| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2016/00833/и |
| Дугаар | 5745 |
| Огноо | 2016-11-16 |
| Маргааны төрөл | Татварын ерөнхий хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 5745
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Тээвэрчидийн гудамж өөрийн байранд байрлах, тус дүүргийн татварын хэлтсийн нэхэмжлэлтэй
Хариуцагч:Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 05-33 тоотод байрлах, регистрийн дугаар 5184937, Бүрэнцутгамал ХХКомпанид холбогдох
Татварын төлбөр 118 680 764 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр хүлээн авснаар хянан хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн татварын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч Д.Отгонцэцэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бүрэнцутгамал ХХКомпани нь 2007 оны 12 дугаар сарын 07-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, 5184037 тоот регистрийн дугаартай барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн.Тус компани нь өнөөдрийн байдлаар 2014 оны НӨАТ-ийн тайлангаар 142 807 546 төгрөг, 2015 оны НӨАТ-ийн тайлангаар 13 913 642 төгрөг, 2015 онд буцаан авалтаар 45 115 470 төгрөг хасагдаж дансаар 60 850 000 төгрөг төлж үлдэгдэл 50 755 718 төгрөг, 2014 оны аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлангаар 8 985 063 төгөрг, 2014 оны Суутган 1-ийн тайлангаар 31 873 582 төгрөг, 2015 оны суутган 1-ийн тайлангаар 28 664 919 төгрөг, үлдэгдэл 58 939 983 төгрөг, нийт 118 680 764 төгрөгийн татварын өртэй байна.Бид дээрхи татварын тайлангаар баталгаажсан өрийг төлүүлэхээр Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн дагуу удаа дараа мэдэгдэл хүргүүлж, шаардлага тавьж, Татварын ерөнхий хуулийн 63 дугаар зүйлд заасан “Татварын өрийг үл маргах журмаар гаргуулах" ажиллагааг хийж гүйцэтгэн татвар төлөгчийн харилцах банкин дахь дансыг хаасан боловч өр төлбөр барагдаагүй, мөн хуулийн 64 дүгээр зүйлд заасан журмын дагуу татвар төлөгчийн татварын албанд бичгээр гаргасан хүсэлтээр компаний өмч болох 80-38 уна улсын дугаартай истана маркийн, 80-38 уни улсын дугаартай, 80-38унб улсын дугаартай автобуснууд барьцаалан барьцааны гэрээ хийсэн боловч татвар төлөгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, татварын өр төлбөрийг төлж барагдуулаагүй тул ТЕХ-ийн 67 дугаар зүйлийн 67.1.3-д заасны дагуу барьцааны зүйлийг битүүмжпэн мөн хуулийн 62 дугаарзүйлийн 62.2 дэх хэсэгт “Татварын өрийг бүрэн барагдуулах зорилгоор энэ хуулийн 62.1-д заасан ажиллагааг давхардуулан явуулж болно” гэж заасны дагуу Бүрэнцутгамал ХХК-д холбогдох нийт 118 680 764 төгрөгийн татварын өрийг барагдуулахаар нэхэмжпэл гаргаж байна.Иймд Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх заалт “Хугацаанд нь төлөөгүй татварын өрийг энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан журмын дагуу барагдуулах боломжгүй бол татварын алба шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж заасны дагуу “Бүрэнцутгамал” ХХКомпанийн татварын өр 113680764 мянган төгрөгийг тус компаниас гаргуулж, төлбөрийг улсын төсвийн орлогод оруулж өгнө үү, Хариуцагч байгууллага тайлангаа гаргаад хасалт хийлгэх боломжтой, 2015 оны хэдэн сарын хасалт нь тодорхойгүй байна, тайлантай уялдаад программ дээр хөрвөж болно, манайх алданги бодоогүй байгаа.Хариуцагч байгууллага энэхүү өрийг хүлээн зөвшөөрч байгаа боловч төлөх хугацааг 2017 оны 6 дугаар сар гэсэн байна.Татварын ерөнхий хуульд зааснаар татварын өр төлөх хугацааг хүндэтгэх үзэх шалтгаанаар сунгах эрхийг хэлтсийн даргын тушаалаар 2 сар гэж заасан байдаг тул нэг талаар хариуцагч байгуулагын тайлбар хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаанд орохгүй байна, нөгөө талаар итгэмжлэгдсэн төлөөлөгч надад ийм эрх олгогдоогүй байгаа гэв.
Хариуцагч Бүрэнцутгамал ХХкомпани шүүхэд гаргасан тайлбартаа:Манай компани 2013 онд Сант сургуулийн өргөтгөлийн барилгыг барьсан бөгөөд нийт ажлын гүйцэтгэлээс 500 сая төгрөгийг авч чадаагүйгээс татварын өр хуримтлагдсан.2014 оны 9 сар хүртэл 32 гаруй сая төгрөгийг бага багаар төлсөн.Гэтэл татварын хэлтсээс харилцах данс хааснаар үйл ажилагаа явуулах боломжгүй болсон, 2015 онд Баянгол дүүргийн татварын хэтэстэй тохиролцон 60 850 000 төгрөгийн татварыг төлсөн, 2016 онд барилгын салбарын хямрал гүнзгийрч байгаагаас манай компани ажил үйлчилгээ эрхлээгүй тул татварын өрөөс хасалт хийх боломжгүй байлаа.Иймдманай компанийн татварын өр төлөлтийг 2017 оны 5 дугаар сараас 10 дугаар сар хүртэл хойшлуулж өгнө үү, Мөн 2015 оны НӨАТ-ын бараа материалын болон ажил үйлчилгээний худалдан авалтын хасалт бүрэн хийгдээгүй байгаа.Энэ хасалтаар НӨАТ-ын өрийг бууруулахаас гадна тодорхой хугацаанд график гарган төлөлт хийх боломжтой байна гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Баянгол дүүргийн татварын хэлтэс хариуцагч Бүрэнцутгамал ХХКомпанид холбогдуулан татварын өрийн 118 680 764 төгрөг гаргуулах тухай шаардага гаргасан байна.
Хариуцагч Бүрэнцутгамал ХХКомпани 2014 оны НӨАТ-ын тайлангаар 142 807 546 төгрөг, 2015 оны НӨАТ-ын тайлангаар 13 913 642 төгрөг, 2015 оны буцаан авалтаар 45 115 470 төгрөг хасагдаж дансаар 60 850 000 төгрөг төлж , үлдэгдэл 50 755 718 төгрөг, 2014 оны аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлангаар 8 985 063 төгрөг, 2014 оны суутган-1 тайлангаар 31 873 582 төгрөг, 2015 оны суутган-1 тайлангаар 28 664 919 төгрөг, үлдэгдэл 58 939 983 төгрөг нийт 118 680 764 төгрөгийн өрийг хугацаанд нь төлөөгүй болох нь татварын өрийн тооцоололууд, татварын тооцооллын жагсаалтууд, санхүү байдлын тайлан, хариуцагч байгууллагын 2014, 2015 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, 2014 оны 4 дүгээр улирлын болон 2015 оны 3 дугаар улирлын цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын тайлан, 2014 оны 4 дүгээр улирлын аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлан, хариуцагч байгууллагын 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хүсэлт, өр төлөлтын хуваарь зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд татвар төлөгчийн үүргийг тодорхойлсон байх бөгөөд 18.1.1-т” татвар төлөгч нь татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагч Бүрэнцутгамал ХХКомпани энэхүү хуулиар ногдуулсан үүргээ биелүүлээгүй байна.
Баянгол дүүргийн татварын хэлтсээс хариуцагч Бүрэнцутгамал ХХКомпанид татварын өрийг барагдуулах тухай мэдэгдэлийг удаа дараа хүргүүлсэн байх бөгөөд мөн удаа дараа хариуцагч байгууллагын эрх бүхий хүмүүстэй уулзаж байсан болох нь татвар төлөгчтэй хийсэн ярилцлагын тэмдэглэлүүдээр нотлогдож байна.
Нэхэмжлэгч байгууллага нь Татварын ерөнхий хуулийн 63, 64, 65 дугаар зүйлд заасны дагуу татварын өр барагдуулах арга хэмжээ авсан болох нь 2015 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх удирдамж, нэхэмжлэгч байгууллагаас 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн Цагдаагийн газрын замын цагдаад гаргасан хүсэлт, 2015 оны 11 дүгээр сарын 4-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх акт, эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл, битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалт, 2015 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай акт болон эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл, зохигчдын хооронд 2016 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хийгдсэн татвар төлөгчийн өрийг эд хөрөнгө, цалин хөлс бусад орлогоос гаргуулах үед байгуулах гэрээ, 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн эд хөрөнгө барьцаалсан тухай тэмдэглэл зэрэг баримтуур нотлогдож байна.
Иймд хариуцагч байгууллагаас татварын өрийн 118 680 764 төгрөгийг гаргуулан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболд шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгч байгуулагын төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч байгууллагын төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасныг баримтлан Бүрэнцутгамал ХХКомпаниас 118 680 764 /нэг зуун арван найман сая зургаан зуун наян мянга долоон зуун жаран дөрвөн/ төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч байгууллагаас 751 353 долоонг зуун тавин нэгэн мянга гурван зуун тавин гурван/ төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ З.ДОРЖНАМЖИН