| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2016/06923/и |
| Дугаар | 5828 |
| Огноо | 2016-11-23 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 5828
| 2016 оны 11 сарын 23 өдөр | Дугаар 102/ШШ2016/05828 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 2 дугаар хорооо, The hill side pesidences хотхоны D дугаар байрны 2 тоотод оршин суух, эрэгтэй, регистрийн дугаар УД 70040270, Гомбын Сүхбаатарын нэхэмжлэлтэй
Хариуцагч:Баянгол дүүргийн 2 дугаар хороо, The hill pesidences хотхоны 1, 2 дугаар давхарт байрлах, регистрийн дугаар 5133793, Ти Си Ди ХХКомпанид холбогдох
Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулах тухай нэхэмжлэлтэй
Орон сууцны үлдэгдэл төлбөр 4 500 000 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Г.Сүхбаатар, түүний өмгөөлөгч Б.Жаргалсайхан, хариуцагч байгууллагын төлөөлөгч А.Мөнхтүвшин, түүний өмгөөлөгч П.Баярмагнай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Сүхбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би хариуцагч компанитай 2011 онд орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, байрыг 43 000 доллараар авахаар тохирсон.Гэрээнд зааснаар байрны төлбөрийг 4 удаагийн төлөлтөөр төлөх байсан.Би эхний 3 төлөлтийг цаг тухайн үед нь графикийн дагуу төлж байрны төлбөрийн 90 хувийг төлж дуусгасан.Хамгийн сүүлийн төлбөрийг 2012 оны 8 дугаар сарын 31-ний өдөр төлөхөөр байсан.Гэтэл байрны гэрчилгээ тэр үед гараагүй, байр ашиглалтанд бүрэн ороогүй байсан.Байрандаа 2013 оны 1 дүгээр сард орсон.2012 оны 8 дугаар сарын 31-ний өдөр сүүлийн мөнгөө өгөх ёстой байсан боловч гэрчилгээ гараагүй учир өгөх боломж байгаагүй.Учир нь би гэрчилгээ гарахаар барьцаанд тавиад зээл аваад төлье гэсэн боловч байр ашиглалтанд ороогүй.Мөнгө бэлэн байсан боловч хэл ам гараад гэрчилгээ гарахгүй, байрны засвар хийгдээгүй учир би төлбөрөө төлөөгүй.Манайх байрандаа засвар бүрэн хийгдээгүй байхад орсон учир засвараа бүрэн хийж өгөхийг хариуцагч байгууллагаас хүссэн боловч засвар хийж өгөөгүй.Тиймээс засварын мөнгө 3,963,800 төгрөгийг байрны үлдэгдэл төлбөр 10 хувиас хасч тооцохоор тохирсон. Мөн метр квадратын зөрүү 684,200 төгрөг, алданги 282,500 төгрөгийг 10 хувиас хасч өгье гэж хариуцагч байгууллагын захиралд хэлсэн боловч хасч өгөөгүй.Би 10 хувийн төлбөрөө тухайн үеийн буюу гэрээ хийх үеийн Монгол банкны ханшаар тооцоод үүнээс засварын мөнгө 3,963,800 төгрөг, квадрат метрийн зөрүү 684,200 төгрөг, алданги 282,500 төгрөгийг хасаад зөрүү 736,212 төгрөгийг төлөөд, байрны гэрчилгээгээ гаргуулж авах хүсэлтэй байна, мөн намайг Баянгол дүүргийн 2 дугаар хороо, The hill side pesidences хотхоны D дугаар байрны 9 давхарын 2 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Жаргалсайхан шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Г.Сүхбаатар “Ти Си Ди” ХХК-ийн The hill side pesidences хотхоны 9-В байрны 9 давхрын 2 тоот 43 метр квадрат орон сууцыг захиалж 2011 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 0/40 дугаартай орон сууц борлуулалтын гэрээ байгуулсан.Ингэхдээ 1 м.кв талбайг 1000 доллараар буюу 43 м.кв талбайг 43 000 ам доллароор тохирсон.Тухайн үеийн ханшаар 16,303,930 төгрөгийг 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдөр, 1275 ам.доллароор 1,736,800 төгрөгийг 2012 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр, мөн 12,823,000 доллар буюу 16,898,660 төгрөгийг төлж 10 хувь үлдсэн, орон сууцыг 2012 оны 8 дугаар сарын 31-ний өдөр ашиглалтанд оруулж нэхэмжлэгчид хүлээлгэж өгөхөөр гэрээнд тусгасан боловч хариуцагч тал хугацаанаас хэтэрч 2013 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр ашиглалтанд оруулсан.Нэхэмжлэгчийн хувьд одоог хүртэл үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ аваагүй.Үлдэгдэл 10 хувийг бүрэн төлөх боломжтой байсан.Орон сууцанд орсоны дараа үлдэгдэл төлбөрөө тухайн үе буюу гэрээ хийсэн үеийн ханшаар төлье гэсэн боловч хариуцагч тал одоо үеийн ханшаар төл гэдэг шаардлага тавьсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа.Нэхэмжлэгчийн хувьд тухайн үеийн ханш гэдэг нь үүрэг үүссэн үеийн ханш буюу 1317.84 ам доллар буюу 5,666,712 төгрөг болж байгаа.Энэ мөнгөнөөс нэхэмжлэгч нь хариуцагч компанитай ярилцаж тохиролцоод засварын мөнгө 3,963,800 төгрөг, квадрат метрийн зөрүү 684,200 төгрөг, алданги 282,500 төгрөгийг 10 хувийн төлбөрөөс хасч тооцохоор хариуцагч байгууллагын захирал бичиг хийж өгсөн байдаг. Үүний дагуу дээрх мөнгийг хасаад үлдэгдэл нь 736,212 төгрөг бөгөөд энэ мөнгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Иймд “Ти Си Ди” ХХК-ийн The hill side pesidences хотхоны 9в байрны 9 давхрын 2 тоот 43 метр квадрат орон сууцны гэрчилгээг гаргуулж, жинхэнэ өмчлөгөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1-д мөнгөн төлбөрийн үүргийг Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэнэ гэж заасан.Мөн хуулийн 217.2-д хуулиар хориглоогүй бол талууд мөнгөн төлбөрийн үүргийг гадаадын мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэж болно гэж заасан.Гэтэл үүнийг хариуцагч тал ойлгохгүй байх шиг байна.Мөн Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хууль байгаа.Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монгол банкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно, 4.4-т Банк, банк бус санхүүгийн байгууллагын мөнгөн хадгаламж, зээл, тэдгээртэй адилтгах аливаа үйлчилгээ, санхүүгийн үүсмэл хэрэгслэлтэй холбоотой байгуулах гэрээ, түүгээр хүлээх үүргийг гадаад валютаар илэрхийлж, гүйцэтгэлийг гадаад валютаар хангуулж болно гэж заасан.Тус байранд нэхэмжлэгч 3 жил амьдарч байна.Гэтэл байрны гэрчилгээ одоо хүртэл гараагүй.Компанийн зүгээс тус байр нь нэхэмжлэгчийн өмч гэдэг талаар маргадаггүй боловч үлдсэн 10 хувийн төлбөрийг ямар ханшаар тооцож төлөх талаар маргадаг.Хуулиар доллараар гэрээ байгуулахыг хориглодог.Гэхдээ бид энэ талаар маргахгүй, харин үүрэг үүссэн үеийн ханшаар тооцоод төлье гэж байгаа.Мөн талуудын хооронд байгуулсан гэрээнд төлбөрийг 90 хувиас дээш төлсөн бол 5 хувь хөнгөлнө гэсэн боловч энэ заалтаа яагаад хэрэгжүүлэхгүй байна гэв.
Хариуцагч Ти Си Ди ХХКомпани шүүхэд гаргасан тайлбартаа:Бидний хооронд хийгдсэн 2011 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн гэрээний дагуу Г.Сүхбаатар 9 148 000 төгрөг төлөхөөс алданги 282 500 төгрөг, метр квадратын зөрүү 684 200 төгрөгийг хасаж 8 463 800 төгрөг төлөх байсныг Г.Сүхбаатартай харилцан тохиролцож 3 963 800 төгрөгийг хасаж өгөхөөр болж, 4 500 000 төгрөг төлүүлэхээр шийдвэр гаргасан. Манайх Г.Сүхбаатартай ярилцаж эцсийн үлдэгдэл болох 4 500 000 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгов.Г.Сүхбаатар 2013 онд өөрийн дураар, компаниас зөвшөөрөөгүй байхад байрандаа нүүж орсон. Г.Сүхбаатарыг гэрээний үүргээ биелүүлэхийг хүсэж үлдэгдэл 10 хувь болох 4273 ам долларыг төлбөр хийх үеийн Монгол банкны ханшаар төлөхөөр, мөн байрны метр квадратын зөрүүг хасаж үлдэгдэл төлбөр 8 463 800 төгрөгийг, мөн 2013 оноос өнөөдрийг хүртлэх үлдэгдэл төлбөр төлөөгүй үеийн алданги 4 714 000 төгрөг бүгд 13 177 800 төгрөгийг төлүүлэхээр шийдвэр гаргана гэдэгт итгэж байна.Г.Сүхбаатарын хүсэлтийн дагуу D байрны 902 тоот байрны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ 43 метр квадратаар гарах боломжгүй, 42,69 метр квадратаар гарах боломжтой гэжээ.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтүвшин шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Сүхбаатар гэрээнийхээ үлдэгдэл 10 хувийг өгчихвөл гэрчилгээ гарахад бэлэн байгаа.Төлбөрөө төлөөгүй хэдэн айл л үлдсэн.Бусад айлууд бүгд гэрчилгээгээ авчихсан.Гэрчилгээ гарахад асуудал байхгүй.Нэхэмжлэгч 10 хувийн төлбөрөө төлөөгүй учир гэрчилгээ гарахгүй байгаа.Төлбөрөө төлчихвөл манай байгууллагаас өр төлбөргүй гэсэн бичиг хийгээд үл хөдлөх эд хөрөнгийн газарлуу явуулаад уг байрны гэрчилгээ Г.Сүхбаатарын нэр дээр гарах боломжтой.Манай компани нэхэмжлэгчтэй харилцан ярилцаад квадрат метрын зөрүү 684,200 төгрөг, байрыг хугацаанд нь ашиглалтанд оруулаагүй алданги 282,500 төгрөгийг төлөөгүй үлдэгдэл 10 хувийн төлбөрийг одоо үеийн Монгол банкны ханш болох 4273 доллар 9,048,108 төгрөгөөс хасаад үлдэх 8,463,800 төгрөг төлвөл байрны гэрчилгээг гаргаж өгч болно гэж тохирсон байгаа гэв.
Хариуцагч Ти Си Ди ХХКомпани шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон төлөөлөгч А.Мөнхтүвшин шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Манай компани Г.Сүхбаатартай 2011 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр орон сууц захиалгаар барьж гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр Хилл сайд хотхоны тухайн үеийн D байрны 2 дугаар орцны 9 давхарын 2 тоотод байрлах, 43 метр квадрат талбай бүхий 2 өрөө орон сууцыг 43 000 ам доллараар барьж гүйцэтгэхээр тохирсон.Г.Сүхбаатар 2011 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 2012 оны 4 дүгээр сарын 20-ны хооронд байрны 90 хувийн төлбөр 38 469 ам долларыг төлсөн, үлдэгдэл 10 хувь буюу 4273 ам долларыг байраа хүлээн авсны дараа, байрны өмчлөх эрхийн гэрчилгээ гарахаас өмнө төлөхөөр талууд тохирсон.Манай компани 2012 оны 8 дугаар сарын 31-ний өдөр дээрх хотхоны ашиглалтад оруулахаар төлөвлөсөн боловч 2012 оны дугаар сарын 15-ны үед ашиглалтад оруулан гэрээ байгуулсан айлуудаас үлдэгдэл төлбөрийг авч, өмчлөх эрхийн гэрчилгээг гарган өгч байгаа.Г.Сүхбаатар гэрээнд заасан байрны үлдэгдэл 10 хувийн төлбөрийг төлөлгүйгээр, компанийн зөвшөөрөлгүйгээр 2013 оны 1 дүгээр сард дур мэдэн байрандаа орсон.Тухайн үед орон сууцны хотхоны барилга ашиглалтад орж дулаан, цахилгаан авч цэвэр бохир усны шугам ашиглалтад орсон байсан ч улсын комисс албан ёсоор авч акт гаргаагүй байсан.Иймд Г.Сүхбаатарыг үлдэгдэл 10 хувийн төлбөрөө төлж, өмчлөх эрхийн гэрчилгээгээ гаргуулан авах шаардлага тавьсан боловч хэл ам хийж үлдэгдэл төлбөрөө төлөхгүй байна.Бидний хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.7-д орон сууц болон үл хөдлөх хөрөнгийн эрхийн бичгийг төлбөрөө 100 хувь төлсөн захиалагчид хүлээлгэн өгнө гэж заасан байгаа.Г.Сүхбаатар нь ам долларын ханшийн зөрүү, алданги, засвар үйлчилгээний төлбөр зэргийг хасуулж байж үдэгдэл төлбөрийг төлнө гэж маргаад байсан учир манай компанийн зүгээс 2016 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Г.Сүхбаатарын хүсэлтийг хүлээн авч гэрээгээр дүгнэж тооцоо нийлсэн.Энэ тооцоо нийлсэн баримтаар байрны үлдэгдэл төлбөр 9 148 000 төгрөгөөс Г.Сүхбаатарын хүсэлтийн дагуу тодорхой төлбөрүүдийг хасч 4 500 000 төгрөгийг байрны үлдэгдэл 10 хувийн төлбөрт Г.Сүхбаатар манайд төлөхөөр болж харилцан тохиролцсон боловч Г.Сүхбаатар өнөөдрийг хүртэл үлдэгдэл төлбөр 4 500 000 төгрөгийг төлөхгүй байгаа бөгөөд хэрэв дээрх төлбөрийг төлсөн нөхцөлд бидний зүгээс байрны өмчлөх эрхийн гэрчилгээг гарган өгөхөд асуудал байхгүй.Иймд Г.Сүхбаатараас байрны үлдэгдэл төлбөр 4 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч Г.Сүхбаатар шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би Ти Си Ди ХХКомпанитай орон сууц борлуулалтын гэрээ байгуулж, 42 метр квадрат орон сууцыг 1 метр квадратыг 1000 ам доллар нийт 43 000 ам доллар байхаар тохиролцсон.Гэтэл Ти Си Ди ХХКомпани гэрээнд заасан хугацаанд орон сууцыг ашиглалтад оруулаагүй, чанаргүй материалаар барьсан гэж хэл ам гарсан.Мөн барилгыг зургийнх нь дагуу анх захиалахад хүүхдийн тоглоомын талбайтай байсан боловч бодит байдал дээр хүүхдийн тоглоомын талбайгүй байсан.Би гэрээнд заасан үлдэгдэл төлбөрийг төлөлгүйгээр, компанийн зөвшөөрөлгүйгээр 2013 оны 1 дүгээр сард байрандаа орсон тухай үед орон сууцны хотхоны барилга ашиглалтад орж, дулаан, цахилгаанаа авч, цэвэр бохир усны шугам ашиглалтад орсон байсан ч улсын комисс албан ёсоор хүлээж аваагүй байсан нь барилгын тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэж байна.Би үлдэгдэл 10 хувийн төлбөрийг төлөхгүй байсан нь Ти Си Ди ХХКомпани 4300 ам долларыг одоо үеийн буюу долларын ханш дээд цэгтээ хүрсэн үеийн ханшаар бодож авах гэж байгаа зөвшөөрөхгүй байгаа тул үлдэгдэл төлбөрийг тухайн үеийн буюу үүрэг үүссэн үеийн ханшаар төлөхөд татгалзахгүй гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг /шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Сүхбаатар хариуцагч Ти Си Ди ХХКомпанид холбогдуулан Баянгол дүүргийн 2 дугаар хороо The hill side pesidences хотхоны D байрны 9 давхарын 2 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр Г.Сүхбаатарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч байгууллагын сөрөг шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Хариуцагч Ти Си Ди ХХКомпани орон сууцны үлдэлдэл төлбөрийн 4 500 000 төгрөгийг Г.Сүхбаатараас гаргуулах тухай сөрөг шаардлага гаргаж байна.
Нэхэмжлэгч Г.Сүхбаатар Ти Си Ди ХХКомпанитай 2011 оны 9 дүгээр сарын 29-ны өдөр орон сууц борлуулалтын гэрээ байгуулсан байх бөгөөд энэхүү гэрээгээр гүйцэтгэгч Ти Си Ди ХХКомпани нь Баянгол дүүргийн 2 дугаар хороонд байрлах The hill side pesidences хотхоны D байрны 9 давхарын 2 тоотод байршилтай, 43 метр квадрат талбайтай, 43 000 ам долларын үнэ бүхий орон сууцыг барьж Г.Сүхбаатарт хүлээлгэж өгөх, захиалагч Г.Сүхбаатар орон сууцны үнэ 43 000 ам долларыг төлж, орон сууцыг хүлээж авахаар тохиролцсон байна.
Гэрээний дагуу Г.Сүхбаатар орон сууцны төлбөрийн 90 хувийг төлж, 2013 оны 1 дүгээр сард орон сууцыг хүлээн авсан, уг орон сууцны өмчлөгчөөр Г.Сүхбаатарыг тогтоох тухай үйл баримтад талууд маргахгүй байна.
Харин тухайн орон сууцны үнийн үлдэгдэл төлбөр 10 хувь болох 4273 ам долларыг нэхэмжлэгч Г.Сүхбаатар гэрээ байгуулсан үеийн ханш 1317,84 ам доллароор бодож төлнө гэж байхад хариуцагч байгуулага 1 ам долларыг 2140,88 ам доллароор тооцож авна гэж маргаж байна.
Хариуцагч байгууллагын захирал болон Г.Сүхбаатар нарын хооронд 2016 оны 9 дүгээр сарын 2-н өдөр хийгдсэн хэлцэлд-“Ти Си Ди ХХКомпанийн захиалгаар баригдсан The hill side pesidences хотхоны D байрны 9 давхарын 2 тоот байрны төлбөр болох 9 148 000 төгрөгөөс алданги 282 500 төгрөг, метр квадратын зөрүү 684 200 төгрөг, байрны засвар үйлчилгээний төлбөрт 3 963 800 төгрөгийг хасч үлдэгдэл 4 500 000 төгрөгийг төлөхөөр шийдэв” гэжээ.
Энэхүү баримтаас үзэхэд хариуцагч Ти Си Ди ХХКомпани Г.Сүхбаатартай 2011 оны 9 дүгээр сарын 29-ны өдөр байгуулсан гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж заасан байхад орон сууцыг нэхэмжлэгчид 2013 оны 1 дүгээр сард хүлээлгэн өгсөн атлаа 3 жилийн дараа орон сууцыг хугацаанд нь ашиглалтад оруулгүйн алданги, тухайн орон сууцны засварын зардал, уг орон сууц квадрат метр дутуу байсан гэдгийг хариуцагч тал хүлээн зөвшөөрч үлдэгдэл 10 хувийн төлбөрөөс хасч тооцохоор тохиролцсон байна.
Талуудын хооронд хийгдсэн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3-т “гүйцэтгэгч тал барилгын норм, чанарын стандартыг хангах ёстой ба гэрээнд заасан хугацааны дагуу захиалагч төлбөрийг 100 хувь төлсний дараа орон сууцыг хүлээлгэн өгнө” гэж тохирсон хэдий ч хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгээгүй байж Г.Сүхбаатараас үлдэгдэл төлбөрийг 2016 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн ам долларын ханшаар тооцон нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл Г.Сүхбаатар орон сууцны төлбөрийн үлдэгдийг тухайн үед нь төлөөгүй шалтгаан нь хариуцагч байгууллагын буруутай үйл ажиллагаа буюу гэрээгээр хүлээсэн үүргээс биелүүлээгүй байдлаас болсон байх тул Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-т заасан “Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэх хуулийн үндэслэлд нийцэж байна.
Иймд орон сууцны үлдэгдэл төлбөрийн 10 хувь болох 4273 ам долларыг үүрэг үүссэн үеийн ханш 1317,84 ам доллароор тооцож, 5 631 130 төгрөгөөс хариуцагч байгууллагын хүлээн зөвшөөрсөн 4 930 500 төгрөгийн зардлуудыг хасч үлдэгдэл 700 630 төгрөгийг Г.Сүхбаатараас гаргуулан Ти Си Ди ХХКомпанид олгож, Баянгол дүүргийн 2 дугаар хороо The hill side pesidences хотхоны D байрны 9 давхарын 2 тоот байршилтай орон сууцны өмчлөгчөөр Г.Сүхбаатарыг тогтоож, уг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөхийг Ти Си Ди ХХКомпанид даалгаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг баримтлан Баянгол дүүргийн 2 дугаар хороо The hill side pesidences хотхоны D байрны 9 давхарын 2 тоот байршилтай орон сууцны өмчлөгчөөр Г.Сүхбаатарыг тогтоож, уг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөхийг Ти Си Ди ХХКомпанид даалгасугай.
2.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан Г.Сүхбаатараас 700 630 /долоон зуун мянга зургаан зуун гучин/ төгрөгийг гаргуулан Ти Си Ди ХХКомпанид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 3 799 370 /гурван сая долоон зуун ерэн есөн мянга гурван зуун далан/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид Г.Сүхбаатарын төлсөн 70 200 төгрөг, Ти Си Ди ХХКомпанийн төлсөн 86 950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Г.Сүхбаатараас 21 365 төгрөг гаргуулан Ти Си Ди ХХКомпанид, Ти Си Ди ХХКомпаниас 70 200 төгрөгийг гаргуулан Г.Сүхбаатарт тус тус олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН