Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ20198/00696

 

С.Аийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/02778 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 121 дүгээр магадлалтай,

С.Аийн нэхэмжлэлтэй

“М Т Ү П”ТӨҮГ-т холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 4 999 451 гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлж, бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Байгальмаагийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амарбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Анхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч С.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Миний бие “М Т Ү П”-ийн захирлын 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Ажил, албан тушаалаас халах тухай Б/72 дугаар тушаалаар ажлаас халагдсан бөгөөд тус ажлаас халах тушаалыг хууль бус гэж үзэж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж, Мэдээллийн Технологийн Үндэсний паркийн заал зохион байгуулалт хариуцсан ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1 468 370.4 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр бодон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн. Хариуцагч талаас шүүхийн шийдвэрийг биелүүлэх ямар нэгэн арга хэмжээ авсангүй миний эрх ашгийг хохироож байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандсан боловч шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар ямар нэгэн арга хэмжээ авсангүй. Мэдээдэл Технологийн Үндэсний паркийн захирал Ц.Содномдамба шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар тодорхой хариу өгөөгүй. Анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сараас 2017 оны 2 дугаар cap хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1 468 370.4 төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Иймд Мэдээлэл Технологийн Үндэсний паркаас 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 4 999 451 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “М Т Ү П”ТӨҮГ-ын шүүхэд гаргасан тайлбартаа: С.А нь “М Т Ү Т” ТӨААТҮГ-т Заал зохион байгуулалтын менежерээр ажиллаж байгаад 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 16-72 тоот захирлын тушаалаар ажлаас халагдсан. Сүхбаатар дүүргийн шүүхээс С.Аийг ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоосон шийдвэрийг 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гаргасан. “М Т Ү Т” ТӨААТҮГ шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Монгол улсын засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №194 дүгээр тогтоолоор Мэдээллийн технологийн үндэсний парк ТӨҮГ-ыг “М Т Ү П”төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар болгон өөрчилж, дүрмийг шинэчлэн баталсан. Улмаар Төрийн Өмчийн Бодлого Зохицуулалтын Газрын 2017 оны 03 сарын 28-ны өдрийн “М Т Ү П” ТӨААТҮГ-ын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан тушаалын жагсаалт батлах тухай №89 дүгээр тогтоолын дагуу “М Т Ү П”ТӨААТҮГ-аас байгууллагын хэмжээнд бүтцийн өөрчлөлт хийгдэж зарим нэгжийг татан буулган, зарим орон тоо хасагдаж, ажлын байрны орон тоог цөөрүүлсэн. Бүтцийн өөрчлөлтөөр С.Аптанцэцэгийн ажиллаж байсан Заал зохион байгуулалтын менежерийн ажлын байр хасагдсан тул ажил албан тушаалд эгүүлэн томилох боломжгүй болсон. Учир нь тус байгууллагад шинээр орон тоо нэмж бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулах асуудлыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5-д заасны дагуу төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар тогтоодог учраас батлагдсан орон тоонд өөрчлөлт оруулах эрхгүй. “М Т Ү П”ТӨААТҮГ нь дээр дурдсан нөхцөл байдпыг С.Ат амаар болон бичгээр мэдэгдэж тайлбарласан ба Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч П.Уранбилэгт тайлбар хүргүүлж байсан.Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт энэ хуулийн 40.1.1-д зааснаар орон тоо хасагдсан гэх боловч түүнийг гурван сарын дотор дахин бий болгож, орон тоо хассан нь үндэслэлгүй болох нь тогтоогдвол тухай ажилтныг ажилд нь эргүүлэн тогтооно гэж заасан боловч тус үйлдвэрийн газрын бүтэц орон тоонд дахин өөрчлөлт ороогүй бөгөөд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 89 дүгээр тоот тогтоол нь хүчин төгөлдөр хэвээр байгаа болно. Иймээс Мэдээллийн технологийн үндэсний парк ТӨААТҮГ нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/02778 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч “М Т Ү П”ТӨҮГ-аас цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 4 999 451 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Ат олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Аийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг 751.666 төгрөгөөр тооцож нөхөн төлүүлж, бичилт хийхийг “М Т Ү П”ТӨҮГ-т даалгах даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94 941 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “М Т Ү П”ТӨҮГ-аас 94 941 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Ат олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 121 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/02778 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “М Т Ү П”ТӨҮГ-ын төлсөн 94 942 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Байгальмаа хяналтын гомдолдоо: шийдвэр магадлал эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны магадлалд С.Аийг ажилд нь эргүүлэн тогтоосон 447 дугаартай шүүхийн шийдвэр биелэгдээгүйгээс ажилтны эрхийн зөрчил үргэлжилсэн, түүний хууль бус шийдвэрийн улмаас ажилтны ажил хөдөлмөр эрхэлж цалин хөлс авах эрх зөрчигдсөн гэж үзэхдээ хариуцагч чухам яагаад шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй талаар дүгнээгүй, зөвхөн татгалзал үндэслэлгүй гэж үзсэн бөгөөд үндэслэлээ тайлбарлаагүй байна. Ажилтанд цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах хууль зүйн үндэслэл нь: 1. Ажилтныг ажилд нь эргүүлэн тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байх, 2. Шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой байх урьдчилсан нөхцлийг хангах ёстой. Гэтэл С.Аийн нэхэмжлэлийн хувьд эхний нөхцлийг хангаж байгаа боловч хоёр дахь нөхцлийг хангахгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрийг биелүүлэх явцад шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй нөхцөл үүссэн. МТҮП ТӨААТҮГ-ын бүтэц орон тоог дээд шатны захиргааны байгууллагаас өөрчилж багасгасны улмаас С.Аийн ажлын байр хасагдсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.9 заасан шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй нөхцөл үүссэн. Давж заалдах шатны шүүхээс дээрх нөхцөл байдлыг татгалзлын үндэслэл болохгүй гэж дүгнэсэн атлаа үндэслэлээ огт тайлбарлаагүй байна. Анхан шатны шүүхийн 447 дугаар шүүхийн шийдвэрээр С.Аийг ажилд нь эргүүлэн тогтоосон. Хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс өмнө Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2017 оны 3 дугаар сарын 28 өдрийн 89 тоот тогтоолоор “М Т Ү П” -ын бүтэц орон тоог өөрчлөн баталсан ба С.Аийн урьд эрхэлж байсан ажлын байр хасагдаж хариуцагч түүнийг ажилд эргүүлэн томилох хууль зүйн боломжгүй, эрхгүй болсонд дүн шинжилгээ хийгээгүй. /Хариуцагч ТБОНӨТХ-ийн 18.5 болон 2017 оны 03 сарын 07 өдрийн 71 тоот “Мэдээллийн технологийн үндэсний паркын шинэ дүрэм”-ээр бүтэц орон тоо батлах эрхийг зөвхөн ТӨБЗГ-т олгосон бөгөөд үйлдвэрийн газар нь бүтэц орон тоо батлах, батлагдсан бүтэц орон тоонд өөрчлөлт оруулах эрхгүй болсон./ Энд үүссэн нөхцөл байдлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 36.3 дахь хэсэгт тодорхой зохицуулсан байхад энэхүү заалтыг хэрэглэлгүй шууд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 36 дугаар зүйлийн  36.2 дахь заалтуудыг барьж шийдвэрлэсэн нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь заалт нь ажилтны урьд ажиллаж байсан ажлын байр, албан тушаал цомхотгогдсон тохиолдолд хэрэглэдэг ажил олгогчийн үүргийг тодорхойлсон заалт байхад түүнийг ажлын байр хасагдсан нөхцөлд хамааруулан хэрэглэж ажил олгогчид хуулиар ногдуулаагүй үүргийг биелүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Мөн шүүхээс хариуцагчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь заасан үүргээ биелүүлээгүй гэж үзсэн нь нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй асуудлыг дүгнэн шийдвэрлэсэн гэх үндэслэл болж байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2-т “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасны дагуу шүүхийн шийдвэр хуулийн хүрээнд биелэгдэх боломжтой, үр нөлөөтэй байх ёстой гэтэл дээр дурдсан анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь хуулийн хүрээнд биелэгдэх боломжгүй, хариуцагчийг хууль зөрчөөд ч хамаагүй шүүхийн шийдвэрийг биелүүл гэсэн шинжтэй, хэрвээ биелүүлэхгүй бол нэхэмжлэгч цаашид энэ мэтчлэн нэхэмжлэл гаргаад хариуцагчаар төлбөр гаргуулах бүрэн боломжтой байхаар байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т дахь хэсэгтэй зөрчилдөж байна. Хариуцагч анхан шатны шүүхийн 447 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс буюу 2017 оны 2 дугаар сарын 07 өдрөөс эхлэн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 89 тоот тогтоол батлагдсан өдөр хүртэл хугацаанд нэхэмжлэгч С.Ат ажилгүй байсан хугацааны олговорт 1 229 976 /нзг сая хоёр зуун хорин есөн мянга есөн зуун далан зургаа/ төгрөгийг олгоход татгалзах зүйлгүй бөгөөд харин дээрх тогтоол гарснаас хойших хугацааны олговрыг олгох хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд шийдвэр магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч С.А нь ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4 999 451 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг хариуцагч “М Т Ү П”  ТӨҮГ-т холбогдуулан гаргажээ. Хариуцагч нь “...харьяа дээд газраас буюу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 89 дүгээр тогтоолоор манай  байгууллагын бүтэц, орон тоо, албан тушаалын жагсаалтыг баталж, өөрчлөлт хийсэн бөгөөд нэхэмжлэгчийн орон тоо хасагдсан тул шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй болсон, ...ажилгүй байсан хугацааны цалин хөлс өгөхгүй...” гэсэн үндэслэлээр маргажээ. 

Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэхдээ хэрэгт байгаа баримтад тулгуурлан маргааны үйл баримтыг дүгнэж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдолд дурдсан “...байгууллагад зохион байгуулалтын бүтэц хийх хүртэлх хугацааны олговор 1 229 976 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үндэслэлтэй...тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэх гомдлыг хангах боломжгүй гэж үзэв.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 447 дугаар шийдвэрээр С.Аийг “М Т Ү П” ТӨҮГ-ын заал зохион байгуулалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 1 468 370 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн, уг шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

Хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, нэхэмжлэгч С.Аийн эрх зөрчигдсөн хэвээр байгаа үйл баримтыг хоёр шатны шүүх хэрэгт байгаа баримтад тулгуурлан дүгнэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 36.2-т заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэх ойлголтод шүүхийн шийдвэрт заасан албан тушаалд ажилтныг томилж, ажиллах нөхцлөөр  хангах үүргээ ажил олгогч бодитой биелүүлсэн, эсвэл ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт зааснаар ажилтантай тохиролцсны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүргээ биелүүлсэн байх, шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжтой бүхий л үйлдэл хийсэн байх агуулга бүгд багтана.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 89 дүгээр тогтоолоор “М Т Ү П”ТӨҮГазарт бүтцийн өөрчлөлт хийж, нэхэмжлэгчийн ажиллаж байсан “судалгаа, сургалт мэдээллийн төв”-ийн зарим албан тушаал байхгүй болсон, тус албанд байсан нэхэмжлэгчийн “заал зохион байгуулалт хариуцсан менежер” гэсэн албан тушаал хасагдсан байдал тогтоогдож байх боловч хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасан ажиллагааг явуулаагүй, ажилтанд санал болгох адил чанарын ажил, албан тушаал байгаагүй болохыг нотлоогүй тул шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэж үзнэ. Иймд хариуцагч нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс үүсэх эрх зүйн үр дагаврыг хариуцах ёстой байна.

Шүүх 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах нэхэмжлэлийг хангасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт нийцжээ.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын агуулгаар шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгох, өөрчлөх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/02778 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 121 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ц.АМАРСАЙХАН

   ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА