартай тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар” Ү” ХХК-д 2007 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр анх олгосон байна.
“Ү” ХХК-аас 2010 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр уг тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлт ирүүлсний дагуу хянаж үзээд, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 5 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 3 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн байна.
“Ү” ХХК-аас хайгуулын ****** дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг гээгдүүлсэн тул нөхөн олгох хүсэлтийг 2013 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр ирүүлсний дагуу Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 34 дүгээр шийдвэрээр дээрх талбайд ашигт малтмалын хайгуулын ****** дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг “Ү” ХХК-д нөхөн олгосон байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д “энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах” эрхтэй болохыг заасан бөгөөд ийнхүү сунгуулах хүсэлт гаргаагүй тохиолдолд мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасны дагуу тусгай зөвшөөрөл дуусгавар болохоор хуульчилсан байдаг.
“Ү” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ****** дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр дуусгавар болсон тул Кадастрын бүртгэлийн системд 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ийнхүү хүчин төгөлдөр байх хугацаа дуусч, тусгай зөвшөөрөл дуусгавар болсныг бүртгэсэн байна.
Кадастрын хэлтсээс хайгуулын ****** дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг ийнхүү дуусгавар болгож бүртгэсэн нь Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу хийгдсэн хууль ёсны үйлдэл болно.
Тиймээс нэхэмжлэлд дурдсан “...дуусгавар болгосон бүртгэлийг хийсэн хууль бус үйлдэл” гэсэн нь үндэслэлгүй байна.
Нэхэмжлэлийн үндэслэлдээ “...Манай компани 2013 оны 11-р сар хүртэл уг тусгай зөвшөөрлийн талбайд их хэмжээний хөрөнгө оруулалт хийж зардал гаргаж ажиллаж ирсэн бөгөөд мөн оны 11-р сарын 20-ны өдрөөс өмнө сүүлийн 3 дахь сунгалт хийлгэх эрхээ эдлэх ёстой байсан боловч өргөдлийг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хугацаанд нь гаргаж чадаагүй. Тухайн үед захирлаар ажиллаж байсан Д.Б нь ...2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 2014 оны 01-р сарын 17-ны өдрийг дуустал...эмнэлэгт эмчлүүлж, хагалгаанд орсноос хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдлийг хугацаанд нь гаргаж чадаагүй” гэсэн байна.
Нэхэмжлэгч компанийн захирлаар ажиллаж байсан хүн эрүүл мэндийн шалтгаанаар 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг дуустал хугацаанд эмнэлэгт эмчлүүлж байсны улмаас тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлөө гаргах боломжгүй байсныг үгүйсгэхгүй.
Энэ тохиолдолд тухайн хүндэтгэн үзэх шалтгаан бүхий нөхцөл байдал арилсны дараа буюу 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс хойших хугацаанд энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлээд төрийн захиргааны байгууллагад хандах боломжтой байсан.
Нэхэмжлэлийн үндэслэлд “...Ү ХХК нь маргаан бүхий хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болгосон шийдвэрийг өнөөдрийг хүртэл Ашигт малтмал, газрын тосны газраас хүлээн аваагүй тул...” гэсэн байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар 53.1-д “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл дараахь тохиолдолд дуусгавар болно”, мөн зүйлийн 53.1.1-д “тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан” гэж заасан бөгөөд тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болж, тусгай зөвшөөрөл эзэмшигч сунгуулах өргөдлөө гаргаагүй тохиолдолд төрийн захиргааны байгууллагаас ямар нэгэн шийдвэр /захиргааны акт/ гаргадаггүй болно, Харин тухайн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон талаар Кадастрын бүртгэлийн систем болох СМСЗ-д бүртгэл хийдэг болно.
Иймд нэхэмжлэгчийн “шийдвэрийг өнөөдрийг хүртэл аваагүй” гэдэг үндэслэлээр хариуцагчийн дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлгүй болно.
Нэхэмжлэгчээс "...тусгай зөвшөөрлийг сунгах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхээс татгалзаж байгаа түүний үйлдэл нь хууль бус байна" гэсэн нь үндэслэлгүй байна.
Учир нь “Ү” ХХК-аас ашигт малтмалын хайгуулын ****** дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу гаргаагүй бөгөөд 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр дуусгавар болсон тул тухайн тусгай зөвшөөрлийг сунгах өргөдлийг хүлээн авч, шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй болно.
Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “ Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2007 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2384 дүгээр шийдвэрээр хайгуулын 12969 дугаартай тусгай зөвшөөрлийг “Ү” ХХК-д 3 жилийн хугацаатайгаар олгосон. Нэхэмжлэгч компаниас 2010 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр уг тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлт ирүүлсний дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 5 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 3 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн. ****** дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг гээгдүүлсэн тул нөхөн олгох хүсэлтийг 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ирүүлсний дагуу Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 34 дүгээр шийдвэрээр 17248 дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг нэхэмжлэгч компанид нөхөн олгосон. Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5 дахь хэсэгт энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах эрхтэй болохыг заасан. Энэ эрхээ хэрэгжүүлэх үгүй нь нэхэмжлэгчийн өөрийнх нь шийдвэрлэх асуудал. Нэхэмжлэгч тал хүсэлтээ хугацаандаа гаргаагүй байх тул Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт заасны дагуу тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дуусгавар болсон. Хуульд заасан эрхээ хэрэгжүүлсэн бол 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс өмнө хүсэлтээ гаргах ёстой байсан. Нэгэнт сунгуулах өргөдлөө гаргаагүй болохоор бүртгэлийн системд 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр дуусгавар болгосон тухай бүртгэл хийгдсэн. Манай байгууллагын зүгээс хуульд заасны дагуу бүртгэлийг дуусгавар болгосон. Нэхэмжлэгч талаас Д.Бнь 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг дуустал эмчилгээ хийлгэсэн болохоор хүсэлт гаргаж чадаагүй гэсэн тайлбар гаргаж байна. Хэрвээ ийм хүндэтгэн үзэх шалтгаантай байсан бол түүнийгээ албан ёсоор манай байгууллагад мэдэгдэж, сунгуулах өргөдлөө гаргасан бол захиргааны байгууллага хүлээж авч хүндэтгэн үзэх шалтгаан байгаа эсэхийг шалгаад тухайн үед үйлчилж байсан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт зааснаар 3 сарын дотор асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах хүсэлтийг өгөөгүй. Тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан шийдвэрийг өнөөдрийг хүртэл гардаж аваагүй байна гэсэн тайлбар гаргаж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт энэ талаарх зохицуулалт байгаа. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу цуцалж байгаа шиг шийдвэр гаргах ямар нэгэн боломж болдоггүй. Нэхэмжлэгч талаас тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон үйлдлийг хууль бус болгохтой х*******той гомдол гаргасан. Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдөл гаргаагүй байж, хугацаа сунгах өргөдлийг хүлээж авахгүй байна гэсэн гомдол гаргах нь үндэслэлгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь хэсэгт энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн бол нэхэмжлэлийг хүлээн авахгүй байх хууль зүйн үндэслэл байдаг. Дээр дурьдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
“Ү” ХХК-ийн захирал Д.Б******* Ашигт малтмалын хайгуулын ****** дугаартай тусгай зөвшөөрлийн дуусгавар болгосон бүртгэлийг хууль бус болгохыг тогтоож хайгуулын тусгай зөвшөөрөл сунгах өргөдлийг хүлээн авахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрийн хэлтэст даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Тэрээр тухайн үед компанийн захирлаар ажиллаж байсан Д.Б2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл эрүүл мэндийн шалтгаантай байж “МБДХ” ХХК-ийн эмнэлэгт эмчлүүлж, хагалгаанд орсноос хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдлийг хугацаанд нь гаргах боломжгүй байсныг харгалзаж үзээгүй нь хууль бус гэж маргажээ.
Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Д******* аймгийн Ө******* сумын нутаг Х******* ц******* уул нэртэй 12351.25 га талбайд Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2007 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2384 дүгээр шийдвэрээр хайгуулын ****** дугаартай тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар “Ү” ХХК-д анх олгож, тус компанийн хүсэлтээр Кадастрийн хэлтсийн даргын 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 05 дугаар шийдвэрээр 3 жилийн хугацаагаар сунгаж, ****** дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг гээгдүүлсэн тул нөхөн олгох хүсэлтийн дагуу 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 34 дүгээр шийдвэрээр хайгуулын ****** дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг нөхөн олгожээ.
“Ү” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ****** дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр дуусгавар болсон тул Кадастрийн бүртгэлийн системд 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ийнхүү хүчин төгөлдөр байх хугацаа дуусч, тусгай зөвшөөрөл дуусгавар болсныг бүртгэсэн байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана:”, энэ хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д “энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах:” эрхтэй гэж зохицуулжээ.
Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд “Ү” ХХК ****** дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө буюу 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хугацаа сунгуулах хүсэлтээ гаргах үүрэгтэй байжээ
Гэвч нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр дуусгавар болж байхад түүнийг сунгуулах тухай хүсэлтээ төрийн захиргааны байгууллагад гаргаагүй нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн гэж дүгнэхээр байна.
Уг хуульд заасан “...тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах” зохицуулалтын агуулгыг маргааны үйл баримтад холбогдуулан тайлбарлавал, тусгай зөвшөөрөл эзэмшигч “Ү” ХХК нь тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтээ 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд хэдийд ч гаргах боломжтой байсан гэж үзнэ.
Нэхэмжлэгч “Ү” ХХК-ийн захирал 2013 оноос удаан хугацаагаар эмчлүүлэх шаардлагатай эрүүл мэндийн шалтгаан байсныг үгүйсгэхгүй ч энэ нь тухайн компани хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд хуулинд заасан үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.
Түүнчлэн хавтаст хэргийн 10,11 болон 73-82 дугаар хуудсанд авагдсан баримтуудаас үзвэл тус компанийн захирлаар ажиллаж байсан Д.Бнь 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдөр унаж гэмтсэний улмаас нүдний орчим гэмтэл авч “МБДХ” ХХК-ийн нүдний эмнэлэгт үзүүлж эмчлүүлсэн бөгөөд хэвтрийн дэглэмд байх, хүнд юм өргөж, машин барьж болохгүй, үрэвсэл намдааж,нүдэндээ эм дусааж 3 хоногийн дараа үзүүлэх зэрэг зөвлөгөө авч тодорхой хугацаанд эмчлүүлсэн нь тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хуулиар хүлээсэн үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй болно.
Тодруулбал хэрэгт ирүүлсэн нотлох баримтын хүрээнд нэхэмжлэгчийн 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл эмчлүүлсэн хугацаа маргааны үйл баримт болсон тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахад нөлөөлсөн хүндэтгэх шалтгаан байсан гэж үзхээргүй байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтээ хуульд заасан хугацаанд гаргаагүй, ийнхүү хүсэлт гаргаагүй шалтгаан нь тухайн үед тодорхой бус байснаас хариуцагчийн Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж, тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болгосон шийдвэр хуульд нийцсэн гэж дүгнэв.
Нөгөө талаар шүүх нэхэмжлэлийн нэг дэх шаардлага болох хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар дуусгавар болгосон шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснээр нэхэмжлэлийн хайгуулын тусгай зөвшөөрөл сунгах өргөдлийг хүлээн авахыг даалгах хоёр дахь шаардлага мөн хангагдах үндэслэлгүй.
Учир нь төрийн захиргааны байгууллага хуулийн этгээдийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 20 дугаар зүйлийн 20.1-д зааснаар сонгон шалгаруулалт зохион байгуулж олгохоор хуульчилжээ.
Өөрөөр хэлбэл хайгуулын тусгай зөвшөөрлийг зөвхөн сонгон шалгаруулалтаар олгох хуулийн дээрх зохицуулалт байхад тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдлийг хүлээн авахыг хариуцагчид даалгах хууль зүйн боломжгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч компанийн захирал тухайн үед хэн байсан одоо хэн байгаагаас үл хамааран хуулинд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг баримтлан ТОГТООХ нь:
1.Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 20 дугаар зүйлийн 20.1, 21 дүгээр зүйлийн 21.1.5, 22 дугаар зүйлийн 22.1, 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасныг баримтлан Ашигт малтмалын хайгуулын ****** дугаартай тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгож хайгуулын тусгай зөвшөөрөл сунгах өргөдлийг хүлээн авахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрийн хэлтэст даалгах “Ү” ХХК-ийн захирал Д.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн
51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.НАСАНДЭЛГЭР