Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 5678

 

 

 

 

 

 

 

 

       

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2016/05678

Улаанбаатар хот

 

                         

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

                   

 

 

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, шүүгч А.Сарантуяа, Б.Азбаяр нарын бүрэлдэхүүнтэй шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

            Нэхэмжлэгч:Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө 271, өөрийн байранд байрлах, регистрийн дугаар 2734303, Комит Сервис ХХКомпанийн нэхэмжлэлтэй

           

            Хариуцагч:Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 40-С байрны 56 тоотод оршин суух, эрэгтэй, регистрийн дугаар ЧК80071514, Гүмбэн овогт Гүнчингийн Энхтөрд холбогдох

 

            Гэм хорын хохиролд 44 498 297 төгрөгийг гаргуулах тухай  нэхэмжлэлтэй хэргийг 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

            Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бат-Оргил, хариуцагч Г.Энхтөр, түүний өмгөөлөгч Д.Гунгаа, иргэдийн төлөөлөгч Б.Пүрэвсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Комит Сервис ХХКомпани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Энхтөр манай компанийн засвар үйлчилгээний газарт механик инженерээр ажиллаж байхдаа 2011 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт компанийн эзэмшлийн Ланд крузер 105 маркийн 95-88 УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас манай компанийн ажилтан С.Мягмарын амь нас хохирч улмаар манай компанид 44 498 297 төгрөгийн хохирол учирсан.Үүнд:А-Жет Авиэйшн ХХКомпанитай гэрээ байгуулж яаралтай тусламжийн захиалгат нислэг үйлдүүлж, талийгч С.Мягмарын шарилыг хотод авчруулсан зардал 23 440 437 төгрөг, тариа шприцийн үнэ 12 160 төгрөг, талийгчийн шарилыг Буян Ухаа нисэх буудлаас зөөвөрлөсөн зардалд 85 000 төгрөг, Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийн дагуу талийгчийн ар гэрт нөхөн төлбөрт өгсөн 12 600 000 төгрөг, талийгчийн биед шүүх эмнэлгийн үзлэг хийсэн зардалд 155 000 төгрөг, компанийн эзэмшлийн Ланд крузер 105 маркийн 95-88 УБР улсын дугаартай машинд учирсан хохирол 11 451 000 төгрөг болсон.Үүнээс Г.Энхтөрийн цалингийн 3 160 800 төгрөгийг суутгаад 44 498 297 төгрөг болж байна.Г.Энхтөрийн үйлдсэн зам тээврийн ослын гэмт хэрэг нь Өмнөговь аймгийн сум дундын шүүхийн 2012 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 261 дугаартай шийтгэх тогтоолоор эцэслэн шийдэгдэж, Г.Энхтөрийг гэм буруутайд тооцсон. Г.Энхтөр өөрт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаах ажиллагааны хүрээнд буюу шүүхээр хэрэг хянан шийдвэрлэгдэхийн өмнө  манай компанид хандаж компаниас хохирол нэхэмжлэх юм бол миний хэрэг хүндэрч, ял хөнгөрүүлэх, тэнцэх ял авах боломжгүй болох гээд байгаа тул компанийн зүгээс нэхэмжлэл гаргахгүй байж, санал гомдолгүй гэсэн бичиг шүүхэд хандаж хийж өгөөч, би компанид учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулна гэсэн хүсэлтийг гаргасан юм.Манай компани Г.Энхтөрийн хүсэлтийг хүлээн авч, өөрт учирсан хохирлоо дараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлүүлэх саналтай байгаа тухай албан бичгийн шүүхэд гаргаж өгсөн.Улмаар Г.Энхтөр манай компанитай учирсан хохирлоо 2014.12.31-ний өдөрт багтаан төлж барагдуулах тухай гэрээг 2012.01.09-ний өдөр бичгээр байгуулсан.Гэтэл Г.Энхтөр өөрт холбогдох эрүүгийн хэргээ шүүхээр шийдвэрлүүлсний дараа учруулсан хохирлоо төлөхгүй, дахин хохироож байгаад тул тус хохирлын асуудлыг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.Иймд Г.Энхтөр нь 2011.07.23-ны өдөр Өмнөговь аймгийн богд сумын нутагт Ланд криузер 105 маркийн 95-88 УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явах үедээ Замын хөдөлгөөний дүрэм зөрчин зам тээврийн осол гасны улмаас “Комит сервис” ХХК-д учруулсан хохирлын төлбөрт нийт 44 498 297 төгрөгийг Г.Энхтөрөөс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Д.Бат-Оргил шүүх хуралдаанд гаргасан тайлбарлахдаа:Г.Энхтөр Комит Сервис ХХКомпанид инженерээр ажилладаг бөгөөд Ханбогд суманд томилолтоор ажиллаж байсан.Оюутолгойд ажиллаж байхдаа компанийн эзэмшилийн ланд маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ зам тээврийн осол гаргасан ба энэ ослын улмаас манай компанийн ажилтан С.Мягмар нас барсан бөгөөд түүний шарилыг зун говьд халуун байсан учир захиалгат нислэгээр авчруулсан, нисэх буудлаас зөөсөн, үзлэгийн зардал гарсан байдаг.С.Мягмар ажил үүргээ гүйцэтгэж байхдаа амь насаа алдсан тул үйлдвэрийн осолтой адилтган үзэж түүний ар гэрийн хүсэлтээр 12 600 000 төгрөгийн нөхөн төлбөрийг компанийн зүгээс олгосон.Зам тээвийн осолд орсон 95-88 дугаартай машинд учирсан гэмтлийг үнэлгээний байгууллага 11 451000 төгрөгөөр үнэлсэн байгаа.Компани Энхтөртэй харилцан тохиролцоод миний хэрэг хүндрэх гээд байна хохирлын асуудлаа тусад нь шийдье гомдол саналгүй гэсэн бичиг хийж өгөөч гэж хүссэн учир хохирлын асуудлаа тусад нь иргэний журмаар шийдвэрлүүлье гээд санал гомдолгүй гэсэн бичиг хийж Г.Энхтөртэй гэрээ байгуулсан байдаг тул түүнээс 44 498 297 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Г.Энхтөр шүүхэд гаргасан тайлбартаа:Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-т хөдөлмөрийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад бусдад учруулсан гэм хорийн хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заасан байдаг ба 498 дугаар зүйлийн 498.5-д ажилтан өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгуулага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардан гаргуулах эрхтэй” гэснийг үндэслэн нэхэмжлэл гаргасан гэж ойлгож байна.Би  Комит Сервис ХХКомпанид шууд санаатай болон  илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулаагүй.Энэ нь Өмнөговь аймгийн сум дундын шүүхээс гаргасан 2012 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 261 дугаартай шийтгэх тогтоолд санамсар болгоомжгүйгээр гэж миний гэж бурууг тогтоосон байдаг.Би осол болсон 2011 оны 7 дугаар сарын 23-ны урд өдөр буюу 2011 оны 7 дугаар сарын 22-нд талийгч С.Мягмартай Монроуд ХХКомпанийн гүйцэтгэж байсан Цагаан Хад баг-Оюутолгой чиглэлийн хатуу хучилттай зам дээр ажиллаж байсан Камацу Д-155 маркийн техникт засвар үйлчилгээний ажлыг 2011 оны 7 дугаар сарын 23-ны өглөөний 04 цаг хүртэл хийж дуусгаад 06 цагт дараагийн ажил үүргээ аван Гашуун Сухайтын хил дээр Камацу РС-400 маркийн 2 ширхэг экскаватор дээр 2000 м/ц техник үйлчилгээ хийж орой 21 цагт дуусгаад Оюутолгойн өмнөд кемп рүү буцаж явахад Комит Сервис ХХКомпанийн ахлах инженер очиж байгаа хүнийг аваадахаарай буруу газар буусан байна гэж хэлсний дагуу очиж авсан.Тухайн оператор Улаанбаатараас-Өмнөговийн Цагаан Хад дээр буух хүн Өмнөговийн Ханбогд суман дээр бууж намайг ирж ав, би буруу газар буусан байна гэж байн байн утсаар ярьсаар авахуулсан.Тухайн нутгийн Цагаан Хаднаас Ханбогд хүртэл 120 км бөгөөд ирж очиход 3 цаг орчим газар ажлын ачааллын дараах ядралт нөлөөлөн замдаа зүүрмэглэж осолдсон.Энэ нь шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдэл биш харин ердийн болгоомжгүй үйлдэл гэж үзэж байна.Иймээс Комит Сервис ХХКомпанийн нэхэмжилсэн 44 498 297 төгрөг үндэслэлгүй байна гэжээ.

Хариуцагч Г.Энхтөр шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Намайг Сэлэнгэ аймагт ажиллаад томилолт дуусаагүй байхад Оюутолгой явуулсан, тухайн үед  би амралтгүй ажиллаж байсан, өдөрт 300 км зам туулдаг байсан,осол болдог үед миний томилолтын хугацаа дуусчихсан байсан.Осол болохын урд өдөр шөнөжин ажиллаж техникийг гаргаад өглөө нь дараагийн ажлаа хүлээж аваад явж байхад Лхагвадорж хотоос ирээд буруу газар буусан байна ирж аваач гэхэд талийгчтай яриад Ханбогд орж аваад буцаж явах замдаа ядралтаас болоод осол гарсан, компаниас гаргаж өгсөн машин бүрэн бус байсан, Лхагвадоржийг очиж ав гэдгийг ахлах инженер хэлсэн.Захиалгат нислэг үйлдсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.Намайг осолд орох үед агаарын сааталтай онгоц нисэхгүй байна гээд яаралтай гэсэн бол ажилтнаа гэсэн бол намайг ч гэсэн тэр нислэгээр аваад явж болох байсан байх, тухайн үед би маш хүнд гэмтэлтэй байсан, Оюутолгойд ухаан алдаад байсан.Оюутолгойд хэд хоног хэвтсэнээ мэдэхгүй байна.Ажилтнаа гэж бодсон бол намайг бас нисдэг тэргээр аваад явах боломжтой байсан байх, Эрүүгийн хэргийг шийдэх гэж байхад надад олон хүн хэлсэн, чамайг шоронд явуулах хүсэл алга, компанитай гэрээ хийчих гэсэн.Нөхөн төлбөр олгосон нь компаниас гарах зүйл байх гэж бодож байна.Машин унагаасан хохирлын хувьд намайг эмнэлэгт хэвтэж байхад согтуу гэсэн акт үйлдээд явуулсан байсан.Миний цуснаас шинжилгээ авсан юмуу, намайг согтуу гэдгийг яаж мэдсэн юм бэ гэхэд талийгаачийн цуснаас шинжилжилгээ авсан гэж л хэлсэн.Даатгалаас бүрэн хэмжээгээр мөнгөө авах боломжтой байсан байх.Шүүх эмнэлэгийн зардал улсаас гардаг байх гэж бодож байна.Би ажилдаа буцаж ороод ажиллахад миний цалингаас хохирлын төлбөрт 900 000 төгрөг суутгаж авсан, намайг ажилдаа эргэж ороход компанийн захирал намайг их дарамталж, доромжилдог байсан тул би аргагүй эрхэнд ажлаасаа гарсан, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Комит Сервис ХХКомпани хариуцагч Г.Энхтөрд холбогдуулан А-Жет ХХКомпанитай гэрээ байгуулж яаралтай тусламжийн захиалгат нислэгээр талийгчийн шарилыг Улаанбаатар хотод авчирсан зардалд 23 440 437 төгрөг, тариа, шприц 12 160 төгрөг, шарилыг нисэх буудлаас зөөсөн зардал 85 000 төгрөг, шүүх эмнэлгийн үзлэгийн 155 000 төгрөг, Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу  талийгчийн ар гэрт олгосон нөхөн төлбөрийн 12 600 000 төгрөг, байгууллагын эзэмшлийн авто машинд учирсан хохирол 8 290 200 төгрөг нийт 44 498 297 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байх боловч дээрх нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн 44 582 797 төгрөг байна.

Хариуцагч Г.Энхтөр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байх бөгөөд шүүх дараах үндэслэлийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 2 дугаар сарын 14-ны өдрийн 261 дугаартай шийтгэх тогтоолоор Г.Энхтөрийг 2011 оны 7 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж, бусдын амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар Г.Энхтөрийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 3 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэсэн байна.

Дээрх шийтгэх тогтоолд-“...хохирогч Комит Сервис ХХКомпанийн төлөөлөгч мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ...хэдэн төгрөгийн хохирол учирсныг тогтоогоогүй байгаа, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг дурдсан байна.

Гэтэл зохигчдын хооронд 2012 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр хийгдсэн Компанид учруулсан хохирол төлж барагдуулах тухай гэрээнд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан мөнгөн дүнг Г.Энхтөр 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төлж барагдуулах үүрэг хүлээсэн байгаа нь учир дутагдалтай байна.

Нэхэмжлэгч Комит Сервис ХХКомпани нь хариуцагч Г.Энхтөрд холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэж байх үед буюу 2012 оны 2 дугаар сарын 14-ны өдрийн байдлаар өөрийн байгууллагдаа хэдэн төгрөгийн хохирол учирсан тухайгаа тодорхойлоогүй байж Г.Энхтөртэй хохирол барагдуулах гэрээг 2012 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр хийсэн байгаа нь энэхүү хэлцэл утга агуулгын болоод цаг хугацааны хувьд зөрчилтэй болсон байна.

Иймд нэхэмжлэгч байгууллага нь зохигчдын хооронд хийгдсэн 2012 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр хийгдсэн Компанид учруулсан хохирол төлж барагдуулах тухай гэрээний дагуу хариуцагч Г.Энхтөрөөс үүргийн гүйцэтгэл шаардах үндэслэлгүй байна.

Комит Сервис ХХКомпани хариуцагч Г.Энхтөрийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж, бусдын амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсний улмаас компанийн хөрөнгө болох авто машины хохиролд 8 290 200 төгрөгийг шаардаж байгаа нь үндэслэлгүй байна гэж үзлээ.

Тухайн авто машиныг нэхэмжлэгч байгууллагын өмчлөлийн хөрөнгө гэдгийг нотолсон баримт буюу тээврийн хэрэгсэлийн гэрчилгээ хэрэгт авагдаагүй байхад уг хөрөнгөд учирсан хохирлын талаар шаардах эрх нэхэмжлэгч байгууллагад үүсэхгүй байх тул энэхүү шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Хэргийн 84 дүгээр хуудсанд авагдсан хариуцагч байгууллагын захирал Ц.Солонго шүүхэд тайлбартаа ...Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 97.1.2-т заасны дагуу талийгч С.Мягмарын ар гэрээс гаргасан хүсэлтийг үндэслэн түүний нэг сарын үндсэн цалин болох 350 000 төгрөгийг 36 сараар үржүүлж, нийт 12 600 000 төгрөгийн нөхөн төлбөрийг ар гэрт нь олгосон гэх бөгөөд үүнийг Г.Энхтөрөөс шаардаж байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1-т “Даатгуулагч хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг үйлдвэрлэлийн осол гэнэ” гэж тодорхойлсон байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-т “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн ажилтан болон эдгээр шалтгаанаар нас барсан ажилтны ар гэрт учирсан хохирлыг нөхөх зорилгоор үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч нь дор дурдсан хэмжээний нөхөн төлбөр олгоно”, 97.1.2-т “үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан ажилтны ар гэрт 36, түүнээс дээш сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа” гэж тодорхойлсон байна.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч байгууллага нь талийгч С.Мягмарыг үйлдвэрлэлийн осолд өртөж амь насаа алдсан гэж үзсэн байх бөгөөд тухайн байгууллагад үйлдвэрлэлийн осол болсон тухай үйл баримтыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуульд заасны дагуу судлан бүртгэж, акт үйлдэж, эрх бүхий байгууллагаар баталгаажуулаагүй боловч төлөөлөгчийн тайлбарлаж байгаачлан үйлдвэрлэлийн осолтой адилтган үзэж талийгчийн ар гэрт өгсөн нөхөн төлбөр нь Г.Энхтөрийн гэм буруутай үйлдэлд шууд хамааралтай, шалтгаант холбоотой байдлаас үүссэн зардал гэж үзэх боломжгүй байна.

Харин бусад хохиролын тухайд Г.Энхтөрийн гэм буруутай үйлдэлтэй хамааралтай байгаа хэдий ч үүнд нэхэмжлэгч байгууллагын буруутай үйл ажиллагаа тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байна.

Тухайлбал тухайн үед Г.Энхтөрийн эзэмшиж байсан тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг нотолсон баримтгүй байх бөгөөд улмаар нэхэмжлэгч байгууллага нь ажилчдынхаа хөдөлмөрийн аюулгүй байдал болон хөдөлмөрийн нөхцлийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуульд заасны дагуу хангаж байсан эсэхийг баримтаар нотлоогүй байна.

Мөн зохигчдын хооронд 2011 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнийн 3 дугаар зүйлийн 3.1-т ”ажилтны ажил үүргээ гүйцэтгэх ажлын өдөр нь долоо хоногийн Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан гариг, ажлын цаг нь ажлын өдрийн өглөө 8.30 цагт эхэлж, орой 17.00 цагт дуусна, ажилтны амрах, хооллох цаг нь ажлын өдрийн 12.30-13.00 цагийн хооронд байна, ажил олгогч нь зайлшгүй шаардлагатай тохиолдолд ажлын цагийн хуваарийг өөрчлөн тогтоож болно”, 3.2-т “ажилтан ажлын ачаалал ихтэй болон ажлын зайлшгүй шаардлагатай тохиолдолд ажлын өдөр илүү цагаар, долоо хоногийн амралтын өдөр, нийтээр амрах баярын өдөр, шөнийн цагаар ажиллана” гэж заасан байна.

Гэтэл хариуцагч Г.Энхтөр тухайн үед амралтгүй, шөнийн цагаар ажиллаж байсан гэж тайлбарлаж байгаа бөгөөд зам тээврийн осол шөнийн цагаар гарсан байгаад нэхэмжлэгч тал маргаагүй бөгөөд нэхэмжлэгч байгууллага нь гэрээнд заасны дагуу тухайн үед зайлшгүй шаардлагатай тохиолдол бий болсон, улмаар ажилчдын ажлын цагийн хуваарийг өөрчлөн тогтоосон тухай баримтыг хэрэгт ирүүлээгүй байх бөгөөд хөдөлмөрийн гэрээний 3.2-т заасан үндэслэл бий болсон буюу ажлын ачаалал ихтэй болон ажлын зайлшгүй шаардлагатай тохиолдолд ажлын өдөр илүү цагаар, долоо хоногийн амралтын өдөр, нийтээр амрах баярын өдөр, шөнийн цагаар ажилласан ажилтаны эдлэх амралтын талаар гэрээнд тодорхой тусгагдаагүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 70 дугаар зүйлд “Долоо хоногийн ажлын цаг нь 40 хүртэл, ердийн ажлын өдрийн үргэлжлэл 8 хүртэл цаг, ажлын дараалсан хоёр өдрийн хоорондох тасралтгүй амралт нь 12 цаг ба түүнээс дээш хугацаатай байна” гэж заасан байна.

Нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан шаардлагын дүн 44 582 797 төгрөгөөс талийгчийн ар гэрт олгосон 12 600 000 төгрөг, авто машины үнэ гэх 8 290 200 төгрөгийг хасахад 23 692 597 төгрөг үлдэж байх бөгөөд үүнээс тариа шприцын үнийг 12 160 төгрөг гэж нэхэмжилсэн боловч хэрэгт авагдсан баримтаар 2160 төгрөг байгаа тул 10 000 төгрөгийг хасч тооцоход 23 682 597 төгрөг гарч байна.

Иймд Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2-т “Гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ” гэж заасны дагуу 23 682 597 төгрөгийн дүнг 50 хувиар багасгаж, 11 841 985 төгрөгөөс хариуцагчийн 850 000 төгрөгийн цалинг суутган тооцож, үлдсэн 10 991 985 төгрөгийг Г.Энхтөрөөс гаргуулах нь үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т заасныг баримтлан Гүнчингийн Энхтөрөөс 10 991 985 /арван сая есөн зуун ерэн нэгэн мянга есөн зуун наян таван/ төгрөгийг гаргуулан Комит Сервис ХХКомпанид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 33 506 312 /гучин гурван сая таван зуун зургаан мянга гурван зуун арван хоёр/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар Комит Сервис ХХКомпанийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 380 500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Энхтөрөөс 190 821 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаарзүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ДОРЖНАМЖИН

 

                    ШҮҮГЧИД                                                   Б.АЗБАЯР

 

            А.САРАНТУЯА