Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 128/2018/1076/З |
Дугаар | 221/МА2021/0241 |
Огноо | 2021-05-18 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 221/МА2021/0241
“МЭ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Э нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 94 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу “МЭ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Оюумаагийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 94 дүгээр шийдвэрээр:
“...Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 31 дүгээр зүйлийн 31.3, Төмөр замын тээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11, 6 дугаар зүйлийн 6.3-д заасныг тус тус баримтлан “Нийслэлийн Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 87 дугаар захирамжийн холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/954 дүгээр захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, газар дээрх Б ХХК-ийн хашаа, манаачийн байр зэргийг чөлөөлүүлэх, “МЭ” ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн болон 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн хүсэлтүүдийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг хүсэлтүүдийг хууль, журмын дагуу шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгах”-ыг хүссэн шаардлагууд бүхий нэхэмжлэгч “МЭ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож ...” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М давж заалдах гомдолдоо:
“...“МЭ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгчийн зүгээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 94 дүгээр шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч, давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
1. Нийслэлийн Засаг даргын 2006 оны 87 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох үндэслэлийн тухайд:
Нийслэлийн Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 87 дугаар захирамжаар манай компанийн 21400 м.кв талбайн хэмжээг 17970 м.кв хэмжээтэй болгож багасгасан ба шүүх “Б” ХХК-ийн өмчлөлийн төмөр замын салаа зам, бараа ачиж буулгах бетонон тавцан, төмөр бетонон гадна хашаа зэрэг эд хөрөнгүүдтэй давхцалтай гэх үндэслэлээр тус шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосонд нь гомдолтой байна.
Учир нь урьд өмнө нь шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд “Б” ХХК-ийн хөрөнгүүд нь маргаан бүхий газарт хэдий хэмжээний талбай эзэлж байгааг тодруулах, энэ талаарх баримтуудыг шаардсан ба хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад гаргасан талуудын тайлбар зэргээр уг хөрөнгүүд маргаан бүхий газартай бүхэл хэмжээгээр давхцаагүй болох нь тодорхой нотлогддог.
Өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 32 дугаар зүйлийн 32.1-д заасны дагуу шүүх нотлох баримт цуглуулах үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, гуравдагч этгээдийн өмчлөлийн хөрөнгүүд нь хэдий хэмжээгээр давхацсаныг бүрэн нотолж дүгнэж чадаагүй гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна.
Нөгөөтэйгүүр илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа эхлэн хууль зүйн үйлчлэлгүй байдаг ба анхан шатны шүүхээс газар эзэмших эрхийн хугацааг сунгахдаа ямар хууль зүйн үндэслэлээр газрын хэмжээг багасгасныг тодорхой дүгнэж чадаагүй байна.
Багасгасан талбайг дахин эзэмших хүсэлтийг нэхэмжлэгч нь удаа дараа гаргаж байсан ба Нийслэлийн Өмчийн харилцааны газрын 2014 онд нэхэмжлэгчид өгсөн албан бичгээр нийтийн эзэмшил тул талбай сунгах боломжгүй гэсэн үндэслэл нь шүүхийн дүгнэсэнтэй зөрүүтэй байна.
Тодруулбал анхан шатны шүүхээс гуравдагч этгээдийн хөрөнгүүд давхацсан гэх үндэслэлийг заадаг бол, дээрх албан бичиг нь нийтийн эзэмшлийн талбайг эзэмшүүлэх боломжгүй гэсэн үндэслэлийг заадаг ба шүүх хэт нэг талыг барьж зөрүүтэй шийдвэрлэсэн гэж үзэж байна.
Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9, 6 дугаар зүйлийн 6.2.2, 12 дугаар зүйлийн 12.2, Төмөр замын тээврийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалтуудаас үзэхэд төмөр замын салаа зам, төмөр замын зурвас газар нь төрийн өмч буюу нийтийн эдэлбэр газарт хамаарах байтал шүүх уг хуулийн заалтыг буруу хэрэглэн Засаг даргын эрх хэмжээний асуудал хэмээн тайлбарлаж байгаа үндэслэлгүй байна.
2. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/954 дүгээр захирамжуудын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах үндэслэлийн тухайд:
Уг захирамжийг Нийслэлийн Засаг даргаас гаргахдаа хууль тогтоомжийг зөрчиж олгосон ба манай компанийн орц, гарцыг хаасан, сонгон шалгаруулалт, дуудлага худалдааг зохион байгуулаагүй нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “МЭ” ХХК-ийн орц, гарцыг хаасан болох нь тодорхой нотлогддог атал “Б” ХХК-тай тохиролцон төмөр замыг ашиглах боломжтой гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна.
Орц, гарцаар ашиглах зориулалт нь дан ганц төмөр зам бус эцсийн бараа бүтээгдэхүүнийг автомашинаар ч тээвэрлэх боломжтой нөхцөл байдлыг шүүх тодруулан үүнд дүгнэлт өгөх ёстой.
Хариуцагч байгууллагуудын зүгээс хуулийн этгээдүүдийг ялган зааглаж, ялгамжтай хандаж, тэгш эрхийн зарчмыг зөрчиж байгааг шүүх харгалзан үзээгүй ба нэг компанийнх нь өмнөх газар эзэмших эрхээ баталгаажуулах хүсэлтийг “нийтийн эдэлбэр” гэх үндэслэлээр нөгөө компанийнх нь хууль зөрчсөн газар эзэмших хүсэлтийг тэр даруй хүлээн авч шийдвэрлэж байгаад нь нэхэмжлэгчийн зүгээс гомдолтой байна.
Түүнчлэн “Б” ХХК-ийн газар эзэмших хүсэлт нь баримт бичгийн бүрдлийг хангаж чадаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч маргасан хэдий ч шүүх уг маргаж буй асуудлаар дүгнэлт хийгээгүй нь учир дутагдалтай.
3. “МЭ” ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн болон 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн хүсэлтүүдийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг хүсэлтүүдийг хууль, журмын дагуу шийдвэрлэхийг даалгах шаардлагын тухайд:
Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийн холбогдох зохицуулалтын дагуу иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг хууль, журамд нийцүүлэн тогтоосон хугацаанд шийдвэрлэх үүргийг төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд тусгасан байдаг.
Маргааны явцад хариуцагч байгууллага, албан тушаалтнууд нь дээрх хуулийг зөрчиж, нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг тодорхой шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасан байтал нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгосонтой холбогдуулан явцууруулан дүгнэсэнд нь гомдолтой байна.
Төрийн захиргааны байгууллага, албан тушаалтнууд нь хуулийн этгээдүүдэд ялгамжтай хандаж холбогдох хариунуудыг өгсөн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар илт байхад шийдвэрлэх шаардлагагүй хэмээн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн шийдвэр гаргаж байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 94 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг зөв үнэлсэн, шийдэл үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 52 дугаар зүйлийн 52.5.1-д тус тус зааснаар маргаан бүхий акт нь хууль бус, эсхүл эрх зүйн илэрхий алдаатай байхын зэрэгцээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргах, шүүхээс мөн хуулийн 106 дугаар зүйлд зааснаар захиргааны акт хуульд нийцээгүй бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдвол тухайн актыг хүчингүй болгох, эсхүл илт хууль бус болохыг тогтоох шийдвэрийг гаргахаар зохицуулжээ.
Нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт дараах үндэслэлүүдээр зөв болсон байна.
1. Нийслэлийн Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 87 дугаар захирамжийн холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд:
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд захиргааны акт илт хууль бус болох шаардлагуудыг тусгайлан заасан бөгөөд 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж заасан нөхцөл байдал тогтоогдвол захиргааны акт илт хууль бус байх шинжийг хангана.
Гэтэл хэрэгт авагдсан баримтаас үзвэл анх Нийслэлийн Засаг даргын 2002 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” 405 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалан өртөөний урд байрлах 21400 м.кв газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар 3 жилийн хугацаатай “МЭ” ХХК-д ашиглуулахаар олгожээ.
Харин маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг хугацааг сунгах тухай” 87 дугаар захирамжаар “МЭ” ХХК-д газар эзэмшүүлэх хугацааг сунгахдаа газрын хэмжээг 3430 м.кв талбайгаар багасгаж, 17970 м.кв газрыг 5 жилийн хугацаатай, үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлсэн байх бөгөөд Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д зааснаар Нийслэлийн Засаг даргаас хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэх хуульд заасан эрхийнхээ хүрээнд гаргасан шийдвэр байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна.
Тодруулбал, “илт хууль бус захиргааны акт”-ын шинж нь тухайн актын алдаа нь ноцтой бөгөөд энэ нь нийтэд илэрхий байхыг ойлгох ба энэ тохиолдолд Газрын тухай хуулиар аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх эрх Засаг даргад олгогдсон тул маргаан бүхий захирамжийг хэн ч харсан илэрхий, ноцтой алдаатай буюу “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж үзэх үндэслэл болохгүй, нэхэмжлэгчийн илт хууль бус гэж маргаж буй үндэслэлийн улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.
Харин уг маргаан бүхий акт нь Газрын тухай болон бусад хууль, журам зөрчиж гарсан гэсэн үндэслэлээр хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул цаашид шүүх давж заалдах гомдол тайлбарласан “...ямар хууль зүйн үндэслэлээр газрын хэмжээг багасгасанд нь тодорхой дүгнэж чадаагүй...” гэх үндэслэлийг шалгах шаардлагагүй болно.
2. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/954 дүгээр захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, газар дээрх “Б” ХХК-ийн хашаа, манаачийн байр зэргийг чөлөөлүүлэх шаардлагын тухайд:
Дээр дурдсанчлан нэхэмжлэгчийн маргаж буй газрыг эзэмших эрх 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 87 дугаар захирамжаар хүчингүй болгосон бөгөөд үүний дараагаар тус газрыг “Б” ХХК-д Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан шаардлагуудыг бүрэн хангасан буюу 31.3-д заасан бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй бөгөөд тухайн газрыг 1997 онд газар эзэмших эрх олгосноос хойш үл хөдлөх эд хөрөнгөө байрлуулан ашиглаж байгаа тул 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэр, эдэлбэрийн хэлбэр өөрчлөх тухай” А/954 дүгээр захирамжаар гуравдагч этгээд “Б” ХХК-ийн газрын хэмжээг 15753 м.кв талбайгаар нэмэгдүүлж, нийт 44112 м.кв талбайг 15 жилийн хугацаатай, агуулах, үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлсэн байна.
Хэдийгээр нэхэмжлэгчээс “...Нийслэлийн Засаг даргаас маргаан бүхий газрыг “Б” ХХК-д олгохдоо хууль тогтоомжийг зөрчиж олгосон ба манай компанийн орц, гарцыг хаасан, сонгон шалгаруулалт, дуудлага худалдааг зохион байгуулаагүй...” хэмээн тайлбарлаж байх боловч Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т “Үл хөдлөх хөрөнгө өмчлөгч нь эд хөрөнгөө ашиглах, хамгаалах зорилгоор бусдын газраар дайран өнгөрөх зам, цахилгаан, холбооны болон инженерийн шугам татах, гарц гаргах болон бусад зориулалтаар бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглахыг шаардах эрхтэй.” гэж заасанчлан газар эзэмшигч газраа ашиглахад зайлшгүй шаардагдах орц, гарц нээх асуудлыг бусад газар эзэмшигч, өмчлөгчөөс шаардах эрхтэй боловч энэхүү үндэслэлээр хууль зүйн үндэслэл бүхий газар эзэмших эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй ба бусдын эзэмшил бүхий газартай давхацсан гэж үзэхгүй.
Мөн Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-д заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно.” гэж зааснаар маргаан бүхий газарт дуудлага худладаа, төсөл шалгаруулах шаардлагагүй буюу мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 29.3-д заасан гэр бүлийн болон хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, тариалангийн зориулалтаар олгосон газар бус агуулах, үйлдвэрлэлийн зориулалтаар аж ахуй нэгжид газар эзэмших эрх олгосон шийдвэр байна гэж үзлээ.
Нөгөөтэйгүүр, Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6-д “Аж ахуйн нэгжид үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд зориулан эзэмшүүлэх газрын дээд хэмжээг Засгийн газар тогтооно.” гэж заасан ба Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 8 дугаар хавсралтаар батлагдсан Аж ахуйн нэгжид үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зориулалтаар эзэмшүүлэх газрын дээд хэмжээнд заасан хэмжээнээс гуравдагч этгээд “Б” ХХК-д олгосон газар нь бага хэмжээтэй байх тул хууль зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Ийнхүү гуравдагч этгээд “Б” ХХК нь маргаан бүхий газрыг эзэмших эрхтэй байх тул Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “газрыг чөлөөлөх” гэж тухайн газрыг эзэмших, ашиглах эрх дуусгавар болох, түүнчлэн газрыг зөвшөөрөлгүй ашигласан бол уг газар дээрх барилга байгууламж, бусад эд хөрөнгийг шилжүүлэх, газрыг засаж тохижуулах зэргээр хууль болон гэрээнд зааснаар газрыг өмчлөгчид нь эргүүлэн өгөхөд саадгүй болгохыг” гэж зааснаар тус газар дээрх “Б” ХХК-ийн хашаа, манаачийн байр зэргийг чөлөөлүүлэх хууль зүйн үндэслэлгүй.
Харин Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/954 дүгээр захирамжаар “Б” ХХК-ийн эзэмших газрын хэмжээг нэмэгдүүлэхэд гуравдагч этгээдээс гаргасан хүсэлт баримт бичгийн бүрдэл хангаагүй гэх гомдлын тухайд шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар нэхэмжлэгчийн хөндөгдөж буй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хэрэг хянан шийдвэрлэх бөгөөд гуравдагч этгээд “Б” ХХК-ийн ерөнхий захирал Б.З компанийг төлөөлөн хүсэлтэд гарын үсэг зурсан нь хууль зүйн үндэслэлгүйгээр газар олгосон эсэхэд маргаж буй уг хэрэгт хамааралгүй.
Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “Төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална” гэж зааснаар “Б” ХХК-ийн зүгээс тухайн газар эзэмших хүсэлт гаргасныг хүлээн зөвшөөрч байх тул уг үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгох боломжгүй байна.
3. Мак экспорт ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн болон 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн хүсэлтүүдийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг хүсэлтүүдийг хууль, журмын дагуу шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгах шаардлагын тухайд:
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.”, 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно.” гэж зааснаар захиргааны байгууллагаас иргэн хуулийн этгээдээс гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэхээс татгалзсан, орхигдуулсан байхыг ойлгоно.
Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж зааснаар захиргааны байгууллагын эс үйлдэхүй хэрэв хууль бус бол шүүхээс хууль бус болохыг тогтоож, шаардагдах захиргааны акт гаргахыг даалгах шийдвэр гаргана.
Гэтэл энэ тохиолдолд өмнө дүгнэсэнчлэн маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 87 болон Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/954 дүгээр захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй байна.
Тиймээс нэхэмжлэгч “МЭ” ХХК-ийн зүгээс 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн болон 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Нийслэлийн Газрын албанд гаргасан “...хуучин эзэмшиж байсан газраа буцаан авах хүсэлтээ дахин тавьж байна...” гэх хүсэлтийг хангах боломжгүй буюу гуравдагч этгээдийн эзэмшиж буй газартай давхцуулан олгохгүй тул хүсэлтийг шийдвэрлээгүй хариуцагчийн эс үйлдэхүйг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 94 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “МЭ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарласан гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА