| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүүвэйбаатарын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 150/2016/00218/и |
| Дугаар | 0241 |
| Огноо | 2016-12-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 0241
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр би,
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр баг, Ус сувгийн дэнжэд оршин суух Хурц арслан овогт ******* /РД:МЛ-/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр баг, Ус сувгийн дэнжэд оршин суух Боржигон овогт ******* /РД:МЙ-/-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 560.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн ******* нь мөнгөний хэрэг яаралтай боллоо “хүний эмчилгээний зардалд” туслаач гэж, удахгүй өгнө гэсэд би итгэж өөрийн зүүж байсан /ээмэг, бөгж, гинж, кулон/ зэрэг нийт 10.2 грамм бүхий үнэт эдлэлийг “Эмүжин” ХХК-ийн ломбарданд өөрийн хүү Тодмагнайгаар тавиулсан. 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд тавьсан. Ээмэг бөгж авч өгөөч гэж удаа дараалан Энхжаргал болон түүний ээж Хажидсүрэн нарт хэлсэн боловч тоохгүй байсаар 2016 оны 01 дүгээр сард ломбард зарсан байсан. Ломбард миний ээмэг, бөгжийг ирж ав, зарлаа гэж удаа дараалан хэлсэн үүнийг Энхжаргал түүний ээж Хажидсүрэн нар сайн мэдэж байсан. Иймд Энхжаргалаас 560.000 төгрөгний үнэ бүхий ээмэг, бөгж, гинжний үнийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* нь 2015 онд Нарантуяагаас 560.000 төгрөг авсан нь үнэ. Уг мөнгийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 200.000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын дундуур үлдэгдэл 360.000 төгрөгийг өгнө гэжээ.
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: *******ын тайлбартай танилцлаа. Энхжаргалын надад төлөх 560.000 төгрөгийг 12 дугаар сарын 15-ны өдөр 200.000 төгрөг, 1 дүгээр сарын 15-ны өдөр үлдэгдэл болох 360.000 төгрөг төлнө гэснийг хүлээн зөвшөөрч байна. Иймд уг асуудлыг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******аас зээлийн гэрээний үүрэгт 560.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Уг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* хүлээн зөвшөөрч 560.000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 200.000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 360.000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар тайлбар гаргасныг нэхэмжлэгч мөн хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 17.450 төгрөгийг 50 хувиар бууруулан тогтоож хариуцагчаас 8.725 төгрөг, орон нутгийн төсвөөс үлдсэн 50 хувь болох 8.725 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч *******гийн зээлийн гэрээний үүрэгт шаардсан 560.000 /таван зуун жаран мянга/ төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 200.000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 360.000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагч *******ын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжинд хариуцагч *******аас 8.725 төгрөг, орон нутгийн төсвөөс 8.725 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Хариуцагч нь тохирсон хугацаанд үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д заасны дагуу захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгч тал хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР