Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 22

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч Д.Сүрэнхор,

Шүүгдэгч Б.Л  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар    

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Сүрэнхор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ш овогт Б.Л ид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1915005180295 дугаартай, 163/2020/0019/Э индекстэй хэргийг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, урьд ял шийтгэлгүй, Ш овогт Б.Л.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Л  нь /яллах дүгнэлтээр/ 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн Бугат сумын нутгаас зөвшөөрөлгүй ойд мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэж байгаль экологид 323400 төгрөгний хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Л ийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй гэв.

1915005180295 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Хохирогч Ш.Э гийн өгсөн: “...Манай сум орон нутгийн зүгээс байгальд учруулсан хохиролыг төлүүлэх мөн дахин хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг битгий үйлдээсэй гэж хэлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,

Гэрч А.Ч ийн өгсөн: “...би Цагдаагийн газрын тушаалаар Булган аймгийн  Бугат, Орхон сумдын нутгаар хөдөлгөөнт үүрэг гүйцэтгэсэн. Тэгээд үүрэг гүйцэтгэж              байхад 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн оройн 22 цагийн орчимд Булган аймгийн Бугат сумын Тариан талбай гэх газрын орчимд эргүүлд гарч байхад **-** ОРА улсын дугаартай цэнхэр өнгийн Бонго маркийн тээврийн нилээн хуучирч муудсан машин байсан. Мод хөндлөнгөөр нь аччихсан ирсэн. Тэгээд зогсоож шалгахад мод бэлтгэх эрхийн бичиггүй талаар хэлсэн. Тэгээд тухайн тээврийн хэрэгслийг Орхон аймгийн тээврийн хэрэгсэл саатуулах 1 дүгээр хашаанд саатуулсан...Шинэс буюу хар мод гэж нэрлэдэг мод байсан. Тэгээд Бонго машины аравчнаас өндөр гаргалгүй ачсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,

Гэрч Ч.Б ий өгсөн: “...Л  нь хэрэг болох өдөр 10-11 цагийн орчимд над руу утсаар залгаж мод бэлтгэх эрхийн бичиг авах гэж талаар хэлсэн. Тухайн үед миний мод бэлтгэх эрхийн бичиг дуусчихсан П  ахаас асууж үз гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд хэд хоногийн дараа сураг сонсохнээ хууль бусаар мод бэлттэж ачиж явж байгаад цагдаа нарт саатуулагдсан талаар сонссон...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,

Гэрч Б.П гийн өгсөн: “... 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр надаас Л  нь мод бэлтгэх эрхийн бичиг буюу гишүүн мод ачих зориулалттай зөвшөөрлийн бичиг авсан. Тэгээд тухайн өдрийн оройдоо гишүүнээ ачиж ирээд надаар мод бэлтгэх эрхийн бичигээ хаалгаж тэмдэглэлгээ хийлгэсэн. Тэгээд  хэд   хоногийн   дараа   хүнээс  сураг сонсохнээ  дахиж   модонд   явж  байгаад   цагдаад   саатуулагдсан   талаар   хэлж байсан..., тухайн үед надтай холбоо барьсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,

Яллагдагчаар Б.Л  өгсөн мэдүүлэгтээ: “...Би тухайн үед хашаандаа түлэх түлээгүй болчихоод шууд модонд явсан юм. Мөн мод бэлтгэх эрхийн бичиг авах гэтэл Б  дуусчихсан гэж хэлсэн, П  нь Булган аймаг явчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, тээврийн хэрэгсэл, модонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8-9 дүгээр хуудас/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тэмдэглэл, тогтоол /хх-ийн 13, 15 дугаар хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 62 дугаар хуудас/, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 43-45 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг хянаж шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Л  2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн Бугат сумын нутгаас зөвшөөрөлгүй ойд мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэж байгаль экологид 323400 төгрөгний хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Гэмт хэрэг гарсан газар, цаг хугацаа, гэмт хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хор уршгийн талаар өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, өөр хоорондоо зөрүүгүй, түүнчлэн хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн эрх бүхий шинжээчид гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

“Хууль бусаар мод бэлтгэх” гэдэгт мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байх, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.Л ийн хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхэнд халдаж хүрээлэн байгаа орчны эсрэг хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийн бүхий л шинжийг агуулж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Түүний гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 323400 төгрөгийн  шууд хохирол учирч, хохирогч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх зааснаар “модны экологи эдийн засгийн үнэлгээ”-г гурав дахин нэмэгдүүлж, 970200 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Л  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө төлж барагдуулахаа илэрхийлсэн байна.

Мөн шүүгдэгч Б.Л  гэмт хэрэг үйлдэж олсон  5,39 м3 хэмжээтэй шинэс төрлийн мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан БНХАУ-д үйлдвэрлэсэн шар өнгийн цахилгаан хөрөөний үнэ 80000 төгрөг, **-** ОРА улсын дугаартай А овогтой Ч гийн эзэмшлийн цэнхэр өнгийн BONGO J2 маркийн тээврийн хэрэгсэлийн үнэ болох 2000.000 төгрөгийг тус тус шүүгдэгчээс албадан гаргуулан худалдан борлуулж улсын төсөвт шийлжүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна. 2.“Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заасан ба гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл нь түүний гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, улсын орлогод орохоор хуульчлагдсан байна.

2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн **-** ОРА улсын дугаартай цэнхэр өнгийн BONGO J2 маркийн тээврийн хэрэгсэл, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн БНХАУ-д үйлдвэрлэсэн шар өнгийн цахилгаан хөрөөг иргэний нэхэмжлэгч Д.М д тус тус буцаан олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Л ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх нь зүйтэй гэж үзлээ. 

Шүүгдэгч Б.Л  нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.   

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Шүүгдэгч Ш овогт Б.Л ийг зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л ийг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л ид оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн 4 цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л  нь 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялыг найман цагийн ажлыг 1 хоногоор солихыг сануулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон 5,39 м3 хэмжээтэй шинэс төрлийн мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан БНХАУ-д үйлдвэрлэсэн шар өнгийн цахилгаан хөрөөний үнэ 80000 төгрөг, **-** ОРА улсын дугаартай А овогтой Ч гийн эзэмшлийн цэнхэр өнгийн BONGO J2 маркийн тээврийн хэрэгсэлийн үнэ болох 2000.000 төгрөгийг тус тус шүүгдэгчээс албадан гаргуулан худалдан борлуулж улсын төсөвт шилжүүлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Л оос 970200 төгрөгийг гаргуулж хохирогч Булган аймгийн Бугат сумын Засаг даргын тамгын газарт олгосугай. 

7. 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн **-** ОРА улсын дугаартай цэнхэр өнгийн BONGO J2 маркийн тээврийн хэрэгсэл, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн БНХАУ-д үйлдвэрлэсэн шар өнгийн цахилгаан хөрөөг иргэний нэхэмжлэгч Д.М д тус тус буцаан олгосугай.

8. Шүүгдэгч Б.Л  нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай. 

9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Л ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ж.ДЭЛГЭРМӨРӨН