Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 21

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч П.Шижиртуяа,

Шүүгдэгч Ц.Б ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Сүрэнхорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Б д холбогдох эрүүгийн 1915005670276 дугаартай, 163/2020/0008/Э индекстэй хэргийг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Ц.Б.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Б  нь 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 12-ны өдөрт шилжих шөнө 01 цагийн орчим архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн ...ийн нутагт иргэн Б.Ш ыг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б  өгсөн мэдүүлэгтээ: Өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохиролд нэхэмжилсэн 541880 төгрөгийг төлж барагдуулна гэв.

Эрүүгийн 1915005670276 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Б  нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 12-ны өдөрт шилжих шөнө 01 цагийн орчим Булган аймгийн ...ийн нутагт Б.Ш ын гэрт зөвшөөрөлгүй орсоны улмаас тэдний хооронд тааламжгүй харилцаа үүсч, шүүгдэгч Ц.Б  нь түүний зүүн хацар, дух, зүүн чихний ар хэсэгт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт хохирогч Б.Ш ын өгсөн: “2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр намайг гэртээ ганцаараа унтаж байхад 01 цагийн үед миний танил найз Ц.Б  гэх залуу ганцаараа согтуу орж ирээд цүнх уудалчихсан, хоол хийчихсэн сууж байхад нь би сэрсэн. Тэгээд “чи яаж орж ирсэн юм бэ?, яв” гэж хэлсэн. Тэгсэн намайг унагааж байгаад гараараа миний зүүн талын хацар, дух, зүүн чихний ар хэсэгт тус бүр нэг удаа нийт 3 удаа цохиод авсан. ...Ц.Б  нь хувиараа таксинд явдаг ба таксидаж яваад танилцаж байсан. Би нөхрөөсөө салсанаас хойш эрэгтэй хүнээр хийлгэх ажил гарахаар Ц.Б г дуудаж, манай гэрээр орж гардаг байсан юм. Түүнээс өөр ямар нэгэн дотно харьцаа холбоо байхгүй. Бид нэг гэрт хамт амьдардаггүй. Ингэж зодсоны улмаас миний биед духны хэсэгт хавдаж помбойгоод, зүүн хацар хавдаж хөхөрсөн, мөн зүүн чихний ар хэсэгт цохисон учир хавдаж хөхөрсөн байсан. Үүнийгээ шинжээч эмчид үзүүлж дүгнэлт гаргуулсан. Би 14 хоног акттай байсан цалингийн зөрүү 466030, эмчилгээний 75850 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-13-15 тал/,

шүүгдэгч Ц.Б гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 11 дүгээр сарын 11-ний оройн 23 цаг билүү 00 цагийн үед Б.Ш ын гэрт очсон. Тэгээд 01 цагийн үед байх Б.Ш тай муудалцаад түүний зүүн шанаа, хацар луу 2 удаа гараараа цохисон, миний буруу” гэх мэдүүлэг /хх-25-26 тал/,

      хохирогч Б.Ш ын биед тархи доргилт, дух, зүүн зовхи, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн бугалганд цус хуралт, баруун, зүүн өвдгөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Энэ гэмтэл нь мохоо зүйлийн цохих цохигдох үйлчлэлээр, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 326 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

        Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Ш ын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Мөрдөгч дээр дурьдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гарахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаар шүүгдэгч Ц.Б гийн үйлдэл нь идэвхтэй, бусдын амь бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Ш  нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол буюу эмчилгээний зардалд 75850 төгрөг, 14 хоног акттай байсан хугацааны цалингийн зөрүү 466030 төгрөгийг тус тус нэхэмжилж Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01/05 дугаартай албан бичиг, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг ирүүлжээ.

Хохирогч нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж буй нотлох баримт буюу хийгдсэн эмчилгээ, оношлогоотой холбоотой гарсан зардлын баримт болон эмнэлгийн хуудас, эмнэлгийн хуудсаар олгогдсон цалин, цалингийн  тодорхойлолт зэргийг шүүхэд ирүүлээгүйгээс иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах боломжгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Ц.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо төлөхөө илэрхийлсэн зэрэг хувийн байдлыг харгалзан торгуулийн ял оногдуулж, түүний цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж, шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ц.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Б г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Б гийн цагдан хоригдсон 9 /ес/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 /арван таван мянга/ төгрөгөөр тооцож, 135000 /нэг зуун гучин таван мянга/ төгрөгийг түүний торгох ялаас хассугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б гийн торгох ялын үлдэгдэл 315000 /гурван зуун арван таван мянга/ төгрөгийн торгох ялыг сар бүр 52500 /тавин хоёр мянга таван зуу/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгуулийн ялыг биелүүлэх хугацааг 6 /зургаа/ сараар тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Б д сануулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогч Б.Ш  нь хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ц.Б гаас нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг болохыг дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ЦЭРЭНХАНД