Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 271

 

А.Саруулбуяны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Т.Туяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2016/05241 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч А.Саруулбуян,

Хариуцагч Г.Билгүүнд холбогдох,

 

Арилжааны гэрээгээр харилцан солилцож, өмчлөлд шилжүүлсэн автомашинаа буцаан авах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагч Г.Билгүүний гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч А.Саруулбуян,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Цэндсүрэн,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нямсайхан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний өмгөөлөгч М.Цэндсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 1998 оны Мерседес бенз маркийн 0031 УНП улсын дугаартай автомашинаа Г.Билгүүний Ланд Ровер маркийн 0780 УББ дугаартай автомашинаар “ямар нэгэн эвдрэлгүй” гэсний үндсэн дээр харилцан солилцсон. Гэтэл тухайн өдрөө автомашиныг шалгаж үзэхэд хропын эвдрэлтэй, мотор нь чанга дуутай, дотор салонд ажиллахгүй зүйл ихтэй, доод эд ангиуд муудаж, солих шаардлагатай болсныг мэдсэн. Тэр даруйд нь Г.Билгүүн рүү залгаж автомашинаа буцааж солъё гэхэд утсаа салгаад алга болсон. Гэрээний дагуу Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт зааснаар автомашинаа харилцан тохиролцож солилцсон. Арилжааны гэрээний зүйл заалт нь худалдах, худалдан авах гэрээний нэгэн адил үйлчилнэ гэж заасан байдаг. Автомашин биет байдлын доголдолтой байсан нь хариуцагчийн тайлбар, үнэлгээний тайлангаар тогтоогдож байгаа. Хариуцагч ямар ч доголдолгүй эд хөрөнгө шилжүүлсэн, арилжааны гэрээгээр солилцсон автомашиныг бусдад худалдсан гэж тайлбарладаг боловч энэ талаар нотолсон баримт гаргаж өгөөгүй. Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт гэрээний үүргээ аль нэг тал зөрчсөн, гэрээнээс татгалзсан бол өгсөн, авсан зүйлээ харилцан буцааж өгнө гэж заасан тул автомашиныг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие өөрийн Ланд Ровер маркийн 0780 УББ дугаартай автомашинаа худалдахаар зар тавьсаны дагуу А.Саруулбуян “өөрийн автомашинаар солих уу” гэсэн санал тавьсан. Ингээд 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр ирж, миний автомашиныг сайтар шалгаж авсан. Миний бие түүнд “зарим эд ангийг солих шаардлагатай, сайн шалгаж аваарай” гэж хэлсэн. Гэтэл тус өдрөө надруу утсаар ярьж, “автомашинаа буцааж авна” гэхэд нь “Автомашин чиний яриад байгаа шиг эвдрэлгүй, би чамд ямар ямар эвдрэл байгааг нь хэлсэн” гээд утсаа тасалсан. Нэхэмжлэгчийг хууран мэхлээгүй, өөрөө ирээд автомашиныг сольсон. Уг автомашиныг би бусдад 6 000 000 төгрөгөөр зараад 4 000 000 төгрөгийг бэлнээр авсан. Үлдэгдэл мөнгөө аваагүй байгаа учраас нэрээ шилжүүлж амжаагүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасныг баримтлан 00-31 УНИ улсын дугаартай, 1998 онд үйлдвэрлэгдсэн Мерседес бенз маркийн автомашиныг хариуцагч Г.Билгүүнээс гаргуулан, А.Саруулбуянд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн, нийт 95 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн илүү төлсөн 24 800 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Г.Билгүүнээс 70 200 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Г.Билгүүн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх А.Саруулбуян арилжаа хийсэн өдрөө автомашиныг эвдрэл, гэмтэлтэй гэж гэрээнээс татгалзах санал тавьсан гэж буруу дүгнэж байна. Учир нь, бид хоёр арилжааг амаар тохиролцсон. Тухайн үед энэ автомашин засвартай гэж яриагүй. Шүүх хуралдаан болоход уг автомашиныг гэмтэлтэй гэсэн 1 хуудас бичгийн нотлох баримт гаргаж өгч байсан, шүүгч надаас асуухад нь би эвдрэлтэй автомашин өгөөгүй гэж хэлсэн. Эсрэг нотлох баримт гаргаж болно гэдгийг надад хэлээгүй.

Шүүх болсон үйл баримтыг өөрчилж буруу дүгнэлт гаргасан. Хэрэв доголдолтой гэж надад хэлсэн бол бид хоёрт гэмтлийг засах талаар хугацаа өгч ярилцах боломжтой байсан. Үзэж, хараад хийсэн наймаагаа аав зөвшөөрөхгүй байна гээд татгалзаж болохгүй. Анх гэрээ байгуулахдаа 2 талын доголдолтой байгаа зүйлээ хэлж, тохиролцсон учир би Г.Саруулбуяны автомашинд 1 700 000 төгрөгийн засвар хийсэн, үүнд гомдол гаргаагүй. Мөн шүүх надад хуулиар олгогдсон эрхээ эдлэх боломж олгоогүй. Шүүх өмгөөлөгч авч шүүх хуралдаанд оролцох эрхтэй гэдгийг надад ойлгуулаагүй. Би бусдыг хуурч, мэхлээгүй учир шүүх шударгаар шийдвэрлэнэ гэдэгт итгэсэн байхад миний эрхийг хангаагүйд гомдолтой байна.

Надад ямар эрх эдэлж, үүрэг хүлээхийг ойлгуулж өгсөн бол нэхэмжлэгчийн адил эрх зүйн туслалцаа авч, нотлох баримт гаргаж, тэгш эрхтэй оролцох боломжтой байсныг сүүлд нь мэдлээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч А.Саруулбуян нь хариуцагч Г.Билгүүнээс харилцан солилцож, өмчлөлд шилжүүлсэн автомашинаа буцаах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлдээ хариуцагчтай харилцан тохиролцож өөрийн Мерседес бенз маркийн автомашинаа түүний Ланд Ровер маркийн автомашинаар сольсон, гэтэл уг автомашины эд ангиуд эвдрэл, гэмтэлтэй байгаа тул өөрийн автомашинаа буцааж авна гэснийг хариуцагч эс зөвшөөрч миний автомашиныг нэхэмжлэгч А.Саруулбуян өөрөө ирээд шалгаж авчихаад одоо ийм зүйл ярьж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Зохигчдын тайлбар, 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр А.Саруулбуянд олгогдсон тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгч А.Саруулбуян өөрийн Мерседес бенз маркийн автомашиныг хариуцагч Г.Билгүүний Ланд Ровер маркийн автомашинаар солихоор харилцан тохиролцож,  автомашинаа харилцан өмчлөлдөө шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байх ба талуудын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээний харилцаа үүссэн, энэ талаар маргаагүй./хх 3/

Харин гэрээний дагуу шилжүүлсэн эд хөрөнгө буюу Ланд Ровер маркийн автомашин биет байдлын доголдолтой байсан эсэх, доголдлын улмаас гэрээг цуцлахтай холбоотойгоор маргасан байна.

Нэхэмжлэгч А.Саруулбуян нь Г.Билгүүний Ланд Ровер маркийн автомашин нь хроп эвдрэлтэй, мотор өндөр дуутай, дотор салоны зарим эд анги ажиллахгүй, доод эд ангиуд муудаж, солих шаардлагатай гэж, уг үндэслэлээ нотлохоор “Автомашины засвар үйлчилгээний ажлын тайлан”/хх25/-г шүүхэд гаргажээ. Уг тайлан нь компанийн тамга дарагдсан, нотлох баримтын шаардлага хангасан ба автомашины эвдрэлийн талаар дурдсаныг хариуцагч нотлох баримтаар үгүйсгээгүй байна.

Хариуцагч нь “автомашин доголдолтой байсныг зөвшөөрөхгүй, Ланд Ровер маркийн автомашиныг нэхэмжлэгч өөрөө шалгаж авсан, зарим эд ангийг солих шаардлагатай гэдгийг хэлсэн” гэж тайлбарласан татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотлоогүй, нэхэмжлэлийг баримтаар няцаагаагүй байна.

Шүүх хариуцагч Г.Билгүүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрх үүргийг тайлбарласан байх тул /хх 11/ хариу тайлбар, татгалзал гаргах, түүнийхээ үндэслэлийг нотлох, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоо өөрөө хэрэгжүүлээгүй гэж үзнэ. 

Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3 дахь хэсэгт зааснаар арилжааны гэрээнд худалдах, худалдан авах гэрээний талаарх хуулийн заалт нэгэн адил хамаарах учраас мөн хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийн доголдолтой холбогдуулж талууд хэн аль нь гэрээг цуцлах шаардлага гаргах эрхтэй.

Иймд нэхэмжлэгч А.Саруулбуян нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт заасан хугацаанд доголдлыг илрүүлснээ үндэслэн, мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээг цуцлахаар шаардах эрх үүссэн байна.

Нэхэмжлэгч А.Саруулбуян гэрээг цуцлах агуулга бүхий шаардлагыг гаргаж, өгсөн, авсан зүйлээ харилцан буцаахаар хариуцагч Г.Билгүүнд утсаар даруй мэдэгдсэнийг хариуцагч үгүйсгээгүй тул гэрээний гүйцэтгэлд солилцсон автомашиныг буцааж өгөх үүрэгтэй талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.7 дахь хэсэгт заасанд нийцжээ.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2016/05241 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          А.МӨНХЗУЛ

                                        ШҮҮГЧИД                           Т.ТУЯА

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ