Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 1137

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У

улсын яллагч Н.У,

шүүгдэгч Ө.Б, түүний өмгөөлөгч А.О (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар ..) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Ө. Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 0347 00000 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Ө. Б, Монгол Улсын иргэн, Архангай аймгийн Их Тамир суманд 1974 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, Дэнжийн .. дугаар гудамжны .. тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар АГ0000016.

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Яллагдагч Ө.Б нь 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны нутаг .. дүгээр хорооллын зам дээр тус дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Ц.Б-тэй “Пизда” гэж хэлсэн гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харьцаа үүсгэн, улмаар цохиж түүний биед хацарт зөөлөн эдийн няцрал, завжинд язарсан шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтан шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

1. Хохирогч Ц.Б-ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 2-ны өдөр 17 цагаас .. пост буюу Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хорооллын уулзвар дээр зохицуулагчийн үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд 18 цаг 20 минутын үед 39-14 УБП улсын дугаартай улсын дугаартай цагаан өнгийн “Hyundai Mighty” маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад жолооч нь Ө овогтой Б гэх хүн хамгаалах бүс зүүгээгүй байсан учир Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 20 дахь хэсэгт заасан зөрчлийг тайлбарлаж 20.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан. Тэгтэл Б гэгч нь надад хандан пизда минь алтан шар зам дээр зөндөө таарна гэж намайг айлган сүрдүүлсэн. Тэгэхлээр нь би “та яагаад албан үүрэг гүйцэтгэж байхад хэл амаар доромжилж байгаа юм бэ” гэхэд Ө.Б гэх хүн би замын цагдаа нартай дандаа л хэрэлдэж пизда  гэж хэлдэг. Та нарыг пизда гэдгийг мэднэ гэж хэлэхээр нь...та бичиг баримтаа гаргаад ир таныг би цагдаагийн албан хаагчийг хэл амаар доромжилсон учир шалгах байгууллагаар нь шалгуулна гэхэд миний тавьсан шаардлагыг эсэргүүцэж бичиг баримтаа өгөхгүй байсан. Тэгээд Ө.Б машиндаа суугаад машинаа асаагаад явах гээд байхаар нь би явуулахгүй гэж машинаас буух шаардлага тавьсан. Гэтэл намайг явуулахгүй бол чамайг шаана шүү гэж заналхийлээд хэл амаар доромжлоод машинаасаа өөрөө бууж ирээд зүүн гараараа миний баруун шанаа тус газарт нэг удаа цохисон...миний баруун шанааны дотор завж язарч цус гарсан...албан үүргээ гүйцэтгэж явахад хэл амаар доромжилж эрх чөлөөнд халдаж миний биед гэмтэл учруулсан үйлдэлд нь гомдолтой байна. Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9),

2. Гэрч В.Т-н (шүүгдэгчийн эхнэр) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 17 цаг 20 минутын үед...бид хоёр 39-14 УБП улсын дугаартай машиндаа суугаад Хангай захаас доош уруудаад .. дүгээр хорооллын гэрлэн дохиотой уулзвараас баруун тийш эргэсэн чинь замын цагдаа улаан дохиур модоо өргөхөөр нь манай нөхөр Ө.Б машинаа замын хажууд зогсоогоод машиныхаа бичиг баримтыг аваад...замын цагдаа дээр очиж уулзаж байгаа харагдсан...гэнэт чанга дуугарахаар нь би гайхаад буцаад харсан чинь манай нөхөр Ө.Б замын цагдаатай маргалдсан байдалтай манай нөхөр Б-н хойноос нь замын цагдаа чи яагаад пизда гэж хэлдэг ...юм бичиг баримтаа аваад ир гээд чамайг явуулахгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь манай нөхөр Б замын цагдаад би чамд дөнгөж сая шалгуулсан чи намайг хэдэн удаа шалгах гээд байгаа юм гэж хэлсэн чинь тэр замын цагдаа улайраад машины бичиг баримтыг нь авах гээд байхаар нь өөрийн машиндаа ороод суусан чинь тэр замын цагдаа манай машины жолооч талын дугуйн доор хөлөө хийчхээд хөлөө авахгүй, нэг гараараа машины хаалга онгойлгочхоод ...тавихгүй байсан. ...замын цагдаа манай нөхөр Ө.Б-г машинаас татаж буулгах гээд зууралдаад ноцолдоод байсан... тэгээд манай нөхөр машинаас буугаад ирсэн чинь манай нөхөртэй зууралдаад ноцолдоод байсан. Тэгсэн чинь манай нөхөр замын цагдааг зүүн гараараа баруун хацар хэсэг рүү нь түлхсэн чинь замын цагдаа хойш нэг ухарч байгаа харагдсан...замын цагдаа Б нь манай нөхрийн өмсөж байсан хар өнгийн ноосон цамцны баруун мөрийг урсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45), 

3. Гэрч О.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 28-ны орой 17 цагийн үед Сэлбэ-110-аас Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт замын цагдаагийн алба хаагч бусдад зодуулсан гэсэн дуудлага мэдээллийн дагуу би...очсон чинь замын цагдаагийн дэд ахлагч Ц.Б ачааны машины жолооч тавьсан шаардлагыг нь эсэргүүцэж хоорондоо маргалдсан байдалтай байж байхаар нь би юу болсон талаар замын цагдаа Ц.Б-с асуухад ачааны машины жолоочид зодуулсан гэж хэлэхээр нь би ачааны машины жолоочоос бичиг баримтаа шалгуул гэж хэлсэн надад шалгуулахгүй та нар хэдэн удаа миний бичиг баримтыг шалгадаг юм гэж хэлэхээр нь би та шаардлага биелүүлнэ шүү гэж хэлээд дахин бичиг баримтаа шалгуул гэхэд ачааны машины жолооч уурлаад бичиг баримтаа өгөхгүй чамд шалгуулахгүй гэж хэлэхээр нь би та намайг дагаад цагдаагийн хэлтэс рүү явъя гэж хэлэхэд би машинаа үлдээгээд явахгүй гэж хэлэхээр нь би машинд нь орж суугаад хамт цагдаагийн хэлтэс дээр ирж ачааны машины жолоочийг Сэлбэ-110 дээр жижүүрийн ахлах мөрдөгчид хүлээлгэж өгөөд явсан...намайг анх дуудлагаар очих үед замын цагдаа Ц.Б-ний баруун завжнаас цус гарсан байдалтай өөр биед нь ил харагдах гэмтэлгүй байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47),

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний .. дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэгт: ...Баруун хацар бага зэрэг хавдартай, дотор завжинд 1х0.5см цайвар цагаан өнгийн өнгөр тогтсон язарсан шархтай. Биед өөр ил харагдах гэмтэлгүй.

1. Ц.Б-ний биед хацарт зөөлөн эдийн няцрал, завжинд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 14),

5. Шинжээч эмч Н.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Нэг удаагийн алгадахад хүний биед хөнгөн гэмтэл үүснэ...язарсан шарх нь гэмтлийн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 99-100),

6. Шүүгдэгч Ө.Б-н мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр өөрийн эзэмшлийн 00-00 УБП улсын дугаартай машинтайгаа эхнэр В.Т-н хамт явж байсан чинь нэг замын цагдаа улаанаа модоороо дохисон тэгэхээр нь би машинаа замын баруун гар тал руу зогсоогоод машинаасаа өөрийн бичиг баримтаа аваад замын цагдаа дээр аваад очсон чинь тэр цагдаа намайг машиныхаа хамгаалах бүсийг зүүгээгүй байна гэж хэлээд бэлэн бусаар 20.000 төгрөгөөр торгосон. Тэгэхээр нь би замын цагдаагаас өөрийн бичиг баримтаа аваад буцаад машин луугаа явж байгаад санаандгүй амандаа пизда гэж хэлсэн. Тэгээд намайг торгосон замын цагдаа та намайг пизда гэж хэллээ гээд уурлан намайг заамдаж аваад миний өмсөж байсан цамцыг урсан. Тэгэхээр нь би урсан цамцаа аваад машиндаа ороод сууж байсан чинь надтай маргалдсан замын цагдаа намайг явуулахгүй машиныхаа бичиг баримтыг өг гээд уурлаад байхаар нь би чамд бичиг баримтаа шалгуулсан, торгуулсан биз дээ би дахиж чамд өөрийн бичиг баримтаа өгөхгүй гэж хэлсэн чинь тэр цагдаа миний машины рүүлээс барьчхаад тавихгүй байсан. Тэгээд тэр цагдаа миний гэдэс рүү 2 удаа гараараа цохисон. Тэгэхээр нь би машинаас буугаад ирсэн чинь тэр цагдаа намайг баруун гараараа миний нүүр рүү цохихоор нь би тэр цагдааг зүүн гараараа баруун шанаа хацарт нь 1 удаа алгадсан...Би хохирогч Ц.Б-ний баруун хацарт зөөлөн эдийн няцрал, завжинд язарсан шарх гэмтлийг учруулсан миний буруу би буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41),

- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 103, 113), камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 104-109, 114-120), зарим яллагдагчид холбогдох хэргийг зарим хэргийг  хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол (хавтаст хэргийн 124-127),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 75. 19), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 17), гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 74), хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөтэй эсэх талаарх холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 64-66), тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягтын хуулбар (хавтаст хэргийн 67-68) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ө.Б-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Ө.Б нь Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны нутаг .. дүгээр хорооллын зам дээр 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр, хувийн таарамжгүй сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр, Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Ц.Б-тэй “Пизда” гэж хэлсэн гэх шалтгаанаар маргалдаж улмаар Ц.Б нь Ө.Б-г машинаас татан буулгахад нь түүнийг цохиж хацарт зөөлөн эдийн няцрал, завжинд язарсан шарх бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Ц.Б-ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 2-ны өдөр 17 цагаас .. пост буюу Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хорооллын уулзвар дээр зохицуулагчийн үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд 18 цаг 20 минутын үед 00-00 УБП улсын дугаартай улсын дугаартай цагаан өнгийн “Hyundai Mighty” маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад жолооч нь Ө овогтой Б гэх хүн хамгаалах бүс зүүгээгүй байсан учир Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 20 дахь хэсэгт заасан зөрчлийг тайлбарлаж 20.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан. Тэгтэл Б гэгч нь надад хандан пизда минь алтан шар зам дээр зөндөө таарна гэж намайг айлган сүрдүүлсэн. ...тэгэхээр нь би та бичиг баримтаа гаргаад ир таныг би цагдаагийн албан хаагчийг хэл амаар доромжилсон учир шалгах байгууллагаар нь шалгуулна гэхэд миний тавьсан шаардлагыг эсэргүүцэж бичиг баримтаа өгөхгүй байсан. Тэгээд Ө.Б машиндаа суугаад машинаа асаагаад явах гээд байхаар нь би явуулахгүй гэж машинаас буух шаардлага тавьсан. ...тэгтэл машинаасаа өөрөө бууж ирээд зүүн гараараа миний баруун шанаа тус газарт нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9),

- Гэрч В.Т-н (шүүгдэгчийн эхнэр) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай нөхөр Ө.Б машинаа замын хажууд зогсоогоод машиныхаа бичиг баримтыг аваад...замын цагдаа дээр очиж уулзаж байгаа харагдсан...гэнэт чанга дуугарахаар нь би гайхаад буцаад харсан чинь манай нөхөр Ө.Б замын цагдаатай маргалдсан байдалтай манай нөхөр Б-н хойноос нь замын цагдаа чи яагаад пизда гэж хэлдэг ...юм бичиг баримтаа аваад ир гээд чамайг явуулахгүй гэж хэлсэн. ...тэр замын цагдаа манай машины жолооч талын дугуйн доор хөлөө хийчхээд хөлөө авахгүй, нэг гараараа машины хаалга онгойлгочхоод ...тавихгүй байсан. ...замын цагдаа манай нөхөр Ө.Б-г машинаас татаж буулгах гээд зууралдаад ноцолдоод байсан... Тэгсэн чинь манай нөхөр замын цагдааг зүүн гараараа баруун хацар хэсэг рүү нь түлхсэн ...замын цагдаа Б нь манай нөхрийн өмсөж байсан хар өнгийн ноосон цамцны баруун мөрийг урсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45), 

- Гэрч О.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...намайг анх дуудлагаар очих үед замын цагдаа Ц.Б-ний баруун завжнаас цус гарсан байдалтай өөр биед нь ил харагдах гэмтэлгүй байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний .. дугаар дүгнэлт “...1. Ц.Б-ний биед хацарт зөөлөн эдийн няцрал, завжинд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. ...3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 14),

- Шүүгдэгч Ө.Б-н мөрдөн байцаалтад өгсөн: “...би бэлэн бусаар 20.000 төгрөгөөр торгуулчхаад ...замын цагдаагаас өөрийн бичиг баримтаа аваад буцаад машин луугаа явж байгаад санаандгүй амандаа пизда гэж хэлсэн. Тэгээд намайг торгосон замын цагдаа та намайг пизда гэж хэллээ гээд уурлан намайг заамдаж аваад миний өмсөж байсан цамцыг урсан. Тэгэхээр нь би урсан цамцаа аваад машиндаа ороод сууж байсан чинь ...тэр цагдаа миний машины рүүлээс барьчхаад тавихгүй байсан. Тэгээд тэр цагдаа миний гэдэс рүү 2 удаа гараараа цохисон. Тэгэхээр нь би машинаас буугаад ирсэн чинь тэр цагдаа намайг баруун гараараа миний нүүр рүү цохихоор нь би тэр цагдааг зүүн гараараа баруун шанаа хацарт нь 1 удаа алгадсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Ө.Б нь хууль зүйн хувьд хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас хувийн таарамжгүй сэдэлтээр, хохирогч Ц.Б-г цохиж гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ө.Б нь хохирогч Ц.Б-ний нүүрэн тус газар гараараа цохисон болох нь хохирогчийн мэдүүлгээр тогтоогдсон ба цохиулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Тиймээс шүүгдэгч Ө.Б-г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Б нь эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгч Ө.Б энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Ө.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ө.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ө.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний эрүүл мэндийн байдал болон хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Ө.Б торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй. 

Эрүүгийн 1908 0347 00000 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “СD”-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ө. Б-г Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ө.Б-г 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солиж болохыг анхааруулсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон болохыг тус тус  дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.МӨНХЗУЛ