Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 326

 

 

 

   2020            04           03                                            2020/ШЦТ/326

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Энхтуул хөтлөн,

Улсын яллагч: Г.Ганхөлөг,

Шүүгдэгч П.О-, түүний өмгөөлөгч И.Хонгор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх санА- ирүүлсэн яллагдагч Боржигон овгийн П-гийн О-д холбогдох эрүүгийн 2005009400000 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1987 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эр, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2,  Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Баатархайрхан 2-р хэсэг 0000 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Боржигон овгийн П-гийн О- / /.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч П.О- нь 2020 оны 03 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “А-” зочид буудлын 000 тоотод иргэн Г.Э-той хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар Г.Э-ын толгой руу цохиж, бие рүү нь өшиглөж эрүүл мэндэд нь эрүүний баруун их бие, эрүүний зүүн булангийн далд хугарал, баруун зовхи, оочны баруун хэсгийн цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “Шүүгдэгч П.О- нь 2020 оны 03 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “А-” зочид буудлын 000 тоотод иргэн Г.Э-той хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар Г.Э-ын толгой руу цохиж, бие рүү нь өшиглөж эрүүл мэндэд нь эрүүний баруун их бие, эрүүний зүүн булангийн далд хугарал, баруун зовхи, оочны баруун хэсгийн цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан ” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.О-гийн “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн” гэх мэдүүлэг,

Хохирогч Г.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр би найз Мэндсайханы гэрт байж байгаад найз О-г дуудсан... ...Дагиймаа О- бид 3 гараад хорооллын эцэст байрлах А- нэртэй зочид буудлын 000 тоот өрөө авсан. Дагиймаа 1 шил архи авсан байсныг бид 3 хувааж уусан бөгөөд би муудаад унтаад өгсөн. Нэг сэрэхэд шөнийн 01 цаг өнгөрч байсан бөгөөд Дагиймаа, О- 2 архи уугаад сууж байсан. Гэтэл О- нилээд согтуу байсан бөгөөд над руу үг хаяад уурлаад байсан бөгөөд Дагиймаагийн данснаас 100 000 төгрөг авсан байна гэж хэлсэн. Би аваагүй унтаж байгаад босч байна гэтэл толгой руу хэд хэдэн удаа гараараа цохиод нүүрээ дараад тонгойсон чинь хөлөөрөө эрүү, толгой хэсэгт 3-4 удаа өшиглөсөн. Ингээд амнаас их цус гараад эхлэхээр нь болиоч гэтэл О- зодохоо больсон. Би 103 дуудаж үзүүлээд гэмтлийн эмнэлэг орж үзүүлэхэд эрүү хугарсан байна гэсэн. Миний эмчигээний төлбөр болох 1.050.000 төгрөгийг төлж барагдуулсан. Одоо надад ямар нэг санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. Би П.О-тэй сайн дураараа эвлэрсэн тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгөхийг хүсэж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 18, 20 тал/

           Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 3318 дугаартай “...Г.Э-ын биед эрүүний баруун их бие, эрүүний зүүн булангийн далд хугарал, барун зовхи, оочны баруун хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 23 тал/

            Шүүгдэгч П.О-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр... ...Дагиймаа 1 шил архи аваад бид 3 уусан бөгөөд Э- тасраад унтаад өгсөн. Би Дагиймаатай гадагшаа гарч дахиж 1 шил архи аваад орж ирэхэд Э- сэрчихсэн орон дээр сууж байсан. Архи ууж байхад Э- нь Дагиймаагийн куртик, цүнхийг үзээд байхаар нь би боль гэж хэлээд маргалдаж эхэлсэн. Чи 100 000 төгрөг авчихлаа гэж хэлсэн чинь Э- уурлаад байхаар нь би очоод нүүр хэсэгт нь 2-3 удаа цохисон. Тонгойх үед нь өшиглөчих шиг болсон. Гэтэл амнаас нь цус гараад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 тал/

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдА-гаар холбоотойгоор П.О-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 38 тал/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 39/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 40 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 41 тал/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 42 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамаарА-, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч  П.О-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар”

Шүүгдэгч П.О-  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буйгаа илэрхийлж, гэм буруугийн талаар маргахгүй гэж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Хонгор: “Миний үйлчлүүлэгч гэм буруу дээрээ маргах зүйлгүй улсын яллагчийн саналыг хүлээн зөвшөөрч байна” гэж тус тус мэдүүлж шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Шүүгдэгч П.О- нь хохирогч Г.Э-ыг цохисон үйлдлийн улмаас хохирогчийн биед “эрүүний баруун их бие, эрүүний зүүн булангийн далд хугарал, барун зовхи, оочны баруун хэсгийн цус хуралт” гэмтэл учирсан нь хэргийн 23 дахь талд авагдсан шинжээч эмчийн 3318 дугаартай дүгнэлтээр нотлогдсон байна.

Шүүгдэгч П.О- гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч П.О-гийн 2020 оны 03 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “А-” зочид буудлын 304 тоотод иргэн Г.Э-той хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар Г.Э-ын толгой руу цохиж, бие рүү нь өшиглөж эрүүл мэндэд нь эрүүний баруун их бие, эрүүний зүүн булангийн далд хугарал, баруун зовхи, оочны баруун хэсгийн цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч П.О-г “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.О- нь “хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргах мэтгэлцэх зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Хохирогчид 1,050,000  (нэг сая тавь) төгрөг төлсөн” гэж мэдүүлж;

хохирогч Г.Э- нь “ хохиролд П.О-гээс 1,050,000  (нэг сая тавь) төгрөг авсан гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт гаргасан байх тул энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч П.О- нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгч П.О-д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүгдэгч П.О- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогч Г.Э- шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн, гомдол саналгүй гээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг  шүүгдэгч, хохирогч нар гаргасан байна. /хх-н 46, 47 тал/

Шүүгдэгч, хохирогч нарын хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг П.О-д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд П.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч П.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлах нь зүйтэй.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч П.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн П-гийн О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.О-д 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.О-д шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч П.О- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ