Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 264

 

 

 

 

 

 

    2020          03               17                                     2020/ШЦТ/264

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ хөтлөн,

Улсын яллагч: Г.Хатанцэцэг,

Шүүгдэгч Г.Т- нарыг Гнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б-овогт Г-ын Т-д холбогдох эрүүгийн 19050011000000 дугаартай хэргийг 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1997 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Төв аймаг Баянчандмань сум 2 дугаар баг Замт Илт 122 дугаар гудамжны 0 тоотод оршин суух хаягтай, урьд Сум дундын 23 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 000 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял оногдуулж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 000 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Б-овогт Г-ын Т-

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Яллагдагч Г.Т-нь 2018 оны 12 дугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ш-зочид буудлын 407 тоот өрөөнөөс иргэн Б.Ч-ийн эзэмшлийн Iphone 7 plus загварын гар утас, биет 33.000 төгрөг бүхий түрийвч зэрэг эд зүйлийг нууцаар, хууль бусаар авч хулгайлан 807.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “ Шүүгдэгч Г.Т-нь 2018 оны 12 дугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ш-зочид буудлын 407 тоот өрөөнөөс иргэн Б.Ч-ийн эзэмшлийн Iphone 7 plus загварын гар утас, биет 33.000 төгрөг бүхий түрийвч зэрэг эд зүйлийг нууцаар, хууль бусаар авч хулгайлан 807.000 төгрөгийн хохирол учруулсан ” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Т-гийн “...Мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг,

2.Хохирогч Б.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 03 цагийн орчимд Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ш-нэртэй зочид буудлын 407 тоот өрөөнд амрахаар болсон. Өрөөнд ороод өөрийнхөө өмдний халаасанд гар утас, түрийвчээ хийгээд өмдөө хуйлж ороогоод шүүгээнд хийчхээд унтсан. Тэгээд 10 цагийн орчимд сэрээд гар утас, түрийвчээ авах гэтэл байхгүй болчихсон байхаар нь ... ресепшнээс миний өрөөгөөр хүн ороод гарсан уу гэж асуухад нэг хүн найзуудыгаа хайж байна гээд өрөөнүүдээр ороод яваад байсан гэж хэлэхээр нь 2 цагдаагийн хамт тус хүмүүсийн байсан гэх 404 тоот өрөөнд орсон бөгөөд дотор нь 4 хүн байсан. .... 1 залуу нь ... манай найз авчихаж мөнгө төгрөгийг чинь өгье гэж хэлээд намайг дагуулаад буцаад ортол ширээн дээр миний гар утас, түрийвч тоос болчихсон байдалтай байсан. ....Т-гэх залуу  нь өөрөө гар утсыг авчихсан гэж хэлсэн. Улаан өнгийн iphone 7 plus маркийн гар утас, 33.000 төгрөг зэрэг алдагдсан. ...Би тухайн үедээ бүх эд зүйлсээ буцааж авсан учраас надад ямар нэгэн гомдол санал байхгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 тал/

3.Гэрч А.Мөнхбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн газрын хамгаалагч, гар утсаа алдсан залуу 2 цуг байсан ба 404 тоот өрөөнд байгаа залууг шалгах шаардлагатай гэж зааж өгсөн. 404 тоот өрөөнд болон биед үзлэг хийхэд ямар нэгэн эд зүйл олдоогүй. Тэнд байсан залуучуудаас гар утсаа алдсан гэх залуутай нэг хүнийг таксинд суулгаж Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс рүү очсон гэж хэлээд явуулсан. ...Т-гэх залуу би авсан юм гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 59 тал/,

4.“Дамно ХХК”-ийн хөрөнгийн үнэлгээний: “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь за зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 774,000 /долоон зуун далан дөрвөн мянган төгрөг/-р үнэлэгдэв...” гэх тайлан /хх-ийн 26 тал/,

5.Үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 62-66 тал/,

6.Шүүгдэгч Г.Т-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 09 цагийн орчимд найз Мөнхбаатартай цаг явж байгаад зочид буудал хайгаад явж байтал Мөнхбаатартай найзладаг Шинэбаяр, Тамираа нар нь Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Айриш” зочид буудлын 404 тоот өрөөнд байна гэж хэлэхээр нь очсон. Өрөөнд 1 залуу унтаж байсан. Гар утас, түрүүвч зэргийг нь авч гараад өрөөндөө оруулж хувцасны шкафан дээр тавиад унтаад өгчихсөн юм. ...Өрөөнд байхаар зүгээр авчихсан юм яах гэж авснаа бол мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн Г.Т-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 38, 68 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 69 тал/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 70 тал/, гэрлэлт бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 71 тал/, шийтгэх тогтоолыг хуулбарууд /хх-ийн 73-89 тал/  зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Г.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан “хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар, Шүүгдэгч Г.Т-нь өөрийн үйлдсэн гэмт хэргийг хүлээн гэм буруугаа зөвшөөрч буйгаа илэрхийлж шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон болно.

 

Шүүгдэгчийн үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна гэж шүүх үзлээ.

 

Иймд шүүгдэгч Г.Т-нь хохирогч Б.Ч-ийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүнийг хүсч субьектив санаатайгаар “хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас хохирогчид 807.000 төгрөгийн шууд хохирол учирч шүүгдэгч хулгайлсан эд хөрөнгийг хохирогчид буцаан өгсөн хэдий ч энэ нь Эрүүгийн хуульд заасан бага хэмжээнээс дээш хохирол байх тул хулгайлах гэмт хэргийн хор уршгийн шинжийг хангана.

 

Хохирогч Б.Ч-ийн өөрт учирсан хохирлоо бүрэн барагдуулж авсан гэсэн мэдүүлэг хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Г.Т-г  бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар

 

Шүүгдэгч Г.Т-нь “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгчид ял шийтгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон  6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх,  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч Г.Т-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэв.

 

Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж: “...Надад ял оногдуулахгүй байж өгөөч...” гэв.

 

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, хир хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Г.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Г.Т-гийн урьд өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсан хэдий ч шийтгэх тогтоолын биелэлтийг хойшлуулсан, хорих ял оногдуулж уг ялыг тэнсэж хянан харгалзаж байсан зэрэг нь түүний гэмт хэрэг үйлдэх нь хууль бус, дахин гэмт хэрэг үйлдэж болохгүй гэсэн ухамсарыг өөртөө төлөвшүүлж, урьд хийсэн үйлдэлдээ дүгнэлт хийгээгүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-д шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохиролгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.Т-д  хорих ял оногдуулсантай холбоотойгоор түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтов.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  

1. Шүүгдэгч Б-овогт Г-ын Т-г  хулгайлах гэмт хэргийг бусдын 807.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэм буруутайд тооцсугай.

 

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-овогт Г-ын Т-г 01 / нэг / жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-овогт Г-ын Т-д оногдуулсан 01 / нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

 4. Энэ хэрэгт шүүгдэгч Г.Т-нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Ч- өөрт учирсан хохирлоо бүрэн барагдуулж авсан гэж мэдүүлсэнийг тус тус дурдсугай.

 

 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч түүний эдлэх ялыг 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                          

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ