| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2019/1114/Э |
| Дугаар | 1116 |
| Огноо | 2019-10-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Н |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 1116
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э
улсын яллагч Д.Н,
шүүгдэгч Л.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Л. М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1908 0442 00000 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Л. М, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Улаанбаатар хөгжил констракшн” ХХК-нд нярав ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, Өнөр хорооллын .. дугаар байрны .. тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар УП000000.
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Л.М нь 2019 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны .. дугаар байрны гадаа Б.Э-г “зугтаалаа” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.М мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;
1. Хохирогч Б.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр найз Б-н гэрт буюу Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо .. дугаар байранд очиж хоносон. Тэгээд маргааш нь Б-н гэрээс нь гарч яваад хуурай ах Э-тай таарсан...Э ах дэлгүүрээс 2.5 литрийн том пиво аваад бид гурав байрны саравчинд уугаад пиво талдаа орж байхад саравчинд 4 танихгүй ах хүрч ирээд “хаанахын хүүхдүүд бэ” гээд нэг ах нь намайг саравчны сандал дээрээс түлхэж унагаасан. Тэгээд би босоод зугтаахад Э, Б хоёр араас зугтаасан. Би зугтаж байхад миний гутал сугарахад миний араас М хүрч ирээд юу гээд зугтаад байгаа юм гээд миний нүүр рүү гараараа 2-3 удаа цохисон. ...тухайн үед миний толгой эргээд ухаан алдаад уначихсан. Нэг сэрхэд Б миний хажууд ирчихсэн цагдаад дуудлага өгч байсан...гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд хамрын зураг авхуулсан. ...би М-с эмчилгээний зардал хамраа эмчлүүлэх гэж 1 сая төгрөг авсан одоо надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18),
2. Гэрч О.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э бид хоёр...явж байгаад хуурай ах Э-тай Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо .. дугаар байрны урд таарсан. Тэгээд бид гурав ярьж байгаад пиво уухаар болоод 2.5 литрийн том пиво аваад .. дугаар байрны саравчинд суугаад ууж байхад танихгүй 4 залуу хүрч ирээд та нар хаанахын хүмүүс бэ гээд нэг махлаг ах Э-тэй маргалдсан. Тэгээд нэг ах нь Э-г түлхэж байгаад хамт газар унасан. Э босож ирээд зугтаахаар нь Э ах бид хоёр араас нь зугтаасан. Э зугтаж байгаад гутал нь сугараад махлаг ахад баригдсан. Би холоос хараад зогсож байхад тэр ах Э-г цохиод байсан...Тэр М гэдэг залуу Э-н нүүр рүү гараараа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28),
3. Гэрч Ц.Ү-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 24-ний орой 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо .. дугаар байрны урд талын байрны саравчинд найз Э, М, Н нарын хамт очиход 3 залуу пиво уусан сандал дээр гутлаараа гишгээд байж байсан. Манай найз Э тэр залуучуудад хандан сандал дээрээ зориулалтаар нь суу гэхэд Э-тэй нэг залуу нь маргалдаад “та нарт ямар хамаатай юм бэ” гээд маргалдсан. Тэгэхээр нь Э сандал дээр суу гээд нэг залууг нь татахад хамт байсан залуу нь та нар зүгээр байгаарай гээд М-тай маргалдаад зугтахад М араас нь хөөгөөд нөгөө залууг бариад авсан. Тэгээд тэр залуутай М маргалдаад байхаар нь яваад очиход цагдаа хүрээд ирсэн...М тэр Э гэдэг залуугийн араас нь хөөж бариад ганц, хоёр удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21),
4. Гэрч Л.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 24-ний орой 23 цагийн үед...Э, М, Ү нарын хамт очиход 3 залуу пиво уусан, сандал дээр гутлаараа гишгэж суусан байдалтай байсан. Тэгээд манай найз Э тэр залуучуудад шаардлага тавьж сандал дээр суух зориулалтаар нь суу гэхэд Э-тэй нэг залуу нь маргалдсан...гэтэл тэнд байсан нэг залуу М-тай маргалдаад зугтаагаад явчихсан. Араас нь М хөөгөөд явсан. Тэгээд би араас нь алхаад очиход М нэг залууг бариад авсан тэр хоёр маргалдаж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23),
5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний .. дугаар дүгнэлт
“...Духны зүүн дээд хэсэгт 2х1.2см, 1х0.3см, зүүн дээд хэсэгт 1.2х0.3см хүрэн өнгийн зулгаралтуудтай, баруун нүдний дээд зовхинд 2.5х0.5см хүрэн улаан зулгаралттай, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, болон хамрын нуруугаар нэлэнхийдээ хөх ягаан цус хуралттай, хаван хавдартай, тэмтрэхэд эмзэглэлтэй, хүзүүний баруун дунд хэсэгт 4х1см улаан ягаан цус хуралттай, баруун даланд 5х0.2см, баруун далны доод хэсэгт 4.5х1.5см улаан хүрэн зулгаралтуудтай, баруун мөрний гадна хэсэгт 5х1.5см улаан ягаан цус хуралттай, баруун шууны гадна дээд хэсэгт 3х0.4см, 1х1см, зүүн шууны гадна дунд хэсэгт 1х1.5см, 2х0.2см улаан хүрээн зулгаралтуудтай, баруун, зүүн өвдөгний дотор 3х3см, 2х2.4см хэсэгт бүдэг хөх цус хуралтуудтай. Биед өөр ил харагдах гэмтэлгүй.
2019.8.25-ны ГССҮТ-ийн Толгойны томографт...2 нүдний ухархайнуудын дотор хана хугарсан, зөөлөн эдэд хаван хавдартай. Хамар яс хугаралтай...ДҮГНЭЛТ
1.Б.Э-н биед баруун зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал цус хуралт, зулгаралт, баруун зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамар ясны хугарал, дух, дал шуунд зулгаралт, хүзүү, мөр, өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 36),
6. Шүүгдэгч Л.М-н мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 24-ний орой 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо .. дугаар байрны урд байрлах саравчинд найз Э, Н, Ү нарын хамт очсон. Тэгээд очиход саравчинд Э хоёр найзын хамт пиво уугаад ширээн дээр нь гараад сууж байсан. Тухайн үед манай найз Э тэр залуучуудад хандан сандал дээр зүгээр суугаач гэхэд Э “та нарт ямар хамаатай юм бэ” гээд Э-тэй маргалдахад Э сандал дээр зүгээр суу гээд Э-г татсан. Гэтэл Э-н найз нь надтай маргалдаж байхад Э нь зугтаахаар нь би араас нь хөөгөөд явж байхад түүний гутал сугараад газар унахаар нь би очоод барьж аваад “чи юундаа зугтаад байгаа юм бэ” гэхэд Э надтай маргалдахаар нь би уурлаад гараараа нүүр нь тус газар нь 2-3 удаа цохиод хөл рүү нь нэг удаа өшиглөсөн...Э-г манай найзууд цохиж зодсон зүйл байхгүй би ганцаараа араас нь хөөж бариад цохиж зодсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48-49),
7. Хялбаршуулах журмаар шийдвэрлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 64-65), хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол (хавтаст хэргийн 66), ял оногдуулах тухай прокурорын санал (хавтаст хэргийн 67),
- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 55, 58), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 50), хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөтэй эсэх талаарх холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 56, 57), “Улаанбаатар Хөгжил Констракшн” ХХК-ийн тодорхойлолт (хавтаст хэргийн 59), хохирлын төлсөн тухай баримт (хавтаст хэргийн 33, 62) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Л.М холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Л.М нь Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны .. дугаар байрны гадаа, 2019 оны 8 дугаар сарын 24-ний өдөр, хувийн таарамжгүй сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр саравчинд зориулалтын дагуу суусангүй гэх шалтгаанаар бусадтай маргалдан улмаар Б.Э-г зугтаахад араас нь хөөн очин зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
- Хохирогч Б.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б, ...Э ах, бид гурав дэлгүүрээс 2.5 литрийн том пиво аваад ...байрны саравчинд уугаад сууж байхад ...4 танихгүй ах хүрч ирээд “хаанахын хүүхдүүд бэ” гээд нэг ах нь намайг саравчны сандал дээрээс түлхэж унагаасан. Тэгээд би босоод зугтаахад Э Б хоёр араас зугтаасан. Би зугтаж байхад миний гутал сугарахад миний араас М хүрч ирээд юу гээд зугтаад байгаа юм гээд миний нүүр рүү гараараа 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18),
- Гэрч О.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э бид хоёр...явж байгаад хуурай ах Э-тай Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо .. дугаар байрны урд таар...д пиво уухаар болоод 2.5 литрийн том пиво аваад .. дугаар байрны саравчинд суугаад ууж байхад танихгүй 4 залуу хүрч ирээд та нар хаанахын хүмүүс бэ гээд нэг махлаг ах Э-тэй маргалдсан. ...Э ...зугтааж байгаад гутал нь сугараад махлаг ахад баригдсан. ...Тэр М гэдэг залуу Э-н нүүр рүү гараараа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28),
- Гэрч Ц.Ү-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 24-ний орой 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо .. дугаар байрны урд талын байрны саравчинд найз Э, М, Н нарын хамт очиход 3 залуу пиво уусан сандал дээр гутлаараа гишгээд байж байсан. Манай найз Э тэр залуучуудад хандан сандал дээрээ зориулалтаар нь суу гэхэд Э-тэй нэг залуу нь маргалдаад “та нарт ямар хамаатай юм бэ” гээд маргалдсан. Тэгэхээр нь Э сандал дээр суу гээд нэг залууг нь татахад хамт байсан залуу нь та нар зүгээр байгаарай гээд М-тай маргалдаад зугтсан. ...М тэр Э гэдэг залуугийн араас нь хөөж бариад ганц, хоёр удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21),
- Гэрч Л.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э тэр залуучуудад шаардлага тавьж сандал дээр суух зориулалтаар нь суу гэхэд Э-тэй нэг залуу нь маргалдсан...гэтэл тэнд байсан нэг залуу М-тай маргалдаад зугтаагаад явчихсан. Араас нь М хөөгөөд явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний .. дугаар дүгнэлт “...1.Б.Э-н биед баруун зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал цус хуралт, зулгаралт, баруун зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамар ясны хугарал, дух, дал шуунд зулгаралт, хүзүү, мөр, өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 36),
- Шүүгдэгч Л.М-н мөрдөн байцаалтад өгсөн: “...саравчинд Э хоёр найзын хамт пиво уугаад ширээн дээр нь гараад сууж байсан. Тухайн үед манай найз Э тэр залуучуудад хандан сандал дээр зүгээр суугаач гэхэд Э “та нарт ямар хамаатай юм бэ” гээд Э-тэй маргалдахад Э сандал дээр зүгээр суу гээд Э-г татсан. Гэтэл Э-н найз нь надтай маргалдаж байхад Э нь зугтаахаар нь би араас нь хөөгөөд ...барьж аваад “чи юундаа зугтаад байгаа юм бэ” гэхэд Э надтай маргалдахаар нь би уурлаад гараараа нүүр нь тус газар нь 2-3 удаа цохиод хөл рүү нь нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48-49) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Л.М нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр “саравчинд согтууруулах ундааны зүйл уусан, сандал дээр зориулалтаар нь суусангүй” гэх сэдэлтээр, хохирогч Б.Э-г цохиж гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Л.М нь хохирогч Б.Э-н нүүрэн тус газар гараараа цохисон болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба цохиулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.
Тиймээс шүүгдэгч Л.М-г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Э нь эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй боловч шүүгдэгч Л.М нь хохирогчид 1.000.000 төгрөгийг өгсөн болох нь (хавтаст хэргийн 33, 62) нотлогдон тогтоож байх тул шүүгдэгч Л.М энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас шүүгдэгч Л.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,
Шүүгдэгч нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Л.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч учирсан хохирлыг нөхөн төлсөн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцох үндэслэлтэй байна. Харин түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Л.М хохирогч Б.Э нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Иймд шүүгдэгч Л.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх хувийн байдал болон тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Л.М торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд заасан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.
Эрүүгийн 1908 0442 00000 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Л. М Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.М-г 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солиж болохыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ